Зүрхийг нь шимшрүүлэн, сэтгэл дотрыг нь урж байдаг дайны гашуун дурсамжуудаасаа бага ч гэсэн нимгэлэх гэж зохиогч маань “Дайны тухай дурсамж”-аа бичсэн бөгөөд энэ тэмдэглэлээс уншигч та дайн, тулааны талаар сүр бадруулан ура хашгирсан “эх оронч” дүрслэл, дурсамж олж үзэхгүй ээ. Харин ч уншиж хүлээж авахад тань яггүй “хүнд” байх вий. Энд дайны тухай гашуун боловч үнэнийг бөөрөнхийлж, хулгалгүйгээр шулуухан ил гаргаж тавьжээ. Түүх сонирхдог хэнд ч болов энэ ном сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.
Зохиогчийн өмнөтгөл
Бусдад уншуулах гэж биш, өөртөө л зориулан бичсэн хувийн тэмдэглэл болохоор энд зөвхөн өөрийн минь л үзэл бодол, өөрийн минь л дүгнэлтүүд бий. Амьдралын туршлага гээд байх юм юу ч үгүй, хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж таньж сураагүй, хувь заяаны цохилтоос өөрийгөө яаж хамгаалахаа ч мэдэхгүй, ийм цохилт ирэхэд түүнийг сөрөөд зогсох сэтгэлийн хат, тэнхээ сууж амжаагүй хүүхдээрээ шахуу байсан үедээ дайн гэгчтэй халз тулж, туулж өнгөрүүлсэн болохоор энэ дурсамж маань нэг тийм наадах цаадахыг сүрхий тунгаан дэнсэлсэн, хашир догь тэмдэглэл байх ч угаасаа боломжгүй юм.
Тэмдэглэлдээ болж өнгөрсөн үйл явдлуудыг он цагийнх нь дарааллаар жагсаагаад, яв цав дүрслээд байхыг гол болгосонгүй ээ. Энэ бол нэрд гарсан цэргийн жанжин, дарга нарын бичээд, хожим нь номын сангуудын тавиурыг дүүргэдэг дуртгал зохиол биш билээ. Дайны үед энэ тэр байлдаан тулаанууд хэрхэн өрнөж байсан, энд тэнд баатарлаг гавьанууд яаж байгуулагдаж байсан талаар аль болох бага орууллаа. Тэртээ тэргүй дайны үеийн баатарлаг үйлс, байгуулсан гавьяануудын талаар бүгдээрээ л уншсан, дуулсан, элдэв шүлэг зохиол, кино, хэвлэлд энэ талаар бишгүй л магтан дуулсан байдаг билээ. Харамсалтай нь албан ёсны дуртгалуудаас дайны жинхэнэ үнэн бодит дүр төрх “үнэртдэггүй” билээ. Жирийн цэрэг эрс юу гэгчийг үзэж туулав, сэтгэл зүрхэнд нь юу болоод өнгөрөв гэдэг дуртгал бичигчдийн дийлэнхийн хувьд огт сонин биш байдаг.
Сэдсэн дайных нь хор хөнөөл, гай гамшиг өөрсдийнх нь хар толгойноос холуур тойроод өнгөрөх хамгийн их магадлалтай ноёд язгууртнууд, хаад, сайд нар, улс төрчид, санхүүчид, генералууд мэтийн хүмүүс л ихэвчлэн дайныг өдөөж суудаг билээ. Нам гүмхэн ордон, албан тасалгаандаа суугаад, дайны төлөвлөгөө боловсруулж байсан тэд бүх зүйл болоод өнгөрсний дараа дуртгалаа бичицгээж, өөрсдийгөө сүрхий баатарлаг гавъяа байгууллаа хэмээн бахдан алдаршуулахын сацуу бүтэлгүйтэл, алдаагаа зөвтгөж байдаг. Дайны тухай ихэнх дуртгалууд дайн хийх болсон шалтгааныг зөвтгөн сайшааж, ингэснээрээ дараа дараагийн дайнууд гарах хөрс суурийг бэлдэж байдаг билээ.
Харин өөрсдөд нь ямар ч хэрэггүй, огт падлийгүй гамшигт дайнд хүчээр дайчлагдан, өр төлөөсийг нь бие махбодиороо төлөн, генералуудын өгсөн тушаалыг биелүүлэхээр суманд оногдон амь насаа зольж явсан эгэл жирийн цэрэг эрс ийм дуртгал гэгчийг барагтай бол бичдэггүй аж.
Тэмдэглэлдээ би дайны урт удаан 4 жилийн турш юун тухай бодож эргэцүүлж явснаа, юуг хамгийн ихээр цочирдон хүлээж авч байснаа, юу үзэж амсаж байснаа өгүүлэхийг хичээлээ. Давтан хэлэхэд, энд өгүүлж буй зүйлс бол дайны тухай үзэж туулсан дээрээ үндэслэсэн хувийн минь л бодол, дүгнэлтүүд билээ. Бүх юм алган дээр нь тавьсан мэт илхэнээ харагдах генералуудын зогсдог өндөрлөг дээрээс биш, харин тээр дор, фронтын шавар шавхай дундуур элгээрээ мөлхөж, бохир заваан луу хошуу хамраа дүрэн хутгалдаж явсан жирийн цэрэг эрийн нүдээр дайных тэртээх он жилүүдийг эргэн харсан минь энэ. Миний үзэж харсан зүйлс бол дайны өчүүхэн бага хэсэг гэдэг нь мэдээж, дайныг хүлээж авсан өнцөг минь ч нэгэн хувь хүний л бодол билээ. Гэхдээ ийм өнцгөөс харж бичихэд тэр бүр анзаараад байдаггүй, хүмүүсийн санаанд ордоггүй, тэр ч байтугай багагүй ач холбогдолтой байж мэдэх баримт, түүхүүд дэлгэгдэн гардаг мэт. Дайны тухай дүр зургийг бүрэн бүтэн болгож, тодруулахад нэмэртэй гэж үзээд дайн тулааны хажуугаар өрнөж байсан өдөр тутмын ахуй амьдралын талаарх, өдгөө бараг мартагдах шахсан нарийн ширийнийг ч бас сэргээж тэмдэглэхийг хичээлээ. Хэдийгээр дайн аль хэдийн дуусч, тэр бүү хэл өөрөө би хадан гэртээ очих цаг минь ойртсон боловч, энэ дайнаас болж өмнө минь тавигдаад, амар заяаг минь үзүүлэхгүй, цаг үргэлж намайг зовоодог байсан асуултуудынхаа хариуг өөрөө өөртөө өгөхийг оролдсонд дурсамж бичих болсон хамгийн гол зорилго минь оршиж байгаа билээ.
Энэхүү гар бичмэлийг хөндлөнгийн хүнд зориулж бичээгүй болохоор цэргийн амьдралын жинхэнэ үнэнийг, жинхэнэ үнэрийг харуулахын тулд хэрэглэсэн зарим эвгүй үг хэллэг, нийтэд дэлгэхэд эрсдэлтэй байж мэдэх болсон үйл явдлуудыг өгүүлсэндээ уучлал гуйх хэрэггүй гэж бодож байна. Хэрэвзээ гар бичмэлийг минь хэн нэгэн олж уншдаг юм гэхэд үүнийг уран зохиол эсвэл түүхэн бичиг баримт гэдэг утгаар нь бус, үйл явдлыг нүдээр үзсэн хүний гэрчлэл, үнэн өчиг гэж хүлээж авна биз ээ.
Ленинград, 1975 он
go on
ReplyDelete