Monday, May 10, 2010

2010 оны 4 дүгээр сарын 17-19

Өнөөдөр Лхаса орох галт тэрэгний билетээ олж авах учиртай. Яг өдийд жуулчдын болон уулчдын ид үе учраас бид урдаар Бээжин дэх танилаа гуйж 4 хүний суудал авахуулсан билээ. Эсбөгөөс Бээжинд дахин хэд хонох хэрэг гарч магадгүй шинжтэй. Интернэт ухаж http://www.chinatibettrain.com/beijinglhasa.htm линкээр орж үзвэл өдөр бүр галт тэрэг Бээжингийн баруун вокзалаас 21.30-д хөдөлж 47 цагийн дараа Лхаса ордог бөгөөд унтлагын хатуу суудал 813 юанийн үнэтэй гэсэн байлаа.

Өдөр нь бид 12 цагаас буудлаа хүлээлгэж өгөөд (үүнээс хойш гарвал дахин хугас өдрийн мөнгө төлөх болоод байсан тул) ганц нэг захаар орж хоёр гурван жижиг сажиг зүйл худалдан авч, түргэн хоолны газраар орж бургер, шарсан төмсөөр ходоодоо баярлуулсны дараа англиар ярьдаг магадгүй харагдсан хүн бүрээс шахуу асууж лавлан байж 52-р чиглэлийн автобусаа олж 1 юань төлөн сууж орой 7 цагийн үед баруун вокзал дээр ирлээ.



"Бээжингийн баруун вокзал орох 52-р чиглэлийн автобусанд"
Танилтайгаа энд уулзахаар болзсон билээ. Вокзалын гадаах вандан дээр бор шувуу шиг зээглэн сууж байтал билет ч ирлээ. Харин үнэ нь 789 юанийн байсанд бага зэрэг гайхаж, бодвол доллартай харьцах ханшийн зөрүүнээс болсон биз гэж бодов. Удалгүй дотогш орж камерт ачаагаа нэвт харуулаад ирийтэл жагсаасан тоон самбар дээрээс Т27-р галт тэрэг 3-р зам дээрээс хөдлөхийг мэдэж авлаа. Эндхийн галт тэрэгний буудал манай Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас ч хавьгүй том юм. Нэг хүлээлгийн танхимд 3 чиглэлийн зорчигчид тус тусын платформын харалдаа зэрэгцүүлэн тавьсан холбоостой сандлууд дээр пиг сууцгааж, зарим нь зогсоогоороо хүлээж харагдана. Хэдэн ч ийм танхим байдаг юм, бүү мэд. Хүмүүс ийш тийшээгээ ямар их явдаг юм бэ. Бид харьцангуй эрт очсон ч манай чиглэл аль хэдийн зарлагдаж, зорчигчид хүлээн сууцгаасан байна. Ер нь анх удаа явж байгаа тохиолдолд нисэх ч бай, галт тэрэг ч бай буудалдаа наад зах нь 2-3 цагийн өмнө очсон байх нь тохиромжтой. Монголыхоороо сэтгээд үсрээд хоёр замтай бяцхаан хүлээлгийн танхимтайгаар төсөөлөөд очвол тэр олон хүний араас оочерлож ачаагаа шалгуулах, том том заалаа хайж олох гэж ачаагаа үүрч дүүрэн нэг биш км зам туулах гэсээр байтал багагүй хугацаа зарцуулж, хоцрох юм болно.

"Хүлээлгийн танхимд-Т27 галт тэрэг 21.30-д 3-р замаас хөдөлнө"


Цаг болж уртаа оочерийн араас зогсож билетээ шалгуулан гадагш платформ руугаа гарлаа. Хаа очиж зэрэгцэж чихэлдээд байлгүй нэг нэгээрээ цуварч зогссон тул түлхэлдэж шахцалдан, хүч үзэх хэрэг гарсангүй. Монголд ийм дараалал үүсвэл хонох байсан биз. Шавар байшиндаа шавааралдан олуулаа амьдарч сурсан хүмүүсийн соёлын ялгаа энд аргагүй л мэдрэгдэж байна.



