Tuesday, June 8, 2010

2010 оны 4 дүгээр сарын 24-Шигазе-Тэнгэр-Эверест

Өглөөгүүр сүүлийн хэд хоногт ёс болоод байгаачлан нойр муутай хонож дүйнгэтсэн чигтээ буудлын ресторанаас үнэгүй өгдөг будааны шөл, чанасан өндөг, бага сага ногоо зэрэг жинхэнэ хятад маягийн унд уугаад хөдлөв. Ганц хэрчим мааслтай талх өгчихгүй. Дандаа ийм юм идвэл ч санаагаар унах юм байна.


Бидэнд аль хэдийн дотно санагдах болсон хэдэн Төвд дуунуудаа дахин дахин тавьсаар явлаа. Машин маань өчигдрийг бодвол хамаагүй хурдан явж, замд зогсохоо ч байсан байна. Бид нарыг өндөрт дасчээ гэж үзсэн бололтой. Өчигдөр эхэлсэн ханиад өнөөдөр бүр хүчээ авчээ. Толгой ангалзсан шиг. Хамар битүүгийн харгайгаар уснаас нь гаргасан загас шиг амаа ангалзуулж явтал ашгүй үнэрлэдэг гавар олж сэнгэнэтэл хэд гүнзгий амьсгалж байдал арай дээрдэв. Хуруу шиг хэмжээтэй ногоон савтай үнэрлэдэг гавар эмийн сангуудад байдаг гэнэ лээ. Над шиг ханиадны даллагатай хүн мэдмээр юм билээ.

Шигазегээс 4 цаг орчим яваад 5248м өндөртэй (Gyatso-la) даваа давав. Эндээс Жомолунгма байгалийн цогцолбор газар эхэлнэ. Мөн эндээс дэлхийн дээврийн барааг алсаас харж болно. Давааны гулдан хаалганаас хадаг яндар, хийморийн дарцгийг ч харин ч нэг дэрвүүлжээ. Салхилна ч гэж үзүүлээд өгөх юм. Зураг авахаар бууж, өндөр тэмдэглэсэн пайз руу 50м алхахад саран дээр яваа аятай хөл газраас хөөрөөд байх шиг санагдав. Дэлхийн татах хүчнээс холдсоных уу, хүчтэй салхиных уу, эсвэл ханиаднаас болоод толгой өвдсөнийх үү, бүү мэд. Даваан дээр хүүхдээ дагуулсан залуухан гэр бүлийн хос алгаа тосон гуйлга гуйна. Хүүхдэд нь боов талх авч өгвөл эцэг эх нь алгаа тосч уур хүргэв. 4 мөч нь бүрэн, харах нүдтэй, ийм залуу сайхан улс байж ичихэд яана.






Үд нэлээн өнгөрсний хойно бид Тэнгэр сууринд үдийн хоол идэхээр зогсов. Tingri гэж төвдөөр юу гэсэн үг болохыг хөтчөөсөө асуувал мэдэхгүй байна. Монголоор sky гэж утгатай гэж энэ удаад бид орчуулагч хийлээ. Непалийн хилээс 50км, Эверестээс 60 км зайтай, 523 хүн амтай, 4300м-ийн өндөрт орших эл суурин замд тааралдсан суурингуудын нэг адил эрээн алаг хээ хуараар хүрээлсэн цонхтой, хамгийн өндөртөө л дээвэргүй 2 давхар тагзнуудаас бүтсэн зам дээрх жижиг суурин юм. Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг эндээс цааш Эверест ортол өөр суурин байхгүй. Ганц хоёр шар толгойтой жуулчид, хэд гурван золбин ноход гудамжаар нь явж харагдана. Тагзнуудын нэг рүү орж ногоо будаа,өндөг голдуу хоол захиалцгаав. Гэтэл бидний суусан модон буйдангийн түшлэг дээгүүр ногоон нүдтэй хар муур гүйгээд ер тайван байлгасангүй. Нөгөө өндөр авч хөдөлгөөн удааширсан хүмүүс чинь юу байхав, муурнаас айсандаа год год үсэрцгээж байна. Эндхийхэн хөгжилтэй жүжиг үзсэндээ баяссан ч, зочдыхоо тухыг алдуулахгүй гэсэндээ ширээний эргэнэгт орж нуугдсан муураа хөөж гаргав. Монголчуудын Төвдүүдээс ялгарах ганц зүйл маань муурнаас айх айдас юмсанжээ. Бусдаараа ч бараг л адилхан даа.

