Өглөө 7 цагийн үед шар шур хийх чимээнээр унтаа сэрүүний хооронд хэвтэж байсан би гэж хүн нэгмөсөн сэргэж орхилоо. Гангаамаа сэмээрхэн хувцаслаад гарч байна. Удалгүй буцаж орж ирээд гадаа гоё байна, босоорой гэнэ. Гарч харвал тэнгэрт цэгийн төдий ч үүл алга.
Цэлмэг цэлмэг гэхэд арай дэндүү байна. Юмыг яаж мэдэх вэ тэнгэр сайхан дээр бушуухан борцтой шөлөө хийж уугаад BC рүү хөдөлье гэж ярилцав. Буцаж ороод асрын эзэгтэй Лувсангийн эзгүйд зуухан дээрх тогоонд дур мэдэн ус хийж борцоо үйв. Том тогоонд нэгмөсөн 4 хүний хоол хийх нь хийн зуухны жижиг тогоонд 2 дахиснаас хамаагүй хурдан. Хоол болох зуур бие биенээ сэрээж, Tea house буюу цайны гэрүүдийн цаахна гарч, халхлах саад бартаагүйгээр мандах нарны туяанд алгуурхнаар өнгөө хувиргаж, цагаан тугаа намируулах Эверестийг харж зогсов.
Энэ одоо юун цагаан туг, хаанаас гараад ирэв, хэн аваачиж хийсгэв гэж уншигчид бодож байгаа байх. Өвөл хаврын улиралд маш их чийгтэй агаар Эверестийн өмнөд хэвгийгээс өгсөж, уулын орой дээр ирээд хүндэрч конденсацид ороод цагаан өнгөтэй, зүүн тийш чиглэсэн, туг хэлбэртэй үүл үүсгэдэг. Энэ туган үүлээр уулчид заримдаа цаг агаарыг урьдчилан таамаглах бололцоотой. Салхины хурд ойролцоогоор 80км/цаг (ойролцоогоор 22м/с) хүрэхэд туг эгц зүүн тийш намирч, үүнээс илүү салхилбал Эверестийн цагаан салхи доошоо чиглэнэ. Салхи тогтуун үед дээшээ хазайдаг гэж гүүгэл хэлж байх юм. Оргил руу давших эсэхээ шийдэхдээ салхины байдлыг сайтар ажиглах хэрэгтэй юм байна. (дэлгэрэнгүйг эндээс: http://www.mounteverest.net/expguide/toclimb.htm). Ер нь бол 5 сар авиралтын хамгийн тохиромжтой үе. 11-ээс 2 сарын хооронд салхи 285км/ц буюу 79м/с хүрдэг гэж байгаа. За тэгээд домог болсон уулчид, тэдний үхэл, алдартай авиралтуудын талаар хадуурвал жингүйдэхээр яриа их бий гэсээн. Сонирхвол интернэтээс татаад үзнэ биз дээ (http://en.wikipedia.org/wiki/Mount_Everest).
Угаасаа энд цаанаасаа л хурдан шуурхай, гялав шалав хөдлөхийн аргагүй. Урд шөнө үүрээр газар унасан хөнжлөө дээш нь авч тавиад эргээд унтах гэтэл муу зүрх маань хуучны орос хөргөгчний мотор шиг салгалж санаа алдаад, үг ч дуугарч болохгүй, бөглөчих гээд өглөө болгосон юм. Зүрх гэж нэг эрхтэн байдаг, өвдвөл нэг иймэрхүү зовиуртай гэдгийг ойлгосон түүх ийм. Хурдан гүйх, айх сандрахаас бусад үед зүрхтэй гэдгээ ч анзааралгүй явжээ. Ер нь бол зүрх гэнэт огцом өвдөлт мэдэрвэл нөгөө ертөнц рүү тонилох гэж удаад байхгүй шинжтэй. Хэгг... гээд нэг хатгахад л хангалттай санагдана (ёоо, яг зүрхээр явж байсан хүн шиг ярьж байна).
Гэхдээ нойргүйдэл, амьсгаа давхцах, зүрхний цохилт түргэсэх, ханиад хүрч, нус гоожих, тод зүүдлэх, алхахдаа байсгээд амрах, шээс ойр ойрхон хүрэх (энэ бол бүр сайны шинж гэнэ шүү), толгой эргэх зэрэг нь өндөрт аль хэр хугацаанд дасгаж гарснаас үл хамааран ажиглагддаг хэвийн өөрчлөлтүүд юм байна. Харин ч бид хооллох дуршлаа алдаагүйгээр барахгүй бүр л ховдог болоод байсан шүү. Бэрхийг туулахаар бүтээгдсэн нь энэ буй заа, кк.
