За тэгээд томилогдсон салаандаа ирэхэд минь надад 300 грамм талх, усан шөл өгч, Ленинградаас өмсч ирсэн гутлыг минь хоёр ондоо размерийн эсгий гутлаар сольж өгөв өө.
Биднийг ирсэн яг тэр өдөр хүнсний нормыг бууруулж таарав, учир нь Тихвино хот немцүүдэд эзлэгдсэн тул хүнсний хангамж тасраад байжээ. Өлсөх гэдгийг дөнгөж саяхнаас л үзэж мэдэрч эхэлж байгаа эндхийн цэргүүдийн дэргэд би гэдэг амьтан хэдийнэ яс арьс болтлоо турж эцээд, хөөрхийлэлтэй болсон төрхөөрөө эрс ялгардаг байлаа. Эргэн тойрны бүх л зүйл миний хувьд танил, дасал болоогүй харь хөндий, бүх л юм надад хэцүү санагддаг байлаа. 30 градусын хүйтэнд шөнө бүр 4-6 цаг харуулд зогсох, тэс хөлдүү газар ухах, гуалин, сум хэрэгсэл гээд хүнд хүнд юм өргөж, зөөхөөс өгсүүлээд л; их бууны сум гэхэд л нэг хайрцаг нь 46 кг байдаг байлаа. Хүнд хүчир ажилд олигтой нухлуулж үзээгүй мань мэтийн хүн шууд л ийм юм руу яваад орохоор бие хаа минь ч дийлэхгүй, сульдаж ядраад, дээрээс нь сэтгэл санаа ч гэж авах юмгүй, хэмжээлшгүй уйтгар гунигт автсан хүн байдаг байв. Эргэн тойронд, дор бүрнээ өөрсдийгөө л бөөцийлсөн үл таних хүмүүс. Бусдыг өрөвдөж хайрлах тухай ойлголт энд байсангүй. Хараал зүхэл урсгасан, энэрэлгүй хатуу ширүүн, хахир хүйтэн уур амьсгал ноёлж байлаа.
Ирээд тун удалгүй би аймшигтай бөөстөв. Бөөснүүд хэдэн зуугаараа дотуур хувцас, тэр ч байтугай шинелэн дээгүүр гүйлдэх болов. Нуруун дээрээ хэрээс бүхий, таргалж бэлцийсэн бөөснүүдийг цэргүүд КВ хэмээх хүнд танкийн нэрээр нэрлэдэг байлаа. Харин энэ танкийг алдарт жанжин К.Е.Ворошиловын нэрээр ийнхүү нэрлэсэн гэдгийг нь цэргүүд хэдийнэ мартсан байсан сан. КВ-нүүдийг суганыхаа хонхор руу шахаж бөөгнүүлж байгаад атгаж аваад улайдсан пийшин дээр хаяхад час пас хийсэн дуу гарган хага үсэрцгээнэ. Турж ёрдойсон сүвээгээ загатнахаар нь цусыг нь гартал маажсаар байтал хоёр хажуу тал гэж нуль яр, тав болсон хүн л байдаг байв. Хөхөө өвлийн хүйтэн жаварт, хөр цасан дээр амьдарч байсан улс чинь халуун усанд орох тухай мөрөөдөөд ч нэмэргүй. Солих ээлжийн дотуур хувцас ч гэж байсангүй. Хэдийгээр бөөсний эсрэг нэг нунтаг байсан ч тэр нь ямар ч нэмэргүй эд байв. Бүр аргаа барахдаа дотуур хувцсаа бензинд норгож, нойтон чигээр нь өмсч хүртэл үзлээ. Цэрэг цамцны маань захаар язганалдан гүйлдэн гарч ирэх бөөснүүдийг хүзүүн дээрээсээ цас руу гүвж унагах боловч маргааш нь ахиад л тоо томшгүй олноороо бий болсон байдаг байлаа. Дөнгөж 1942 онд л шар өнгөтэй, тэсвэрлэшгүй өмхий үнэртэй “К саван” гэдэг нэртэй нунтаг гарч, тэрэнд хамаг хувцсаа буцалгаж ариутгаснаар сая нэг юм бөөснөөсөө салцгааж, амьсгаа авахтайгаа болсон билээ. Тэгээд ч тэр үед бид халуун усны байшин барьж сурцгаасан байсан юм.
Хэдийгээр хүйтэн нойтон, нойр хоолгүй, яр бөөстэй хэцүү нөхцөлд байсан ч миний хувьд үхлээс хол байгаа минь завшаантай хэрэг билээ. Би гэж арчаагаа алдсан, хэцүүхэн цэрэг явдаг байж. Явган цэрэгт байсан бол намайг шууд л сул доройгийн жишээ болгон буудаж орхих байсан биз. Эсвэл хаа нэгтээ ядарч сульдсандаа үүрэглэж суугаад түүдэг галд толгойгоороо шааж унаад түлэгдэж үхэх байсан биз ээ. Өлсгөлөнд нэрвэгдсэн Ленинградаас ирсэн анги нэгтгэлүүдийн хоноглосон газарт ингэж түлэгдэж үхсэн цогцоснууд зам зуурт бишгүй таардаг байв. Хорооныхон маань магадгүй басамжлан ад үзсэн байдлаар надад ханддаг байсан байж мэдэх ч, яаж ийгээд тэвчицгээдэг байлаа. Би офицеруудын газар гэрийн түлээг хэдэн арван шоо метрээр нь бэлтгэн, гар хөлийн үзүүрт зарагдан, осготлоо эргүүлд зогсдог байв. Хаа нэг радиостанцийн ойролцоо жижүүрлэнэ. Галын тэргүүн шугам руу эхэндээ намайг тоож аваагүй юм. Тэгээд ч тэр үеэр айхтар том тулаан аз болоход нэг их болоогүй билээ. Нэг үгээр хэлбэл, миний бие дайн хэмээгч хэнийг ч үл хайрлах асар том махны машины хутганд шууд хаягдсангүй, аажим аажмаар дайны нөхцөл байдалд дасан зохицох боломж олдсон хэрэг.
