Wednesday, May 5, 2010

2010 оны 4 дүгээр сарын 15-16

2010.4.15-ны үдээс өмнө ажлаа цэгцэлж хүлээлгэж өгчихөөд, Улаанбаатар-Замын –Үүдийн 16 цагийн суудалд суухаар яаравчлав. Энэ чиглэлд наймаачид их явдаг, эрэлт ихтэй чиглэл тул унтлагын хатуу вагоны билетийг 17,100 төгрөгөөр, Замын-Үүдээс Эрээн гарах автобусны билетийг 6,800 төгрөгөөр арваад хоногийн өмнөөс урьдчилан худалдаж авсан байсан юм. Суудалд аян замд хамт явах хүмүүс танилцаж, нэр усаа мэдэлцэж авцгаалаа. 4 хүнтэй баг ер нь их тохиромжтой санагдсан. Машин хөлсөлсөн ч, вагонд нэг өрөө авсан ч тэр. Зарим буудалд нэг өрөө аваад дөрвүүлээ ороод явчихад яг сайхан таарна.


"Гурил элдэж байгаа нь"


"Эрээний динозаврт хаалга"


2010.4.16-ны өглөө Эрээн гарч тэндээ хооллоод үдэд Бээжин рүү явах таксиг нэг мянган юаниар хөлслөв. Эрээн Бээжингийн хооронд 700 км. Байсхийгээд л замын хураамж 15 юань хураана. Анхнаасаа энэ хураамжаа хэн нь төлөхөө тохиролцмоор юм билээ. Энэ удаад жолооч маань замын сүйтгэлийг тооцож мөнгөө авсан бололтой өөрөө төлөөд явлаа. Зам гэж толь тул 100-120 км.цагийн хурдтай сүнгэнүүлж явснаа хурдаа огцом сааж 60 тай мөлхөх нь хурдны хяналтын камерын дөхсөнийх гэнэ. 
Замын хажуугаар салхин сэнс зөндөө. Байгаль орчинд халгүй, сэргээгдэх эрчим хүчийг сайн ашиглаж байна аа. Холоос харахад хялбархаан эд шиг санагдавч яг хажуугаас нь харсан чинь айхтар том байгууламж байна. Дэргэдэх шонгийн мод шүдэнзний мод шиг л харагдана. Хажуугаар зөрсөн ачааны машинд ачсан нэг далбаа нь лав 15-20 метрээс наашгүй аварга эд юм. Сэнсний гол гэж манай ТЭЦ-ийн өндөр алаг яндан шиг лут юм харагдана.


Уг нь энэ янзаараа яваад байвал 7 орчим цаг яваад орчих байх гэж найдаж байсан ч Бээжинд дөхөж нар жаргахын хэрд хурдны зам дээр ачааны том машинууд 200 км урт түгжээ үүсгэсэн учир бид хурдны замаас ухарч гараад орон нутгийн замд орж ачааны машинуудын завсар хоорондуур сүлжиж гарав аа. Яг л компьютерийн тоглоом тоглож байгаа аятай 2 урсгалтай нарийн зам дээр нэг том машины араас гарч нөгөөгийн ард орж эсрэг талын урсгал чөлөөлөгдөнгүүт өмнөхөө гүйцэж түрүүлсээр. Дүүрэн ачаатай том машинуудын хажуугаар ингэж булталзаж сүлжих нь овоо хөөрхөн авхаалж самбаа, анхаарал овсгоо шаардсан ажил байлаа. Яаж Эрээнээс унтлагын автобусанд (200 юань) суугаагүй юм. Суусан бол өдийд хурдны зам дээр түгжээ арилахыг хүлээгээд хийх байхаа олж ядаж байх байж. Сүүлдээ орон нутгийн зам ч дэндүү давчуу болж ирэхэд зам дээр таарсан нутгийн иргэн 20 юаниар тариан дундуурх зам зааж өгснөөр яаж ийгээд л урагшилсаар явлаа. Нутгийнхны ярьж байгаагаар бол энд түгжээ үүсээд 4 хонож байгаа гэнэ. Зоос авах гэсэндээ ийнхүү хэтрүүлж ярьсан байж болох талтай ч хэрэвзээ үнэхээр ингэж олон хоногоор түгжирдэг бол хоног хугацаагаа нарийн тооцоолж билетээ захиалж гарсан бид мэтэд уршигтай л юм. Явж явж төмөр зам л найдвартай унаа юм даа гэж бодож байв. Онгоц ч бас явдалтай. Агаар муудвал хэд хоногоор ч хүлээж мэднэ.

