Friday, August 27, 2010

2010.07.16-Баасан гараг-Хавиргын даваа

              Үүрээс авахуулаад өчигдөр оройноос тасралтгүй шивэрсэн бороо ширүүсч, майхны хаяагаар ус шүүрч хонолоо. Зам ч нуль шалбааг болж байгаа даа. Өнөөдөр буцах замдаа үүргэвчтэй бүжиг хийх нь дээ гэж бодон босохоос халшран халшран майхны бүрээсэн дээр буух бороон дуслын хэмнэл хэрхэн өөрчлөгдөхийг чагнаархан хэвтэв.



        Харин аяллын даргыг цай чанаад уу гээд майханд оруулж өгөхөөр нь бантсандаа өндийж байгаа юм. Босоод босоод гээд бахираад байвал бүүр л хэвтэр лүүгээ зүтгэх байлгүй. Үггүй зэмлэж, үйлдлээрээ үлгэр үзүүлнэ гэдэг энэ болов.

           Майхан саваа хурааж, хоол хийж, хог хаягдлаа шатааж, урагдсан гутлаа оёж, бууриа цэвэрлээд нурман дээрээ ус хийн сайтар унтрааж хөдлөхөд бэлэн болов. Хуурай гуталтай хүн нэг ч алга. Уг нь нороогүй байхад нь лааны тосоор сайн тосолчвол ус нэвтэрдэггүй гэсэн. Одоо норсон хойноо нэмэргүй л. Өчигдрийн бороонд хамаг юм битүү чийг даажээ. Оймсоо л сайн солиод явдаг байх даа. Яагаад ч юм өнөөдөр хаа хүрч хонохоо ярилцсангүй. Ямар ч байсан мөстэйн аманд булсан хүнсээ авах учиртай. Майдар гуайн байшинд баяртай гэж хэлээд уруудаж эрэг дамнуулан тавьсан орон нутгийн чанартай унанги модон гүүрээр Хагийн голоо гаталж, модтой уул өөд өгсөв.

                                                            "Борооны хүмүүс"




             Жим даган өгсөж явахад морины шинэхэн хомоол ганц нэг харагдана. Арай нөгөө хэдийн алдсан морьд үүгээр явсан юм биш биз. Гэвч морьдын бараа чимээ алга аа. Бороонд норсон хомоол шинээрээ харагдаж байж ч магадгүй юм. Учир юу гэвээс өчигдөр оройн борооноор манай буудал дээр Естэйн рашааныг зорьж яваа аялагчдын нэг нь ирж алдсан морьдоо сурагласан юм. Энэ хэд биднийг буусны маргааш ирж нуурын яг эрэг дээр буудаллаад, борооноор морио алдаад гээд хайгаад байсан, оллоо гэж дуулдсан, дахиад алдчихсан юм байж. Уг нь тушаатай юм гэнэ. Дэгэнцээд холдож амжаагүй байх зэргээр ярилцсан билээ.

                                                       "Баяртай Хагийн хар"


                 Нэг ч амралтгүйгээр огцом дайралт хийж нөгөө уулан дээрээ гарч ирвэл бүгд борооны цувандаа битүү хөлслүүлж муухан саунад орсноос дээхэн минчийцгээжээ. Хажуугаар нь хормой нь хөл ороогоод цув ч бас явдалтай эд юм. Дээр нь 3 хоног идэхээс өөрийг хийгээгүй зовлого цочирдож байгаа байх. Би л хувьдаа нэлээн цуцаж, амьсгаадан байж гарч ирэв. Хэсэг амарч хувцсаа хөнгөлж аваад уруудаж, бас л баахан намагтай болдогтой хэдий ч зам харгуйгүй хөндийгөөр бамбалзуур дамжин харайлдаж, заримдаа болдогны хоорондох усанд хаашдаа л нойтон гутлаа лав гэгч дүрж явсаар удалгүй нөгөө талын уулын хормойгоорх жимд орж цуваа жигдэрлээ.


