Friday, May 21, 2010

2010 оны 4 дүгээр сарын 20

Өчигдөр 18 цагийн үед 27-р галт тэрэгний 45 цаг үргэлжилсэн аялал дуусч бид Лхас хотод ирцгээсэн билээ. Галт тэрэгний буудлаас 60 юаниар такси авч Төвдийн уулын хөтчийн сургуулийн буудалд бууж, оройн хоолоо жуулчид голдуу ордог Snowland зоогийн газарт идсэн юм. Эндхийн хоол дажгүй шүү, 2 хүн 100 юаниар үндсэн хоол, салат, хүсвэл пиво авч дөнгөнө. Дэлхийн хамгийн өндөр газрын цэнгэг усаар хийсэн 0.5 литрийн шилтэй Lhasa beer 8 зоос. Энэтхэг маягийн наан гамбираа сайхан хийдгийн дээр ер нь л хоол сайтай, зах зээл дотроо байрлалтай тул жуулчид тасрахгүй.






"Snowland restaurant-Энд жуулчид ирэх дуртай"

Ирснийхээ маргааш үдээс өмнө Гангаамаа буцах билет, Эверест орох зөвшөөрлөө хөөцөлдөхөөр гарч, нэг маань өндөрт дасан зохицохоор буудалдаа үлдэв. Харин бид 2 Сера хийд үзэхээр явлаа. Хийд рүү явахдаа такси хөлсөлсөн бөгөөд Лхас хот дотор хаашаа ч явсан 10 юань байдаг. Уг нь дугуйтай хүн тэргэнд суувал задгай салхитай, ойр орчмыг харж зураг авах бололцоотой ч үнэ мөнгөн дээрээ тохиролцох нь төвөгтэй санагдаад, хаашаа ч явсан таксидаж байлаа. Энэ хийдийг үзэх болсон шалтгаан нь 1996 оныг хүртэл Сэнгээ гэж монгол хүн хамба лам нь байсан гэдэг түүх дотно санагдсан билээ.

Сера буюу Зэрлэг сарнайн хийдийг 1419 онд шарын шашны шавь Жамцан Чойжэ Сакя Иш гэж хүн байгуулжээ Шашны 3 сургууль, 33 байшин, 1 том цуглах танхимтай, 114,964 м.кв талбай эзэлдэг, Төвдийн 2 дахь том хийд бөгөөд 1982 онд Хятадын засгийн газраас улсын хэмжээний түүхэн дурсгалт газар болгосон байна. Ид мандан бадарч байх үедээ 5500 лам хувраг хурдаг байж. Хосгүй үнэтэй ханын зургууд байдгийг саяхан 1990-ээд оны эхээр дахин сэргээсэн. Очирваань бурханы түмэн хөрөг залаастай байдаг эл хийдэд монголтой холбогдох зүйлс арвин гэнэ. 2008 оны 3 дугаар сард энэ хийдийн арваад лам тусгаар тогтнолын төлөө тайван жагсаал хийж, харамсалтай нь эргэж ирээгүй, одоо болтол амьд эсэх нь тодорхой бус.

Хийдийг үзэх тасалбар 50 зоос. Хөтөч тайлбарлагчгүй. Тэгээд л зургийн аппаратаа үүрээд зоргоороо хүүе хаая гэх хүнгүй алхаж гарлаа. Сера хийдийг хадтай уул руу авируулж барьсан байх юм. Ер нь хараад байхад сүм хийдүүд голдуу өндөрлөгт оршдог нь итгэл бишрэлийг ихээр төрүүлэх гэсэн бодлого ч байж болох талтай. Хоёрдож бурхан номоо хүндэлж олны хөлөөс зайдуу өндөрт байлгах гэсэн санаа биз. Хоёр ч сүмийн үүдний шаланд чулуугаар хас тэмдэг шигтгэж хийсэн байна. 3 настай хүүхдийн дайтай өндөр, эрэгтэй хүн 2 гараа алдалж хүрмээргүй амсартай асар том цөгцөнд зул барьсан байх ба эргэл мөргөл хийж яваа сүсэгтнүүд барьж яваа халуун савтай шар тосноосоо сэргээж байгаа харагдана. Байгалийн хад ашиглан зассан чулуун шал, ойр орчмын хадан дээр зурсан бурхад болон цагаан будгаар зурсан шат (бодвол бурхны оронд очихыг бэлэгддэг байх), хаа сайгүй бөөн бөөнөөрөө дэрвэх хийморийн дарцаг, хавтгай чулуун дээр цоолборлож хийсэн судран овоо зэргийг эс тооцвол бусдаараа манайтай л адил санагдлаа. Энэ чиглэлийн судлаач мэргэжилтнүүд нарийн ширийн ялгаа мэдрэх байх, миний хувьд хуучны бөгөөд арвин сан хөмрөгтэйгөөс өөр эрс тэс ялгаа мэдэрсэнгүй. Угаас буддизм Төвдөөс гаралтай хойно аргагүй юм. Манай сүм хийдүүдийн доторх бурхад, зураг урлал хэмжээний хувьд жижиг боловч хийцийн хувьд илүү ч юм шиг. Харамсалтай нь сүмийн дотор талд зураг авах нь төлбөртэйн дээр сүсэгтнүүд төдийлэн таатай хандахгүй байсан тул эмээгээд зураг авч чадсангүй.









