Хагийн хар нуур бол миний толгойд дээрээс хойш 12 жил бодогдсоор явсан газар юм. Анх энэ газрын тухай манай аав ажлынхантайгаа 1998 оны 6 сарын сүүлээр явж ирээд ярьснаас хойш өөрөө ингэж явахсан гэдэг хүсэл бараг л бэтэг болтлоо ходоодны мухарт суусан байна. Тэгээд 2004 оны орчмоос Цэцээ гүн рүү гэнэ гэнэ ухас хийдэг хэдэн найзуудтайгаа энэ сэдвээр ярилцсаар байгаад энэ жил л ажил албаа зохицуулж явахаар сэтгэл шулуудацгаасан бүлгээ.
Хавар Төвд рүү яваад амралтын цөөн хоногтой үлдсэний учир ажлын өдрөөр таарсан наадмын 2 өдөр, 2 талын хагас бүтэн сайн, 3 хоногийн амралтаа нийлүүлж зүйж байгаад 9 хоног гаргаж авлаа. Нэг биш хүн, хүнд зэрэглэлийн аялал шүү, бас 7 сард ялаа шумуул нь дийлдэхгүй дээ гэж анхааруулж байна.
Интернэтээс жаал жуул юм олоод мэдчих санаатай ухвал бүр дэлгэрэнгүй мэдээлэл алга аа. Голдуу зураг, түүний дор ямар сайхан газар вэ, явах юмсан гэсэн сэтгэгдэл л байх юм. МУТИС-ийн түүхийн Сэрдарам багшийн нийтлэл (http://serdaram.origo.mn/content/view/124/35/ ) хамгийн их мэдээлэлтэй нь. Тэнд бичсэнээр бол нутгийн индиануудад хоол хүнс, бусад эд юмаараа өргөл өгөөд буцахаас аргагүй болж байсан баг бий гэнэ. Бас бие засахдаа орон тооны 2-3 ялаа сэвэгчтэй явахгүй бол хэцүү гэж байна. Дээр нь догшин хангай тул хаа хамаагүй ус руу харайж ороод байх хэрэггүй бололтой. Бусдаар бол онгон зэрлэг диваажин гэжээ.
Уг нь бид хэд анхнаасаа ачаагаа моринд ачаад, өөрсдөө аппаратнаас өөр ачаагүй, зураг буулгасан шиг явна гэж төлөвлөж байсан юм. Гэтэл нэгд морь хөлслөх багагүй үнэтэй (4 морь хоногт 80,000 хөтөч 25,000, ингээд нийт 9 хоногт 945,000 төгрөг, нэг аялагчид 160 орчим мянга ногдоно ), хоёрт тувт торлогтой замаар явахад морины хөл, гэдэс урагдаж, тэр шархан дээр нь ялаа шавж, хөөрхий адгуус амьдаараа тамын зовлон эдэлж, заримдаа шархаа дийлэхгүй үхдэг гэж дуулаад монголын аялал жуулчлалын ирээдүй болсон оюутнууддаа хөрөнгө оруулалт хийхээр шийдэцгээсэн билээ. Бид чинь хүн юм байна, эрхбиш ялаагаа үргээгээд байх байлгүй дээ. Хотын захиргааны хуучин байрны хойд үзүүрт байдаг загасны дэлгүүрээс шумуулны тортой десант өнгөтэй малгай нэг бүрийг нь 2,000 төгрөгөөр худалдаж аваад хямдхан авлаа гэж багагүй олзуурхав. Аянчин аутфиттерст 20-30 мянга байсан сурагтай. Гол нь захтай, ханцуйтай сорочк загварын цамц өмсөх хэрэгтэй юм байна. Гараа бут бургасанд урахгүй, бас ялаа шумуулнаас хамгаална, дээр нь шумуулны торны доод резинтэй хэсгийг цамцны захан доороо тээглүүлж өмсөх учиртай юм байна. Их дэлгүүрийн зүүн хойд үзүүрт байдаг аяллын хэрэгслийн дэлгүүрт цувны маягтай материалтай, нуруундаа агаар нэвтрүүлдэг тортой зориулалтын аяны цамц 32 мянга гээд байсныг авч, мөн хуучин өөрт байсан даавуу сорочкоо нэмж авлаа.
