Thursday, September 16, 2010

2010.07.17-Дунд Баянгийн хөндий


Уг нь өглөө эртээ босно гэж төлөвлөж урд шөнө сэрүүлгээ тавиад унтсан юм. Гэтэл нөгөө сэрүүлэгнийхээ аянд бүүвэйлэгдсээр 10 өнгөртөл унтжээ. Майхны дээгүүр ойрхоон зайнд нисдэг тэрэгний сэнс пад пад хийх нь сонсогдоод алга болов. 

Бодвол Хаг руу явж байгаа байх. Ингэж онгоцоор буухад юу нь сайхан байдаг байна аа. Явган нүцгэн явж байж сайхныг нь мэдэрмээр юм. Эсвэл үхэр чихрийн амт мэдрэхгүй гэгчээр онгоцоор шууд буухад бас нэг сайхан юм байдаг юм уу. Шүхрээр буух гэж байгаа биш, гойд юмгүй л санагдана.  Нойрноосоо сайн сэрж амжаагүй байхад нөгөөх морио алдсан эрэлчид бас л явж байна. Бидний явсан замаар л ороод яваад байгаа юм байж. Бид чинь одоо морьтой хүнээс хурдан яваад байгаа юм уу даа.  Мэнд мэдэж, адуучны дамжаагаа амжилттай дүүргэхийг ерөөлөө.
Тогоо дүүрэн тос даасан гоймонтой цуйван хийж, нүүр шүдээ тухтайхан угааж, майхан саваа аажуухан хурааж, ааг зоог гэсээр байгаад бараг үдэд хөдлөв. Аяллын дарга товлосон газраа очиж амжихгүй нь, оюутнууд байсан бол загнах сан гэж бодож байгаа бололтой.
Уулын бэл дэх ойн жимээр хэсэгхэн яваад ус намагтай хөндий рүү орлоо. Гутлаа сайхан хатаасан, бас өчигдөр хангалттай хүнд гутал чирч явсаар хаширсан хүн чинь залхууралгүй эвтэйхээн тойроод л явлаа. Хурц наранд өндөөр ургасан өвс тодоор ногоорно. Агаарын сайхан ч гэж яриа алга аа. Яаж утаатай бүгчим хотод очно оо. Болдог сон бол энд хамраа орхиод явах сан. 
Модон дундуур ус намаг, гол гаталж явсаар дунд  Баянгийн хөндийд орж ирлээ. Хачин сайхан хөндий юм аа. Цэцэг навч алаглаад л. Тэрэлж шиг өвөрмөц тогтоц бүхий арсгар барсгар хадат уулсаар хашигдсан, айл хунар суурьшиж, малын хөлөөр талхлагдаагүй онгон зэрлэг байгальтай сайхан хөндий юм. 
 Тэртээд ширүүн борооны үүл хуралджээ. Гэвч биднийг хөөж гүйцсэнгүй, тэрүүгээрээ ороод дуусав. Эндээс намаг балчиггүй дардан сайхан зам эхэлж байна. Аяллын дарга цагаан замаар явах ямар байна гэхээр нь ёстой гоё л гэлээ. Маргааш дахиад асуухаар юу гэхийг чинь харна аа л гэж байна. Маргааш нээрээ яах юм бол доо. Одоохондоо ч байсгээд л ус намаг тойрохгүй, шулуухан цагаан замаар урамтай л урагшилж байна. 
Нэлээн явж байгаад амрах болсон доо гэж тооцоод гутлаа тайлан тухалж байтал ард үлдсэн аяллын дарга гүйцэж иртэл алхаад марш, амрах болоогүй гэдэг байна. Тээр харагдаж байгаа үзүүр хүрч хоноглохгүй бол маргааш харьж амжихгүй гэнэ. Тэгээд л олон жижиг гол гатлан явж өглөө. Цааш алхсаар Гүнжийн сүмийн харалдаа  үдэлж өглөөний цуйвангийн үлдэгдлийг голын усаар даруулан ховдоглон идэцгээв. Голын уснаас хачин танил, жаахан гаж ч гэмээр амт амтагдана.  Бодоод байхад хоол шингээхэд уудаг мезимфорт л нэг иймэрхүү амттай сан. Энэ хавьд ходоодны рашаан байдаг гэсэн, гэхдээ энэ голын эх дээр биш гэнэ. Бодвол энэ хавийн хөрсөнд пепсин агуулагддаг байх.

