Хаалга тогшихоор нь сэртэл товлосон 8 цаг болжээ. Ум хумгүй машиндаа сууж хөдлөв. Өчигдөр зураг авах гээд машины цонх онгорхой явсны ул мөр болох зузаан саарал тоос даржээ. Аппаратны хөшиг тоос болчихоогүй байгаа. Бусад нь ч яахав. Уулархаг газар болохоор гэгээ орсон ч нар гараагүй л байна. Хаалганы завсраар сийгэж сандаалтай хөлийг дааруулна. Нэлээн гүрийснээ тэссэнгүй завилав.
Биднийг уруудаж явахад зөрөөд дугуйчид өгсөж яваа харагдана. Мундаг юм аа. Ийм урт өгсүүр замд дугуй жийх гэдэг дассан өндөртөө ч амаргүй дээ. Зүрх сайтай улс юм. Гараа даллавал зарим нь бас хариу даллаж байна. Замын хажууд гал тогооны сав суулга дэлгэсэн ачааны машин харагдах нь саяын дугуйчдынх байхаас зайлахгүй. Гал тогоо болон бусад хангалт нь хоол ундыг нь хийгээд дагаад явдаг гэнэ. Ингэж явж үзэх юмсан. Дугуйчдын дунд бүр 50 гарсан ч болов уу гэмээр насны хүн байсан. Барууныханд ганц атаархдаг юм бол энэ. Бүтэн жилжингээ махийтал ажилласных жилдээ нэг хоёр сар хаа хамаагүй дураараа тэнэдэг явдал. Гэтэл Монголд маань ийм боломжтой нь хэд билээ. Боломжтойнууд нь дугуй унахаасаа илүү мөрийтэй тоглож, архи уусан шиг. Над шиг нь 2-3 жил төлөвлөж, мөрөөдөж, зүүдэлж, судалж, хурааж, хуримтлуулж, харамлаж, зээлж байж санхүүгийн эрх чөлөөнд арайхийн хүрээд жилд олдох 15 хоногийн амралтаа хуу хамна, эсвэл хагас бүтэн сайн, цагаан сар, улсын наадмыг тааруулж 3 хувааж арвижуулна. За яахав, улс маань сайхан хөгжөөд ирэхээр болно доо. Би л мэдэхгүй байгаагаас аялж байгаа хүмүүс зөндөө байх гэхээр Алтайд ч, энд ч ганц Монгол жуулчинтай тааралдсангүй. Тэгсэн мөртлөө яваад ирэхээр ямар сайхан юм бэ, явах сан гэцгээнэ.
"Төвдийн үндэсний нүүдлийн сууц"
Бага үдийн хэрд хэдийний танил Шигазе хотод ирж Билгийн мэлмий зоогийн газарт хооллосны дараа ханиадаа нам дарахаар эмийн сан оров. Гэтэл тэр нь эмнэлэг шахуу газар байна. Хятад доктор цээж чагнаснаа, хэдэн юм шулганасныг нь манай жолооч хятадаас төвд рүү орчуулж, түүнийг нь хөтөч төвдөөс англи руу хөрвүүлж, түүнийг нь бид монгол руу шилжүүлж байж оношоо олж сонсов. Хөтөч маань багадаа Энэтхэгт сурахаар явсан тул хятад хэл сайн мэддэггүй юмсанж. Найзыгаа авардаг шоргоолжны үлгэр шиг юм боллоо. Доктор өнгө өнгийн жижиг үрлэн эм хэд хэдээр нь нимгэн муутуу цаасанд ороож, бас нэг вакусархуу жижиг соруултай тамир нэмэх ундаа өгөөд намайг арын өрөөндөө оч гэлээ. Тэнд нь нэг жижигхэн сувилагч хүүхэн тариур гаргаж ирснээ шууд тарих юм болов. Гараа угаасан л байдаг байгаа даа. Тэр тарианы өрөөнийх нь байж байгааг. Хуушуурын тос үсэрсээр байгаад зузаан өнгөр тогтсон ханатай аймаар бохир. Мэргэжлийн хяналт нь ажлаа хийхээ яасан газар вэ. Гэсэн ч сэжиглээд хаа холдохов, ханиад нь сэжгээ дийлж тариулж орхилоо. Жолооч маань хүүхэдтэй хүн гэдэг нь аргагүй мэдэгдэж, цаасан аяганд ус хийж авчраад яг одоо эмээ уу гэж байна. Өөрийхөө хүүхэд шиг санаж байгаа нь сайхан санагдлаа. Энэ хэдийг очих газарт нь л хүргэж байвал надад падгүй гэж бодолгүй, гэрээсээ хол зутарч явна гэж сэтгэл гаргаж байгаа нь сайхан. Хаа очиж эм тариа нь үйлчилгээ сайтай юм. Оройдоо л цэр ховхорч цээж хөнгөрөөд сайхан болж байсан. Антибиотк идсээр байгаад баргийн эмэнд мэдрэмжгүй болсон надад хятад эм тохирох шинжтэй.
Явсаар 6 цаг гэхэд Лхасад ирээд Overland restaurand овоо нэг хүн шиг хооллож, жолооч, хөтөч хоёртойгоо маргааш тавтай уулзахаар тохирч салцгаав. Маргааш энд өнжөөд нөгөөдөр нутгийн зүг гарна даа. Зах зээлдээ ойр, таксинд зоосоо үрээд байхгүй амар гэж бодоод ВС рүү хөдлөхийн өмнө рестораны ард байрлах Overland hotel-д захиалга өгсөн байсан юм Тэндээ орж цүнх саваа тавиад яаж зүгээр байхав, хаахаас нь өмнө зээлээр шурхийн шагайж явган аяллын таяг, бээлийний наймаа хийж амжив.
Унтахын өмнө сайн явж, санасан хэргээ бүтээсэн хүмүүс нэг нэг шил Лхаса шар айраг задалж, жаал хууч хөөрцгөөлөө. Бүгд л аялалдаа сэтгэл хангалуун байна.
Tybd yabah hyn baibal holboo barina uu?
ReplyDelete99356089 ruu zalgaad uzeerei. Bag burdvel 9 sard yavna
ReplyDelete