Өчигдөр оройтож гараад Далай ламын өвлийн ордныг үзэж чадаагүй билээ. Ашгүй уулын зөвшөөрөл маргааш гарахаар болсон тул өнөөдөр дахиад нэг өдөр Лхаст өнжих болсон завшааныг ашиглан өглөө босоод шууд Бодала тийш зүглэв. Хурц нартай, цэлмэг өдөр байна. Ордны эргэн тойронд явган хүний замыг ховхлон шинээр сольж, мөргөлчдийн хөлөөр бөөн бөөн хуурай тоос босно.
Өчигдрийн очсон хаалган дээрээ очвол тэр нь гарах хаалга юмсанж. Гол хаалган дээр очвол хаалттай, дээр нь хятад төвдөөр бичсэн бичиг наажээ. Англи-хятад хэлтэй хөтчүүд биднийг дундадын иргэд гэж андуурсан бололтой үйлчилгээгээ санал болгоно. Орох хаалгыг нь хайж баахан тойрсны эцэст зүүн талын хаалгыг олж хил гаалиар гардагтай адил ууж явсан усаа хураалгаж, цүнх саваа камераар хянуулж нэвтрэв. Анх удаагаа л музей үзэхдээ ийнхүү шалгуулж үзлээ. Аргагүй чухал ховор бөгөөд эртний дурсгал болоод энэ биз ээ. Орсон хойноо ч билетийн кассыг нүдээрээ нэлээн хайгаад олсонгүй. Хэрмийн дотор цоргоор гоожих уснаас зулайгаа шавшиж малгайгаа норгож аваад хүмүүсийг бараадан өргөн гэгчийн чулуун шатаар өгсөв.
Тасалбар шалгадаг газар нь биднийг анзааралгүй оруулсан юм байх даа гэж гайхсаар бүүр нэлээн өгссөний дараа ордны голд нь шахуу очсон хойно авлаа. Тасалбар 100 зоосны үнэтэй (Энгийн үед 11-р сарын 1-ээс 4 сарын 30 хүртэл 100 юань, Жуулчлалын үед 5-р сарын 1-нээс 10 сарын 31 хүртэл 200 юань) бөгөөд дээхэн үед нүдээ ирмэдэг хүүхэнтэй ганган түрийвч шиг тийм хатуу гялгар цаасан дээр ил захидал шиг хэвлэж, ар талд нь ордны түүхээс товч өгүүлжээ. Гадаадын жуулчин, дотоодын иргэн гэж ялгадаггүй ижил тарифтай ньтаалагдав.
Энээхэн талбайдаа Бодолагийн зурагт хуудас, зургийн цомог зэрэг бэлэг дурсгалын зүйлс, ус ундаа наймаална. Орохын өмнө ордны дотор талд зураг буулгах , дүрс бичлэг хийх хатуу хориотойг сануулж, айхтар анхааруулга өгч байна. Мөн биеэ засах газраар орох бол одоо ороод аваа гэхээр нь үгэнд нь орж нийтийн бие засах газраар орвол сүм хийд гэлтэй арц хүжийн үнэр нэвт шингэсэн сайхан цэвэрхэн газар байна. Хөтөч аваагүй улс чинь шар голдуу толгойтой баахан жуулчид тойруулан чанга чангаар хашгичих хөтчүүдийн үгийг хулгайгаар сонсоод явлаа. Ингээд том том дурантай аппарат агссан ч түүнийгээ ашиглах эрхээ хасуулсан гадаад дотоодын жуулчид, хүүхдээ үүрсэн Төвд залуу гэр бүл, нэг гартаа хүрд, нөгөө гартаа эрих эргүүлж, зул сэргээх савтай шар тосоо барьж эргэл мөргөл хийж яваа настай эмэгтэйчүүд, сургуулийн өмнөх насны баахан хүүхэд дагуулж, лам хувцас өмссөн нь сөөлжүү харагдах европ гэр бүл, царай зүсээр нутгийн иргэдтэй ойролцоо ч хэл яриа, хувцас хунар нь арай л биш харагдах бид хэдээс бүрдсэн улсууд ордны дотогш орж явчлаа .
За одоо ордны тухай түүх үүхээс бага сага хэлэхгүй бол болохгүй байх аа.
Бодала ордон Лхас хотын баруун хойд хэсэгт далайн түвшнөөс дээш 3700 метр өндөрт орших Улаан уулын оройд байрлана. 117 метр өндөр буюу нийт 13 давхар гэдгээрээ дэлхийд далайн түвшнөөс дээш хамгийн өндөр,хамгийн том цайз бэхлэлтийн ордны цогцолбор учир “Дэлхийн сээр нурууны гэрэлт ордон” хэмээн дотоод гадаадад алдаршсан юм.
