Thursday, July 22, 2010

2010.07.10-Эхний өдөр


            Өглөө 6.30-д тохирсон дагуу пургонтой жолооч ирж бидний 8 хүнийг гэр гэрээс нь аваад 11 цаг гэхэд Тэрэлжээс зүүн хойшоо өгсөөд 110 км орчимд пургоны хувьд үүнээс цааш газар үгүй болсон тул тэндээ хаягдав.

                                                
                                                        "Тэрэлжийн овоо"
Ингээд архиа усны хуванцар саванд суллаж хийгээд, хоол хүнсээ гарган хувааж үүрцгээх юм боллоо. Гаргаж хаялсан ачаагаа хараад санаагаар унаж байна аа. Явган аялал хүнд тул хоол унд муутай явж болохгүй, гэтэл бас илүү ачаа үүрмээргүй байдаг. Ачаа маань илүүдээгүй байгаа даа гэж хоол ундны төсөв хийлцэж, худалдан авалт хийсэн хүний хувьд санаа зовж байлаа. Түүх аялал жуулчлалын ангийн хоёр залуу маань түрүү жил явж байсан туршлагатай улсын хувьд ачааны хүндийг үүрээд урд гараад алга болж өглөө. Бурхан минь, надад ийм ачаа үүрүүлбэл би ч 10 алхахгүй шууд жагсаалаас гарах юм байна. Лав 30-35 кг элбэг байгаа. Өөрийхөө хөнжил гудас, хувцас хунар дээр хэдэн бэлэн гоймон, хуурай сүү зэрэг хөнгөхөөн зүйлс нэмж авснаа хүмүүсийн үүрсэнтэй харьцуулаад  мангар банталттай. Нөгөө талаас хүмүүст чирэгдэж гай болох вий гэсэн айдастай.

Гэвч удалгүй байгалийн сайхан, өнгө будгийн зохицолдоо, өвсний өндөр, цэцгийн тод, тэнгэрийн цэлмэгт сэтгэл сэргэж, явдал зүгшрээд ирлээ. Ачаа минь наддаа л под хийжээ. Мөр ташаа хөндүүрлэж, өгсүүр газар амьсгаадан, нүүрний хөлс асгаж нүд хорсгоно. Зам харьцангуй цагаан тул ойр орчмыг харж бас баясахтайгаа. Ааруул хүлхээд явахад  амаар шүлс дүүрч цангах аюулгүй, дээр нь газар хорооход зугаатай. Жаахан шоколад амандаа хийхэд амттай гэж хачин. Нөгөө ялааны тортой малгай аминд орж байна. Хүн байтугай мал байдаггүй газрын өвс тоосыг дагаад ялаа шумуулны диваажин болсон нутаг юм. Хотоос холгүйхэн ийм онгон дагшин байгальтай, Монгол орон минь ямар сайхан юм бэ.
Өнөөдөр анхны өдөр тул гэнэт их ачаалал өгсөнгүй, хөтөч багш маань 6 цагийн үед буудаллах команд өглөө. Үсрээд л 20км явсан байх.

Туул голын эрэг дээр, уулын нөмөрт битүү бургасан дундах чөлөөнд буунгуутаа 3 шонгоор тулга тулж, голын том чулуугаар сайтар хашиж аваад халуун хараа буцалгаж, гоймонтой шөлөө хийж идээд, хээр гарсан улс ганц юм цааш нь харуулж, голын харгиа , хуурай гишүү шад пад хийн шатахыг чагнаж , улалзан цоролзох галын дөл, түг түмэн оддыг ширтэн, торох тулах бартаагүй чөлөөтэйд задгай сайхан амьсгалж, хоолой мэдэн дуулж суутал цаг ч оройтож унтахаар хэвтлээ. Чимээ аниргүй хөдөө нутаг юутай сайхан, юутай жаргалтай.

Маргаашийн зам хүнд гэсэн. Сайн амрах хэрэгтэй.


5 comments:

  1. би Хаг руу алхаж байсаан. 10 хүнтэй баг 7 хоногт явж байлаа.

    ReplyDelete
  2. Нөгөө улаан том цэцэг байсан даа. Тэрийг сараана гэж байна лээ шүү. эхний өдөр таардаг. нэн ховор улаан номонд бичигдсэн цэцэг гэнэ лээ.

    ReplyDelete
  3. Харин тийм, онцгой гоё цэцэг байсан юм аа.

    ReplyDelete
  4. Даанч тийм байхаа, улсууд ТӨМСНИЙ УЛААН л байна шд гээд байсан юм. Нэг овгийн цэцэгс юмсанж.

    ReplyDelete