Вагондоо ороод нөгөө хямд билетнийхээ учрыг олов. Унтлагын хатуу вагон манай плацкартнаас ялгаатай нь 3 давхар ортой, купе шиг хоорондоо тусгаарласан ханатай мөртлөө хаалгагүй юм. Билетний үнэ нь хэдэн давхрын ор вэ гэдгээс хамаарч бага зэрэг ялгаатай аж. Дунд талын ор нь доод талаасаа 24 юань буюу 5000 орчим төгрөгөөр хямд юм. Билет дээр нь суудлын дугаарын ард дөрвөлжин хэлбэртэй Ф үсэг бүхий тэмдэглэгээ (Миний бодлоор энэ үсэг дунд гэсэн утгыг илэрхийлдэг байх. Учир нь БНХАУ өөрсдийгөө дундад улс гэдэг. Томоохон улсын байгууллагын хаяг дээр энэ дөрвөлжин Ф дандаа харагддаг) байна. Хол явах, настай хүмүүс доод талын суудлыг, дээд давхрын суудлыг голдуу ойр зайнд аялах залуу хүмүүс захиалдаг бололтой. Доод талын суудал билетэн дээр Т үсэг шиг, дээд талых нь перпиндикулярын тэмдэг шиг үсэгтэй. Нөгөө Итгэлт баяны дундаа цэгтэй нь хээлтэй гүү гэдэг шиг юм боллоо. Билетээ авахдаа энэ ялгаагаа сайн хэлж авахгүй бол 3-р давхрын ор авчвал нэг бол коридорын сандал дээр суух, эсвэл таг хэвтээгээрээ явах хэрэг гарна. Хараад байхад үнийн энэ ялгаа тохь тухтай байдалд үнэхээр нөлөөлөх юм. Доод талын суудал дээр суухад толгой тулахгүй, өрөөнийхөө цонхоор хавийн юмыг дурайтал хараад, тааваараа идэж уугаад явж болохоор, харин дунд талых нь орон дээрээ суух гэхээр толгой тулаад бушуухан буумаар санагдана. Бүүр дээд талых бол бараг л таазтай наалдсан шахуу зайтай. Дээд 2 давхрын хүмүүс өдрийн цагаар бол коридорийн сандал дээр голдуу амьдарна даа. Тэндээ зураг авах нь авч, бэлэн гоймонгоо идэх нь идэж, цаг нөхцөөн цонхоор ширтэх нь ширтэж, өглөөгүүр бол хүүхнүүд нүүр амаа гоодоцгооно. Зураг авах гэснээс хятадууд өөрсдөө дотооддоо маш их аялж жуулчилдаг болсон байна лээ. Том том их буу шиг дурантай зургийн аппарат мөрлөсөн англи хэлтэй турьхан хүүхнүүд галт тэргэнд нэг биш тааралдсанаас ингэж бодов. Цаана Лхасад ч, Эверестийн лагерьт ч мөн адил хэсэг бүлгээрээ аялж яваа дотоодын иргэдтэй зөндөө тааралдаж байлаа.

"3 давхар ор"


"Хагас унтлагын вагоны коридорт"

Энэ чиглэлийн галт тэрэг гэж онгоц шиг л тухтай юм. Таг түг гээд дуугараад, хөдлөх зогсохдоо авч шидчих гээд байхгүй, нэг жигд урагшилна. Бээжингээс цагаан хэрэглэлээ солиод гарсан байна. Харин замаас суусан нөхдүүд шууд л хүний цагаан хэрэглэлд эрээлэх юмгүй орж хэвтэцгээх нь их л заваан санагдаж байлаа. Вакуум цонхтой тул тоос шороогүй, 2 хоноход лав үс наалдаж, хувцас хиртээгүй байсан даг. Тасалгаа бүрт агааржуулагч, ор бүрийн толгойн тушаа хүчилтөрөгчийн төхөөрөмжтэй. Мөн өрөө бүр хогийн сав, халуун савтай. Вагоны үүдэнд байх ус буцалгагчнаас халуун ус авч, цайгаа ууж, гоймонгоо дэвтээцгээнэ. Дээд давхрын орнуудын урдуур хамгаалалттай тул уначих байх гэж айлтгүй санаа амар унтаж болно. Галт тэрэгний коридор дахь тоон самбарт он сар, цаг минут, хурд (100-120 км/ц), өндөр, гадаах агаарын хэм, даралт, дараагийн зогсоолыг харуулсан мэдээлэл урсан өнгөрнө. Мундаг галт тэрэг хийжээ.






