Friday, December 17, 2010

Эхлэл-үргэлжлэл 1


Төдөлгүй бөмбөгдөлт тогтмол давтамжтай болж ирлээ. Нэг удаа манай сургуулийн хашаан дотор тэсэрдэг бөмбөг унаж, хэдэн хүнийг юу ч үгүй болтол нь тасар татаж, дэлбэрэлтэнд нь зэргэлдээх гудамжны  барилгууд, тэр дундаа цэргийн эмнэлэг байрлаж байсан байшин (одоо Эмч нарын мэргэшил дээшлүүлэх хүрээлэн байгаа тэр байшин) өртөж билээ. Цэргийн эмнэлгийн дээвэр дээрээс тагнуулууд толь ашиглан дайсны онгоцонд дохио өгсөн гэсэн цуурхал тарав. Шөнийг бид сургуулийнхаа хашаан дотор ухсан нуувчиндаа хоргодож өнгөрүүлдэг байлаа. Цэвэр, бохир усны шугам аль аль нь ажиллахаа больсон байв. Бие засах өрөөний суултуурууд хоёрхон цагийн дотор дүүрчихдэг байсан тул дарга нар дор нь арга хэмжээ авч, хоёр хэл мэддэг бид мэтийн “зарим мундагчуул”-ыг хөдөлгөн цэвэрлүүлж, тосгонд байдаг шиг гадаа жорлон хашаанд ухуулж билээ. Бөмбөгдөлтөөс болж хүмүүс үхэж үрэгдэх нь гайгүй байсан ч яг бөмбөгдүүлэх үед айж мэгдэх нь тоймгүй байлаа. Нэг удаа цонхны цаана бөмбөг дэлбэрч, бүдүүн гэгчийн гуалин цонхны давхар хүрээг шилтэй юутай хээтэй нь бүлт цохин над руу орж ирэхэд зүрх амаар гарчихаа дөхсөн санагдана. Дэлбэрэлтээс ердөө ганцхан секундын өмнө би яагаад ч юм доошоогоо сууж таарсан бөгөөд толгой дээгүүр минь тэр дүнз нисч өнгөрч эсрэг талын ханыг мөргөн унасан сан.
Нийтээрээ учир замбараагүй үймсэн байдалтай байсан энэ үеэр хотод немцийн туршуулууд чөлөөтэй ажиллаж, бөмбөгдөгч онгоцнуудад байнуудыг нь зааж, гэрэлт пуужинг хаа сайгүй харваж байлаа. Нэг удаа манай сургуулийн байшингийн дээвэр дээрээс тийм пуужин харвадаг юм байна. Мэдээж пуужин тавьсан хүнийг барьж чадсангүй, учир нь ойр хавьд байсан зуун тавь гаруй хүн бүгдээрээ уг этгээдийг дор нь барих юм болж зэрэг зэрэг ухасхийсэн ч шал дэмий баахан шавааралдаан, түлхэлцээн болоод өнгөрч билээ.
 Курсээ төгссөн сонсогчдыг аравдугаар сарын эхээр хээрийн сургууль хийлгэхээр Левашово өртөө рүү илгээлээ. Тэнд их буучдын сургуулийн зуны байранд бид сар орчим амьдрав. Өвөл эрт эхэлж, анхны цас хайлахгүй байсаар хавартай золголоо. Дадлага гэдэг нь хэдэн хэсэг болон хуваагдсан сонсогчид гадаа хүйтэнд сууж, хоорондоо радиогоор холбоо барих төдийгөөр хязгаарлагдана. Өлсөх, даарах гэж юу байдгийг зах зухаас нь амсаж эхлэв. Гэхдээ жинхэнэ өлсгөлөн бол хараахан эхлээгүй л байлаа. Нормын 300 гр талхаар өдрөө бол яаж ийгээд даалгүй яахав. Дээрээс нь царсны боргоцой, ногооны үндэс түүж, хүнсэндээ нэмэрлэдэг байв. Гал тогоонд жижүүрлэх ээлж таараасай гэж бас мөрөөдөцгөөдөг байлаа. Нэг удаа нэгдүгээр салааныхны аз нь шовойж, гал тогоонд жижүүрлэсэн залуус гэнэт их идсэнээс болоод гэдэс нь хямарцгаажээ. Дээд талын орон дээрээс өнөөдүүл чинь  доод давхрын орон дээр хэвтдэг маниудынхаа дээрээс бөөлждөг юм байна. Гэсэн ч энэ мэтийн паянг үл тоон, бид сэтгэл санаа цовоо сэргэлэн, урьдын адил наргиан шуугиан тасардаггүй хэвээр, хоол унд муу байдлаа ч гэсэн тоглоом тохуу болгоод өнгөрөөдөг байв.