Энэ жил зуднаас болоод мах үнэтэй болсон тул хоол ундны төсвийг нэг хүний өдрийн 8000 төгрөгөөр төсөвлөж, авах зүйлсийн жагсаалтаа гаргав. Уг нь нойтон мах ихээр шуузалж байхаар хөнгөнөөр нь ахиухан борц авъя гэсэн санал гарсан боловч үйлдвэрийн аргаар боловсруулсан борцны амт гэж цааснаас ялгаагүй байдаг гэж дуулаад болив. Хүн бүрт өдөрт 250гр шууз, 35 гр борц, 150гр будаа, 50гр ургамлын тос, 160 гр гоймон, хэдэн бэлэн гоймон, чанадаг суп шөл, жаахан ногоо, загас амтлагч, ууттай гүрж цай, хуурай сүү, ёотон, 7 хүн өдөрт нэг 0,75 литрийн цагаан архи, нэжгээд хар шоколад, амны зугаа болгож ааруул, тогоо барих, түлээ түүхэд хэрэглэх ажлын цагаан бээлий, харшил, хордлого, гэдэсний болон өвчин намдаах ойр зуурын эм, шарх цэвэрлэх иод, ариутгагч марганц, шүдний оо, саван, нойлийн цаасаа авчихаад хоног тоолоод сууж байна даа. Майхан сав, хөнжил гудсаа хувь хувьдаа базааж байгаа. Одоо дутуу зүйлээ нэг бүртгэж шалгаад, 7 сарын 10-ны өглөө цүнх саваа шүүрч гарахад бэлэн болгоод тавьчихна. Ирээд явсан газрын сонин дуулгамз. Тэр болтол сайхан наадаад, сайхан хөл бөмбөгдөөд байж байгаарай.
Аргагүй л аялж сурсан хүн шиг хумсны хутга, ялааны алуураа хүртэл бэлдсэн байна шүү дээ. Ялаа шумуул гэснээс шумуул үргээдэг гээд хэд хэдэн янзын юм манай энд дэлгүүрт зардаг юм. Зарим нь хүзүүндээ зүүдэг тэр нь химийн бодис ялгаруулж шумуул байтугай шувуу ч холуур тойрдог юм ярих юм, бас шүршдэг спрэй ч байна, шатаадаг хүж шиг ч юм байх юм. Хүзүүндээ зүүдэгийг нь их усны дэргэд хоёр хонохдоо майхандаа зүүж хонолоо, шумууланд нэг ч хазуулсангүй. Наана чинь уул нь дэлгүүрүүдэд очсон баймаар л юм. Дунджаар өдөрт 6 цаг хэрэглэхэд 20 хоног даадаг, үнэ нь монгол мөнгөөр 20 мянган төг орчим байна. Хүсвэл явуулж болно шүү, ходоодныхоо мухарт бодлоо хадгалдаг хүнээ!
ReplyDeleteСая лавлаж харлаа, 1000, 5000 төгрөг гээд бүр хямдхан нь ч бас байдаг юм байна...
ReplyDeleteХөөх, сайхан мэдээ байна, мэдсэн бол эртхэн хэлдэг байж, одоо амжихгүй биз дээ.Их баярлалаа, ходоодны мухарт 12 жил удсан мөрөөдөл маань биелэхэд ойрхон байна даа.
ReplyDeleteza bolgoomjtoi yavaarai. Baavgai chono geh met amitan garval yahaa medej bgaa bizdee?
ReplyDeleteСайн яваад ирлээ. Удахгүй бичиж эхэлнэ ээ
ReplyDeleteSain bazaajee
ReplyDelete50-60 хүн Хагийн хар нуур луу явган аялна гэж байх уу? Аль талаас нь дайррах вэ? Сөгнөгөрөөс, Естийн рашаанаар явж болдог гэхийн.
ReplyDelete50-60 байтугай л олуулаа явдийн гэсэн. Энэ жил бороо ус их байгаад хүмүүс өөр замаар яваад байгаа сурагтай. Энэ жил явсан хүнтэй ярилцсан нь дээр байх аа.Амжилт
DeleteСайн байна уу
ReplyDeleteАяллын тэмдэглэл тань уран сэтгэмж нь хөгжсөн хүнд бол очоод үзсэн юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр сайхан болжээ. Намайг Төвшин гэдэг. Аялах дуртай. Аялдаг. Тантай холбоо барьж уулзах хэрэг байна. Би 8 сард Хагийн хар нуур явах гэж байгаа юмаа. Миний утасны дугаар 99230323