Friday, July 30, 2010

2010.07.12-Гутгаар өдөр


Төлөвлөсөн ёсоор бол өнөөдөр ухас хийгээд нуурандаа оччих учиртай. Өглөө хачин сайхан нар гарч, хамаг нойтон гутал хувцсыг хурц илчээрээ таатайяа ээж өгөв. Энэ янзаараа өдөртөө айхтар хална гэсэн тийм нэг битүү хар зарим нэгд нь төрсөн байх нь.
Өчигдрийн зам хүнд байсан тул бид аажуухан өндийж, ааг зоог хийн хоол ундаа хийж идээд, зарим хоол хүнсээ буцахдаа авахаар хадны завсар булж, гол дээр нүүр гараа тухтайхан шиг угааж, үсээ салаалан гөрж аваад үд гэхэд Мөстэйн амнаас (Зараа уул гэж бас нэрлээд байх шиг байна, яг тодорхой нэршил үгүй бололтой) хөдлөв. Хоолоо ихдүүлж өчигдөржингөө хямарсан би гэдэг хүн хаширлаад хөнгөн цай уугаад болохоор шийдлээ. Харин энэ хямралыг гэнэт их ачаалал авсных гэж гимнастикийн багш маань тайлбарлав. Нээрээ л ус таараагүй бол гүйлгэмээр юм. За ямар ч байсан дундуурхан ходоодтой явсны буруу байхгүй биз.
Ингээд майхан саваа цэгцэлж, жин тан болгоод цүнхээ үүрээд жимээр яваад эхлэхээр хэсэг хугацааны дараа  яадаг байх нь вэ, мөр, ташааны хөндүүр мэдэгдэхээ больж, хөл өөрөө явж эхэлдэг байх нь гэж бодсон чинь бас тиймгүй аж. Хөдлөөд удалгүй тэнгэр бүүдийж алсад тэнгэр дуугарч, сүйд хийх янзтай болоод ирлээ. Өглөөний нарыг наранд бүү бод гэж ард түмэн айхтар хэлжээ. Алсын уулс будан дунд өнгө яаж уусдагийг үзүүлэн сүлэлдэн байна. Саарал будгаар хүндээс нь хөнгөн рүү шилжүүлж зурсан юм шиг л. 
 Борооны хүрмээ бэлэн байдалд оруулж, цүнхэндээ цув өмсүүлэн цааш хэсэг яваад жимээ алдаж орхилоо. Жаахан яваад бусдыгаа хараачлахад энүүхэнд яваа мөртлөө битүү бургасан дунд бараа нь үзэгдэхгүй. Бороо шивэрч, сүйдтэй нижигнэж ороогүй ч, бут бургасанд тогтсон ус биднийг салтаа хүртэл шал ус болж орхилоо. Уг нь ундны уснаасаа зайтай газар алхахад халуу шатаж байснаас дээр л юм. Хөл нойтон бургасанд зуураад цуцаж байна. Бас л баахан бамбалзуур, намаг дундуур туучив. Энэ хавийн хөрс тэр чигтээ айхтар усархаг. Цаахантай хэсэг газар намар болсон аятай шаргалтана. Гэтэл энэ нь цурмандаа ороод удаагүй байгаа түймрийн ул мөр ажээ. Ийм усархаг газар шатахыг бодоход нэг хэсэг ч халж өгч дээ. 
Чийгнээс болсон уу яасан, заримын маань бөөр татаж, нэлээн шүд зуун тэвчиж байж урагшилж байлаа. Бөөр өвдөхөөрөө яаж ч болдоггүй хэцүүхэн эд шүү. Хүйтэн чулуу дүүжилчихсэн юм шиг. Загатнасан бол маажихсан. Гэтэл далд байгаа бөөрийг яалтай ч билээ. Орой унтахдаа галд халаасан хавтгай чулуугаар нуруу ууцаа сайхан жигнэж хоносных харин радикулит хөдлөх нь гайгүй байна.  Ер нь иймэрхүү аялалд насны бага, цусны шингэн дээрээ сайн яваад үзчих нь дээр санагдлаа. 40-50 хүрээд ирэхээрээ бүүр л олон юм өвддөг болох биз. Гэхдээ дур эзнээ, дунд чөмөг сүүжээ голдоггүй гэж, бодож санах юмгүй ингээд явж байх сайхаан.
Өнөө харагдаад байсан цурман дээр ирлээ. Жим дээрх шар өвс л шатаагүй үлдэж, хав хар хөөн дундаас нов ногоохон өвсний соёо ургахаар тэмүүлэн цухуйсан харагдана. Ирэх жил энэ хавь гойд ногоорно доо. Зураг авахаар газар өвдөглөвөл нурам нь бүлээнээрээ. Хөлөө аяархаан зөөж явахгүй бол үнс пургилж, хоолой хорсон найтаалгана. Шал усан дунд яаж түймэр асдаг байна аа, хачин юм шүү. 