Левашово өртөө немцүүдийн бөмбөгдөлтөөс зайтай байлаа. Нэг шөнө би хүнсний агуулахын гадаа манаанд зогсож байхдаа Ленинград руу хийж буй бөмбөгдөгч онгоцнуудын ээлжит дайралтыг харж билээ. Тэр бол аймшигтай үзэгдэл байв аа. Дэлбэрэлтийн гялс хийх хурц гэрлүүд, энд тэнд дүрэлзэн өрвөлзөх түймрийн улаан хэлнүүд, өнгө өнгийн туяа татуулан бууж буй гэрэлт сум, бөмбөгнүүд, улаан хүрэн өнгөтэй харагдах өтгөн утаан үүлнүүд… Газар дэлхий тэр аяараа чичирхийлэн донсолж, энэ чичиргээ, донсолгоо нь зүг бүрт тархаж байлаа. Тэртээ алсаас тасралтгүй хүнгэнэх бөглүү чимээ дуулдана. Тэрхүү аймшигт тамаас хэн ч амьд гарч чадахгүй мэт санагдаж байж билээ. Тэнд байгаа гэрийхэн маань сүйд болж байгаа байх даа гэсэн түгшүүртэй бөгөөд аймшигтай бодол намайг зовоож байлаа... Өглөө нь сайхан сэтгэлтэй агуулахын эрхлэгч надад бүв БҮТЭН (!) талх бэлэглэж билээ. Хагасыг нь өөрөө идээд үлдсэнийг нь нөхдөдөө аваачиж өгөхөд баярласандаа нэгний маань (овог нь Мандель шиг санаж байна) сайхан хар нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байж билээ.
Нэг удаа бид хунгар дотор суугаад шөнөжингөө радио холбооныхоо дэргэд жижүүрлэв. Эргэн тойронд хэн ч байхгүй байсан ба оросуудад зориулсан немцүүдийн суртал ухуулгын нэвтрүүлгийн долгион орж ирэхээр нь юу ярьдгийг нь сонирхож, цааш сонсохоор шийдлээ. Бидний гайхлыг хамгийн ихээр төрүүлсэн зүйл бол немцүүдэд бут цохиулсан Улаан Армийн ээлжит анги, нэгтгэлүүдийн тухай мэдээ ч биш, алагдсан, олзлогдсон цэргүүдийн тоо, немцүүдийн олзолж аваад байгаа зэр зэвсэг, эд зүйлсийн тухай мэдээ ч биш, харин сонин хэвлэлүүдэд үргэлж л бишрэн шүтэх өнгөөр бичдэг байсан Будённый, Ворошилов нарыг маань цэргийн урлагийн талаар юу ч мэддэггүй, мулгуу малнууд гэж немцийн суртал ухуулагч цоллосон явдал байв. Тэр үед бид цагийн байдал ямар ноцтой, эгзэгтэй болчихоод байгаа талаар бүүр түүрхэн гадарлахаас цаашгүй байсан агаад дайсан Ленинградыг юу юугүй эзэлж магадгүй байгааг ойлгож байсан ч, харин дайнд тэр чигтээ ялагдчих юм гэж бидний толгойд орж байгаагүй, немцүүдийн болхидуу ухуулга ч бидэнд сүйдтэй нөлөө үзүүлээгүй билээ. Гэхдээ сэтгэл зүрх их л түгшүүртэй, амаргүй л байсан даа.
 Жишээ нь, немцийн суртал ухуулгын нэг ийм хуудас байсан юмсан. Муусайн улс төрийн орлогч жүүдүүдийг балбаад өг. Намайг тоосгодоод өгөөч гэх шиг царайг нь ээ?... Хэн ийм болхи текст бичдэг юм бол доо зайлуул, немцүүд үү эсвэл тэдэн рүү оргож очсон оросууд уу?
Харин дор байгааг бол оросууд бичсэн гэдэг нь тодорхой:
Баруун талд нь алх
Зүүн талд нь хадуур
Энэ бол манай Зөвлөлтийн сүлд
 Цавчаад бай,  балбаад бай, хүссэнээрээ л  бол
Хаашдаа л хэрэгцээний чинь хэрээр хүртээмз...
Немц офицерын дүрэмт хувцас өмссөн генерал Власовын зурагтай ухуулах хуудас нь бол харин ч эсрэгээр цэргүүдийн цухал, зэвүүцлийг хүргэж, немцүүдийн тооцоолсноос нь шал эсрэг нөлөө үзүүлсэн билээ. Тараасан ухуулах хуудас нь ийм үр дүнд хүргэхийг немцүүд ойлгож чадаагүй нь гайхалтай. Гэхдээ Власовын зурагтай хуудас бол бүүр 1943-1944 оны үеийнх л дээ.
