Monday, June 28, 2010

2010.04.28-29: Лхас-Ланжоу


За ерөнхийдөө төлөвлөсөн зүйлсээ үзэж харсан хойно гэрийн зүг сэтгэл шуударч, 28-ны өглөө 9 цагийн Т28-даа амжихаар Overland hotel-с хөдлөв. Буцах билетээ Эверест явахын өмнө авсан гэдгээ хэлсэн билээ. Жолооч, хөтөч 2 маань биднийг хүргэж бас үдэж өгөхөөр ирсэн байна. Зам бөглөрөхийн аюулгүй тул хүрдээ эргүүлэн, маань тоолон ажилдаа яарах хүмүүсийг машины цонхоор ажиглан Төвд дуугаа чангаар тавьж, тайван сайхан явцгааж  галт тэрэгний буудалд ирцгээлээ. Хяналтын камерт ачаагаа шалгуулж, гарах хаалганы уртаа оочерын ард зогсонгоо утас, мэйлийн хаягаа солилцов.
Гэнэт  цагаан хоолой барьж чангаар зандрангуй хашгичих буудлын ажилтан эмэгтэйн тушаалаар зорчигчид бүгд нэг эгнээндээ орж  тэр олуулаа гэхэд гайхмаар түргэн урсан гарцгааж эхлэв. Бид монгол шигээ санаад гадаах тавцан руу хамт гарч үдүүлэн вагоны цонхоор баяртайгаа хэлнэ гэж бодож байтал юу юугүй бидний ээлж ирж, жолоочийг маань үүрсэн цүнхээ бидэнд шилжүүлж өгөхийн хооронд чангаар орилон загнаж, бүр сандаргаж орхилоо. Ингэнэ гэж санаагүй байсан улс чинь арын улсыг шавааралдуулан байж  хальт мөлт, хам хум тэврэлдэн салцгаалаа. Эргэж харвал тэвдсэн царайтай  хоёр найз маань зэрэгцэн зогссоор харагдана. Ингээд цүнх саваа чирч гулдарсаар яаруу сандруу салсандаа харамсан галт тэргэндээ сууж Ганьсу мужийн Ланжоу хот руу хөдлөв. 

                                                "Галт тэрэгний цонхоор" 


Үзсэн харсан бүхнээ ярилцан, сэтгэлдээ бодож, буулгасан зургуудаа тойруулан үзэж,  хоол унд эргүүлсэн шигээ байж нэг унтаад сэрвэл Ланжоуд буух цаг болжээ.

Ганьсу мужийн Ланжоу гэж галт тэрэгнээс буухад утаандаа униартсан бүгчим халуун, нэвсгэр саарал хот санагдав. Түмэн амьтан тасралтгүй хөлхөж, томоо самбар дээр ирэх, явах галт тэрэгний хуваарийг ханз үсгээр жирийтэл эгнүүлсэн байна. Буунгуутаа маргааш Хөх хот орох 2636-р галт тэрэгний тасалбараа авлаа.  Буудлын хажуугаарх лангуун дээр идэж уух эсэн бусын өнгийн юм дэлгээстэй. Цагаан тоорцгоороо гангарах хотон үндэстэн шавар зуухны хананд нааж болгосон чамин хээтэй шаргал гамбираараа даллана. Шууд л гудамжиндаа ногоо цагаагаа арилган цэвэрлэж, гудамжиндаа чанаж болгоод, гудамжиндаа хооллоно. Бөгс эргэх зайгүй жижиг контейнэрт компьютер тоглоомын газар ажиллуулаад, орой нь мөн л өнөөх контейнэрийхээ буланд наагуур нь хөшиг татаж тусгаарласан орон дээрээ хэвтэж, өдөр хоногийг энэ мэт өнгөрөөх нас  залуу хүнийг харахаар өмнөөс нь амьсгаа бачуурч, хаашаа ч хамаагүй яваад өгмөөр. Хаа ч явсан анзаарсан нэг зүйл бол охид хүүхнүүд нь лангуу дээр бараагаа зарах зуураа өнгийн ноосон утсаар оймс зэргийг гараа хурдан гэгч хөдөлгөн тасралтгүй сүлжиж харагдсан. Зүгээр суухаар болж байна. Бохь зажилж, байхгүй, мэдэхгүй, үнэтэй шд гэж уур хүргэх манай худалдагч охидыг бодвол юм асуухад хурдан гэгч хийж байснаа орхиод наймаагаа хийхээр эелдэг аашлах нь таатай.