           Асар удалгүй танил болсон шатсан цурмандаа орж ирлээ. Хаагуур гарч ирснээ эргэж хараад эртээд яаж төөрснөө мартахааргүй болтлоо ойлгож авав. Оройдоо хадтай уулыхаа баруун гар талаар өгсөх байсан юм байна. Харин бид зүүн гараа бариад баахан шатсан ойн дундуур даялж алхсан ажээ.

            Нурман дундуурх жимээр цуварч явтал гундуухан морьтой гандуухан хоёр хүн айсуй. Нөгөөх морины эрэлчид мөөн. Урд шөнийн бороонд энүүхэн хавьд ОП цуваа нөмрөөд суугаагаараа хонож, их зутарч гэнэ. Өөрсдийх нь унаж яваа морьд босоогоороо үүрэглэж, сормуусаа дийлэхээргүй болсон харагдана. Борооноор шүдэнзээ норгоод гал гаргах юмгүй болжээ. Жаахан ааруул, боорцогноосоо илүүчилж, морьдыг чинь олбол Тэрэлжид байдаг эзэнд нь аваачиж орхиод цаашаа явъя, морио хэнийх гэж айлаас авсан бэ, ай мөн хэцүү еэ гэх зэргээр хэсэг саатан ярилцав.

           Танил хүмүүстэй таарч, тамхиа асааж тамир орсон эрэлчидтэй салах ёс хийгээд цааш хөдөллөө, бид. Морь малнаас хол хөндий өссөн над мэтийн хүмүүст хоёр зээрдээрээ таваргах чинь л хамгийн амар юм даа. Аашийг нь мэдэхгүй адгуус маллаж явснаас гутал оймсоо хатааж, шатааж явсан нь хамаагүй хялбар. Эсвэл мөнгийг нь өгөөд адууг нь малчинтай нь түрээсэлбэл яадаг юм гэхээс. Гэсэн ч малчинд ч бас алдахгүй гэсэн баталгаа байхгүй. Ачаагаа моринд ачна гээд олон хоногийн аялал төлөвлөөд гарч ирсэн улсууд цаг алдаад зорьсон газартаа хүрэхгүй бол хичнээн харамсалтай. Бидний явган гардаг минь явж явж түмэн зөв болжээ. Анхандаа бид ч бас морь хөлсөлнө гэж төлөвлөж байсан билээ. Морио хайгаад амарсан ч юмгүй, адуучны дамжаа дүүргээд таарч байх шиг байна энэ хоёр залуу. Өдийд жуулчны ид улирал болохоор хэрэвзээ олдохгүй болоод, төлөхөөр болбол морины эзэд хамаг амьжиргаа залгуулдаг, жуулчинд явж сурсан сургуультай морьд минь гэж айхтар өндөр төлбөр нэхдэг сурагтай. Олдоосой билээ.

Бороо нууран дээрээ, тэрүүхэн тэндээ л ороод байдаг байх гэсэн бодлыг улам бататгаж нуураас нэг их холдоогүй байхад нар шарж байх юм. Харин нуурын тэр хавьцаа цэлмээгүй л байна.


             Битүү бургасан дундуурх бүдэг жим даган шалбааг туучин цааш явж, жижиг гол гатлаад зүүн гар талын уулын энгэрээрх тод жимд орж хэсэг яваад булсан хүнсэндээ хүрэв. Оймсоо сольж, нойтон оймснуудаа эврээхээр үүргэвчнээсээ зүүлээ. Хэдийгээр гутал нойтон ч солих оймс олонтой явбал гайгүй л юм байна. Гутлынхаа чийгийг шингээж аваад хөл нь боломжийндуу. Дараа явах хүмүүст захиж хэлэхэд оймс илүүднэ гэж байхгүй шүү.Заримыг нь галд ээж байгаад шатааж болзошгүй гэдгээ тооцсон ч тэр.