Бодала ордонг анх он тооллын 641 онд тухайн үеийн 33-р Тупан ван /Төвдийн эртний нэр/ Цунцан камбугаас Тан улсын хаантай найрамдлын гэрээ байгуулан “Ураг барилдах төрийн бодлого”-ыг хүлээн зөвшөөрч, хааны өнчин гүнжийг буулган авснаар тус ордныг байгуулсан түүхтэй .
Бодала ордны гол цогцолбор барилгыг “Цагаан ордон”, “Улаан ордон” гэж 2 хуваана. “Цагаан ордон” нь төрөл арилжсан үе үеийн далай ламын “Өвлийн ордон” мөн Түвдийн орон нутгийн засаг захиргааны газар ба нийт 7 давхар өндөр. Харин “Улаан ордон” нь төрөл арилжсан үе үеийн Далай ламын шарилын ордны суварга болон олон төрлийн бурханы ордон бөгөөд энд дэхь Далай ламын найман шарилын суварга дотроос 5 дугаар Далай ламын шарилын суварга нь хамгийн том,ба олон төрлийн ханан зураг ба 5-р Далай ламаас Манжийн 3-р хаан-Эвээр Засагч хаантай уулзаж байгаа зураг нь хамгийн алдартай байдаг.
Бодала ордонд 2500кв метр ханын зураг, 1000 гаруй бурханы суварга, 10 мянга гаруй шуумал хөрөг ба танка зураг, “Ганжуур данжуур” бурханы ном, Манжийн хаанаас эл үеийн Далай ламыг өргөмжилсөн алтан бичиг алтан тамга, тоолж баршгүй шаазан эдлэл, хашаар хийсэн эдлэл, урлагийн хэрэгслэл зэрэг олон төрлийн түүхийн үнэлж баршгүй бүтээлүүд байдгаараа Төвдийн хамгийн ховор нандин шашин суртахуун, соёлын сан хөмрөг болж өнгө цацарсан урлагийн ертөнц болсон байна.
Бодала ордны ерөнхий бүтэц нь чулуун модны бүтэцтэй ба ордны хотын хэрэмний өргөн нь 2-5 метр, суурь нь доош уулын чулуун давхаргад орсон байдаг. Ордны хэрэм хана нь гантиг чулуугаар өрсөн бөгөөд өндөр нь хэдэн арван метр төдийгүй 2 том чулууны уулзвар болгон төмөр хайлуулж бэхлэн тогтоосон байдаг.
Бодала ордон нь Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн бөгөөд Хятадын голлон хамгаалах эртний барилгадуудын жагсаалтад байдаг ба Дэлхийн арван их шороо модны барилгын нэг болж Төвдийн шашин суртахуун, улс төр, түүх соёл, урлаг зэрэг олон талыг биедээ хадгалж “Төвдийн түүхийн музей” болсон юм.
Мэддэг хүндээ бол айхавтар их судлагдахуунтай, хэдэн долоо хоногоор байтугай үзэхээр газар шиг. Харин бид жуулчны хувиар алмайрах газраа алмайрч, бурхны шашинтай хүмүүсийн ёсоор адис авах газраа адис авч, наманчлах газраа наманчилсаар явлаа. За ордон бол үнэхээр олон өрөө тасалгаатай (заримыг нь одоо болтол онгойлгох тарнийг нь олоогүй байгаа гэсэн), үе үеийн түүхийг хадгалсан, алт мөнгө, шүр сувд, үнэт эрдэнэсийг харамгүй зарцуулж, дархцууд урчуудын урыг гаргаж, ухааныг шавхаж, чөмгийг дундлан байж бүтсэн болох нь тэнд байгаа юм бүрээс харагдана. Энийг л нэг жаахан тааруухан хийж дээ гэхээр зүйлгүй. Ордон, түүний доторх үзмэрүүд ямаршуу том, үнэтэй болохыг жишээлэхэд дээр өгүүлсэн 1000 гаруй суваргуудын зөвхөн нэг нь гэхэд 12.3 м өндөр, 7.6м өргөн суурьтай, 3721кг алтаар бүтсэн бөгөөд аяганы амсрын чинээ том том шүр, оюу өөр бусад өнгө өнгийн үнэт чулуунуудыг элбэг дэлбэг суулгасан байх юм. Заримдаа ч заавал ийм нүсэр эд хийхийн учир юундаа байдаг байна аа гэж ч бодох шиг. Адраас унжуулсан хээ хуарыг цоолборлож хийсэн торгон унжлагуудыг тэр цагт оёдлын машингүй байж яаж ийм гайхамшигтай хийгээ вэ гэж үнэхээр биширч явлаа. Програмгүй энгийн оёдлын машинаар ч ийм эдийг бүтээхэд маш хэцүү дээ. Гэтэл хатгамлын программтай машинууд гараад ердөө удаагүй байна. Хөөрхий хүүхнүүд хүүхдээ нуруундаа үүрчээд л нойроо хасан байж, итгэл бишрэлээ шингээн байж урлаа биз ээ. Иймдээ ч бүтээл нь урт насалж, өдий хүртэл амьтны нүд сэтгэл баясгаад байж байдаг байлгүй.
