Дараа өглөө нь их буунууд зоож, цэргийн зориулалттай болгон өөрчилсөн хуучин гэгчийн усан онгоцны тавцан дээр ачигдсан бид бөмбөгдүүлж сүйдсэн тэр боомтоос хөдлөв. Тэнгэр битүү үүлтэй, нуур том том давалгаа, шуургатай байсны ачаар немцийн нисэх онгоцнууд үзэгдсэнгүй, Ладог нуурыг амар тайван гаталцгаалаа. Гагцхүү хүйтэн салхинд даарах гэдэг бэрх байсан тул хөлөг онгоцны янданд наалдан дулаацаж явлаа. Ингэж явахдаа би харамч Юрка Вороновтой тун дажгүй наймаа хийж, гурван ширхэг чихрээ хатаасан тал талхаар сольж авч билээ.
Цасанд даруулсан Шинэ Ладог хотод нэг өдөр амрахдаа бид өөрсдөө толгой хоргодох орон, идчихээр юмаа ч тэндхийн оршин суугчид, талхны үйлдвэрийхнийг залхтал шалгааж байж олж авч байв. Дараагийн хэдэн өдөр нь армийн штабыг хайж битүү ойгоор зөндөө бэдрэв. Зарим нэг маань гээгдэж хоцрон, зарим маань хөл гар, хацар нүүрээ хөлдөөцгөөсний эцэст штабаа нэг юм олж, тэндээсээ анги нэгтгэлүүд рүү хуваарилагдлаа. Хамгийн азтайнуудад нь холбооны хороо таарчээ. Тэд дайн дуустал тэндээ, радио станцууд дээрээ албаа хааж, бараг цөмөөрөө амьд мэнд үлдсэн юм. Харин буудлагын дивизүүдэд хуваарилагдсан хэд маань хамгийн золгүй хувь заяаг амссан билээ.
-“Өө, холбоочид гэнээ? За, винтов чинь энэ байна, тэр өндөрлөгийг харж байна уу? Тэнд немцүүд байна, та нарын даалгавар бол тэднийг тэндээс нь ховх цохиж, өндөрлөгийг эзлэн авах, ойлгов уу?” – нэг иймэрхүү л яриа хөөрөө тэднийг угтаж авсан анги нэгтгэлүүд дээр өрнөдөг байв.
Ингээд л хөөрхий шинэхэн холбоочдод хаа нэгтээ, нэргүй нэгэн өндөрлөгийн дэргэд ясаа тавих хувь ногддог байжээ. Харин намайг арай өөр хувь тавилан хүлээж байлаа. Хүнд их бууны хороонд хуваарилагдсан миний бие нөхдийнхөө хамт ангиа хайж бүтэн долоо хоног фронт хавийн тосгодоор хэсүүчлэв. Лужир том усан цахилгаан станц бүхий хөлдүү Волхов голыг хоёр ч удаа хөндлөн гарлаа. Аль олдсоноороо л голоо зогоож байлаа. Цахилгаан станцыг нүүлгэн шилжүүлэхэд бэлдэж байсан хийгээд үүгээр нь далимдуулан хүмүүс ичгүүр сонжуургүй, ил цагаанаар хүнсний хулгай хийж байсан тул “жаахан идэх юм өгөөч” гэсэн бидний даруухан гуйлтанд гуанзны захирал хүүхэн үгүй гэж чадаагүй билээ. Бас нэг удаа Войбокало тосгоны захад (хэдхэн өдрийн дараа энэ тосгон газрын хөрснөөс хуу арчигдсан юм) өр зөөлөн нэг эмэгтэй гэрт нь хоноглоод явсан хэн нэг ахлагчийн өглөөгүүр идэж амжилгүй үлдээсэн аарцтай боов, бас бус амттай зүйлсийн үлдэгдлийг бидэнд авчирч өгч билээ.
Хаа таарсан газраа хоноглож явав. Волхов-2 өртөөний хүлээлгийн хоосон танхимд хоноглож таарах үед (тэгэхэд өртөө хараахан сүйдчихээгүй, бүтнээрээ байсан юм) зэвсэглэсэн, энгийн хувцастай хэсэг хүмүүстэй тааралдсан нь дайсны ар тал руу явах гэж байсан партизаны отряд юм гэнэ. Зарим нэг шөнө нь айлд хоног төөрүүлж, авгай нарын найр тавьсан пийшин дээр унтаж явлаа. Дайн болж байгааг бидэнд дахин сануулсан дүр зургийг Волхов хотод үзэж билээ. Үдэш, бүрэнхий болж байх үеэр цэргийн эмнэлэг болгон ашиглаж буй нэгэн сургуулийн барилгын хажуугаар өнгөрч явтал замын хажууханд, цэцэрлэгийн буланд эмнэлгийн санитарч хижээл насны хоёр эр, амь үрэгдсэн дайчдыг оршуулж байхтай таарав. Яарамгүйхэн нүх ухаж, цогцоснуудаас дүрэмт хувцсыг нь тайлж авах ажээ. (Дээрээс өгсөн заавар ёсоор, улсын өмчийг ариглан хамгаалах учиртай). Амьддаа гойд сайхан явсан нэг залуу цээжээрээ нэвт буудуулан үхсэн хэвтэнэ. Эрчилсэн булчин, өө сэвгүй тэгш бие галбир, бүргэд шивсэн цээж. Баруун мөрөн дээр нь “Байгаль дэлхийдээ хайртай”, зүүн мөрөн дээр нь ”Ахиад л цадсангүй дээ” гэсэн шивээс байх аж. Эд бол тэнгисийн цэргийн бригадын тагнуулч залуус юмсанж. Лигово орчимд хамаг хүмүүсээ хядуулсан энэ бригадыг хүн хүчээр сэлбэж өгөөд Волховын фронт руу илгээсэн ч төд удалгүй бүгд амь эрсдэцгээсэн билээ. Санитарууд ухсан нүх рүүгээ цогцсуудыг түлхэн хийж, дээрээс нь хөлдүү шороо цацаж далдлав. Энэ явдлыг харсан бид бие биетэйгээ харц солилцож аваад аваад, цааш замаа хөөлөө. (Дараа нь, зун дулаарсан үед оршуулгын ангийнханхалдвар тархахаас сэргийлж, цогцоснууд дээр хлорын шохой цацаж байхыг харж байсан билээ. Үнэндээ галын шугамнаас гаргаж авч чадсан цөөн хэдийгээ л оршуулдаг байсан болохоос ихэнх цэргүүдийн цогцос хаана амь үрэгдсэн, тэндээ л өмхийрч хоцордог байсан юм.)