                                                      "Мөстэй ам буюу Зараа уул"


               Хурдны зам шиг дардан жимээр замаа үргэлжлүүлж голын цаадах хошууны наана харагдах 2 модоор баримжаалан явсаар Хонгорын (түрүүчийн бичлэг дээр Хагийн гол гэж андуу бичсэн байгаа) голоо хүрлээ. Саяын хэд хоногийн борооноор гол нэлээн нэмжээ. Чулуу дамжин гатлалтгүй болж. Иймд гутлаа тайлж цүнхнээсээ зүүгээд, хөлдөө сандаал углаж нэлээн дээд хэсгээр нь туулж гарав. Өвдөгнөөс дээш устай хэсгээрээ бол өндөр цүнх үүрч, хүндийн төв нь дээшилсний дээр урсгалд элж мөлийсөн чулуунуудын завсраар хөлөө эвтэйхэн тавих гэж хичээн яваа хүнийг тэнцвэр алдуулан сандаргахаар ширүүн урсгалтай. Уулын голын ус хүйтэн ч гэж овоо. Төлөгнийх шиг хариугүй муу сийрэг ясыг нэвт жиндээн, чөмгийг маань царцаж байх шиг байна аа. Уг нь хурдхан гүйгээд гарчмаар байдаг, гэтэл тэнцвэр алдаад цүнхтэй юутай хээтэйгээ усанд уначвал хөл даарснаасаа эс юм болох гээд аргагүй гүрийлээ дээ.


Гол гараад дахиад л битүү торлог. Ямар өндөр бас шигүү ургаа вээ. Бүр балархай ч болтугай жим алга. Өөр өөрийхөө замыг нээж, бургасны үндэс тааруулан гишгэлж, зүтгэлсээр нөгөө харагдаад байсан 2 модны харалдаа ирлээ. Эндээс доошоо буугаад машин зам руу гарахад тэр зам алдарт Хавиргын даваа руу хөтлөх учиртай гэнэ. Нөгөө алганы хонхорхойны үлгэр давтагдаж доошоо буух жаахаан зайг олон жижиг голыг гаталж бараг 2 цаг зарцуулж байж туулав. Эхэндээ гол гарах бүрдээ гутлаа сольж байснаа сүүлдээ залхуурч гуталтайгаа туулаад хаясан чинь гутлын түрийгээр ус дүүрч, давхар оймс, эсгий улавч нэвт нороод өрөөсөн гутал лав 3 кг болчдог юм байжээ. Баларсан юм, залхуурдаггүй л байж. Нэг амарч, улавч оймсоо мушгиж өмсөөд 66-гаас өөр машин явахааргүй айхтар ус намагтай замд орлоо. Зарим намган дээгүүр мод унагаж машин гарсан бололтой харагдаж байна. Усанд ойчсон хүн борооноос айхгүй гэгчээр, нэгэнт 3 кг гуталтай болж цайрсан хүн замд таарсан бамбалзууртай намгаар шууд, шулуун, шударга туучин баатарлаг зоригтой явлаа. Хөл л холгочихгүй бол гадаа хүйтрээгүй байхад хөл сэрүү оргиод таатай ч юм шиг. Гэм нь жаахан хүнд л юм.

Замд олон гол таарах юм аа. Дахиад 3-4 гол гаталж нэг зогсож амрахад 5 цаг нэгэнт болжээ. Эндээс Хавиргын даваа харагдаж байна. Хэлбэр хэмжээ ижил төстэй, хагас нумарсан 6 ижил даваа болоод ийм нэр авчээ. Алсад солонго татаад бороотой байна даа. Энэ хүрээд Хавиргын давааг өнөөдөр давахаас өөр гарцгүй гэдгээ мэдэж удахгүй буудаллах байх гэж горьдож эрэг нь нэлээн суларсан сэтгэлээ чангалах хэрэг гарав. Айхтар огцом даваа юм гэсэн, өгсөх ч яахав амьсгаадаж байгаад гарчихна, уруудахдаа харанхуй болсон байвал ч амортизатор муутай хөл минь шаргисан сул асга хадаар яажшуухан майжигнах бол доо гэж битүүхэн айж явлаа. Амьтан хүнд үүрүүлчихгүйхэн шиг давчих юмсан.



