Friday, September 17, 2010

2010.07.18-Заан Тэрэлжийн хөндий-УБ

Яаая, шөнө мангар хүйтэн хонолоо шүү. Өглөө даарсан, яарсандаа нар мандахтай зэрэгцэн 6 цагийн үед босоод гоймонтой цуйвангийхаа жорыг тааруулж тогоондоо хийж орхиод ойролцоох өндөр лүү гарч хавь орчныг харж жаал баясав.



Өглөөний наранд өвсний чийг хөөрч, өчигдрийн ирсэн зүгт том хаднууд сүүхийлдэн, сулавтархан ягаан униар татаад, ойр хавь анир чимээгүй. Гол ус энэ аниргүйг үргээхгүй гэсэн шиг аяар аяар мяралзана. Энэ чимээгүйн нэг хэсэг болсон аятай би ч бас аяар хөдөлж, аясаар суулаа. Бодож санах юмгүй ингээд сууж байх сайхан байна даа. Наадмын дараа намар гэгчээр өвс ногоо шарлаагүй ч, цаанаа л харьж яваа цаг гэсэндээ өдөр богиносч, жихүүн ч болсон юм шиг. Урд шөнийн хүйтэрч байгаагаар бол энд удахгүй хяруу буух байх аа.

Манайхан босоогүй байна. Аяллын дарга хариуцлагатайгаар галаа манаж байгаа харагдана. Өнөөдрийн явах чигт айлын өвөлжөө харагдах нь бид суурин иргэншил рүү дөхөж явааг илтгэнэ. Зуны 3 сардаа зугаалж болдог ажил хийх сэн. Ийм сайхан улирлыг чийгтэй байшинд шигдэн сууж өнгөрүүлэх юутай харамсалтай.

Уварч цуварсаар бид хөдлөхөд бэлэн болжээ. Урд шөнө улалзах галын гэрэлд хээрийн бичил мэс ажилбар хийж утас сүвлэн унжуулж оёсон цэврүүнүүд гүйцэд хатаж амжаагүй. Өглөөний цуйвангийн амт өчигдрийхтэй харьцуулшгүй болсныг манайхан мартаагүй бас магтаагүй. Өнөөдрийн туулах зам цагаан ч, урт. Оройдоо Тэрэлжийн автобусанд амжиж суух төлөвлөгөөтэй. Нэг иймэрхүү байдалтай хөдөллөө дөө.

Зам зуурт хонь мал бэлчиж, алсад айлын гэрүүд үүлэн чөлөөний наранд цайран бөмбийлдөх нь ил захидлаас бууж ирсэн мэт. Шаахайны хармаанд сууж явсан хүүхэн гар даллахаар нь хариу даллаж мэнд мэдлээ. Гэтэл тэр хүүхэн биднийг гадаадын хүн гэж бодсон аж. Эхэндээ намшгар царай, навтгар хамартай намайг гадаадын хүнтэй андуурах ёс байхгүй ээ гээд ер итгэсэнгүй. Гэтэл удсангүй халамцуу хархүн HELLO гэж морин дээрээс мэндлэх мөртөө дүүрч явсан хонио алдаж, түүнээс нь унаж явсан морь нь үргэж өөрөө зам дээр бөгсөөрөө таг сууж хоцрохоор нь аргагүй үнэмшиж байгаа юм. Үүргэвч үүрсэн л бол гадаад гэж боддог бололтой. Энэ хавийхан 5 хэлээр мэнд мэдэх хэмжээний мэдлэгтэй гэж байна шүү. Зундаа жуулчдад морь мал түрээслүүлж амин зуулгандаа нэмэрлэдэг болохоор тэр аж.


Үдийн хэрд улдах гэдэг туйлдаа хүрлээ. Өчигдөр цагаан зам ямар байна гэж асуугаад байсан. Ингэдэг юм байна. Намагтай болдогтой харгуйгаа санаж байна шүү. Уснаасаа зайдуу халуунд алхахад ам хатахын сацуу цэврүүтэй хөлийн ул зовиуртайяа хөндүүрлэх нь бандайтал хавдаж, хиншүү ханхалтал улайссан мэт бодогдоно. Төмпөнтэй усанд дүрвэл шажигнаж дуугарах байх аа. Том том үүргэвч үүрсэн хэдэн хүн тавхайнхаа хажуугаар гишгэлж дондогмаа шиг найган ганхаж явах нь инээд хүрмээр. Урагшаа биш, 2 хажуу руугаа ингэж гишгэхээр чинь газар ч олигтой хорохгүй. Бушуухан гутлаа тайлж амрах сан. Тэр суварга босгосон довгор дээр гараад авбал салхи сэвэлзэх нь арай дээр гэнэ. Амрахад хүртэл учиртай аж.