Давшиж явсан немцүүдэд олзлогдох эсвэл оргон зайлсан гэдэг шалтгаар торгуулийн суманд хуваарилагдах эрсдлээр дүүрэн нөхцөлд баахан төөрч будилсны эцэст бид Мурманскийн хаалга гэдэг өртөөнд хүрч очив. Сайхан нэхий дээл өмссөн, улаа бутарсан хацартай Улаан армийн залуухан байлдагчид бидний хайгаад яваатай яг адилхан, хүнд их бууны хороонд алба хаадгаа хэлээд манай хороог бол одоо олох боломжгүй, Тихвиногийн хаа нэгтээ л байгаа, хэрэг нэгэнт ийм болсон тул бид тэдний ангид алба хаах хүсэлтээ гаргах нь зүйтэй гэж зөвлөв. Хорооны захирагч, ахмад Седаш биднийг баяртайгаар хүлээн авч, хорооныхоо хоёрдугаар дивизионд хуваарилав. Седаш бол өндөр нуруу, ханхар чийрэг бие, халзан толгой, хөгжилтэй ааштай залуу. Хуруу зузаан ороосон тамхи татаж, сурамгай гэгч хараана. Академи төгсөөд удаагүй чадварлаг офицер хорооны ажил хэргийг гойд сайн хөтлөн явуулдаг байлаа. Тухайлбал, наймдугаар сард болсон Кириша орчмын тулааны үеэр явган цэргүүдийн нэг хэсэг нь тал тал тийш сарнин зугатаж, нэг хэсэг нь бууныхаа жаданд дотуур цагаан өмдөө өлгөн бууж өгцгөөж байх тэр үеэр Седашийн хорооныхон немцүүдийн довтолгоог хэдэн өдрийн турш галаараа тогтоон барьж байсан билээ. Энэ гавьяаг нь үнэлж, төдөлгүй хороог нь гвардийн хороо болгон өргөмжилжээ. Седаш хожим нь хурандаа цолонд хүрч, 1944 оны эхээр Нарва болон Новгородын орчимд их бууны дивизийг амжилттай удирдаж явсан ч генерал болоогүй билээ - цэргүүдийн хүнсний хангамжийг шамшигдуулсан хэрэгт орооцолдсон сураг чих дэлссэн юм. 1945 онд Будапешт хавьцаа хүндээр шархадсан гэсэн.
Хувь тавилан гэдэг яасан ч тохуутай юм бэ дээ! Хар багын л л би чанга дуу чимээнээс айдаг, салют гэх мэт тэсэрч дэлбэрдэг, айлгаж цочоодог тоглоомуудыг тэвчиж чаддаггүй байж билээ. Тэгтэл хүнд их бууны ангид хуваарилагдах гэж! Гэсэн ч энэ бол явган цэргийхийг бодвол хамаагүй зөөлөн боорцог байв, учир нь тулаан ид өрнөж байгаа үед явган цэргийн ангид хуваарилагдсан цэрэг дунджаар долоо хоног л амьд мэнд явдаг байлаа. Энэ хооронд нэг бол алуулдаг, эсвэл шархаддаг байлаа. Хүнд их бууны ангид энэ хугацаа бол гурав дөрвөн сараар яригдана. Тэр ч байтугай, их буугаа сумлах, буудах шууд үүрэгтэй цэргүүдийн хувьд бол шалбархай ч үгүй бүх л дайныг дуусгах тохиолдлууд байсан билээ. Учир нь их буу дандаа ар талд, далд байрлалаас гал нээнэ. Хижээл насныхныг энэ ажилд ихэвчлэн томилж, харин миний мэтийн залуусыг их бууны галыг удирдан чиглүүлэх салаанд хуваарилдаг байж. Бидний байх ёстой газар галын тэргүүн шугам, бидний үүрэг гэвэл дайсны байрлалыг ажиглан, их бууныхаа галыг чиглүүлэх, холбоо барих явдал байв. Тэр дундаа миний үүрэг радио холбоогоо хариуцах байв. Бид дайралтанд ордоггүй, дайралтанд орсон явган цэргүүдийн араас мөлхдөг байсан тул хамаагүй бага гарз хохирол амсдаг байлаа. Миний хуваарилагдан очсон хороо анхны бүрэлдэхүүнээ үндсэнд нь хадгалсаар байхад явган цэргийн дивизүүд цэргүүдээ олон удаа бүрэн шинэчилж, зөвхөн дивизийнх нь дугаар л хэвээр хадгалагдан үлддэг байсан сан. Гэхдээ энэ бүх учир начрыг дарь үнэртэж, хал үзсэн хойноо ухаарч билээ.
No comments:
Post a Comment