Идэж дуусаад хөндийн төгсгөлд харагдах үзүүрээ чиглэн хөдөллөө. Оройтож гарсан тул нэлээн шахуу явсан ч газар олигтой хорсонгүй. Орой 8-9 цагийн орчимд голын гармын хажууханд, зам дээр шахуу хоноглохоор буулаа. Голын эрэгт буухаар түлшээр маруухан байдаг юм байна.  Нэжгээд мотоцикл машин хажуугаар өнгөрнө. Гармаа шууд олоод гарахыг бодоход нутгийн хүмүүс бололтой. Хүн амьтнаас зайдуу хэд хоног явсан болохоор машин тэрэгний чимээ тээртэй санагдана. Юу юугүй бүрэнхий нөмөрч, харанхуйд хоолоо идэцгээв. Оюутнууд маань маргааш хот орох гээд хувцас хунараа угаагаад сүйд. Ангийхаа охидуудтай аймаар халтар хувцастай явж байгаад тааралдвал нүүр хийх газаргүй болох гээд байгаа бололтой. Хорьж болдоггүй хорин нас аа гэж. Догдолж гэгэлзээд л, сэгэлзээд л, дуулаад л, мөрөөдөөд л. Урсгал усны захад айхтар хүйтэн шөнө болдог юм байна. Эртхэн унтахаар шийдэн майхандаа орж зожигрон малгайтай цамцтайгаа хөнжилдөө шургасан ч, шүд хавшин, толгойноос даараад унтаж болдоггүй ээ. Тэгээд том хүний ундаанаас хоёр нэг балгаж аваад нөгөө хэдтэйгээ нийлж жаал худлаа ярьж гэгэлзэж суулаа.
 Ай би нутгаа санахаараа... Аяар аяархан дуулан гэгэлздэг. Аав л ээжий хоёртоо очоодоо Ярьж хөөрөөд ирмээр болдогоо... Нутгаа санаад уярдаг сэтгэл минь Намар оройн бороо шиг зүсэрдэг ээ...” гээд эхлэхээр  л хашир суугаагүй насандаа оюутан болоод очиход минь орог саарал тэнгэрээс нь бороо асгаад салдаггүй, навчсаар уйлж, шавхай шалчигнасан Оросын тугалга шиг хүнд жинтэй уйтайхан намраар түмэн бээрийн газраас гэрээ санахдаа яаж ч чадахгүй бөглөрчихөөд уйлах ч учраа олохгүй явсан минь санагдан нулимс гарна. “Ай би нутгаа санахаараа Сэм сэмхэн гунигаа тээдэг Зөн совин шувуу шиг зэллээд Цэнхэр алсыг чимээгүй ширтдэгээ...”. Ядаж байхад битүү модон дунд алсхан ширтэх ч арга байхгүй нь хяслантай. Байсан ч цэнхэртэх нь юу л бол. Яг л эхийнхээ бөөрөнд наалдан салахгүй дагаж, сүүлээ моодойлгон гүйж явсан унагыг зэлнээс уяхад цочирдон, тонгочиж тонгочиж, эцэст нь арга нь барагдаад хувь заяатайгаа эвлэрэн халуун наранд бөөрөө түхэлзүүлэн, амьсгаадаж хэвтээ шиг.  Монголын минь намар гэтэл хичнээн сайхан нарлаг, хурц, тод билээ. Тэнгэр нь хичнээн өндөр, уужуу, цэлмэг билээ. Уушгиныхаа угт хүртэл нэвт амьсгалж болдог нутаг минь.  Өвөл нь хүртэл нойтон хүйтнээр битүү хорон хайрдаггүй, тас хийсэн жавраараа идрийн жавхаа сэргээж, бие чангаруулсан нутаг минь. Үүргэвчээ үүрээд гарахад эрх дураараа задгай тэнүүн нутаг минь. Ийш тийшээ тэгтлээ яваагүй, эмээлээсээ өндөр даваа даваагүй атлаа уяатай болжээ би нутагтаа...

2 comments:

  1. Нөгөө бүүвэйлдэг сэрүүлэг чинь энэ шүү дээ

    Remember when old ones died and new were born
    And life was changed, disassembled, rearranged
    Remember when thirty seemed so old
    Now looking back it's just a stepping stone
    To where we are,
    Where we've been
    Said we'd do it all again
    Remember when
    Remember when we said when we turned gray
    When the children grow up and move away
    We won't be sad. we'll be glad
    For all the life we've had
    And we'll remember when

    ReplyDelete
  2. Яая, яг уйлах гэж байдаг байна ш дээ. Чи мундага гоё бичдэг жаал юмоо.

    ReplyDelete