Дайн айсуйг 1941 оны хавар Ленинградад цөөнгүй хүн таамаглаж байлаа. Мэдээлэлд ойрхон зарим нь дайны бэлтгэл нэгэнт эхэлчихээд байгааг мэдэж байсан бол жирийн оршин суугчдын чихийг элдвийн цуу яриа, хов жив сэртхийлгэн байв. Гэхдээ тэдний хэн нь ч дайн эхэлснээс хойш ердөө гуравхан сар өнгөрөхөд немцүүд хотыг бүсэлсэн байх юм гэж, хагас жилийн дараа гэхэд хотын гурван хүн тутмын нэг нь өлсгөлөнгийн аймшигт үхлээр үхэх юм гэж төсөөлөөгүй билээ. Тэр тусмаа сургуулиа дөнгөж төгссөн, амны салиа нь арилаагүй бид байдал цаашид юу болж өрнөх талаар сүрхий тунгаан эргэцүүлж байгаагүй юм. Гэтэл ихэнх маань удалгүй Ленинградын ойролцоох намаг балчигт үрэгдэх хувьтай байж. Харин амьд мэнд эргэж ирэх цөөхөн хэдийг маань хөлгүй, эсвэл гаргүй тахир дутуу насыг барах, эсвэл хийрхүү, мэдрэл муутай, архаг архичин болох, эсвэл сэтгэлийн амар тайвнаа эгнэгт алдаж хоцорсон амьтад болох тавилан хүлээж байжээ.
Дайн эхэлсэн тухай мэдээг ганц би ч биш хотын ихэнх оршин суугчид хайхрамжгүй гэхэд хаашаа юм, гэхдээ бидэнд шууд хамаарахгүй юм шиг, нэг л хөндийдүү хүлээж авч байсан санагддаг юм. Радиогоор мэдээ сонсцгоож, сонссон мэдээнийхээ талаар хоорондоо ярилцацгаадаг байв. Сонингуудад байнга бичиж байсанчлан дэлхийд хамгийн шилдэг нь болох ялагдашгүй манай армийн удахгүй авчрах ялалтыг л хүлээцгээж байлаа. Тулаан тэр үед хаа ч юм алсхан өрнөж, цагийн байдал ямархуу байгаа тухай мэдээ Европт болж байсан дайныхаас ч бага ирдэг байв. Дайны эхний өдрүүдэд хотод баярын ч гэмээр нэг тийм өвөрмөц уур амьсгал бий болж билээ. Цэлмэг, нартай өдрүүд үргэлжилж, гудамж цэцэрлэг ногоороод, өнгийн цэцэгс алагласан сайхан зун болж байлаа. Болхидуухан хийсэн цэрэг дайны сэдэвтэй зурагт хуудсуудыг хаа сайгүй наасан байв. Гудамж талбайд хөл хөдөлгөөн эрс ихэсч, цоо шинэ дүрэмт хувцсаа өмссөн шинэхэн цэргүүд ажил хэрэгч гэгч нь ийш тийшээ хөлхөлдөж байлаа. Хаа сайгүй дуу хуур болж, эгшигт хайрцаг, баян хуур хөгжим эгшиглэн, цэрэгт татагдагсад фронт руу явах болсноо тэмдэглэнгээ сүүлчийн удаа ханатлаа амжиж уухаар яарцгаана. Өмнө нь ер олдож өгдөггүй байсан ховор сайхан номууд зургаа, долдугаар сард яагаад ч юм худалдаанд бөөн бөөнөөрөө гараад ирж билээ. Невскийн өргөн чөлөө тэр чигтээ хуучин ном худалдаалдаг үргэлжилсэн урт лангуу болон хувирч, баахан ном овоолсон ширээнүүдээр гудамж талбай дүүрэв. Дэлгүүр хоршоонд хүнсний бараа арай ч алга болчихоогүй, оочер дараалал ч сэтгэлээр унахаар айхтар их биш байлаа.