"Хүчилтөрөгчийн шугам"


Галт тэрэгний цонхоор харжээ байхад Хятад улс зам гүүр барьж, мод бут тарихыг харин ч нэг үзүүлж өгчээ. Зам дагуу мод ургах ямар ч нөхцөлгүй гэмээр газар, тэр ч бүү хэл уулыг шатлан засч, хэзээ мод болно доо гэмээр суулгацыг жирийтэл нь суулгаж, зарим газартаа тэр нь дориун сайхан төгөл болон найгаж байна. Хажууд нь манай хөрс үнэхээр 5 зүйлийн тарианы шимтэй юм. Ялангуяа тариан талбайг ёс шиг модоор хашиж, үрээ салхинд хийсэхээс хамгаалжээ. Бас нэг анзаарсан зүйл бол үрсэлгээгээ гялгар уутаар хучиж, тэр нь урагдаж хийсэн энд тэнд хөглөрсөн байна. Байгаль орчинд халтай л технологи юм. За тэр зам гүүрийг бол би байтугай барууны инженерүүд гайхдаг юм шиг байна лээ. Бээжин-Лхасагийн чиглэлийн хурдан галт тэрэгний талаар интернэтээс уншиж байхад энэ өндөр дээгүүр уулыг нүхэлж, усыг эргүүлж тавьсан төмөр замыг “инженерийн гайхамшиг” гэж нэрлэсэн байсан. Дэлхийн хамгийн өндөр төмөр зам шүү дээ. Мөн байсгээд л замын хажуугийн хэсэг газарт тор хэлбэртэй жижиг жижиг шоо дөрвөлжин нүднүүдийг чулуугаар хийсэн нь тааралдана. Үүнийг төмөр замыг элсний нүүдлээс хамгаалдаг эд гэж ойлгов. Хялбархан аргаар шийдэж шүү. Одоо ч зам гүүрийн бүтээн байгуулалт хийгдсээр л байгаа нь замын хажуугийн овоолсон шороо, уулын чулууг бутлах карьер, босгоод орхисон гүүрний бололтой өндөр бахим тулгуур шонгуудаас харахад илт.






Хоёр дахь шөнө галт тэрэг ойролцоогоор 5000 метрийн өндөр авч манай багийн зарим гишүүд бөөлжих, толгой өвдөх зэргээр хямарч хонолоо. Миний хувьд галт тэрэг тунелээр гарах буюу хурдтай явах үед чих дүлийрэхээс өөрөөр мэдэрсэн зүйлгүй. Угаасаа онгоцоор явахад ч ингэдэг учраас тоосонгүй. Гэрээс гарахын өмнө энэ талаар бага сага юм уншсанаасаа дурдвал; Өндрийн өвчин буюу High Altitude sickness (Acute mountain sickness-AMS)-ийн гол шалтгаан нь агаарын нам даралт, агаар дах хүчилтөрөгч ба азотын баланс алдагдсанаас (яг ч хүчилтөрөгчийн дутагдал биш юм байна. Учир нь 21,000 метр хүртэл өндөрт агаарын хүчилтөрөгчийн хэмжээ тогтмол байдаг гэнэ) үүсэх бөгөөд хоолны дуршил муудах, бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх (зүйрлэвээс шартсан мэт мэдрэмж), нойргүйдэх, ядарч туйлдах, хамраас цус гарах, зүрхний цохилт түргэсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Гол төлөв 2500-3000-аас дээш өндөрт илэрдэг боловч энэ нь хүн хүний хувьд онд ондоо байна. Нисэх онгоцны бүхээгт 8000 метрээс дээш өндөрт нисэх үед 2400 метрийн өндөрт байгаа мэт нөхцлийг бүрдүүлдэг ч зарим хүмүүст өндрийн өвчний шинжүүд илэрдэг байна. Өндөрт хүний уушги ердийхөөсөө их хэмжээний шингэнээ алддаг учраас шингэн сайн уух хэрэгтэй. Хамгийн сайн эм бол дасан зохицох явдал бөгөөд бүр тэсвэрлэшгүй болохоосоо өмнө нам дор газар луу бууж, дахин өндөр авахад илааршдаг. Тухайн өндөрт хоноод сэрвэл бүүр сайн. Спиртийн төрлийн ундаа, тайвшруулах эм хориотой. Угаасаа ачаалж ядаж байгаа зүрхийг нэмж зовоох хэрэггүй. Болж өгвөл сайн амрах хэрэгтэй.


"Замын зогсоол-4513м-NaQu"

Бүүр өндөрт гарахаар буюу дээрх шинж тэмдгүүд даамжирвал халуурч, ханиад бронхитны шинж тэмдгүүд илэрч тэнтэр тунтар алхаж, өнгө үнэр ялгахаа хүртэл больж, хумс, уруул хөхөрч, ухаан мэдрэлээ алддаг гэнэ лээ. Ер нь бол өндрийн өвчин тухайн хүний эмзэг газрыг барьж тусах шинжтэй санагдсан. Ялангуяа зүрх өвддөг даралт ихтэй, тархи толгойны өвчтэй хүн бол нэлээн сайн зөвлөлдөж, явах гэмээ нь өндрийн эм тангаа авч гармаар санагдсан. Мөн шууд далайн 00 түвшнээс, жишээ нь Бээжингээс 3000-с дээш өндөртэй газар луу, жишээ нь Лхаса нисвэл энэ эрсдэл бүр ихэснэ. Харин галт тэргээр явснаараа бид даваа даваад уруудах зэргээр өндөрт дасч байсан нь олзуурхууштай.