Шалба норж шалхайсан гутлаа тайлж, түрүүчийн мушгиж үүргэвчин дээрээ зүүж сэврээсэн оймсоо сольж өмсөөд, нойтон гутлыхаа үдээсийг сайн уяж, үүргэвчнийхээ бүсийг сэв хийтэл бүслээд, сэтгэлийхээ эргийг нэг сайн чангалж аваад хөдөллөө. Өнөөдөр л даваагаа давахгүй бол нэг дэхэд ажилдаа очих минь худлаа болох гэнэ. Сонголт байхгүй юм хойно явна даа.

Даваа чиглэн сайхан өргөн, тод жимээр орж алхав. Нартай бороо аяар аяар орж, агаар маш зөөлөн чийглэг, салхигүй тогтуухан, бүлээхэн, таатай. Норсон моддын навчис нарны эсрэг нэвт гэрэлтэж, гараа сунгахад хүрэхээр ойрхон зайд өнгийн солонго алаглажээ. Анх удаагаа солонгыг ийм ойрхноос харж байна. Өмнө солонгыг тэнгрийн эрхэс гэж бодож явдаг байлаа. Гэтэл хөдөөний солонго газартаа бууж ирдэг ажээ. Нар өөд харж нүдээ анихад аньсага дулаахан ягаан туяагаар дүүрнэ. Энэ чигтээ гүнзгий амьсгаа авч хэсэг суумаар. Юутай үзэсгэлэнтэй бөгөөд нам гүм бэ...
 
Хэсэг зуур дуг хийгээд сэрэх шиг боллоо. Өдөр нэг жаахаан унтаад сэрэхэд сэв хийгээд ирдэг шиг л.

Бид Хавиргын давааны хормойгоор уван цуван алхаж явна. Анисны жижигхээн цагаан цэцэг хаа сайгүй. Хаа нэг түрүү жилийн хатсан анис ганц нэг үзэгдэнэ. Өвс навч, шилмүүсний үнэр хамар цоргино. Нар нэлээн тонгойжээ. Бамбалзуургүй жимээр явах сайхан байна даа.


Жим төгсч даваа өөд өгсөх цаг иржээ. Цуварч явснаа цугларч сууж, хэсэг амсхийж аваад 6 цаг хагасын орчимд нэг, хоёрын гурваа, чүү гээд дайралтаа эхэллээ. Овоо эгц хайрхан юмаа. Нэг хөлийхөө өсгийн харалдаа нөгөө хөлийхөө өлмийг тавьж ойрхон ойрхон зөөсөөр, өрөөсөн таягаа тулж хэсэг аахилан явахад өгсүүр нь арай гайгүй болж ирэв. Эргээд харахад моддын завсраар хажуугийн уулын орой харагдана. Овоо л өндөрт яваа юм байна. Хэнтийн уулс нас өтөл тул элж мөлийн оройноосоо халзарч, таг гэж нэрлэгдэх асга, хайрган тоорцог өмсчээ. Үздэгээ үзэж, олныг туулж өнгөрүүлсэн ч цагийн аясаар хүн чанараа гээгээгүй өндөр настан шиг түшигтэй санагдана. Алтайн уулс бол зүсчих гэсэн хурц ирмэг, шовх оройтой. Ааш нь нэг минутанд хэд ч хувирч мэдэхээр тогтворгүй. Хэнтийн гуай Алтай хархүүг хараад би ч бас залуудаа ийм л омголон, исгэлэн халуун байсан даа гэж гуниглангуй боддог биз ээ.

З кг нойтон гутлаа чирсээр яваад даваан дээрээ гараад ирлээ шүү. Санасныг бодвол хурдан гараад ирлээ. Нэр цуунаас нь сүрдээд хэтрүүлж төсөөлсөн бололтой. Даваа болгон өндөр байдаг, давсан хойноо намхан болдог гэдэг нь боллоо. Цүнх үүрсэн 2 хүн зөрөхөөргүй нарийн жимээс доош харахад хөл алдвал тэр чигтээ гулгаад тогтохооргүй шаргисан асга үргэлжилжээ. Зүрх муутай өндөрхөн хүн үүгээр давбал өвдөг чичрэх байх аа. Хажуу тийшээ харахад зэрэгцээ уулын тагаар томоо солонго татсан харагдана.