Барилга, байшингуудын дүр төрх ч эрс өөрчлөгдөв. Цонхны шилнүүдийг цаасан туузаар ташуулдуулан чагтлан нааж, дэлгүүрийн шилэн хоргонуудыг модон самбар хадан битүүлж, шуудайтай элс гадуур нь давхарлан далдалжээ. Бөмбөгдөлтөөс хоргодох байр руу очих замыг заасан тэмдэглэгээ байшингуудын хананд бий болж, дээвэр дээр нь ажиглагчид жижүүрлэж байв. Цэцэрлэгт хүрээлэнгүүдэд зенитийн их буу суурилуулж, өргөн гэгчийн цанын өмд өмсөцгөөсөн хижээл насны эрчүүд өглөөнөөс орой болтол жагсаалын бэлтгэл хийж, сүрлэн мануухай жадлах сургууль хийцгээнэ. Гудамжинд эв хавгүй, тааруухан оёсон цэрэг өмд цамцтай охид хүүхнүүд агаарын халхавч бөмбөлгүүдийг цэнэглэхэд зориулсан лут том хийн бортого дамжлан явах нь үе үе үзэгдэнэ. Агаарын бөмбөлгүүдийг ган татлагын үзүүрт бэхлэн хотын дээгүүр хөөргөсөн нь Ленинградын цагаан шөнийн үүлгүй тэнгэрт аварга том загасыг санагдуулан тодхон ялгарч харагддаг сан.
Энэ хооронд дайн үргэлжилсээр, ямар нэг юм болоод байсан ч яг юу болоод байгаа, байдал ямар байгаа талаар олигтой дуулж, мэдсэн хүнгүй байдаг байв. Шархдагсдыг эмнэлэгт авчрах болж, харин цэрэгт татагдагсад фронт руу явсаар л, явсаар л байлаа. Нева мөрөн лүү харсан манай гэрийн цонхны харалдаа нэгэн жижиг усан онгоцонд өвч зэвсэглэж, хувцас хэрэглэлээ бүрэн авсан тэнгисийн явган цэргүүдийг ачиж байсан дүр зураг санаанд минь хадагдан үлджээ. Ээлжээ тайвнаар хүлээцгээн цэргүүд онгоцондоо цувран сууж байтал гэнэт нэг эмэгтэй чанга дуугаар цурхиран уйлсаар тэдний нэг рүү нь гүйн очиход хүмүүс түүнийг аргадаж, тайвшруулахыг ихэд хичээсэн ч тусыг эс олов. Цэрэг аргаа бараад эмэгтэйн чичигнэн зуурсан гарыг нь хүчээр салгасан ч, тэрээр аранз, винтов, хорт хийн баг хийсэн цүнх гээд зуурч болох юмнаас нь тавихгүйг хичээн зуурсаар байж билээ. Хөнгөн завь хөвж одоход тэр эмэгтэй эргийн боржин хаалтыг толгойгоороо мөргөн удтал гашуудалтайгаар енгэнүүлэн уйлсаар байсан юм. Тэр эмэгтэй миний нэлээн хожим олж мэдэх зүйлийг тэгэхэд зөн совингоороо мэдэрсэн байж: цэргүүд ч, цэргүүдийг ачин десант буулгахаар явсан онгоц ч аль аль нь эргэж ирээгүй билээ.
Төдөлгүй бид сайн дурын цэрэгт бүртгүүлэв... Бидэнд винтов, сум хэрэгсэл, хүнс (яагаад ч юм май загас өгч билээ, бодвол гар дор байсан нь тэр биз) тараан өгч, бага Невагийн эрэг дээр зогсож байсан чиргүүлт онгоцонд ачив. Энд миний Сахиусан тэнгэр (энэ удаа хижээл насны хурандаа болон ирсэн) намайг анхны удаа аварсан юм. Хурандаа онгоцон дээр ачигдсан байсан бүх хүнийг бууж, эрэг дээр жагсахыг тушаахад бид эхэндээ учрыг нь ойлгоогүй билээ. Нойр дутуу явснаас улайчихсан нүдээрээ биднийг анхааралтай ажиглаж, заримыг маань жагсаалаас гарахыг тушаасны дотор би ч бас багтсан байв. Тэгээд хурандаа “Гэр гэртээ хариад марш! Та нартай, та наргүй, нусгайнууд минь, ТЭНД айхтар юм болж байна!” гэлээ.