Нурам дуусч, цаашаа уул залгалаа. Бид уулыхаа жимээр орж аяллаа үргэлжлүүлсэн нь нэлээн алсуур даялахын эхлэл болсныг буцахдаа мэдсэн билээ. Жаахан хазгай чиглээд гарчихад л бараг арваад км илүү алхуулж байгаа юм. Мэдэхнээ хоорондоо маш адилхан уулын 2 онийг андуурсан байж. 
 За ингээд шатсан ой дундуур алхаад байлаа даа. Дайны тухай хар цагаан кинон дээрх даалгавар авсан тагнуулчид шиг л. Ой ч бас гамгүй шатжээ. Хайран юм. Цагтаа шимт хөрс байгаад шатаж одоо болтол уугин байгаа бүлээн нурамны үнс пургиулан хөөтэй унанги модон дээгүүр давж, алдаг оног жим даган явсаар нэлээдгүй өгсөв. 
Тэгснээ уруудаж, модноос гараад хэсэгхэн газар бамбалзуур дундуур гишгэлж явсаар нэгэн жижиг нуурын хажуугаас маш тод, дагтаршиж хатуурсан жим дээр гараад түүгээрээ хатирч гарлаа даа.  Бартаатай газраар бүдчиж явж байгаад хурдны зам руу орох ч сайхан байна шүү гэж. Бидэндээ л хурдны зам болсон  энэ жим уулын бэлээс  орой руу хөтөлж, тэгснээ дахин уруудаж, түүгээр нэлээн явтал, чийг үнэртэж эхлэв. Нуур ч ойрхон л байна даа. 
Нар нэлээн тонгойжээ. Түрүүлж жим олохоор явсан 2 оюутан маань бамбалзуур гаталж байхад жижиг горхины цаана харагдсан, одоо нуураа олсон болов уу.  Одоо аль хэр явж байж зорьсон газартаа хүрэх юм бол доо. Өмнө нь явж байгаагүй, явсан байсан ч Богд уул л харагдахгүй бол баруун зүүнээ алдаж, нар нэг л биш талаас мандаад байна гэж боддог хүнд чинь юун газрын баримжаа байх. Зүгээр л хүний ам хараад л, жим дагаад л, хөлөө зөөгөөд л яваад байвал оройн дээд, цэнгэлийн манлай. Газрын зураг, луужин ашигладаг мундаг аялагчдад бол над мэт нь хөдөө хээр нүдэн балай явдаг хөөрхийлэлтэй амьтан гэж санагдах биз. Гэхдээ газар сайн мэддэг найдвартай хүмүүстэй хамт явж байгаа маань ямар ч GPS, газрын зурагнаас хол илүү учраас ийнхүү  хөлөө зөөхөөс өөр асуудалгүй сэтгэл амар явсан билээ.
Жим маань биднийг уулын бэлээс буулгаж гол руу хөтлөв. Энэ гол гарлаа бол бараг л ирчихлээ гэсэн үг гэнэ. Голын цаана жаахаан өгсөөд харагдаж байгаа хазгай модны хавьцаа нөгөөх яриад байдаг Майдар гуайн бариулсан байшин бий, өнөөдөртөө тэнд хоноглоно гэж багш маань зарлигдлаа. Эндээс нөгөө ав адилхан 2 уулын онио харж хаагуур орж ирэх байснаа ухаардаг байх нь. Гол гарахдаа охидууд нь үүрүүлж, бас болоогүй үүрэх гээд очсон хүнд цүнхээ өгсөн хэрнээ өөрөө гуталтайгаа ус туулсан нэгнийгээ шоолж баахан инээлдэж аваад (инээх тэнхээтэйгээ байна гээч) түр амс хийж, норсон гутлаа сольж байтал түрүүлээд алга болсон 2 оюутан маань бидний цүнхийг авахаар ирж явна. Баярласан гэж. Ингээд цүнхээ өгчихөөд мөрөндөө ачаагүй алхахад газраас хөндий алхаад байгаа юм шиг санагдана. Цүнхний дарах хүчний эсрэг өдөржин ажилласан мөр маань дэлхийн татах хүчний эсрэг өөрийн эрхгүй рефлексээрээ тэмүүлээд байгаа юм байж. Саран дээр л алхахад нэг иймэрхүү байдаг сан. Сайн төсөөлөгдөхгүй байвал хориод кг ачаатай мөн ийм км зайд бартаатай замаар нэлээн шургуу алхсаныхаа дараа цүнхгүй нэг хэсэг яваад үзээрэй. Гоё шүү, сар луу явах гэж нэг их мөнгө үрэх хэрэггүй.  Амьдралын бас нэг амт энэ буюу.
