Friday, June 4, 2010

2010 оны 4 дүгээр сарын 23-Лхас-Шигазе

Өглөөгүүр буудлын өрөөнд дүрэм зөрчин байж примус дээр цагаан гаа, ногоон сонгино, сармисаар амталсан борцтой лавшаа хийж идэж хөлсөө бурзайлгаж авав. Өндрийн өөрчлөлтөөс болоод бүгд нойр муутай, хамар битүүрч, ханиадны шинж тэмдэг илэрцгээсэн тул замд гарахаас өмнө өөрсдийгөө жаал тордсон хэрэг. Өрөөгөө хүлээлгэж өгөөд, буудлын ханан дээр бусад жуулчдыг дуурайн дурсгалаа үлдээгээд, жаал идэж уух юм, хүчилтөрөгчийн бортого авснаар аялалд бэлэн болов.






Үдийн хэрд Гангаамаа уулын зөвшөөрөл гарсан баяртай мэдээтэй ирлээ. Хөтөч хэрэггүй гэсэн боловч заавал авах ёстой гэжээ. Ингээд Land 80 машинаар нийт 1200 орчим км зам явж, Эверестийн 5200 метрийн өндөрт очоод ирэх 3-4 хоногийн хөтөлбөр нэг хүний 3000 юань болов. Энд зочид буудал, хөтөч, жолооч, машин хөлслөх, түлш зэрэг хоолноос бусад зардлууд багтана.

Удалгүй машин ирж бид ачаалав. Жолооч маань 40 эргэм насны, дунд зэргийн нуруутай, монголжуу төрх, хөрслөг бор царайтай, үг дуу цөөтэй, нүдэнд дулаахан, буурьтай байрын хүн байна. Сүм хийдийн үүдэнд байдаг, дээрээ сарлагийн саваг зэрэг үс ноосоор чимэглэж, үзүүрийг нь бөгжилсөн, улаан өнгөтэй хос багана гэсэн утгатай нэртэй. Яг монголоор юу гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Харин хөтөч маань галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй ид 25 насан дээрээ яваа залуу. Замд гарангуут хөтчийн анхааруулсан зүйл бол хэрвээ улс төртэй холбоотой зүйл асуумаар байвал зөвхөн машин дотроо асуугаарай, олон нийтийн газар хэрэггүй, тэгээд мэдээж асуух лавлах зүйл байвал чөлөөтэй гэнэ.

Лхасаас гараад цэнхэрлэн урсах өргөн голоо өгсөн уулын замаар сүлжин явлаа. Ганц нэг төвд үгийн утга асууж, монгол үгийг төвдөөр юу гэхийг асуухад биднийг маш цэвэрхэн хэлж байна гэж байлаа. Тэд ч бас монгол үгийг бараг л аялгагүй дуудна. Миний санахад сүүтэй цай, хонь, сарлагийн мах, тараг ааруул зэрэг хоол ундны бүтэц маш төстэй учир эрүү нүүр, хэл амны булчингийн хөгжил сайтай, иймд бусад хэлэнд хатууд тооцогддог гийгүүлэгчүүдийг хэлэхэд амархан байдаг байх.


Т гэж бичээд, д-р, п-р бичээд б-р, к-р бичээд г-р дуудна. Жишээлбэл Panchen гэж бичээд Банчин (богд), Kunga-Гунгаа, Potala-Бодала, Тashidelek-Дашидэлэг гэх мэт. Дашидэлэг гэснээс энэ үгийг бид салах ёс хийхдээ маш өргөнөөр хэрэглэж явлаа. Амжилт хүсье, сайн сайхныг ерөөе гэсэн утгатай. Мэндчилгээнд ч ашиглахад харшлах зүйлгүй. Гунгаамсан-сайн байна уу, калипэк-баяртай, баржавзавэй-зураг авах, нам-тэнгэр, цо-нуур, даваа-сар, лун-салхи, да-морь гэсгээд л хөтчөөсөө сурсан Төвд хэл, түүний онцлог хийгээд Монгол хэлтэй харьцуулсан хэлзүйн болон анатоми, стоматалогийн хавсарсан судалгааны ажил маань дуусна даа.

