Өнөөдөр төлөвлөгөө ёсоор бол Эверестийн уулчдын үндсэн лагерь буюу BC орохоор Лхасаас 328 км зайтай Шигазе хот руу хөдөлж тэндээ хонох ёстой. Гэтэл тэр уулын зөвшөөрөл нь тийм ч амар гардаг эд биш юмсанж. Журмаараа бол 4 хоног хүлээх ёстой гэнэ. Учир нь Эверест бол уулчдын онцгой бүс бөгөөд засгийн газрынх нь орлого бүрдүүлэх эх үүсвэр тул олон шат дамжлагаар шалгаж байж зөвшөөрлөө өгдөг гэж байгаа. Өмнө дурдсанчлан буцах галт тэрэгний тасалбар, уулын зөвшөөрлийг өмнө ирж байсан, танилын хүрээ томтойгоороо Гангаамаа хөөцөлдөж байгаа билээ. Бид наашаа ирэхдээ нийслэл хот Бээжингээр дайрч ирсэн нь аз болж галт тэрэгний тасалбараа үзүүлж байж уулын зөвшөөрлөө авахаар болов. Нийслэлээс өөр газраас ирсэн бол бидний Эверест үзэх ч лөөлөө болох тал руугаа орох байсан шинжтэй. Яагаад ийм хатуу чанд байдаг нарийн учрыг сайн мэдэхгүй юм. Бодоход үндэстний цөөнхүүдийн эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцлээс сэргийлж сэжиг бүхий этгээдүүдийг нутгийн гүнд нэвтрүүлэхгүй гэсэн бодлого юм болов уу даа.
Гангаамааг эдгээрийг хөөцөлдөж гадуур гүйх зуур бид 3 Далай багшийн өвлийн ордон руу аажуухан 12 цаг гээд очтол оруулах цаг нь нэгэнт өнгөрсөн байсан тул гадуурх цэцэрлэгээр нь жаал явж цаг нөгцөөв. Энд хавар эрт ирэх юм. Монголд бол 6 сарын эхээр л иймэрхүү болдог сон. Мод бут ногоорч цэцэглэсэн нь мэдрэл амраана. Ийм хуурай, байнгын салхитай, чулуурхаг хөрстэй газарт яаж ургуулсан юм бол гэмээр төрөл бүрийн мод бут, өнгө өнгийн загас шувуутай цөөрөм бүхий сайхан цэцэрлэг бүтээжээ. Айхавтар хөдөлмөрч ард түмэн юм даа. Үнэхээр бахархууштай. Гэтэл манайд үлээвэр хөгжимтэй бөөн ардууд явж очоод төр засгийн тэргүүнүүд нь хүртэл хувь нэмрээ оруулж модыг бол суулгаад байгаа юмаа. Харин ургуулах дээрээ бүгд мартаад ирэх жил нь ахиад л үлээвэрээ дагуулаад сүр жавхлан, дуулиантайхан гарч одно. Биднийг багад л ийм байсан, одоо ч хэвээрээ. Яамаар ч юм бэ дээ, манайхаас доор нөхцөлтэй хөрсөнд гайхамшигтай цэцэрлэг бий болгосон байхыг бодоход болдоггүй эд ч бас биш шиг. За тэгээд энэ сэдвээр ярьсан хэлэлцсэн сонины шүүмжүүд багадаагүй, дээрээс нь миний өөрийн хуруу нэмсэн нь үгүй тул ингэсгээд орхиё. Гэхдээ л...
Бодала (яг дуудлагаар нь галиглав. Потала, Будаалин гэх зэргээр бичдэг. Ариун газар буюу Pure land, sacred land гэсэн утгатай сансрит үг) ордны 3 талаар маанийн 6 үсэг товойлгосон хүрд битүү үргэлжилнэ. Багцаагаар 2-3 км элбэг хүрэхээр. Нэг гартаа жижиг хүрд эргүүлж, нөгөө гартаа эрихээ эргүүлж маань уншсан хүмүүс Бодалаг тойрч гороо хийцгээнэ. Хүмүүсийх нь сүсэг бишрэлд даган баясмаар. Ерөөсөө л амьдралых нь утга учир эргэл мөргөлд оршиж байгаа мэт. Энэ ертөнцийн амьдрал падгүй мэт. Гүн бат итгэл үнэмшил нь ахуйн аливаа үйлийг хийхэд ч салдаггүй хамтдаа мэт. Хоосон чанарыг нэг мөр олохоо байг гэхэд зах зухыг нь үзэж мэдэрсэн мэт. Ахуйгаас ангид мэт. Аливаа юманд ингэтлээ гүн итгэж, түүндээ ийм үнэнч байх нь нэг талдаа бишрэн хүндэлмээр. Нөгөө талдаа утга учрыг нь олоогүй бол хөөрхий санагдана.