Эндээс хөдлөөд хар зам дуусахын наахна төмөр замын гарман дээр биднийг машинаас буулган хилийн шалганаар оруулж нэг нэгээр нь пасспорт дээрх зургийг өөрсөдтэй минь тулган харж, хөтөч маань биенээсээ салгадаггүй нөгөө дугтуй дүүрэн зөвшөөрөл дээрээ тамга даруулав. Хилийн бүст орж ирж байгаа учраас нааш цааш гарсан хүмүүсийг шалгаж байж нэвтрүүлдэг аж. Төвдүүд өөрсдөө уртаа оочир үүсгэн зогсоцгоожээ. Харин бид жуулчид учраас тэгж дугаарлах хэрэг гарсангүй. Постон дээрх цэргүүдээс айгаад зураг ч авч чадсангүй.

Хүний гараар засч шовхолсон нимгэн хавтангуудыг хэд хэдээр нь зоосон мэт огцом хурц өнцөгтэй, эсвэл авчирч асгасан мэт элсэн уулын хөндийд тариа ногоон талбай дундуур тавьсан хар зам удалгүй төгсч сайжруулсан зам руу оров. Тэнгэр суурингаас энэ хүртэлх 130 км урттай хар замыг 2007-2008 онд 19,7 сая ам.доллараар олимпийн бэлтгэл ажил болгон хучсан бөгөөд олимпийн бамбарыг энэ л замаар буухиалан дэлхийн дээвэрт хүргэсэн билээ. Хятадын үүрэн телефоны оператор China telecom-ын сүлжээ байгааг заасан тэмдэглэгээ зам дагуу тасрахгүй. Зам дагуу сүлжээгүй болно гэсэн ойлголт байхгүй бололтой.




Сайжруулсан зам руу салдаг дээр байрлуулсан самбар харвал Эверестийн лагерь хүртэл эндээс 101 км. Нөгөө Эрнст Мулдашевийн номонд гардаг үйлийн үрийн хөндий бас энэ чигт аж. Гэхдээ зайг нь тэмдэглээгүй байна. Өө сэвгүй засмал дээр машины явдалд бүүвэйлэгдэн нойр хүрч үүрэглэж явсан бид дэржигнүүртэй замд ороод сэргэж дуу шуу орж, жинхэнэ зам чинь энэ байна гэцгээлээ. Илжиг модон хударгандаа гэгч энэ бололтой. Тэгснээ монгол төвдөөрөө хуваагдан ардын дуугаараа хүчээ үзэж, манай талыхан ханиад хүрч сөөнгөтсөн хоолойтойгоо ч умартан Талд унасан жаврыг Тарган хээрээр хатираагаар үргээж, Талын таван толгойд Ганган хулаараа галигуулан хүрч очоод хүч нэмэгдүүлэн янцгааж, Дэлгэр монгол орноо магтаж бид нар дуулснаар өндөрлөв. Нөгөө 2 маань хүн хүч цөөтэйн дээр даруухан нь дийлээд ялалт манай болов оо. Дуулаад явахаар зам хүртэл богино болчих шиг.


Жолооч маань даваан дээр босгосон овооны хажуугаар өнгөрөхдөө “дооор дор дор” гэж хурайлна. Манайхны сигналддагтай төстэй юм. Хар замаас салаад удалгүй Эверестийн лагерь орохын өмнөх хамгийн сүүлийнх нь болох 5200м-ийн Пангла (Pangla pass) давааг эвхсэн олс шиг айхтар тахиралдсан замаар давав. Даваа ч гэж даваа юм, зам ч гэж зам юм. Замын хажуугийн хашлага нь наддаа л цагаан хэрэм шахуу эд байна.