Нэг ч гэсэн юм засч залруулчих юмсан, ном журмынх нь дагуу байлгачих юмсан, амны салиа нь арилаагүй энэ нэг хэдэн хүүхдүүдийг утга учиргүй үхлээс гэтэлгэчих юмсан гэсэндээ хурандаа өөрөө өөртөө төвөг удан, цаг заваа гарздаж чадсан байна! Энэ бүхнийг би их л хожуу ухаарч дээ. Тухайн үедээ бол гайхаж алмайрсан гэрийхэндээ эргэж очсон билээ...
Харин өнөөх чиргүүлт онгоц Нева мөрнийг уруудан цааш явж байгаад, Волховын тэнд мессершмидтүүдэд бөмбөгдүүлж живсэн гэж дуулдсан. Араа бодсон, “сүрхий” дарга нарын тушаалаар сайн дурыхныг ачсан онгоцны хөндийн тагийг түгжсэн байжээ – юмыг яаж мэдэх вэ, хонгорууд маань оргоод алга болчих ч юм билүү!
Намайг гэртээ эргэж ирснээс хойш долоо хоногийн дараа цэрэг татлагын комиссын албан ёсны зарлан ирлээ. Комисс намайг цэргийн сургуульд хуваарилав. Эхлээд очсон сургуульдаа тэнцсэнгүй, дараагийнхад нь очлоо, бас л тэнцсэнгүй, гурав дахьд нь очоод ч байдаггүй. Үе тэнгийхэн маань бүгд л элдэв юм бололгүй тэнцсэн байтал намайг зүрх муу гэдгээр эмнэлгийн комисс хүлээж авсангүй. Тэгж тэгж надад тохирох газар олдсон нь радио холбооны сургууль байв. Энд дайны уур амьсгал хараахан мэдрэгдээгүй, бүх юм сонирхолтой, хөгжилтэй байлаа. Саяхан сурагч, оюутан явсан хөгжилтэй, сониуч, нийтэч хүүхдүүд цугласан, инээд наргиан, марзан яриа гээд л чимээ шуугиан ер тасардаггүйсэн. Үдэш болмогц энд ч нэг нь Бетховены сонатуудыг нот харалгүй цээжээрээ исгэрээд л, тэнд ч нэг нь дайн болж байхад чирч ирсэн хөгжмөө балбаад л. Гудасгүй давхар орон дээр унтахад ямар марзан гээч! Өглөө нь биеэрээ нэг пүршний хээ тамгуулалсан амьтад л босч ирдэгсэн. Дүрэмт хувцас өмсчихөөрөө хүмүүсийн төрх ч шал өөр болчихдог байж билээ.
-Аан тийм үү, хоёр хэл мэддэг гэнээ, сайн байна, за хөө, явж жорлон цэвэрлэнэ дээ гэх наргиантай түрүүчийн хэлж зааж өгсөн сургамжууд ой тойнд минь насан туршид минь хадагдаж билээ. Нэг удаа жагсаалд зогсч байгаад баруун, зүүнээ будилж эргэхэд минь:
-Хөөе, энэ чинь чиний тэр их сургууль биш шүү. Энд бол наад бөндгөрөө сийрэгхэн ажиллуулах хэрэгтэй гэж билээ.