Бид явж Бээжин сууж байсан юм болохоороо шөнө хугасалж хойд нийслэлд ирлээ. Жолооч өвөрлөгч иргэн биднийг Wang Fu Jing гудамжинд орших буудалд буулгаж өгөөд салах ёс хийв. Бид 4 хоёр зуун зоос төлөөд 2 ортой нэг өрөөнд орж бушуу унтахаар хэвтэцгээлээ.

9 comments:

  1. "Бид дөрөв хоёр ортой нэг өрөөнд бушуу унтахаар хэвтлээ" гэнэ үү? Эротик өгүүллэг шинжиндээ оржийшд. :D

    ReplyDelete
  2. Мөнгөө хэмнэснээ л хэлээд байгаа санаатай. 1-р сувгаа нээ, кк

    ReplyDelete
  3. 2 hos bsan um bna.
    Aylal saonirholtoi ehlej bna.

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. Дахиад нээтэл зургууд нэмэгдсэн байна. Би ч бас хэзээ нэгэн цагт Эверэстийн хормойд нь ч болов очиж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан юм. Харин өмнө нь аялж, аялалынхаа нарийн ширийнийг сэтгэл гарган нийтлэж байдаг өөрийн чинь буянаар бараг ойрын төлөвлөгөө болж хувираад байна. Нөгөө талаас дараа дараагийн олон аялагч нарт тус нэмэр болох хэрэгтэй мэдээллүүд нийтлэж урам өгч байдагт талархаж явдаг. Тэгээд адал явдал ихтэй, ядаргаа багатай, олон зураг олон нийтлэлтэй, сайхан аялаад ирэхийг хүсье.

    ReplyDelete
  6. Сааралд их баярлалаа. Яваад ирсээн. Одоо бичих л үлдээд байгаа. Төвдийг ойрын төлөвлөгөөндөө оруулаарай. Эндээс хэрэгтэй мэдээлэл олж болно шүү. Мөнгөө эртнээс зохицуулж эхэлбэл амар байдаг юм шүү.

    ReplyDelete
  7. сүүлийн үес би төвд орны тухай их сонирхож байгаа, ялангуяа нууцуудыг нь. энэ аяллын бичлэгүүдийг уншаад монгол хүний нүдээр харсан төсөөллийг авах байх гэж бодож байна.

    ReplyDelete
  8. Ялангуяа иймэрхүү том хэмжээний салхин сэнс бас тийм ч их сайхан эд биш гэдэг нь сүүлийн үед тодроод байгаа шүү. Хэт нам давтамжийн долгион үүсгэж байнга энэ долгионд нь байдаг амьд бие махбодод урт хугацаандаа маш хортой нөлөөлөл үүсгэдэг болох нь сүүлийн үед нотлогдоод байгаа. Мөн бас илүүдэл турбулентность үүсгэж тэр нь газрын хөрсөнд хортой нөлөөтэй нь бас нотлогдоод байгаа. Хар шороог нь хуулаад хаячихдаг гэсэн үг.

    ReplyDelete
  9. Харин тэр сэнсийг агаар хуурайсуулаад цөлжилтийг их сайн дэмждэг гэж дуулж байсан юм байна шүү.

    ReplyDelete