Цайны гэрүүдээс ВС хүртэл 5-6 орчим км. Энэ зайг бид 3 цагт туулав. Уулчдын үндсэн лагерийн овоон дээр ирээд найз нөхөд, ах дүүсийнхээ нэр бүхий хийморийн дарцгийг овооны дарцгуудтай нэгтгэн хийсгэж, бүрэн эрхт, эртний түүх соёлт, элэг зүрхнээс хэзээд уяатай тусгаар Монгол улсыхаа алтан соёмбот далбааг Эверестийн хүчит салхинаа хийсгэж монгол түмнийхээ хийморь сүлдийг цэнгүүлэв ээ. Монгол улс минь эгнэгт мандан бадарч, ээлж халаатай төрийн албанаа суусан түшмэдүүд энээхэн зуур өөр хоорондоо эвтэй, бусдын идэш болохоос ангид байж, хүн зон нь сэтгэлийн их амгалантай байхын зохилдох шалтгаанууд бүрдэж, харшлах саадууд нь хоосон чанарын агаарт замхран арилаг ээ гэж ерөөв. Аливаа ерөөл хэзээ нэг цагт заавал биелэх учиртай юм гэсэн.
"Нүдний шилэнд туссан соёмбыг олж хараарай"
Ном журмаараа бол энэ овооноос цааш жуулчдын хувьд газар үгүй. Гэвч бид жаахан даварч үндсэн лагерийн майхнууд руу бууж очив. Хөтөч маань энэ хавиар сэм эргэлдэх дундад улсын журмыг сахиулагч нарт бид энд байна шүү гэж ойлгуулахаар овоон дээрээ шовойн үлдлээ. Ядаж байхад 2008 онд үндсэн лагерийн цаахан мариан дээр гадаадын 2 жуулчин хөтөчтэйгөө One world, One dream, Free Tibet гэж бичсэн томоо анонс гарган барьж бичлэг хийснийгээ интернэтээр цацсанаас болоод хяналт бүр чанга болсон гэсэн (free tibet 2008 everest bace camp гэж гүүгэлдээд тэр бичлэгийг олоод үзээрэй).
Тэр цаана харагдаж байгаа гөлгөр ногоон мөсөн ханануудад дөхөж очих сон. Тэгвэл ч тасархай зурагнууд гарна даа. Энээхэн овоо хүрээд буцах арай л хангалтгүй байна аа гэсэн шүү даварсан юм бодож байснаа хэлээд яахав. Гэвч ийм боломж хамгийн багадаа 70 000 доллар төлж авиралтын бүрэлдэхүүнд багтсан нэгний хувьд л нээлтэй.
Бид хөтчийгөө асуудалд оруулахаас сэрэмжилж хэдэн зураг дараад удалгүй эргэлээ. Буцах замд эргэн харах бүртээ уулын зураг авч ханахгүй л явлаа. Яагаад хүний сэтгэлийг тэгж их татдаг юм болоо. Хараад л баймаар санагдана. Эрт цагт энэ хавь далай байсны ул мөр болох чулуужсан хясааг энэ хавьд худалддаг юм билээ. Газрын байдал ч үнэхээр тиймэрхүү сэтгэгдэл төрөхөөр, хатаж хагарсан, ангамал хуурай. Хөтчийн хэлж байгаагаар тэр энд лав хориод удаа жуулчинтай ирж байгаа, ирэх бүр уулын цас багассан харагдана гэж байсан. Дэлхийн дулаарал 8848 метерт хүртэл яваад оччихсон түйвээж байгааг сонсоход гунигтай байлаа. Аргагүй дээ хоорондоо уялдаатай экосистем хойно. Дэлхий маань үнэхээр хавтгай болж дээ.