Үе үеийн далай лам нарт зориулж босгосон суварга, тэдний бясалгал хийж байсан өрөө тасалгаа, бурхан тахилд усан тахил өргөж, зул барьсан нь эзэн нь түр эзгүй байгаа мэт. Модоор сийлж, эрдэнэсээр чимэглэсэн авид шанхын орныг 3 хэмжээст огторгуйд багахан өрөөний дайтай тийм томоор урласан байна. Ер нь аливаа бүтээлийн хэмжээ том байх тусмаа хүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг юм болов уу даа. Эндхийн үзвэрүүд хийцээс гадна хэмжээгээрээ нүсэр том юм. Эсвэл хүн төрөлхтөн Эрнст Мулдашевийн номд гардагчлан 5-6 м өндөр сийрэг биетэй байгаад оюуны хувьд доройтож, материалыг шүтэх болсноор нягт ихтэй одоогийх шигээ болсон юм уу. Тэгээд дээхэн үеийн хэвийн хэмжээ бидэнд аварга том санагдаад байгаа юм бол уу.
Том том баринтагтай судруудыг тааз хүртэл хурааж, наагуур нь торон хаалт хийжээ. Манайд харагддаг судруудаас хамаагүй том, барагцаалбал 20х20 см-ийн өргөн, өндөртэй харагдана. Ямар их мэдлэг вэ. Тэр чигээрээ хими, физик, геометр, анагаах ухаан, одон орон, зурхай байгаа байх даа. 20-р зууны шинжлэх ухааны тайлж бараагүйг аль эрт бичээд тавьчихсан биз. Жишээлбэл миний дуулж байснаар зүүдийг шинжлэх ухаан одоогоороо тайлбарлаж чадаагүй байгаа (тайлбарласан бол уучлал хүсье). Гэтэл одоо бидний ярих дуртай болоод байгаа хүний биеийн гадуурх 7 давхар гэрлэн биеийн 3 дахь нь болох астраль бие маш саваагүй, сахилгагүй, сониуч бөгөөд хүний махан бие унтаа хойгуур дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, агаарт нисч, үүлэнд умбаж, дээд доод тивээр тэнэж явахдаа үзэж харсан зүйл нь зүүд юм гэнэ лээ. Өвчин эмгэг тусахад тарни (мантра) уншдагийн учир мөн бидний ярих дуртай болсон энерги гээчээр тайлбарлагдана. Аливаа эд эрхтний байх ёстой зохист энергийн түвшин алдагдсанаас өвчин хүрдэг. Тарни гээч нэг талдаа дууны авиа, авиа бол долгион. Тэгээд тэр дутаад байгаа энергийг дууны долгион буюу тохирох тарни уншсанаар нөхөж өгдөг учиртай юм байна. Миний бодлоор төвд номын хүч нь бас тэрхүү долгионы хуваарьт тааруулсан ая дандаа байдаг байх. Орчуулаад хэлэхээр утга нь хэвээрээ ч, тэрхүү долгион шал өөр хэлбэлзэлтэй болоод үйлчлэл нь муудах буюу бүүр үйлчлэхгүй болж магадгүй. Тиймдээ ч (орчуулах чадалгүйдээ биш) өдий олон жил уншлага ном зохиогдсон эх хэлээрээ уламжлагдсаар ирсэн биз ээ. Эртний мэдлэгийн өмнө одоогийн бидний байж байгаа ч ичмээр дамшиг даа. Ном эрдэм дор мөргөмүү.
Алхан хээ, найман тахил, хаан хатан сүйх, хас тэмдэг, очир, түмэн наст өлзий хээ зэрэг дан зүс үзсэн зүйлүүд тааралдах нь танилуудтайгаа таарсан мэт таатай. Эвтэй 4 маань ч бас байж л байна. Ер нь Монгол Төвдийн соёлын харилцаа эртнээс улбаатай нь миний монголых гэж бодож явсан хээнүүд энд цохиж явснаас харагдана. Эндээс явж явж усан хээ, уулан хээ, үүлэн хээ л монголынх юм болов уу даа гэж бодоход хүрлээ.
Сануулж хэлэхэд гадаа хичнээн халуун байсан ч гадуураа цамц өмссөн нь дээр. Нэгд ордны дотор маш жихүүн. Хоёрд бурхан номын газрыг эс хүндэлсэн ялд унана. (Өөрийн биеэр сануулга авч нүүр улайсан хүний хувиар зөвлөж байна шүү).
