Блогтоо юм нэмэлгүй уджээ. Энэ хооронд хүмүүс үүгээр зочилж, сонин сайхан юу байна гэж шалгаад байгаа бололтой, тоолуур нь гүйгээд байх юм. Бас ганц нэг хүн цааш нь үргэлжлүүлнэ үү гэсэн байна. Би бээр мэргэжлийн аялагч ч юм уу, хөтөч, ер нь л энэ чиглэлийн хүн биш учраас байнга аялж жуулчлах боломж, цаг хомс байх юм. Мөнгө төлдөггүйгээр нь мөрөөдөөд л сууж байна даа, ойрын үед. Мэдээж алсхан бөгөөд адал явдалтай, бас сургамжтай аялалд явбал энэ тухайгаа бичилгүй яахав. Гэхдээ нэгэнт үүгээр орж гардаг хүмүүсийг гар хоосон буцаах эвгүй л санагдаж байлаа.
Блогтоо салхи оруулах болсон хамгийн гол шалтгаан бол гурван сарын өмнө шиг санана, нэг андынхаа явуулсан линкээр орлоо. Дэлхийн хоёрдугаар дайнд нэвт шувт байлдаж явсан эгэл жирийн цэргийн дурсамж байна. Уншлаа. Хачин сэтгэл хөндүүрлүүлсэн, тэгсэн атлаа тэр хүнд хэцүү цагт хүнээрээ байж чадсан нь бахархууштай, ёстой л “Ёстой хүний тууж” байна аа. Бас ёстой нүцгэн үнэн. Гоёж чимэглээгүй, айж сандарч, уйлж, бөөстөж, өлсөж, явснаа ч нуулгүй бичиж. Бидний үеийхэн баатарчууд, пионероор дамжин, Радуга сурах бичиг, Антон Алимаа хоёрын харилцан яриа, Оросын уран зохиол, яруу найраг, дайны үеийн баатарлаг киногоор хүмүүжиж, тархиа угаалгаж өссөн болоод ч тэр үү орос үг хэллэг, тэр хүний дотоод ертөнц нэг л дотно, зүрхэнд ойрхон, бас гунигтай. Орос хэл чинь ...”Белеет парус одинокой В тумане моря голубом...”, “Уж небо осенью дышало, Уж реже солнышко блистало... Стоял ноябрь уж у двора”... гээд л уйтгар төрүүлж, эсвэл “Под голубыми небесами Великолепными коврами, Блестя на солнце Снег лежит”...гээд л нүд гялбатал авдаг даа. Соколовыг 6 талтай стаканаар цэвэр спирт уучихаад талх, өөхөө тэврээд харихад нь уначих вий гэж түгшиж, бас нохойд хөөгдөхөд нь битгийг баригдаасай гэж залбирч, тариан түрүү цайруулж идэхэд нь хармаандаа ахиухан хийгээд аваасай гэж бодож, дайны дараа жолооч болчихоод өнчин жаалхүүд би чиний аав чинь байна гэж хэлэхэд, өнөө жаал аав минь, хайртай аав минь, би таныг ирнэ гэж мэдээд байсан юм аа, гээд үнсэж үлгэхэд нь хамт уйлж өссөн хуучинсаг хүн болохоороо хуучны хууч яриа хөөрөөнд татагдаад байх бололтой юм.
90-ээд оноос “Торгуулийн суман”, “Амьд бай”, энэ тэр гээд “эсэргүү” үзэл санаа ханхлуулсан кинонууд гараад ирэхээр бас, яг яасан юм бол доо, яг юу болж байсан бол, бидний тархи ямархан хэмжээнд угаагдаж вэ, Америкийн дуу хоолойг хулгайгаар сонсч асан 1960-аад оны оюутнуудын авч байсан мэдээлэл хүйтэн дайны хөрөнгөт ертөнцийн ухуулга байв уу, эсвэл наргиа наян хувьтай байв уу зэрэг эргэлзээ ороод ирж байгаа юм. Арай хожим Арбатын хүүхдүүд тэргүүтэй Рыбаковын 3 цувралаас хэдийгээр уран сайхны дүрслэлтэй ч Иосиф Вассиарановичийн хардалт, аугаа ихийн дэмийрлээс болж бүхэл бүтэн ард түмэн хэдэн үеэрээ бүлх залгисан мэт амаа бас сэтгэлээ хамхиж, олон арван бялдууч нар тэндээс төрж, долигонож сураагүй нь олон саяараа цөллөг, шоронд шалтгаангүйгээр хатаж, залгуулаад дайнд бас л утга учиргүй үрэгдэж байсныг хэдэн хүний ахуй байдлаар дамжуулан хальт мөлт гадарлахчаа аядах болсон юм. Гэхдээ л энэ бүхэн бас л хангалтгүй байлаа. Яг туулаад гарсан, дотроос нь мэдэрч явсан хүний яриа хэрэгтэй байлаа. Маршалуудын дуртатгал биш, томчуудын улс төр, хор найруулалт биш яг л ийм яриа хэрэгтэй байлаа. Загатнасан газар маажжээ.
Тэгээд ганцаараа уншаад өнгөрөх харамсалтай санагдаж эхлэв. Хоёрт, орчуулаад уншвал түрүүнд нь залхуураад гүйлгэж хараад өнгөрснийгөө илүү нарийн ширийн харах болов уу гэж бодоод орчуулах юмсан гэж бодож байлаа. Аз болж анх линк явуулсан “үзэг нэгт нөхөр” минь яг миний бодсоныг бодоод явсан юмсанж. Тэгээд Зохиогчийн хүүгийн хаягийг нь хайж олоод захиа бичээд ээж нь амьд мэндээр барахгүй, Эрмитажид ажиллаж байгааг мэдэж авлаа. Ингээд зохиогчийн эрхийг хадгалж буй хүмүүсээс зөвшөөрөл авсны учир энэхүү номыг “үзэг нэгт нөхрийн” хамт орчуулах гэж хэрээс хэтэрсэн зориг гаргасан хэрэг. Хэрээс хэтэрсэн гэдэг нь миний л хувьд юм шүү. Номоо хувааж аваад, орчуулсан хэсгээ бие биедээ өгч хянуулах журмаар явж байгаа юм. Бид үгийн махчилсан утганд хэт баригдалгүй, зохиогчийн санааг алдагдуулахгүй, тэр хүн яаж хичээж бичсэн шиг хичээн орчуулахыг хичээлээ. Алдаа эндэгдлийг өршөөнө биз ээ.
Tanii nomiig dogdlon huleej baina.
ReplyDeletesain bn uu, nom hezee hevlegdeh ve
ReplyDeleteСайн байна уу, орчуулгаа хянаж дуусахаар нь орууламз, тэсээрэй. Хүлээж байгаад баярлалаа
ReplyDeletesain bn uu, nom oo hezee hevluuleh ve, hurdan avj unshmaar bn shuu kk
ReplyDelete