Хотын хойд талд орших энэ өндөрлөгөөс Лхас хот алган дээр мэт. 2 талаасаа уулаар хашигдаж, голын хөвөөнд оршдогоороо Улаанбаатартай минь төстэй ч өргөн дардан зам, үсрээд 3 давхар намхан тагзан хороолол, мод бутаар арвин байдлаараа ялгарна. Хийдээс буцахын хэрд дээш доошоо баахан мацаж уруудсаных уу, хамраас бөөн бөөн цус гарч, өндрийн зөрөөг аргагүй мэдэрч байгаагаа организм ингэж илэрхийлэв. Хэсэг чигчий хуруугаа өргөж яваад, бүүр тогтохгүй том томоор нөжирч, зогсолтгүй урсаад байхаар нь хийдийн хажуугийн бяцхан шуудуугаар урсах хүйтэн, тунгалаг усаар зулайгаа шавшиж тогтоолоо. Үүгээр өндрийн бэлтгэл хийгдсэн гэж ойлгов. Ноднин жил Алтайд аялахад бас ийм явдал болоод, маргааш нь зүгээр болсныг бас сануулна. Сера хийдийг үзсэн тухайд нэг ийм.

Үдээс хойш бид буудлаа сольж зах зээлтэйгээ ойртож Youth Hostel-д буулаа. Хятадын засгийн газраас Төвдийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх бодлого явуулж байгаагийн үрээр буйдхан суурингийн буудлууд хүртэл цэвэрхэн байдаг нь таалагдаж байлаа. 2 ортой өрөө 100 юаниас багагүй үнэтэй бол дотроо шүршүүр, жорлонтой, цагаан хэрэглэл нь сайхан шинээрээ. Зоосондоо тааруулж олон нийтийн давхар ортой өрөө сонгосон ч бас болохоор. Харин төвлөрсөн халаалтгүйн улмаас өрөөнүүд нь сэрүүхэн боловч гол төлөв зузаан хөнжил, бүтээлэгтэй. Усаа нарны эрчим хүч ашиглан халаадаг зарим буудалд халуун ус орой 8 цагаас өглөөний 6 цаг хүртэл ирдэг. Салхи шуургатай, тэнгэр муу үед шүршүүрт орох боломжгүй. Өндөр зэрэглэлийн буудлууд бол мэдээж өөр биз. Саваагүйтээд гоё буудал руу шагайж үнийг нь хараад бараг л зугтах шахуу гарч билээ. Хамгийн хямд өрөө 1200 зоос, үнэтэй нь 6000 гэж байсан юм даг. Нэг сая гаруй төгрөгөөр ганц хонох нь байна шүү. Аймаар юм. Үйлчилгээ гэж бодвол үзүүлээд өгдөг байлгүй.

Энэ зуур нэгэнт үд өнгөрсөн тул бид хооллохоор Shangrila рестораныг сонгов. Өлзий хээ хатгасан даавуу үүдийг сөхөн орж эрээн алаг зөөлөвчтэй модон буйдан, хээ угалзтай ганган ширээний ард суунгуут судар маягийн цэснээс зөөгч залуу Цэрэнд (халаалтгүй байшинд даарснаас тийм ч цэвэрхэн биш ноосон цамц өмссөн) сарлагийн тостой халуун савтай цай, мах голдуу хоол, хачирт нь будаа, ногоо захиалцгааж, рестораны дотоод байдал, адар хананы нүд эрээлжлэм хээ хуар, зэс сав суулгыг шохоорхох зуур хоол ч бэлэн болж дайраад тушаал авсан цэргүүд шиг шумбан орцгоов.




Аз болж бидний хэний маань ч хоолны дуршил өндрөөс шалтгаалан алдагдсангүй. Тиймдээ ч онц ихээр ядарсангүй явж ирсэн биз. Хоолны хувьд монгол хүн идэж чадахааргүй зүйлгүй. Энэтхэг маягийн карритай, хятад солонгос маягийн шарж хуурсан, Түвдийн өөрийн уламжлалт хоол болох сарлагийн буюу хонины махтай момо (бууз), цуйван гэж болохоор шарсан гоймонтой хуурга, байцаа өндөгтэй шөл мэтээр хооллоод л явлаа.

Оройг Жокан буюу Зуу хийд болон хаяа нийлэн буусан мөргөлчид худалдаачид холилдон бужигналдах зээлээр явж нүд хужирлан, үнэ ханш асууж өнгөөрөөлөө.


"Төвдийн уулын хөтчийн сургууль-хиймэл ханан хад"




"Зуугийн мөргөлчид-Духан дээр нь мөргөсөөр байгаад томоо дугуй саарал тав тогтсон байсан"

4 comments:

  1. Эвэрэст очих зөвшөөрлөө Бээжингээс биш Лхасаас авдаг юм уу? Харин Лхас орох зөвшөөрлөө хаанаас авах бол?

    ReplyDelete
  2. Бээжингээр дайрч ирсэн галт тэрэгний билетээ үзүүлэхэд тэр чинь Лхасын зөвшөөрөл гэсэн үг. Харин Лхас дахь жуулчны компани чинь уулын зөвшөөрлийг чинь зохицуулна

    ReplyDelete
  3. Hi Unuruu mash saihan aylal bas temdeglel bna. Ugiin bagadaa sergelen chadaltai mundag ohin bsan yag l heveeree bna shuu. Za uragshaa amjilt. Daraagiin ayllaa hurdan hiigeerei.

    ReplyDelete
  4. алтай 5 богдод танилцсан уулчинтайгаа явсымаадаа

    ReplyDelete