Гэвч утга учрыг нь гүнзгий ухаагүй байсан ч эргэл мөргөл нь биеийн тамирын маш сайн дасгал, маань мэгзэм нь маш сайн бясалгал болж чадахуйц. Биеийн тамирыг бясалгалтай хослуулбал үзүүлнэ биз. Намайг жишээлбэл яг дүрмээр нь тэр хатуу чулуун шалан дээр хэдэн удаа ч байдаг юм сунаж мөргө гэвэл барахгүй санагдсан. 3 мөргөөд л сунаад хэвтэх байх. Маргааш нь гэдэсний булчин хөндүүрлээд өндийхгүй нь ойлгомжтой. Тэгээд ч тэр үү энд гэдэс гүзээндээ түүртсэн хүн харагдахгүй. Нэгэнт бие бялдрын тухай хэлснийх, эндхийн хүмүүсийн гадна байдлын талаар дурдъя. Хижээл голдуу Төвд эрчүүд янхир том цээжтэй, өндөр нуруутай, яс үс шүд сайтай, нар салхинд гандсан хөрслөг арьстай, тас хар гэзгээ сүлжиж үзүүрт нь улаан торгомсог багц утсаар уяж толгойгоо ороон, үстэй дээлээ сугалдрагласан байна. Мөн насны эмэгтэйчүүд ам дүүрэн жигдхэн шүдээ гайхуулан нүд дүүрэн инээмсэглэсэн улаа бутарсан хацартай, илүү дутуу махгүй боловч нуруулаг, ясархаг том биедээ үндэсний хувцас болох ханцуйгүй цулгай дээлэн дээр эрээн судалтай хормогч уясан байна. Хотын ганган хүүхнүүд үндэсний дээлээ өмсч, толгойдоо бүрх малгай тавьж, гунхасхийн алхах нь андашгүй. Хэдийгээр гял цал хувцаслаагүй ч нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй л улс санагдсан. Гудамжинд биеийхээ аль нэг хэсгийг ил гаргаж хувцасласан хүн харагдаагүй. Захиж хэлэхэд энд майк, шорттой явбал энд нүд болохоос гадна нарны тосоо мартвал айхтар хурц хортой наранд дорхноо түлэгдэхээр юм билээ. Харин залуучууд, хүүхдүүд нь ахмадуудаа бодвол жижиг ястай болсон санагдсан. Бодвол Мао гуай атар газар эзэмшүүлэхээр баахан хүмүүсээ илгээж соёлын хувьсгал хийсний үр дүн байлгүй.
За баахан хүн сонжлоо. Гаднаас нь л өнгөц харахад төрсөн сэтгэгдэл шүү дээ. Удаан хугацаагаар суурин байгаад ирвэл сайн муу нь бүр тодорхой болох биз ээ. Хүмүүс нь ялангуяа настайчууд зургаа авахуулах үнэхээр дургүй. Шууд л нүүрээ буруулж цааш хардаг юм билээ. Эхэндээ би шашин шүтлэгтэй нь холбоотой байх гэж бодож байлаа. Манай дээр үеийхэн нас богиносно гэдэг байсан шиг л. Нарийн учрыг нь лавлавал ийм учиртай юм байна; гэрэл зурагт тухайн хүний тухайн мэдээлэл хадгалагдаж үлддэг. Нас барсных нь дараа зургийг шатаахаас нааш энэ холбоос тасардаггүй учраас сүнс нь цаашдын зам мөрөө хөөхөд энэ ертөнцтэй уяатай байгаа мэт саад болдог гэнэ. Мөн хэл аманд орох вий гэсэн болгоомжлол ч байж болох талтай. Гадаадын тагнуулуудтай зургаа авахуулсан байна, ямар эсэргүү санаа агуулсан бэ гээд л байцааж, эрүүдвэл яана. Гүй тэгээд өөр дээрээ бодоод үзсэн ч, ухаан нь намайг үзмэр болгоод л нэг гадаадын баагий зөвшөөрөл авалгүй зураг аваад байвал хэн ч гэсэн дургүйцнэ шүү дээ. Очоод сэтгүүл сонин дээрээ алмас гээд ч тавьчих юм бил үү, хэн мэдлээ.
Төвд яваад ирлээ гэхээр аймаар ядуу гэсэн, үнэн үү гэж асуух хүн нэг бус тааралдаж байлаа. Манайхыг ч гэсэн тасарч ойчсон архичин, траншейны хүүхдээр л харуулдагтай ижил. Жуулчин татах гэсэн олхиогүй арга л даа. Очоод үзэхээрээ ондоо сэтгэгдэлтэй болноо гэж хэлье дээ. Надад бол сэтгэл сайтай сайхантай л ард түмэн санагдсан. Хувцас хунар, эд мөнгийг нь тоолсон биш баян ядууг нь мэдсэнгүй. Гэхдээ тийм хэцүү байгаль цаг ууртай, дээрээс нь тусгаар тогтнолоо алдаад, хэнд мөргөхөө хүртэл цагдуулдаг болсон хэрнээ сэтгэл сайтай үлдэж чадсан мундаг ард түмэн гэж өрөвдөхийн сацуу бахархаж байгаа шүү.
Өннөдрийг онцын хийсэн зүйлгүй, амрах маягаар өнгөрөөлөө. Уулын зөвшөөрөл 23-нд гарахаар болсон тул зочид буудлынхаа хугацааг сунгуулж, буцахдаа энд хонох хугацаагаа нэгээр багасгаж төлөвлөгөөндөө бага зэрэг өөрчлөлт хийлээ.
Уул руугаа ч дөхөж байна даа. Би харин дан төвд загварын барилга, бас хүмүүсийн ахуй амьдралын талаар зураг авах сонирхол төрчихлөө.
ReplyDeleteSonirholtoi bna shyyy.
ReplyDeleteДан Төвд ахуй гоё гарна аа. Даанч хүмүүс нь нүүрээ нуучаад байдийм
ReplyDeleteНэргүйд: Сонирхож байгаад баярлалаа
ReplyDeleteHi.Chamd yumiig oilgomjtoi sonirholtoi bichih aviyas bn shuu.Keep writing.kkkk
ReplyDelete