Ингээд зүсэлт хийсэн мэт огцом хажуутай, эрээн алаг үелээтсэн судалтай уулын дундуур толгой эргэм мушгирсан замаар мацсаар байгаад даваан дээр гараад ирлээ. Элдэв янзын дурсгалын зүйлсийн худалдаачид энд бас байж байх юм аа. Хөл дээрээ тогтохын аргагүй айхтар салхилж байна. Даваан дээрээс 8000м-ээс дээш өндөртэй 5 оргил харагддаг. Гэхдээ нэгэнт үд өнгөрсөн тул оргилууд үүлэн дундаас нүүрээ цухуйлгасангүй. Дэлхийд 8000м-аас дээш өндөртэй 14 оргил байдгийн 5 нь Төвдөд байдаг. Мэдээж нэгд Эверест-8848м, тэгээд Лоце-8516м, Макалу-8463м, Чоюу-8201м, Шиши Пангма-8013м. (бүгдийг нь мэдье гэвэл энэ линкээр ороорой: http://www.infoplease.com/ipa/A0777280.html )


Эверестийн барааг үүлэн дундаас хальт цухуйхад нь олоод харчих санаатай аль аль, тэр тэр гэж салхинд чанга чанга бахиралдаж хэсэг зогссоны дараа бид уруудах замдаа орлоо. Уруудах нь өгсөхөөсөө хэцүү байдагчлан дотроо айж л явлаа. Харин жолооч маань баргийн ламаас дутахааргүй гүнгэнэтэл маань уншаад л, замын эргэлтүүд дээр хурдаа 20км/цагаас хэтрүүлэхгүй явах нь найдвартай бөгөөд түшигтэй. Ингээд 38 эргэлт хийж байж даваагаа даваад уруудав. Шөнийн буюу цаг агаар муу, бороо цастай үзэгдэх орчин хязгаарлагдмал үед бол эргэлтүүд нь маш огцом, хурц өнцөгтэй, их осолтой даваа санагдав. Хэдийгээр зам нь маш сайн ч, та хэдий яарч байсан ч шөнө яваагүй нь дээр шүү.

Орой 8 цагт, нар жаргахтай уралдан бид зорьсон газраа ирж, бохирсон хөлөө тэнийлгэв. Тэгш өнцөгт үүсгэн хаяа нийлүүлэн буусан Tea house буюу зузаан хар бөсөөр битүүлж, шуудайтай элсээр хаяаг нь манаж хүндрүүлсэн , өлзий хатгасан даавуу үүдтэй, “Hotel California”, “Sun rise hotel” зэрэг томдсон нэртэй олоон асруудын дундах зайд машинаа оруулж, тур операторын урьдчилж захиалсан майханд ороход зууханд түлсэн хонины өтөг бууцны үнэр өег дулаан, таатай мэдрэмж төрүүлнэ. Асрын дотор уужуу зайтай, хоймортоо сарлагийн толгой залж, хаяаг нь дагуулан ор, түүний өмнө ширээ тавьжээ. Сарлагийн тостой цай ууж, хувцсаа зузаалж аваад гарч харвал Эверестийн орой жаргах нарны туяанд салхинд туугдан хөвсөлзөх үүл манан дундаас тодхон харагдаж сэтгэл баясгав.




Маргааш цэлмэг байгаасай. Одоо бол сайхан л байна. Гэхдээ өндөр уулын цаг агаарыг таашгүй. Цагийн дотор хэд ч хувирч мэднэ. Эс бөгөөс дахин нэг хонох хэрэг гарна. Дахиж хоноод ч тэнгэр онгойхгүй бол бидний тоотой төлөвлөсөн хоног дуусч, буцахаас өөр аргагүй болно. Тэгвэл зорьж ирсний учир алдагдана гэж бодсоор зузаан хөнжлөөр давхарлан хучиж, хувцастайгаа орондоо шургав. Өмнө нь тэнгэрийн байдалд ингэтлээ санаа зовж байгаагүй юм байна.


6 comments:

  1. Удахгүй зураг оруулна аа, ардууд тэсээрэй

    ReplyDelete
  2. everstiin orgil saihan garcheeee

    ReplyDelete
  3. cool cool. Олон сайхан залуусын амь нас сэтгэл зүрхийг авч одсон дэлхийн гэх тодотголтой сайхан уулын барааг төлөвлөж байгаад нэг аялангаа үзнээ.

    ReplyDelete
  4. Аппаратныхаа white balanse-г таарулчихгүй. Тэгсэн бол илүү бодитой зургууд гарахгүй юу

    ReplyDelete
  5. Маш сонирхолтой байна, тэмдэглэл бичиж баймаар санагдлаа, дараа нь дурсаж байхад сайхан. Баярлалаа Өнөрөө!

    ReplyDelete