Амрах зууртаа ойролцоох айл руу ус гуйхаар хоёр минь яваад гар хоосон ирлээ. Хонио хяргаж байгаа завгүй улстай таарчээ. Замын улсад аяга цай хийж өгдөггүй жаахан тиймхэн л айл байна. Ашгүй нууран дээрээс гарснаас хойш өдөр болгон тааралдаж байгаа өнөөх морины эрэлчинтэй таарч, мориор нь гол руу явж устай залгалаа.

Хонхот хүүхэлдэй дуугаа дуулаад хоёр тийшээ найган ганхнаа... гээд л цааш замаа үргэлжлүүлэв. Тэрэлж рүү нэлээн дөхөж байгаа бололтой морьтой жуулчид сүрэг сүргээрээ явж өнгөрцгөөнө. Холоос олон морьтонгууд бараа сүр ихтэй, байлдаантай түүхт киноны кадр шиг. Зарим нь эмээлдээ таг наалдаад суучихсан элэг бөөр нь сугарчих шахан ярвайсан харагдана. Энэ маягаараа хол зам туулбал хэцүү л юм.

Зам дээр жаал сууж амсхийгээд хошуу тойроод нэлээн явсны эцэст улаан хацартай хоёр жаалаа үхэр тэргэндээ суулгасан нутгийн өвөөтэй таарч, цүнх саваа хэдэн хүүхнүүдтэйгээ ачаалж өгөөд харцуул нь алхаад үлдлээ. Үхэр тэргээр явах ч бас зугаатай юм аа. Овоолсон үүргэвчин дээр хэвтэж огторгуй өөд ширтэн зүүрмэглэсэн шиг явлаа. Өвөө сая нэрсэн халуун нэрмэлийг дорно зүгийн цэцэг хуартай ганган улаан вааран савнаас гарган биднийг дайлав. Өвөөтэй нутаг ус, явсан газрын сонин хөөрөлдсөөр Тэрэлж ирлээ. Үхэр тэргээр голоо гарч, өвөөд баярласнаа илэрхийлж дараа уулзахын ерөөл тавьлаа. Энэ хавь саяын бидний явж ирсэнтэй харьцуулахад өвс тоосоор тун чиг маруухан, гандуу цагаан санагдана. Харин хотоос салхинд гарахаар ирж голын эргээр тухалцгаасан хүмүүст энэ хавь хоттой харьцуулбал нов ногоон гэж санагдаж байгаа.

... Тэрэлжийн дэлгүүрийн гадаа эрээлэх юмгүй шууд газар сууж, идэж уух биднийг хүмүүс гайхаад ч байх шиг. Автобус иртэл гэр орныхонтойгоо утсаар ярьж, амар мэнд явж ирснээ дуулгацгаав. Хотод ус ихтэй айхтар бороо хэд хоногоор орсон гэнэ. Испани 2010 оны дэлхийн аварга болжээ. Наадмаар өмнө түрүүлж байгаагүй бөх түрүүлсэн гэнэ. Нээрээ бид чинь дэлхий хөл бөмбөгөөр амьсгалж, дэнж хотойтол наадах үеэр гэрээсээ гарсан улс шүү дээ. Энд тэндгүй хүмүүс холхиж, шороо бужигнах нь тээртэй. Хээр хөдөө дураараа задгай хэд хоносон сэтгэл минь соёл иргэншилтэй нэг л авцалдаж өгөхгүй байна уу даа. Дараагийн аялал юу билээ гэж...

