Николай Николаевич Никулин (1923-2009)
Санкт-Петербургийн улсын Эрмитажийн шинжлэх ухааны ахлах ажилтан, эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, эртний европын зураачдын бүтээлийн амьд нэвтэрхий толь, умард Нидерландын уран зургийн нэрт мэргэжилтэн, 15-16 дугаар зууны Нидерландын болон 15-18 дугаар зууны Германы уран зургийн хосгүй үнэт бүтээлийг хадгалагч Николай Николаевич Никулин 1923 оны 4-р сарын 7-нд Ярослав мужийн Мологский районы Погорелка сууринд төрсөн. Эцэг Никулин Николай Александрович (1886-1931) Санкт-Петербургийн их сургууль, эх Никулина Лидия Сергеевна (1886-1978) Бестужевийн нэрэмжит эмэгтэйчүүдийн дээд сургуулийн төгсөгч. Гэргий Григорьевна Ирина Сергеевна (1930 онд төрсөн) улсын Эрмитажийн өрнөд Европын урлаг судлалын хэлтсийн эрхлэгч. Хүү Никулин Владимир Николаевич Оросын шинжлэх ухааны академийн цөмийн физикийн институтэд ажилладаг. Охин Никулина Лидия Николаевна нь 1961 онд төрсөн. Дөрвөн ач зээтэй.
Николай Николаевич 1941 онд арван жилийн сургуулиа төгсөөд тэр жилийхээ арваннэгдүгээр сард их бууны 833 дугаар хороонд алба хааж, Волхов, Кириша, Погостье, Смердыня орчимд тулалдан, Ленинградын бүслэлтийг сэтлэлцэж явжээ. 1943 оны зун 1067 дугаар хорооны 311-р их бууны дивизийн нэгдүгээр батальоны бүрэлдэхүүнд байхдаа германы 18 дугаар армийг бут цохих, Мгинскийн төмөр замыг чөлөөлж, Ленинрадыг бусад хэсэгтэй холбогдох найдвартай холбоогоор хангах зорилготой Мгинскийн гэх ажиллагаанд оролцсон байна. Мэргэн буучийн курс төгссөнийхөө дараа автомат буучдын ахлагчаар, дараа нь 45 мм-ийн их бууны чиглүүлэгчээр ажиллаж байжээ.
1943 оны есдүгээр сараас хүнд их бууны 48 дугаар бригадын хамт Медведь станц, Псков, Тарту, Либаву хотуудын төлөөх тулаанд оролцож байв. 1945 оны эхээр Варшаваас Данциг хүртэлх нутгуудыг чөлөөлөлцөж явжээ. Улмаар Берлин хүртэл тулалдаж, дайныг түрүүч цолтойгоор дуусгасан байна. Тулалдаж явахдаа дөрвөн удаа шархдаж, битүү бэртэж байжээ.
Байгуулсан гавьяа, эр зоригийг нь үнэлж Эх Орны дайны нэгдүгээр зэргийн одон, Улаан таван хошуу, Эр зориг медалиуд, Ленинградыг хамгаалсны төлөө, Варшавыг чөлөөлсний төлөө, Берлинийг авсны төлөө зэрэг одон медалиудаар шагнасан байна.
1945 оны намар цэргээс халагдсаныхаа дараа Ленинградын улсын их сургуулийн түүхийн ангийн оюутнаар элсэж, 1950 онд онц дүнтэй төгсөв. 1949 оноос Эрмитажид хөтөч тайлбарлагчаар ажиллаж эхлээд улмаар 1955 онд Эрмитажийн тэргүүлэх хэлтсүүдийн нэг болох өрнөд европын урлагийн хэлтэст шинжлэх ухааны ажилтан болж, тэндээ 50 гаруй жилийг үр бүтээлтэй өнгөрүүлжээ. 1957 онд Улсын Эрмитажийн дэргэдэх аспирантурт суралцаж төгсөөд урлаг судлалын эрдэмтний зэрэг горилсон диссертациа хамгаалсан байна.
Николай Николаевич Никулины эрмитажид ажиллах хугацаандаа зохион байгуулж байсан олон тооны үзэсгэлэнгийн материалаар “18 дугаар зуны германы байгалийн зураг”, ”18 дугаар зууны германы уран зураг”, ”Антон Рафаэль Менгс”, ”Якоб Филипп Хаккерт”, ”Таллиний музей дахь Мартин де Фосын зураг. Сэргээн засварласан түүх”, ”Өрнөд европын хөрөг зураг” (Ю.А.Русаковын хамтаар) гэсэн каталогууд хэвлэгдэж байлаа. Мөн түүний шууд санаачлагаар оросын болон Австри, Польш, Берлин, Веймар хотуудад эрмитажийн зургийн үзэсгэлэнгүүд зохион байгуулагдаж байжээ.
Н.Н.Никулин бол “Эрмитаж дахь Нидерландын урлагийн бүтээлүүд”, ”ЗХУ-ын музейнүүд дэх Нидерландын 15-16 дугаар зууны урлагийн бүтээлүүд”, ”Эрмитаж дахь Германы урлагийн бүтээлүүд”, ”Нидерландын уран зургийн алтан үе”, ”Антон рафаэль Менгс”, ”Якоб Филипп Хаккерт” зэрэг 160 гаруй өгүүллэг, ном, каталог, сурах бичиг гарын авлагын зохиолч хүн юм. Түүний бичсэн олон тооны өгүүллэгүүд нь Орос, Итали, Польш, Унгар, Герман, Бельги, Голландын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд гарч байжээ.
Улсын Эрмитажийн захирал, академич М.Б.Пиотровскийн хэлснээр, олон олон урлаг судлаачид өөрийгөө Н.Н.Никулиний гарын шавь гэж бахархдаг. Түүний шавь нар улсын Эрмитаж, оросын олон хотууд болон хилийн чанадад ажиллаж байна. 1965 оноос Николай Николаевич эрмитажид ажиллахын сацуу Репиний нэрэмжит уран зургийн академиийн 15-18 дугаар зууны өрнөд европын урлагийн тэнхмийн эрхлэгч, профессор багшаар ажиллах болж, “Босхын уран бүтээл”, ”Брейгелийн уран бүтээл”,”15 дугаар зууны Нидерландын уран зураг” зэрэг мэргэжлийн курсуудыг хөтлөн явуулж, аспирантын ажлуудыг удирдаж байв. Тэрээр 1991 онд Оросын уран зургийн академийн сурвалжлагч гишүүнээр сонгогджээ.
Н.Н.Никулин 2009.3.19-нд 86 насандаа Санкт-Петербург хотноо мөнх бусыг үзүүлсэн байна. Түүнийг оросын шинжлэх ухаан, урлагийн нэрт зүтгэлтнүүдийн хамтаар Смоленскийн бунханд нутаглуулжээ.
No comments:
Post a Comment