Хөтөч залуу зам зуур байсгээд л тохиолдох замын постууд дээр гүйж очиж баахан бичиг цаас үзүүлж тамга даруулна. Яасан ч их шалгадаг юм. Дугтуй дүүрэн л цаас байгаа харагдана. Бас өндөрт дасгадаг дүрэм бололтой хурдаа 40-60 км/цагийн хооронд яс барьж, 1 цаг орчим яваад 10-20 минут амраана. Уг нь зам гэж толь юм. Жуулчин авч яваа хүн дүрмээ бариагүйгээс болоод асуудалд орвол хэцүү л дээ. Монгол юм уу орос жолооч байсан бол ийм зам дээр чинь нисдэг тавагны хурдаар явах нь баараагүй.


Машины хөгжимд тувт нутгийн дуу тавьсаар яваад бид хэд бараг л Төвд дуунуудыг мэддэг болохоо шахлаа. Эхэндээ хятад маягийн нялуун санагдсан ч, яваандаа монгол ардын дуутай төстэй санагдаж, үгийг нь мэдэхгүй байж энэ нэг настай хүн өндөөр газар суугаад тээр хол байгаа өссөн нутгаа санаж дуулж байгаа даа гэх зэргээр утгыг нь тааж, түүндээ өөрсдөө баяссаар явав. Одоо ч тэнд сонсч байсан ганц нэг дуугаа сонсч, хэдэн гэрэл зургаа үзэхээр Төвд орон бодогдож, сэтгэлийг хөдөлгөсөн хэвээр. Дуу гэж хэлийг нь мэдэхгүй ч утгыг нь өөр өөрийхөөрөө ойлгож болдог, хүний зүрхнээс гарч зүрхэнд хүрдэг нь сайхан шүү. Норовбанзад гуайн уяхан замбуутивийн наранг дуулахыг сонсоод нэг гадаад хүн энэ дуунд тэнгэр огторгуйн тухай дуулж байна гэж хэлсэн гэдэг.

Орой нар нэлээн ташсаны хойно Шигазе хотод ирж хоноглохоор буув. Зочид буудлын хүлээлгийн танхим гэж сийлбэр, өнгө будгийг сүр жавхлантайяа цогцлоосон үзэсгэлэнгийн танхим шиг л эд байна. Ресепшны лангуу гэж урлагийн бүтээлээ. Орой дээрээ очиртой сарлагийн сийлбэрийн 2 талаар, луу, арслан, үлгэрийн галт шувуу , хос загас зэргийг өнгө алаглуулжээ. Ер нь Төвдөд шүтээн болгож тахьсан сарлагийн толгой хаа сайгүй тааралдаж байлаа. Хоол ч болдог, унд ч болдог, унаа ч болдог, хувцас ч болдог амьтан юм. Амьжиргааны гол эх үүсвэр нь болоод тэр биз ээ.








"Лхас дахь алтан сарлага"

Бид буудлын хажууханд байх “Third eye” буюу билгийн мэлмий зоогийн газарт оройн хоол идэхээр орцгоолоо. Эзэн нь бололтой настай өвөө сайн байна уу гэж монголоор цэвэрхэн мэндэлж багагүй гайхашруулав. Бид цэснээс юу захиалахаа мэдэхгүй хажуугийн ширээнийхний хоолыг энэ гэж хуруугаараа заан хөглөн байж хоолоо захиалцгаалаа. Гэтэл жолооч хөтөч 2 маань байдаггүй. Мэдэхнээ үүдний өрөөнд тухалцгаасан юм байж. Тэгээд хамт хооллохыг урьж, сандал ширээ нийлүүлэн бужигнаж нэгдэцгээв. Жолооч маань гүн гүнзгий шүтлэгтэй хүн юм. Хоол хүлээх зуур гар дах эрихээ эргүүлж зоогийн газарт байрлуулсан Банчин богдын хөргийг ширтэн маань тоолно. Хажуугийн ширээнд ч бас жуулчид хооллож байна. Гэтэл тэдний хөтөч, энэтхэг пакистан зүгийн зүстэй залуу та нар монголчууд уу, би түрүү жил Улаанбаатарт хөтчийн сургалт явуулж байсан гэж ярив. Хол газар яваад монголыг минь мэдэх хүнтэй тааралдах бас сайхан л юм.

