Николай Николаевич НИКУЛИН
ВОСПОМИНАНИЯ
О ВОЙНЕ
Печатается по решению Редакционно-издательского совета
Государственного Эрмитажа
Идея серии - Г. В. Вилинбахов, М. С. Глинка, М. Б. Пиотровский
2-е издание. СПб. Издательство Гос. Эрмитажа
2008 г.
“Өв хадгалагч” цувралын хүрээнд бид энэхүү номыг гаргаж байна. Номын зохиогч, бас гол баатар бол нэрт эрдэмтэн, байгалаас заяасан урлаг судлаач, Эрмитажийн эрдэм, шинжилгээний уламжлалыг үргэлжлүүлэгч, Петербургийн Урлагийн Академийн тод төлөөлөгчдийн нэг Николай Николаевич Никулин билээ. Тэрбээр эртний Европын зураачдын бүтээлүүдийг гүнзгий судалснаас гадна уран зургийн талаар торгон мэдрэмжтэй нэгэн юм. Төрөлх орос хэлээ гайхалтай эзэмшсэн тэрбээр олон сайхан ном бичсэн төдийгүй лекц, илтгэлүүд нь ч сэтгэл татам сонирхолтой билээ.
Шилдэг урлаг судлаачдын хэд хэдэн үеийг сурган хүмүүжүүлсэн түүний шавь нараас нь цөөнгүй хүн Эрмитажад ажиллаж байна. Никулин гуай олон сайхан дурсамж-өгүүллүүд бичсэн юм.
Харин энэ удаа, эрдмийн мөр хөөсөн, дөлгөөн профессор маань та бидэнд түүхийн үнэнийг хайр найргүй дэлгэхээр хандаж байна. Тэрбээр Дайны тухай ном бичжээ. Зүрх шимширмээр, хатуу ширүүн ном. Гашуун боловч үнэнийг дэлгэсэн болохоор энэ номыг уншихад сэтгэл өвдөнө.
Олон янзын үнэнүүд нийлж байж, дайны үнэн дүр зураг бүрддэг бөгөөд хүн бүр дайнаас өөр өөрийн гэсэн үнэнийг тээж үлджээ. Зарим нь баяр хөөрийг, зарим нь эмгэнэл, харууслыг тээж үлдсэн бол зарим хүмүүст дайн амьдралын утга учрыг дүүрэн ойлгуулж, харин зарим нэгд нь юу ч ойлгуулсангүй. Дайнаас олж авсан үнэнээ бусдад хүргэхийг хүсч буй хүн ямар ч байсан ингэж ярих эрхтэй нэгэн байх ёстой билээ.
Николай Николаевич бол нэр нь цэргийн толь бичгүүдэд дурдагдсан дайны баатруудын нэг билээ. Түүний асгаруулсан цус, гаргасан эр зориг нь дайнаас олж харсан үнэнээ та бидэнд ийнхүү өгүүлэх эрхийг түүнд олгож байна. Оросын урлагийн түүхийн номуудад тэмдэглэгдэн үлдсэн нэр нь ч энэ эрхийг бас олгож байгаа билээ. Гэгээн сайхныг эрхэмлэгч, нандин үнэт зүйлүүдийг сайн мэддэг түүнд дайны аймшиг, утга учиргүй байдал бүр ч онцгой, хурц тод мэдрэгдсэн нь лавтай. Тийм ч учраас дайны тэр бүх гамшиг, утга учиргүй мунхаглалыг гайхаж балмагдсан цэргийн нүдээр биш, урлагийн хүний өнцгөөс харж бичжээ. Энэ бол оновчтой дүгнэлт, бодит зураглалуудыг техникийн шинжлэх ухаанаас илүү урлагийн нарийн мэдрэмж харуулж чаддагийн жишээ билээ.