Настайчууд тувт мааниа уншиж, зул сэргээсээр. Шар тосны үнэр нэвт шингэсэн нь таатай. Эсбөгөөс ийм чулуун байшингийн чийг бам дийлдэхгүй байх. 3 настай хүүхдийн дайны өндөртэй том том цөгцөнд тасралтгүй зул барьж, лам нар зулын голыг засч янзална. Тасалгаа хооронд дамжих шатнуудын огцом бөгөөд өндөр гэж овоо. Урд талын хүний өсгий миний нүдний харалдаа очихоор. Жаахан өө хэлэхэд гэрэлтүүлэг муутай санагдсан. Хадгалалтын горимд нь хурц гэрэл нийцдэггүй ч байж болох. Модон багана адарт хурц гэрэл тусч төөнөөд гал түймэр гарахыг үгүйсгэхгүй.
Мушгирсан олон тасалгаануудын нэгд нь явж байтал музейн ажилтан залуу та монгол хүн үү гэлээ, тиймээ гэлээ. Таньдаг хүнтэйгээ таарсан аятай жаал буу халж, Бодалад шавилан сууж байсан, одоо Улаанбаатарт суудаг төвд багшийнхаа нэрийг хэлж сураглавал мэдэж байнаа, бараг л хамаатан болох шахав. Одоо Лхаст монгол лам байхгүй, бүгд Чендүд суудаг гэж байна.
Музейн ажилтан-лам нар зул сэргээж, цартай чихэр, самар хүмүүст барина. Гадныхны хувьд ёстой хачин санагдах байх даа. Музейд нь хүмүүс мөргөөд л, лам хувцастай ажилтнууд нь чихэр тараагаад явж байдаг. Гарахын хэрд үдийн цайны цаг болсон бололтой, лам нар гүнцгээ (Бэрээс, сүүтэй цай биш байна лээ. Дүпү, байцаатай шөл байсан) барьж харагдана.
Ингээд бурхны орны (Lhasa-God place) ариун дагшин газарт (Potala-Pure land) хэсэг хугацаанд байж байгаад гарч ирэхэд цэнхэр тэнгэрт хурч нар шарж угтав аа. Бодала ордны орших уулнаас Лхас хот алган дээр мэт илхэн.
Энд нэг анзаарсан зүйл бол тэнгэр нь хөх биш, манайхыг бодвол арай цайвардуу, цэнхэр өнгөтэй. Нар нь маш хурц, сар үүл нь ойрхон санагдсан шүү. Үүлэн сүүдэр газарт унахыг харснаас үүлэн дээрээ туссан байхыг үзээгүй. Гэтэл энд анх удаагаа харж гайхсан билээ. Бас нэг гунигтай бөгөөд дургүйцэл төрүүлсэн зүйл бол хаа сайгүй, тэр дундаа Төвдчүүдийн итгэл бишрэлийн дээд болсон Далай ламын өвлийн ордны чанх дээр өнөөх хятадууд чинь тугаа мандуулсан байх юм. Хаана хаана төрийн далбаа мандуулахыг бүр хуульчилж өгсөн бололтой. Тэрнээс биш юу гэж Төвдүүд өөрсдөө сайн дураараа ингэх билээ.
Маргааш уулын зөвшөөрөл гарч амжвал дэлхийн дээвэр-Эверестийн зүг хөдөлнө. Зөвшөөрөл гарсан байгаасай.
Ene ordnii dotor taliig Kundun geed kinonoos harj bsan um. Ikh haranhui sanagdsan. Boditoor ch haranhui um bnldaaa.
ReplyDeleteДотор талд нь зураг авна гэж саналтгүй юм билээ. Авсан ч сүнс ихтэй байдаг гэсэн дээ
ReplyDeleteҮнэхээр сайхан ордон юмаа. Заавал очиж үзнээ. Доороосоо 5 дахь зураган дээр ямаа юу? хотод нь мал явж байх юм уу, сарлаг энэ тэр гээд л..
ReplyDeleteЯмааны төрлийн гөрөөс шиг амьтан. Яг ямрыг нь бүү мэдээ. Сарлаг хөдөөдөө маш элбэг. Амьжиргааны гол эх үүсвэр нь. Сарлагандаа алтан хөшөө босгосон байна лээ. Дараа зургийг нь оруулъя.
ReplyDeleteТэмдэглэлийг нь тухтайхан шиг умшлаа. Танин мэдэхүйн ихээхэн мэдээлэл агуулсан фото зураг бүхий үргэлжилсэн үгийн сайн бичлэг болжээ гэж мэргэжлийн биш сонирхогч хүний хувьд би бээр сийрүүлэн магтмуй. Дараагийн бүлгүүдийг шимтэн хүлээж байна шүү.
ReplyDelete