Цэргийн ёс журам гэж юу болох талаар анхны ойлголтуудыг бүр Иргэний дайнд оролцож явсан ахимаг албан хаагч болох манай сургуулийн захирал өөрөө ойлгуулж билээ. Нэг удаа бид нар хашаан дотроо жагсаалаар алхаж яваад түүнтэй тааралдаад, зааж сургасан ёсоор:
-Нөхөр хурандаа, салаа хичээл рүүгээ алхаж явна гэж хичээнгүйлэн илтгэвэл
- Алхаж явна биш, гутлаа чирээд сажилцгааж байна гээч гэдэг байгаа.
Улс төрийн ахлах орлогч маань “сайхан нөхөр” байв. Нэг удаа улс төрийн сонсгол дээр:
-Украин хэдийнэ фашистуудын саварт орчихоод байна гэж мэдэгдэв. Орой нь унтаж амрах цаг болмогц суманг тэр чигээр нь жагсаан, ангийн хашаан дотор нааш цааш нь алхуулан дэглэв. Цэргүүдийн хэнд нь ч таалагддагүй түүнд хандах дургүйцлээ бид нар илэрхийлэн, алхаж байхдаа нэг хөлөө зориуд чанга гэгч нь дэвсэлж, харин нөгөө хөлөө сонсдохтой үгүйтэй аяархан тавьж байж билээ.Үггүй илэрхийлсэн дургүйцэл маань улс төрийн орлогчийн уур хилэнг улам дэвэргэж “та нарыг өглөө болтол элдээд өгнөө, гайгүй“ гэж заналаа. Байдал бишдэж ирснийг, бидний аз болоход сургуулийн захирал оролцон намжааж билээ: “Наадахаа зогсоо! Маргааш хичээл ихтэй өдөр” гэж тушаалаа.
Хотын бүслэлт эхэлсний дараа биднийг өлссөнөөсөө болж хавагнаж хөөсөн амьтад явж байхад нөгөөх улс төрийн орлогч маань гал тогоо хавьцаа эргэлдэж цэргийн тогооноос амаараа гартал чихдэг байв... Мань эр дайнаас яаж ийгээд амьд мэнд мултарч дөнгөсөн юмсанж. 1947 онд Москва руу ажлаар явж байгаад галт тэргэнд хацар дээрээ сорвитой, дээрэмчин маягийн танил царайг нь олж харж билээ. Өнөөх сүрхий мундаг улс төрийн орлогч маань галт тэрэгний үйлчлэгч болчихсон шилэн аягануудыг зусардангуй зөөнгөө цайныхаа мөнгийг шалмаг гэгч хурааж явлаа. Мэдээж тэр намайг таниагүй нь илт байлаа, би ч шударга, хөлстэй гарт нь бутархай мөнгөө дуртайяа атгуулж билээ.
Радио холбооны хичээл маань сонирхолтой, бид ч 10 жилээ төгсөөд хоёрхон сар өнгөрсөн болохоор шинэ юм сурж мэдэх гэдэг бидэнд танил, дадал болсон зүйл хэвээрээ байлаа. Сурч ядаад байх юмгүй морзын цагаан толгойг төдөлгүй бүгд л өөрийн болгов. Хэрээс хэтэрсэн, сүрхий чанд хатуу цэргийн дэг журам гээд байх юм сургууль дээр юм байсангүй – үүнд зориулах цаг зав ч үнэндээ байгаагүй билээ. Жагсаалын бэлтгэл, гардан тулааны сургуулилалтыг сонсогч нараар сунаж унатал нь хийлгэдэг байв. Заримдаа гуулин хөгжмийн аянд парад хийнэ. Хөгжимчид маань их будилнаа: Тэд цэрэгт татагдаж, дүрэмт хувцас өмссөн л болохоос уул нь жааз хамтлагийн гишүүд байлаа. Жагсаалын хөгжмийн хэмнэлийг байсхийгээд л румба бүжгийн аяны хэмнэлд оруулан үлээж, сургуулийн захирлын хараалыг бардаг байж билээ. Нэг удаа манай дээгүүр дайсны тагнуулын онгоц эргэлдэж, манай парадын зургийг авснаас хойш парад хийхийг бүрмөсөн зогсоосон юм.