Ийнхүү бодит дүр зургийг мэдрүүлж, түүгээр дамжуулан болж өнгөрснийг ухаарах ухаарал ирдэг билээ. Дайн, ялангуяа ХХ зуунд тохиолдсон шиг гамшигт дайнууд, ямар ч сүрхий шударга шалтагтай байлаа гэсэн та бидний амьдралаас үүрд арчигдан хаягдах ёстой. Эс тэгвээс энэ дэлхийн төгсгөл ирэх нь тодорхой.
Михаил Пиотровский
Улсын Эрмитажийн захирал
...Намтар түүхийг нь харвал Н.Н.Никулиний амьдрал, уран бүтээл дутуу юмгүй, амжилтаар дүүрэн, чухам үүнээс илүү юу хүсэх билээ дээ гэмээр бодогдоно. Эрмитажийн эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, гялалзсан эрдэмтэн, байс хийгээд л гадаад улсад уригдаж хурал цуглаан, симпозиумд оролцоно. Бүр социалист системийн хэдхэн орноор ч биш, тухайн үед дайсанд тооцогддог асан барууны орнуудад зорчино гээч. Баварийн уран зургийн академийн эрдэмтэд түүнийг эелдэгхэн бөгөөд асар их хүндлэн хүлээж авна. Эрмитажийн захирал өөрөө тэрнийг “Урлаг судлалын түүхч байхаар заяасан хүн” гэж тодорхойлсон байдаг.
Гэвч бүхний танил энэ нэр хүндтэй эрдэмтний маань дотор дайны тухай арилшгүй гашуун дурсамжууд амь бөхтэй зууралдсаар байсныг хэн бүхэн тааварлаагүй биз ээ. Энэ бол бидэнд сургуульд зааж, телевизээр үзүүлж, театрт гаргадаг, нам эвлэлийн нарийн шүүлтүүрээр шүүгдэж угаагдсан, бидний үзэж дассан, тийм л гэж ойлгож явсан тэр дайн биш юм. Жинхэнэ, болоод өнгөрсөн, бохир заваан, гутамшигт муухай, бодит дайн. Николай Николаевич өөрөө “цэргүүдийн гавлыг зайгүй дэвсэж байж Берлин орох замаа зассан” гэж энэ дайнд ялсан Сталиний тухай хэлсэн байдаг. 1975 оноос Николай Николаевич зөвхөн өөртөө зориулж дуртгалаа сэргээн бичиж эхэлжээ. Барууны орнуудад багагүй очдог байсан нь ч нөлөөлсөн биз. “...Тэмдэглэл маань хэвлэлтэнд зориулагдаагүй билээ. Барууны орнуудад хүмүүс сэтгэл зүйчид хандаж сэтгэлээ амирлуулахын тулд өөрийн хямрал, зовнил, нууцаа дэлгэдгийн адилаар би бээр өнгөрснөөсөө салах гэсэндээ, ой тойнд минь гүнзгий шигдэж бузар булай, булингарт гутамшигт мэдрэмжийн үрийг цацагч дурсамжаасаа ангижрахын тулд, муу муухайд зовиурлаж дарлагдсан сэтгэлээ чөлөөлөхийн тулд мөнөөх дурсамжуудыг цаасан дээр буулгаж байгаа нь энэ... . Амьдралын аливаа туршлага суугаагүй, хүмүүнийг таниагүй, хувь заяаны цохилтоос өөрийгөө хамгаалах арга мэхгүй хүүхдээрээ шахуу байхдаа дайныг туулсан билээ” гэж тэр бичжээ. Энэхүү тэмдэглэл 20 гаруй жил дарагдсаны эцэст 1990 оны сүүлээр Петербургийн дайны түүхийн “Новый Часавой“ сэтгүүлд хэсэгчлэн хэвлэгдсэн байна. Найз нөхөд, ойр дотныхон, хамт ажиллагсад нь түүнийг дурсамжаа бүтнээр нь хэвлүүлээч гэж ятгадаг байсан ч тэр эрс татгалзаж байв. “Дотоодыг хамгаалах” одоо болтол ажлаа хийж байгаа гэж тэр итгэдэг, хүмүүс үүнийг нь мэдэхгүй байна гэж үздэг байлаа. Гэвч эцсийн эцэст, зүрхээ чангалан байж тэр зөвшөөрсөн юм. Цөөн хувиар, жижигхээн хэвлэсэн тэр номууд Эрмитажийн цорын ганц мухлагаас чухам нисэх мэт алга болж байв. Дахин цөөн хувийг хэвлүүллээ. Тэгтэл нэг томоохон бизнес эрхлэгч номыг уншсаныхаа дараа зохиогчид багагүй мөнгө төлж, 50 мянган хувь хэвлүүлээд оюутан, их дээд сургуулийн багш нар, түшмэд дарга, сайд нарт тараах хүсэлтээ гаргав. Ивээн тэтгэгчийн энэхүү хүсэлтээс айж цочирдсон зохиогч мөн л эрс татгалзсан боловч хэвлэгдэж амжсан цөөхөн хувь нь нийгэмд бөмбөг тэсэлсэнтэй адил маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн билээ.