             Давааны орой дээрх тэгш талбайд овоо босгож. Түрүүлж гарсан хэдийгээ гүйцэж очвол өөдөөс сонингийн цаасанд нандигнан боосон ёотон барьж угтлаа. Амандаа уусган хүлхвэл амттай, шимтэй гэж. Араас гүйцэж ирэнгүүтээ нэг маань овоонд алга хавсарч “ээ тий тий” гэж мөргөж инээд авав. Модны ёроолд очоод цүнхээ мөрнөөсөө мулталбал нэвт норсон хөлстэй нурууг салхи жиндүүлнэ. Алхаад л байхгүй бол ахиухан амс хийвэл осгох шинжтэй. Үлдсэн хэдийгээ хүлээж зогсох зуур савны ёроолд байсан хатуу ундаанаас ганц ганц балгавал ходоод халуу оргиод сайхан болоод ирж байна. Жоорны шоколадаа гарган хувааж мэрсээр уруудах замдаа орлоо.


Уруудах нь ч бас санаснаас гайгүй байна. Хад чулуу биш, уулын хар шороон хөрсөнд хавж ургасан моддын үндсэн шатаар дамжин бүүр харанхуй болохоос өрсөн буудаллах санаатай яаравчилсаар дөнгөж бууж ирэнгүүтээ нэг их холдолгүй ойн жимийн хажуугийн бяцхан зайд, хуучин отог дээр буудаллав. Боргоцой цайруулсан хаягдал өтсөн байдаг тул самарчдын отог дээр буух дэмий гэнэ. Мэдүүштэй юм. Мэддэггүй хүнд бол майхан барихад бэлэн, хуурай талбай гэж бодогдохоор.

Манайхан хөлстэй хувцсаа сольж, майхнаа босгон хоол цайгаа хийхээр яаравчлан хөдлөв. Юу юугүй харанхуй нөмөрч, дахин нэг түүдэг асаан тойрч зогсон гутал оймсоо эврээлээ. Ёотон хийсэн давстай хар цайны амтыг ээ. Явж явж ирээд утаа үнэртсэн хээрийн хар цай уухаас илүү жаргал энэхэн орчлонд үгүй мэт санагдана. Сархинаг хатсан аятай уугаад уугаад дэвтэхгүй. Дахин нэг тогоо цай буцалгаж ууж байж ханав.

За тэгээд үхтлээ ядарсан хүмүүс хоол идээд тас тас үсрээд унтаад өгөх юм байх гэсэн бас л үгүй юм байж. Галаа ширтэн сууж, гутлаа хатаах нь хатааж, шатаах нь шатааж, градустай ундаанаасаа ганц нэг балган дуу аялсаар шөнийн 2 цагт өндөрлөв.


Маргааш Тэрэлж рүүгээ ойртож буух ёстой. Гэртээ харих дөхөж байна даа...

7 comments:

  1. хамт алхсан юм шиг л болчилоо

    ReplyDelete
  2. Хүүе ингээд дуусч байгаа юм уу. Цааш нь яасан бэ Өнөрмаа. бичнэ биз дээ.

    ReplyDelete
  3. Хүүе Өнөрмаа чинь аймаар завгүй байна аа. Одоо дахиад 2 өдөр байгаа.

    ReplyDelete
  4. Энэ Өнөрмаа гал дөл гаргадаг сураг дуулдсан шүү, аягүй бол өвлийн аялал ч хийдэг байж магадгүй?

    ReplyDelete
  5. Гал гаргаж байгаад баригдциймаа.

    ReplyDelete
  6. yamar goe yum be ? havtsalaar buugaad gol garsanii daraa ter namhan hotol deergarahad ih yadardag daa. tegeed buugaad buuraliin gol garaad boon yalaatai daitana. hee yamar saihan baij ve ? buur dogdolchihloo.
    Moroodoj unshsan bazaraal@yahoo.com

    ReplyDelete