Тэр хооронд дайн хаа нэгтээ үргэлжилсээр л байлаа. Хүн хүч сэлбэх, анги нэгтгэлээ цэгцлэхээр фронтоос ирсэн нэг дивизийн үлдэгдэл манай сургуулийн хашаанд байрлах үед бид дайны тухай анхны төсөөлөлтэй болж билээ. Фронтоос ирсэн цэргүүд гуанзанд үлдсэн хөц будааны кашыг маш ихээр, шуналтай гэгч нь идэж байсан нь бидэнд сонин санагдаж байлаа. Радио сургуулийн сонсогч бид гэрээсээ гараад удаагүй, танхилдуухан, хоол ундан дээр голж шилэх цамаан зангаа хараахан тавиагүй байлаа. Учир нь зарим маань эхэндээ армийн хоолонд дасч чадахгүй байсан юм. Нэг удаа би шөнө гурван цагийн үед шар шур гэх хачин чимээнээр сэрчихэв. Харин тэгтэл Ленинградын нэртэй жүжигчний хүү Юрка Воронов үүдний хонгилд гэрийхнийх нь хайрт хүүдээ авчирч өгсөн тахиаг яаруу сандруухан идэж байсан нь тэр юмсанж.
Фронтоос ирсэн цэргүүд чимээ имээгүй, зожигдуухан байцгаана. Зөвхөн тэд л мэдэх ямар нэгэн нууц зүйл тэднийг хооронд нь холбож байгаа аятай, ярьвал ихэвчлэн хоорондоо л ярьцгаана. Нэг сайхан өдөр сургуулийн талбайд бид нарыг дивизийхэнтэй хамт жагсаахад бид юу болох гэж буйг таахыг оролдон, тоглоом шоглоом хийцгээн шуугилдацгааж байтал номхон зогсох тушаал өгч бүсийг нь хураасан хоёр цэргийг жагсаалын өмнө авчрав. Тэгээд ахмад нэг цаас гарган, цэргээс оргосны учир тэр хоёрыг буудан хороох ял оноосон тухай уншлаа. Тэр даруй, юу болсныг мань мэт сэхээрч ч амжаагүй байтал шууд л автомат тачигнаж, нөгөө хоёр цэргийг буудчихдаг юм байна. Зүгээр л, ямар ч сүр зар бололгүйгээр…Биес нь татвалзаж байснаа хөшиж хөдөлгөөнгүй болов. Эмч тэднийг үхсэн тухай магадласны дараа цогцсыг сургуулийн талбайн захад нүх ухаж хийгээд булж, газрыг нь тэгшлэв. Эвгүй муухай нам гүм болж, жагсаал тарлаа. Мэдэхнээ, тэр хоёр гэрийхэнтэйгээ уулзахаар чөлөө зөвшөөрөлгүй хот орсон юм байж. Тэгээд сахилга батыг сайжруулахын тулд жагсаалын өмнө үзүүлэх буудлага хийжээ. Болж өнгөрсөн зүйл маш энгийн, тэгсэн хэрнээ маш аймшигтай байлаа. Тэгэхэд л дайн гэдэг тоглоом биш юм байна, бидний хувь заяаг ч дайн тун удалгүй хөндөх нь гэдэг нь бидэнд улам тодорхой болж ирж билээ.