Өчигдөр орой ирсний биднийг дараа майхан-буудалдаа амарцгааж байхад нэг нүдэнд дулаахан, туранхайвтар настай лам орж ирсэн юм. Хөтөч маань нэг юм асуугаад л баярласнаа илэрхийлээд байхаар нь тоглоод аанхаа, чи найз охиныхоо тухай асууж байна уу гэлээ. Тэгсэн чинь манай энд хүн өвдөөд эмнэлгээр яваад дийлэхээ болиод ирэхээрээ ламаас асуудаг юм аа, манай эгч ходоодны шархтай, би эгчийгээ яавал дээр вэ гэж асуусан. Энэ хүн Fortune teller буюу үзэж хардаг гээд л бидэнд ойлгомжтой зүйлийг хичээнгүйлэн тайлбарлаж гарав аа. Миний саваагүй зан хөдөлж ламаас жаахан юм асуухад дандаа л сайн сайхныг хэлж байна. Тэгэхэд нь би энэ хүн хүмүүст дандаа л болно, бүтнэ гэсэн юм дуулгадаг байх даа, сайн явах санааных гэдэг юм чинь гээд орчуулах хооронд бодоод сууж байтал хөтөч маань үргэлжлүүлэн, энэ хүн 18 жил бясалгал даяан хийсэн тул өөрт нь ирсэн мэдээлэлийг шүүлтүүргүйгээр байгаа чигээр нь л хүмүүст хэлж өгдөг гэж байна гэж нэмж хэлэв. Би гэж бодлоо нэвт шувт уншуулсан хүн чинь хувцасгүй сууж байгаатай адил болж бяцхан мэгдэв. Тэгээд тэр лам биднийг эндээс холгүй хийддээ очоорой гэж урьсан юм. Тэр хийд нь одоо энэ буцах замд тул орохоор шийдэж, хийморийн дарцаг үй зайгүй хийсгэсэн холоос харахад хийд байгаа гэж ер үл мэдэгдэх уул руу мацацгаалаа.

Нар дээр хөөрсөн тул өөдөө мацах гэж нэлээн амьсгаадав. Уул ухаж хийсэн юм уу, угаасаа ийм тогоотой юм уу, хонхорт орших энэ хийд авсаархан юм аа. 10 орчим нутгийн хүмүүс хад налан сууцгаасан байна. Хад чулуу дамжин явж байтал өчигдрийн лам ирж биднийг дагуулан өндөр гэгчинй чулуун шатаар өгсөв. Лам хэлэхдээ энэ хийдийг 1958 онд (бодвол соёлын хувьсгалаар байх) хятадууд нураасныг 2008 онд дахин сэргээсэн. Энэ хавийн хүмүүс өөд болоочоо авчирч чандарлуулан, хойдын номыг нь уншуулдаг. Бид сэргээснээс нь хойш ийшээ орж үзэж буй анхны жуулчид болж байна гэнэ.
Хийдийн чулуун хананд Ертөнцийн дарь эх буюу Жомолунгмагийн хөрөг дүр байна. Эмэгтэй уул юм санжээ, Эверест чинь. 1953 онд Дэнзэн Норгой хүмүүн төрөлхтнөөс хамгийн анх оргилд гарахдаа би таны өвөр лүү чинь мацах нялх хүүхдийн адил юм аа гэж дотроо бодож гуйж байсан нь ийм учиртай байсан юм байна.
Лхаст орших уулын музейд тэр үед хэрэглэж байсан үлэмж том хүчилтөрөгчийн бортого, зэгсэн хуучиртлаа нэлээд юм үзэж, нүд тайлсан мууран хумстай гутал зэрэг эд хэрэглэлүүд, 2008 оны олимпийн бамбар зэргийг дэлгэн харуулсан байдаг. Харамсалтай нь бидэнд уулын музейн талаар явахынхаа урд орой л дөнгөж мэдсэн тул үзэх зав гараагүй билээ. Харин уншигч танд Лхаст очих завшаан тохиолдвол заавал үзээрэй. (Дэнзэнгийн талаар уншмаар байвал: http://en.wikipedia.org/wiki/Tenzing_Norgay)

Лам бидэнд газар доор орших олон жилийн түүхтэй бясалгалын агуй үзүүлснийхээ дараа сайн сайхныг хүсч, Далай багшийн цагаан хадаг хүзүүнд зүүж өгөөд, рашаан үрэл тэргүүтнийг хүртээв. Хэдийгээр гүн гүнзгий шүтлэггүй ч буддын шашинтай газрын хүмүүсийн хувьд өөрийн эрхгүй энэ бүхнийг ихэд билэгшээж, хаа холоос ирсний хэрэг хачин сайхан бүтэж байна даа, үүнээс илүү яах билээ гэж дор дороо баяртай байцгаалаа. Тэнгэр хангай цэлмэг байж, уул бидэнд хангалттай удаан хугацааны туршид бараагаа тодоор харуулж, бясалгал даяан хийж, сэтгэлийн гэм нь арилсан хүнээс сайн үг дуулж, сайхан ерөөл сонссон улс чинь тэгэхээс яахав.