Эхэндээ би немцүүдийн буудлага, бөмбөгдөлтөнд төдийлөн айж мэгддэггүй байв. Айгаагүй ч гэж дээ, зүгээр л ямаршуухан аюул хөнөөл учруулж болохыг нь сайн ойлгож ухаарахгүй байсан нь тэр. Нижигнэсэн их чимээ гарч, эргэн тойронд хүмүүс ойчиж, ёолж гаслалдан, цусаараа цас будаж байхад би гэдэг хүн тэгтэл нүдээ анивчаад л, шаасан гадас шиг зогсож байдаг байлаа. Намайг хэн нэг нь газар унаган, хараал зүхэл болж, задгай газар битгий ил зогсоод бай гэж загнадаг байв. Аз болж, тэнэсэн сум, бөмбөгний хэлтэрхийнд өртчихөлгүйхэн шиг өнгөрөөд байдаг байж. Энэ зуур би өөрийхөө далд авьяасыг нээн илрүүлж, урьд өмнийн туршлага үгүй атал шархадсан хүмүүс рүү харайн очиж, тэдний шархыг мэргэжлийн сувилагч ч гайхмаар эвтэйхэн боож янзалж байлаа.
Арваннэгдүгээр сарын сүүлчээр манайхан дайралтаа эхэллээ. Хэдийгээр дайралтанд өөрийн биеэр оролцоогүй ч тэгэхэд л би дайн гэгч юу болохыг мэдэж авсан билээ. Зуу зуун шархдагсад, үрэгдэгсэд, хахир хатуу өвлийн жавар, нойр хоолгүй хоногууд, түгшүүртэй байдал, хэрээс хэтэрсэн ачаалал... Харьцангуй нам гүм нэгэн шөнө би цасаар дүүрсэн нүхэнд, даарснаасаа болоод унтаж ч чадахгүй сууж байлаа. Бөөсөнд идүүлж яр болсон сүвээгээ маажин, гашуун гунигт автан, сул доройдоо гутран уйлж суусан энэ шөнө миний хувьд арчаагүй дорой байдлаа ялан дийлэх эргэлт гарсан шөнө болсон билээ. Хаанаас ч юм бүү мэд, энэ бүх хэцүү бэрхийг даван туулах хүч бий болж, өглөө нь би нүхнээсээ мөлхөж гараад немцүүдийн орхиж явсан газар гэрүүдээр хэсч, тэс хөлдөн чулуу шиг болсон төмс олоод түүдэг асаан, төмөр дуулгандаа зутан шөл чанаж уун гэдэс гарч авсныхаа дараа өөртөө урьдынхаасаа илүү итгэлтэй болсноо мэдэрч билээ. Энэ мөчөөс эхлэн би дахин төрсөн мэт болов. Амь насаа хайрлан хямгадах зөн маань сэрэв. Эрч хүчтэй ч болов. Биеэ яаж авч явах ёстой талаар мэдрэмж бий болж, бас идэх юм олж сурав. Немцүүдийн алагдсан ажлын морины хөлдүү гуянаас сүхээр тас цавчин авах, хаягдаж хоцорсон төмсний зоорь олох гэх мэтээр. Нэг удаа ойролцоо явж байсан морь тэрэг минанд өртөж морь нь алагдахад над мэтийн нөхдүүд махыг нь тэр дор нь хэдэн хэсэг болгон эвдэж, хорин минут ч болоогүй байхад хөөрхий адгууснаас зөвхөн дэл сүүл, гэдэс дотор нь л үлдсэн байж билээ. Юу болсныг ухаарч амжаагүй хөтөч нь жолоогоо атгасан чигтээ чарган дээрээ суусаар байв даа. Бас өөр нэг удаа бидний урдхан талд явсан гал тогоо суманд өртөн хөмөрч, гурвалжин будааны кааш цасаар нэг нэлийхэд огт хэлэлцэж тохиролцоогүй хэрнээ цэргүүд нэгэн зэрэг халбагаа сугалан дайрч, жинхэнэ найр болж билээ. Энэ зуур замын хөдөлгөөн саатна гэж юу байхав, каашан дээгүүр өвс ачсан тэрэг чарга, ачааны машин явж өнгөрсөн ч бид идэх боломжтой будаануудыг дуустал нь халбагадацгаасаар байлаа... Бас гал тогоо, агуулахын хавьцаанаас хатаасан талх, талхны зах мэтийг түүх гэх мэтээр, нэг үгээр хэлэхэд, хаа явсан газраа яаж ийгээд ам хөдөлгөчих юухан хээхэн олоод байж сурав.
Дайны жилүүдэд САВАН, ДАВС, ШҮДЭНЗ 3 л аминд орж байсан гэнэ лээ. тэгэж их бөөстсөн гэснийг уншихад мөн ч олон хүн ийм зүйлтэй тулгарч байсан байх даа хөөрхий. ядарч явахад, хөлөө дөнгөн данган зөөж байхад арзагнасан олон бөөс байна гэдэг бас л хүнд шүү.
ReplyDelete