Арваннэгдүгээр сарын эхээр биднийг Ленинград руу буцааж, цонх нь хагарч, зэвий даасан цэргийн хуаранд байрлуулав. Манай ротыг фронт руу илгээхээс өмнөхөн хотод эргүүл хийх тушаал бидэнд өгч билээ. Хүмүүсийн бичиг баримтыг шалгаж, сэжигтэй этгээдийг саатуулж байлаа. Сэжигтэй этгээдүүд гэдэгт нь Луга хот орчмоос болон энд тэндхийн бусад бүслэлтийг сэтэлж гарч ирэгсэд ч орж байв. Тэд хэлхээтэй ясан дээр салхинд гандаж холцруутсан хүрэн арьс тохсон мэт туйлдатлаа өлсч ядарсан хүмүүс байсан даа…
Хот наймдугаар сарынхаас шал өөр төрхтэй болжээ. Хаа сайгүй бөмбөгний хэлтэрхийн ул мөр, нурж онгойсон байшин барилгын хана. Шалны үлдэгдэл дээр санжигнах ор дэр, тавилга сэлт, хананд хадаатай зураг хөрөг, цаг зэрэг ил харагдах нь орон байруудыг шугам зургийн зүсэлт хийж нээсэн мэт. Цагийн байдал хүйтэн нойтон, хотын байдал баргар дүнсгэр. Клодтовын гулдан хаалганы дээрх морьдыг буулган хааш нь ч юм ачжээ. Юсуповын ордон гэмтэж, Угсаатны зүйн музейд шалнаас нь дээвэр хүрсэн том цууралт үүсчээ. Петрпавловск болон Адмиралтействын сүмүүдийн ганжрыг бараан өнгийн уутаар бүтээж, Исаакийн сүмийн бөмбөгөр оройг өнгөлөн далдлалт хийж буджээ. Гудамж талбайнуудад газар ухаж, зенитийн их буунууд суурилуулсан байв. Хааяа нэг дайсны сум улин нисч ирээд тэртээд дэлбэрнэ. Метроном /Ленинградад радио ажиллахгүй үеэр метроном гэдэг төхөөрөмжийг агаарын түгшүүр зарлах хэрэгсэл болгон ашигладаг байжээ, түргэн хэмээр цохилж эхэлбэл агаарын түгшүүр гэсэн үг – орч./ нэгэн хэмээр түг түг хийж, шарласан навчис, модны мөчир, бохир заваан цаасны өөдөс салхинд хийснэ... Тэр үед хотод ноёрхож байсан баргар уур амьсгал хожмоо Лениградын хулигаануудын егөөдөн зохиосон дуунаас тодорхой харагддаг юм:
Ленинград бүслэгджээ, немцүүд бөмбөгдөөд л, буудаад л
Алсын тусгалтай их бууны сум нь шунгинаад л
Гэрт хүйтэн, идэх юм ч алга
Гэрт бидэнд хийх юмгүй, аймшигтай уйтгартай байна, ха-ха!
Өвлийн хүйтэн эхэллээ, бидэнд талх өгөхгүй нь
Өөд бологсдыг оршуулгын газар луу зөөгөөстэй
Гэрт хүйтэн, идэх юм ч алга
Гэрт бидэнд хийх юмгүй, аймшигтай уйтгартай байна, ха-ха! гэхчлэн
Ямар ч байсан немцүүдийн хийж байсан суртал ухуулга гээч нь ихээхэн болхи, ур чадвар муутай байсныг баттай хэлэх байна. Жижиг сажиг гэлгүй бүх зүйлийг урдаас тооцоолж чаддаг нарийн нягт немцүүдийн хийж байгаа эд гэхэд итгэмээргүй байсан юм.
Манай эргүүлийн пост Филармоний хажууд байрлаж байсныг сайн санаат хүмүүс ээжид минь очиж дуулгажээ. Тэнд би ээжтэйгээ сүүлийн удаа амжиж уулзаж, ээж минь надад юухан хээхэн идэх юм авчирч өгч билээ.

2 comments:

  1. Маш сайхан ном орчуулсан байна.Мэдээж эхэлж байгаа болохоор блогтоо тавьсан байх гэж ойлгож байна.Чамайг номоо хурдан хэвлүүлээд хүмүүст хүргэхийг тэсэн ядаж хүлээж байна.Амжилт хүсье. Дээр нь чиний аялалын тэмдэглэл их таалагдсан шүү.Үргэлжлүүлээд бичвэл их баярлана ,,

    ReplyDelete
  2. Үнэхээр сонирхолтой байна. Цааш нь уншихыг хүсэж байна. Чиний орчуулах болоод найруулан бичих авьяасыг тань бахархаж байна, түүнчлэн аялалын тэмдэглэлүүдийг чинь шимтэн уншлаа. Чиний цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Блогоо улам их баяжуулаарай. Би бас аялах дуртай, энэхүү хүслээ гүйцэдүүлэхэд маань хэрэгтэй мэдээлэл, мэдлэг, туршлагуудаас чинь хуваалцаж, суралцаж байх болно.

    ReplyDelete