Наймдугаар сард Ленинград орчмын фронтын байдал дордож, нөгөө дивизийг маань тэргүүн шугам руу явуулав. Манай курсийхны хагас нь дивизийн хүчийг сэлбэхэд дайчлагдаж билээ. Тэд бүгдээрээ удаа ч үгүй амь үрэгдэцгээсэн дээ. Сахиусан тэнгэр маань намайг дахиад л аварч, би галын шугам руу яваагүй үлдэгдсдийн тоонд багтсан билээ. Удалгүй бөмбөгдөлт эхлэв. Ялангуяа есдүгээр сарын эхэнд болсон эхний бөмбөгдөлт тун яггүй байлаа. Нам гүм, цэлмэг өдөр тэнгэрт гэнэтхэн л хаанаас гарч буй нь бүү мэд дүнгэнэсэн их дуу авиа гарч, чимээ нь улам чангаран тодорсоор, цонхны шил дэржигнэж, эргэн тойрны бүх юм чичигнэж эхлэв. Тэгснээ тэртээ алсад онгоцны цуваа гарч ирэх нь харагдлаа. Онгоцууд янз янзын өндөрт, эгнээгээ барин, алгуурхан, өөрсөддөө итгэлтэй нь аргагүй нисэцгээнэ. Эргэн тойронд нь зенитийн сумнууд тэсэрч, үүлгүй тэнгэрт цацагдсан хэсэг хэсэг хөвөнгийн тасархай шиг харагдана. Их буучид онгоцнуудыг оносон юмгүй яаруу тэвдүү, учир замбараагүй, сандруу галлаж байлаа. Онгоцнууд тэгтэл зенитийн сумнуудаас бултаж сандчсан ч юм байхгүй, эгнээ байраа ч алдалгүй, өөрсөд рүү нь буудаж байгааг ер нь огт тоосон шинжгүй, бай руугаа нисэцгээнэ. Онгоцны их бие дээрх хас тэмдэг, шар үзүүртэй далавч нь бидэнд тодхон харагдаж байлаа. Бид энэ бүхнийг тусгайлан ухаж бэлдсэн, гүнзгий “сувгандаа” суугаад харж байв. Энэ бүхэн надад маш аймшигтай байсан бөгөөд бэржээнхний өөдсөөр өөрийгөө халхалчих санаатай доогуур нь шургачихсан суугаагаа гэнэтхэн анзаарч билээ.
Тэсэрдэг бөмбөгнүүд газар доргион тэртээ алсад дэлбэрч, харин бидний дээрээс шатдаг бөмбөгнүүд хаяж байлаа. Энэ бөмбөгнүүд биднийг айдсын хүлээснээс маань гаргав: Сонсогчид гал гаргахгүйн тулд нуувчнаасаа ухасхийн гарч түймрийн голомтыг тэр дор нь унтрааж байлаа. Энэ нь урд өмнө тоглож байгаагүй, шинэ сонин тоглоом шиг санагдаж байв: Бенгалийн гал шиг асч буй шатдаг бөмбөгийг элсэнд шургуулахад шажигнаж шүжигнэн, уур савсуулсаар унтарна. Бөмбөгдөлт дууссаны дараа бид тэнгэрийн хагасыг эзэлсэн их утаа олгойдож байхыг олж харав. Бадаевскийн хүнсний агуулах шатаж байсан нь тэр аж. Тухайн үед бид энэ түймэр 1941-1942 оны өвөл өлсгөлөнгөөр үрэгдэх хотын сая сая оршин суугчдын хувь заяаг шийдэх юм гэж мэдээгүй билээ.
uneheer saihan ehlel bnaa. naiz ni baingiin unshigch chin shuu. daraa-n hesgiig huleej bna. saihan nom garnaa. ehnii hudaldan avagch ni bas garahaas umnu unshigch ni boloh baih daa. he he. Za ajil ni sain. naiz ni sain sain. tsagaan sar-n ued Mongol butsah baih daa. za amjilt.
ReplyDeleteHey, nice to hear you. Daraagiin hesgiig hyanuulsnii daraa oruulya, chamaig cereg dainy sedev sonirhdog gej medeeguim bna, ene gehdee ih goyo nom baina lee. Unshaarai.
ReplyDeleteГоё орчуулжээ. Дараагийн хэсгийг нь хүлээж байна шүү.
ReplyDeleteСайн редакторлжээ гэвэл илүү үнэнд ойртоно. Дараагийн хэсгээ хянуулах гээд өгсөн байгаа, удахгүй оруулна аа, цаашаагаа бүүр л сонирхолтой болно доо
ReplyDelete