20 comments:

  1. Аль болох хөлс их гаргаж, зовлогоо бага ч бай зовоосон тохиолдолд л аялалын сайхныг илүү сайн мэдэрдэг гэдгийг хүлээн зөвшөөрнө өө. Гэхдээ үнэнийг шулуухан хэлэхэд сайхан аялал маань сүүлдээ бараг албан шаардлагархуу болж хувирсан мэт сэтгэгдэл сүүлийн 2 тэмдэглэлийг уншаад төрөв. Цаг хугацаанд хавчигдаж яарч явсан, явган аялалын чадвар адилгүй хүмүүс нэг баг болсоноос дундчуулд зориулагдсан хөтөлбөр доодчуулд (соори) хүндэдсэн гэх мэт үндэслэлүүд байж болох боловч хэрэв би хамт явсан бол (мань мэт нь доодын доод ангилалд хамаарагдах учир)... гэдэг сэтгэгдлийн үүднээс ингэж дүгнэх гээд байгаа юм. Бас нэг үндэслэл нь тэр үхэр тэргэн дээр сууж яваа хүмсийн баясгалант царайнууд!

    Гэснээс иймэрхүү аялалд урт түрийтэй сайн усны гутал зүгээр юм байна гэж ойлгов. Бас тэр аялалын дарга галаа манаж суугаа зурагнаас утаа үнэртэх шиг санагдав...
    Халамцуу залуу мориноосоо унахыг нүдэнд өнгөтөөр харуулсан мэт бичжээ, ганцаар түс хийлгэв. Гэснээс цэврүүнд утас сүвлэж орхидог нь юуны учир вэ? Дараагийн аялал өвлийн аялал уу?

    ReplyDelete
  2. tas tas. uneheer saihan aylsan shuu. zun tsagt Hag ruu aylah bolomj olgoson Unuruuduu bayarlalaa. manai bagiinhan gaihamshigtai baisan shuu. hamt yavahad uramtai bag.

    ReplyDelete
  3. бид ч Хагаас буцаж явахдаа бас нэг үхэр тэргээр явсан шүү. сайхана бичсэн тэмдэглэл болжээ.

    ReplyDelete
  4. Хөлөө шалбалж, хөлсөө урсгаад, байгаа ганц цайныхаа ботинкийг будаа болгоод бас дээр нь нороод, байж байсан нурмыг хийсгээд ... тэгсэн хэдий ч санасан газраа очоод хүссэн нуураа хараад, зам зуураа тархиа амрааж, сэтгэлээ сонсоод аргагүй сайхан явсан байна шүү. Адаг сүүлд нь ашгүй нэг ердийн хөсөг таарч энэ хүмүүсийг аварсан байна :). Бас дээр нь нэмж хэлэхэд сайхан өгүүлжээ энэ бүхнийг.

    ReplyDelete
  5. Саарал: Цэврүүгээ нэвт сүвлээд орхихоор унжуулсан утсыг нь дагаад шүүс нь гоожиж хатдаг гэдэг юм билээ. Гэхдээ хөлийн арьс бүүр ирээд сар гаран болж байж гуужаад бүрэн эдгэж байна лээ. Усны гутлын тухайд бол улавч сайн дэвсээд явбал зүгээр гэсэн. Надад бол их хүнд төвөгтэй санагдсан. хөл хөхөөд бөөр өвдмөөр ч юм шиг. Бүүтс л зүгээр дээ.
    Болдоо: Сайн уу, хурдан ирээрэй, Чиний ачаар энэ жил сайхан явсан шүү. Санал хүлээж авч, цаг заваа зарцуулсанд их баярлалаа.
    Буяндэлгэр: Явж үзсэн хүний хувиар мэдэрч уншсанд баярлалаа.
    Болор: Юун нурам бээ, санахгүй байх чинь. Зорьсон хэргээ бүтээгээд сайхан аялсаан. Хот руу буцахад угаасаа маргааш ажилтай гэж бодоод мангар ядарч байгаам чинь. Нуур луу явж байхад өөр л дөө.

    ReplyDelete
  6. Хай, сайн уу? Хай5 дээрх фото зургуудаас чинь Энэтхэг явсан гэж ойлголоо. Явахдаа нүдний шилтэй байсан хүүхнүүд буцахдаа бүгд нүдний шилгүй болсоныг анзаарлаа. Энэ аялалынхаа тухай тэмдэглэл бичихгүй юм уу? Лазерийн хагалгааны нарийн ширийний талаар мэдэх хүсэлтэй хараа муутангууд надаас авахуулаад цөөнгүй байгаа байх гэж бодох юм!