Үдийн 2 цаг гэхэд бид Ургах наран (Sun Rise) буудалдаа ирсэн байлаа. Нэгэнт зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтсэн тул энд хоргодох зүйл байсангүй, буцахаар яаравчлав. Цүнх саваа ачаалж аваад тоостой тоостой замаараа торолзууланхан, тольтой бандгар Ландаа гялалзууланхан явлаа.
Танил болсон зам харгуй, даваа гүвээгээр алдарт 38 эргэлтээ сурамгайхан хийж, хилийн постон дээр шалгуулж, өнөөдөр төрсөн бөөн бөөн сэтгэгдэлтэйгээ хамт хуучин танил Тэнгэр сууриндаа орой 7 хагас гэхэд давхиад буучихлаа. Буудал нь ийм бөглүү газар гэхэд санасныг бодвол сайхан цэвэрхэн. 2 хүнийх өрөө 200 зоос. Орны толгой, шүүгээ сав нь битүү хээ хуар. Халуун ус, тог нь жаахан байж байгаад ирэв. Нарны зайгаар ажилладаг байх. Хоол захиалж идээд, авсан зургаа үзэж байгаад өндөр аваад буусан юм чинь гайгүй нойртой хонох байх гэж найдсаар унтахаар хэвтлээ.
уулс сүртэй дүнхийж байнаа.
ReplyDeleteтоостой тоостой замаараа торолзууланхан, тольтой бандгар Ландаа гялалзууланхан сайхан аялжээ.
neg saihan nartai udur ochij uzne dee
ReplyDeleteene blogiin tooluur chini hudlaa ajilladagiinshd.... yur ni bol teed dutuu burtgedeg gesen ug... chiniih jinhene ni magadgui 30000 garsan baigaa baihdaa... miniih ehleed dunguj 3 doloo honoj baij 6000 garchaad baihad...mashi baina
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteДэлхийн дээвэр ч үнэхээр гайхамшигтай харагдаж байна шүү. Цаг агаар муудах байтугай үүл ч гүй цэлмэг өдөр таарч та нар ч бас азтай явжээ. Өндөр ууланд цаг агаар маш амархан өөрчлөгддөг, халуун зунаараа байсан газар гэв гэнэт манан татаж, цас орж хоромхон зуур өвөл болох ч тохиолдол байдаг. Энэ зураг авсан газар хэд орчимын метрийн өндөр газар вэ? Алтай таван богдод хүртэл аялж байсан туршлагатай авирагчийн зүрхэнд нөлөөлж байна гэхээр илүү өндөрлөг газар уу, эсвэл өөр бусад хүчин зүйлийн нөлөө юу?
ReplyDeleteСайн уу, Саарал аа, 5200 метрийн газар аа. Миний бодлоор энэ өөрчлөлтүүд бол өндрийх, өөр юу ч биш. Угаасаа тувт нойр дутуу яваад байгаа
ReplyDeleteHuue neeh amarhan gartsan um shig sanagdchlaa hehehe, bi ta 2-iig mash ikh daarsan bh gej bodson chini er tiim um alga. Er ni everest geheer l muuran savriin gutaltai gartaa jootuu barisan humuus sanaand ordog bsan. Gol zorilgo neeh goy yamar ch saadgui butsend bayar hurgie buur deerees ni saihan lamtai taarsan bna.
ReplyDeleteбүрэн эрхт, эртний түүх соёлт, элэг зүрхнээс хэзээд уяатай тусгаар Монгол улсыхаа алтан соёмбот далбааг Эверестийн хүчит салхинаа хийсгэж монгол түмнийхээ хийморь сүлдийг цэнгүүлэв ээ. Монгол улс минь эгнэгт мандан бадарч, ээлж халаатай төрийн албанаа суусан түшмэдүүд энээхэн зуур өөр хоорондоо эвтэй, бусдын идэш болохоос ангид байж, хүн зон нь сэтгэлийн их амгалантай байхын зохилдох шалтгаанууд бүрдэж, харшлах саадууд нь хоосон чанарын агаарт замхран арилаг ээ
ReplyDeleteГоё хэлсэн байна шүү!!!