AMS-ийн тухай дэлгэрэнгүй уншмаар байвал доорх линкээр ороорой: http://www.travelhealth.gov.hk/english/environmental_health_risk/high_altitude.html




"Төвдийн тэгш өндөрлөг"

12 comments:

  1. Zurag heregtei bna. Neeree undur gazar Via-gra uudag gesen.

    ReplyDelete
  2. Тэр ханзнуудыг хэнээр ч заалгалгүй зөв сурсан байна шүү (上 - дээр, 中 - дунд, 下 - доор, 中国 - хятад улс (ханз нэг бүрээрээ бол дунд улс)). Купе нь хаалгагүй гэхээр коридороор явсан хүнд ил харагдана гэсэн үг үү? Вагон нь хэр цэвэрхэн юм, саак.м энэ тэр дээрх зургуудыг харахаар хүн аймаар хогийн сав шиг юм байх юм. Бас ачаагаа хэр найдвартай газар хийж байна, хулгай зэлгэй байх шинж байна уу? Бүхэл бүтэн 2 хоног явах үед хоол ундаа яаж зохицуулж байна, вагоны ресторан бий юу? 00 нь хэр зэрэг тохилог юм? Нэг амьсгаагаар баахан асуулт тавьчихлаа боломжоороо хариулж өгнө үү.

    ReplyDelete
  3. Nergui-d: Өндрийн өвчний эм байна лээ. Виаграг бол мэдэхгүй юм аа.

    ReplyDelete
  4. Сааралд: вагон нь олон янз юм билээ. Т27 бол үнэн дажгүй шүү. Тух алдана гэсэн ном байхгүй. 00 нь л жаахан бохир болчдогоос бусдаараа гоё оо. О2-той гэж байгаа. Хулгай зэлгий гайгүй ш дээ. Хоол ундаа бэлэн гоймондоно, бас зогсоол дээрээс тахиа авч иднэ, вагон ресторан нь хоолооо хийгээд түрдэг тэргээр авч явж зарна. Асуудалгүй шүү. Би зураг оруулна аа. Гэрт очиж байгаад.

    ReplyDelete
  5. Сааралд: Тийм, коридороор явсан хүнд ил харагдана. Гэхдээ хагас хаалттай. Бараг хаалгагүй нь аюулгүй байдалд илүү тохирох юм биш үү. Хаалгаа түгжиж байгаад яах ч юм билээ. Хятадад цагдаа чанга болохоор хулгай бага санагдсан. Яг явах болбол ирэх очих билетээ Т27ь Т28-раа авчих. Орон нутгийх нь вагонууд овоо бохир шүү. Буцахдаа орон нутагдсийн-Дараа уншаарай

    ReplyDelete
  6. Удахгүй зураг оруулна аа , тэсээрэй

    ReplyDelete
  7. Сайн уу та - ын тэмдэглэлийг уншлаав Үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж байна шүү. Хэ хэ, Галт тэрэг ний хувьд сайн хийсэн байнаа. Энэтхэгт бол шал өөр хэхэ мэдэж байгаа биздээ. Төвдийн хувьд Монгол нутагтай бас Монгол хүмүүстэй төстэй тал их юм билээ.

    ReplyDelete
  8. Нэрээ мартчиж. Сайнби. та 2 ын гэх гэж байгаад буруу бичсэн байна.

    ReplyDelete
  9. Ariunbold said: над шиг толгой өвддөг зүрхээр хатгадаг нөхөр ч хэцүү юм байна даа. Сайн асуух хэрэгтэй юм байна даа.

    ReplyDelete
  10. за яанаа, AMS-р хамаг амьтныг айлгасан шинжтэй. Бүүр айхтар даралт нтр гүй бол гайгүй дээ.

    ReplyDelete
  11. ViaGra зүрхний цохилтийг түргэсгэж, ерөнхийд нь бүх биеийн цусны эргэлтийг сайжруулдаг учраас тархи, мөн зүрх өөрөө цусан хангамж сайжирч өндрийн өвчнийг бага зовлонтойгоор гэтэлгэх нигууртай ажгуу.

    ReplyDelete
  12. Аа мөн мөн, гэхдээ болгоомжтой хэрэглэсэн нь дээр биз. Толгойнд хэт их цус гэнэт очоод харвачихгүй байгаа даа

    ReplyDelete