Галт тэрэгний буудлын хажууханд байх сахалтай өвөөгийн (KFC) хоолны газарт орж гараа халуун усаар сайхан угааж аваад сайтар хооллон гарч хонох буудлаа бэдрэв. Халуунд түүртэж ядарсандаа ганц хоноход хаа ч яахав гэж бодон нэг буудлын үүдээр шагайвал англиар ган хийдэг амьтан алга атлаа пасспорт үзнэ гэж байгаа бололтой чангаар хашгирч дургүй хүргэв. Өөр газар хайх юм болж гарах гэтэл жоорон жоорон хийсэн нэг авгай бүр дагаад салахгүй, хаа ч очсон хамт шулганаж бүүр самууруулав. Бодвол зочин дагуулж ирлээ гэж хэд гурван зоос салгах санаатайгаас зайлахгүй. Дахин нэг буудлын эргэдэг хаалгаар орохдоо нөгөө тал руу нь авгайг сэнсэртэл эргүүлж орж явсандаа ихээхэн баясч, арай гайгүй санагдсан тул эндээ буух боллоо. 2 хүний өрөө Лхастай ойролцоо үнэтэй атлаа ариун цэвэр гэж авах юм алга аа. Шал шал хийсэн нойтон шалны алчуурнаас жоом гарч гүйнэ. Гар нүүрийн алчуур, орны цагаан хэрэглэл гэж үрчийсэн бор юмнууд. Жуулчдын сонирхлыг татдаггүй бүс нутаг болоод буудал энэ тэр нь ийм аймаар байдаг бололтой юм. Бушуухан гарч гадуур явахын мөн болов.

Зүгээрийг хийн гудамжаар бэдэрч, мөхөөлдөс долоон, бүдүүн дэлгүүрийг нь хайн нэлээдгүй алхсаар төв талбай дээр нь ирвэл хаа очиж сайхан цэцэрлэгжүүлж тохижуулсан байна. Олон давхар дэлгүүрийн аяллын голдуу тасгаар хэсч, барааных нь үнийг Лхасыхтай харьцуулан, брендийн майхан сав, гутал хувцас, аяны хэрэглэлүүдийг монгол зангаараа имэрч үзэн нэгэнт мөнгөө дуусгасан тул санаа алдан хорхойсч явсаар гарч ирвэл бараг л бүрэнхий болжээ.

Эмэгтэйчүүд голдуу янз бүрийн насны хүмүүс хэд хэдэн давхар томоо тойрог үүсгэн голдоо хөгжим дуугаргаж, нахилзаж тахилзан аажуухан боловч тасралтгүй хөдлөн бүжиглэж байхыг үзээд жинхэнэ нийтийн биеийн тамир чинь энэ байна даа гэж бодонгоо дунд нь орж явчив. Өөрийн дураар эргэлдэж, байдгаараа баясан хажуугийн хүмүүсийг дуурайн тойрч явтал түрүүнээс хойш олноос онцгой нахизан хөдөлж, хамаг сэтгэлээ түүндээ зориулсан багш нь бололтой нэг настай эмэгтэй ирээд өөрийхөө хэлээр буруу хийгээд байна аа гэж байгаа бололтой шулганаж алдаж байна. Ойлгохгүй байгаа хүн чинь одоо яахав, тойргоос сэтгэл гонсгор гарч бүжиглэгч ардуудыг харж зогсов. Уян налархай гэж жигтэйхэн юм аа. Хөгширч биш хөшиж үхдэг гэж үнэн юм. Энэ эмээ нарын хажууд таг модон байгаадаа үнэхээр ичмээр. Жалам хар шиг хурдан хэмнэлтэй биш ч, нэгэн жигдээр бүжиж, ертөнцөөс тасарсан хүмүүс лавтай нэгээс илүү цаг болсон дог. Архи тамхигүй задгай агаарт, зориулалтын техник хэрэгсэл, гүйлтийн зам энэ тэр гэж хүндрүүлэлгүйгээр асуудлыг амархаан шийдсэн нь үнэхээр таалагдлаа. Өөрөө чаддаг сан бол орой болгон гадаа ингээд зогсож байсан даа ч болмоор санагдана.

1 comment:

  1. Гайхалтай аяллаараа хамт аялуулсан сайхан тэмдэглэлүүд оруулсанд чинь баярлалаа анд минь. Төвд орныг үзэх хүслийг минь улам дэвэргэчихлээ.

    ReplyDelete