    ReplyDelete
  7. Михайлд нэг бодол бий. Гэхдээ Энэтхэг биш. Ласикийг яахав дээ, амархан л гээд ойлгочих.

    ReplyDelete
  8. Би чиний галзуу ганц улаан фен чинь шүү. Энэ л жинхэнэ Өнөрөө байна даа

    ReplyDelete
  9. Зураг муутай байна шүү

    ReplyDelete
  10. Өөрөө явсан юм шиг л болчихлоо. Сайхан байлаа. Амжилт хүсье танд.

    ReplyDelete
  11. Сайн байна уу. Сайтаар чинь зочиллоо. Үнэхээр сайхан санагдаж байна. Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн ийм сайхан эх орноороо бид бахархах нь зүйтэй. Гэхдээ бидний нүдэн дээр ил үгүй болж, устаж байгаа ногоон байгалиа яаж аврах вэ. Энэ талаар зоригтойхон тэмцвэл яасан юм бэ гэж бид үргэлж дотроо бодож явдаг энгийн нэгэн хүн байна.

    ReplyDelete
  12. hi sain bnuuu hezee shine bichleg oruulah gej bn tesen yadan huleej bn shuuu hurdlaarai he he

    ReplyDelete
  13. oo yamar goe yum be?
    yavgan aylalaar yavah geed bag burdej ogohgui yumaa

    ReplyDelete
  14. Хүнд, урт зам туулж, ядарч хүрсэн, адал явдлаар дүүрэн аялал хамгийн амттай байдаг шүү дээ...

    ReplyDelete
  15. Zunii 3 sar ayalaj yavdga ajiltai bolohson gej bichseniig n unshaad ee ter chin bas tiim ch amar ajil bish shuu gej helmeer sanagdlaa. Bi hutuch orchuulagchaar 10 aad jil ajillasan. Lav l 5 jild n dagnan yavgan bolood morin aylaliin hutuch hiilee. Bas ch gej amar ajil bish shuu. Niitleliin ehend bichsenchlen mun ch olon huiten shunu daarch honoj, jihuutsej bosson doo:) Gehdee huduu gadaa yavah saihan saihan. Odoo bol zun bolmogts hotod baigaad baihaar buhimdal turdug yum.

    ReplyDelete
  16. Zunii 3 sar ayalaj yavdga ajiltai bolohson gej bichseniig n unshaad ee ter chin bas tiim ch amar ajil bish shuu gej helmeer sanagdlaa. Bi hutuch orchuulagchaar 10 aad jil ajillasan. Lav l 5 jild n dagnan yavgan bolood morin aylaliin hutuch hiilee. Bas ch gej amar ajil bish shuu. Niitleliin ehend bichsenchlen mun ch olon huiten shunu daarch honoj, jihuutsej bosson doo:) Gehdee huduu gadaa yavah saihan saihan. Odoo bol zun bolmogts hotod baigaad baihaar buhimdal turdug yum.

    ReplyDelete
  17. Badmaad: Zunii 3 sar offict bugchimdeed suuj bdiin bolohooroo, halit salhi unerleed ingej helj bhgui u. Hunii uidamhai zan umdaa. mongoliin mini huduu saihan shuu.

    ReplyDelete
  18. Сайн байна уу? гоё блог байна. тэгээд бас нэг юм хэлэх гэсэн юмаа. Аялалын гэдгийн а үсэг нь гээгдээд аяллын гэж бичигдэнэ. Амжилт хүсье

    ReplyDelete
  19. заан тэрэлжийн дагшин нутгаар ямар замаар я ааж явбал сайхан бэ

    ReplyDelete
  20. Сайн байна уу. Таны Хагийн хар нуурын аяллын тэмдэглэлийг уншаад 2013 оны намар 11 сард очоод ирсэн.Олон янзын адал явдалтай учирсан шүү. Энэ зун яг таны маршрутаар 2020 оны 7 сард явахаар сэтгэл шулуудаад сууж байна. Таны нийтлэлээс урам зориг эрч хүч мэдрэгддэг шүү. Баярлалаа танд.

    ReplyDelete