Николай Николаевичийн бичсэн дурсамжийг үнэн гэж хүлээн зөвшөөрөх нь өдийг хүртэл бидний хүлээн зөвшөөрч ирсэн дайны тухай тэрхүү үзэл сурталжсан төсөөллийг хуурамч, зохиомол гэж хүлээн зөвшөөрөхтэй утга нэг юм. “Сталины төлөө, Эх орныхоо төлөө” зэрэг зохиомол агуулгатай улс төрийн урианууд нь үнэн хэрэгтээ ямар ч дайтах чадваргүй засаглалын хийсэн утга учиргүй цус урсгасан дайны бодит үнэн, бохир завааныг далдлах зорилготой байж.
Николай Николаевичийн дурсамжийг тоохгүй өнгөрөхийн, хуурамч гэж няцаахын аргагүй, хэтэрхий гэмээр бодитой билээ. ...Ленинградын орчимд олон газар цус асгаруулсан тулаан болж, засаг төрөөс хамтралчдад хүүрэн овоог оршуулах тушаал өгч байсныг, гэвч өлсгөлөнд нэрвэгдэж яс арьс болсон хамтралчид юун нүх ухах манатай байсныг үзсэнээ нүдэндээ нулимстай ярьж байсныг нь би санаж байна. Ном хэвлэгдсэний дараа цочирдож салгасан “зөвлөлтийн эх орончид” зохиогчийг хараан загнаж, үзэн ядаж байсныг бас мэдэх юм.
Хамгийн сүүлийн удаа түүнтэй хотын захад оршдог, нэрт эрдэмтнийх гэхэд дэндүү даруухан орон сууцанд уулзаж билээ. Хүндээр өвчилж хэвтэрт ороод байсан ч тэрээр хүчлэн байж бидэнтэй цаг гаруй ярилцсан юм. Түүний өвдөж, тамир тэнхээ муудсан гэдэг нь сэтгэл шимширч, нулимс гармаар. Шархадсан эрэлхэг махбодийх нь гал дөл бөхөж байсан ч гайхалтай өгөөмөр эхнэрийх нь хайр халамжийн ачаар халуун бүлээн хэвээр байсан юм.
Тэрээр радиогоор сургааль номлолыг нь сонсч, хүндэлж биширч явдаг хамба лам Георгий Митрафановтой танилцахыг ихээр хүсдэг байлаа. Гэвч амжсангүй. Яагаад ч юм гэрээс нь гарахын өмнө би түүнд хандаж “хайрт Николай Николаевич минь ээ, та минь тэсч үзээрэй. Бид таны төлөө маш их залбирах болно шүү” гэхэд “хонгор минь, энэ маш чухал шүү” гэж хэлээд уйлж билээ.
Гуравдугаар сарын 29-нд Петропавловскийн сүмд түүний үнэн алдартны сүмийн лам Георгий хойдхын буяныг уншиж, салах ёс хийсэн юм.
No comments:
Post a Comment