Буудлын 2 ортой өрөө 260 зоос гэнэ. Гэхдээ энэ үнийг жуулчны оператор төлж байгаа билээ. Өрөө нь маш цэвэрхэн бөгөөд тухтай.


Зурагтаар Төвдчүүдийн оршин суудаг Цинхай мужид болсон газар хөдлөлтийн талаар, хандивын цуглаан, Хятадын ОБГ-ыхны аврах ажиллагааг тасралтгүй үзүүлнэ. Шанхайн экспо 2010-ын өмнө олон улсад өөрсдийгөө аятайхнаар харуулах боломжийг Хятад улс алдахгүйг хичээж байна даа. Алж ч чаддаг, аварч ч чаддаг гэж л хэлээд байгаа бололтой юм гэж хувьдаа мунхаглана.

Маргааш Tingri гэж жижиг суурингаар дайрч (тэр хүртэл хар замтай) Эверест орно. Тэнгэр хангай цэлмэг байж, хаа холоос зорьж ирсэн бидэнд хайрхныхаа барааг харуулаасай билээ.

3 comments:

  1. Сүүлийн тэмдэглэлүүдийг уншиж байхад Гангаамаагүй бол бас л санасан зоргоороо явахад бэрхтэй байсан бололтой. Дараа би хэзээ нэгэн цагт Гималай явахдаа Гангаамааг чинь зээлж авч явж болох уу? Ингэхэд хөтөч залуутай ямар хэлээр ойлголцоод байна аа, англи уу? Гэснээс саяхан нэг хүний Балба явсан тэмдэглэлийг уншаад үнэндээ Балба явмааргүй санагдав. Түвд, Гималай бол өмнө нь ч явна гэж бодож байсан, одоо бол явахыг бүр их хүсэх боллоо. Ямар нэгэн газар орон луу аялахад өмнө аялсан хүмүүст төрсөн сэтгэгдлүүд луужин, газрын зураг, GPS, интернэтээс илүү тус нэмэртэй санагдах юм. Нэг газар очсон хоёр хүнд эсрэг тэсрэг хоёр өөр сэтгэгдэл төрж болох ч нүдээр үзэж биеэр туулсан хүний үгнээс ерөнхийд нь нөхцөл байдлыг ойлгочих бололтой. Гангаамааг зээлэх боломжгүй бол түүнээс хэрхэн яаж хөөцөлдөж ажлаа бүтээж байсан тухай асуугаад өгвөл баярлана шүү.

    ReplyDelete
  2. Сааралд: Хэхэ, гоё хэлжээ. Чамтай 100 хувь санал нэг байна. Хэрэв өөрсдөө гараад шидсэн бол нэгд илүү зардал гарах байсан, 2т хугацаа алдах байсан байх гэж бодож байна даа. Гангаамааг маань зээлж болох эсэхийг асууж өгье дөө. Гималай руу зүрх, даралтны асуудалтай болохоосоо өмнө яваарай гэж зөвлөх байна. Хөтөчтэй англиар ярилцсан.

    ReplyDelete
  3. Балбын тэмдэглэл сонирхолтой юм. Хятад эрүүл ахуй, аюулгүй байдлаараа Балбаас дээр санагдлаа. Лхаст Зөвшөөрөл л гээд асуугаад байдаг юм. Шууд галт тэргэнд суусан бол болох байсан юм.

    ReplyDelete