Үнэхээр л жаахаан өгсөөд хазгай модны чигт зорьсон газар минь байж байна аа. Бүрэнхий болж байсан болохоор хажуугаасаа нурж, нар салхинд харлаж хуучирсан, хэмжээгээрээ бол төмөр замын дангуудын дайны, яс сайтай сайхан паалкан байшингийн балгаснаас жихүүцэж, нэлээн зайтай дөлж гарав. Гэтэл бид ердөө л хажууханд нь буудаллах байсан юмсанж. 
Ирэнгүүт нэг маань шалавлан хөдөлж цай чанаад будаатай хуурга хийж эхлэв. Өлсөөд байгаа атлаа хоолны дуршил хөдлөхгүй нь хачин. Гал дээр хоол болох зуурт манайхан майхан саваа босгож төвхнөж амжлаа. 
Ингэтлээ хөдөлсөн мөртлөө суусаар байгаад хөшсөн юм шиг хамаг булчин шархирна. Гал ширтэн зогсонгоо жаахан сунгалт хийвэл харин нүд онгойгоод ирж байна. Хоол болжээ. Гал нь маягтай таарч, агшаагчинд агшааснаас ч сайхан болж гэж магтсаар хоолоо идэцгээв. Харин би гэдэснээсээ айгаад дан цагаан будаагаар болголоо. Хоол идэж амарсан бидний ярианы сэдэв хэлбийж, энэ сүнстэй байшингаас нэг эмээ гарч ирээд хүүхээд гээд юм асуувал яанаа гэж ярингаа нэгнийхээ араас сэмхэн хуруугаараа хатган цочоож баясалдав. Хатгуулсан нь бол айсандаа байдгаараа хашгирч, хамаг биеэ хураан, нуруунаас оргих хүйтнийг үргээх гэж галд ээх зуур, түнэр харанхуй руу ширтэнгээ хүн гээч байгалийн хажууд ямар өчүүхэн гэдгээ мэдэрч зогссон хэрэг.
Ингээд нууран дээрээ сайн явж ирснийх яадаг байхнуу, ганц хоёр юм задалж, зургийн аппаратуураа шад пад хийн шатах галын дөлний үлдээсэн ул мөрүүдийг бүртгэж авч, аяллын бөгөөд гэрэл зургийн хос морьтой багшаараа заалган гар чийдэнгээр зэвсэглэн 2010.07.10-18 ХАГгэж бичих ажилд асар баяртайгаар умбан орцгоолоо. Энэ зуур түрүүчийн эмээг бүр мартжээ. Ямартаа л түнэр харанхуйн гүн рүү айх юмгүй гүйн очиж, бараг хориод удаа оролдож байж нэг гайгүй зурагтай боллоо бид. Түүнийгээ харан хөөрч байна гэж. Ойрд ингэж инээгээгүй юм байна. Оюутан байхад л ингэж юухан хээхэнд баясч, жолоогүй мэт зогсолтгүй инээлддэг сэн.
Өдрийн явсандаа ядарсан хүн нэг ч алга аа. Пижигнэлдсээр байгаад 2 цагийн хэрд нэг юм өндөрлөж, майхандаа орж нүүрээ цэвэрлэвэл нуль хөө. Нүүр цэвэрлэдэг дугуй хөвөн пад хар. Гар чийдэнгийн гэрэлд хөл гараа харвал, ээ бүү үзэгд.  Нөгөө Шурик барилга дээр нэг бүдүүн оросыг хашраадаг даа, нэг тиймэрхүү л өнгөтэй арьс харагдлаа. Маргааш сайхан усанд орно доо. Бараг л үүр цайж байна...

17 comments:

  1. сүүлийн зураг чинь гоё болсон байна шүү. хүнд үүргэвчтэй явж байгаад үүргэвчээ тайлаад явахаар нээрээ л нэг хэсэгтээ жингүүдэж байгаа мэт болдог доо.

    ReplyDelete
  2. ТүмэнжаргалAugust 2, 2010 at 5:07 PM

    20 кг ачаа үүрч яваад үүргэвчээ тайлахад яадаг байх нь вэ? жингүүддэг гэсэн үү,сонирхолтой юмаа.Даанч тийм сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байхаа.

    ReplyDelete
  3. Хэхэ, яг явж байхад миарноо, гэхдээ цүнхээ тайллаа бол юу ч хийхэд бэлэн байдаг нь сонин шүү. Нөгөө бяр дуусна гэж байдгүйм дүү минь гэдэг шиг л. Бензин дуусчлаа гэж бодсон хэрнээ яваал байдаг юм билээ. Ер нь бол өдөрт 50км хамгийн их явах боломжтой гэсэн. Тэрнээс дээш шууд газар хэвтээд таг болох байх.

    ReplyDelete
  4. Буяндэлгэрт, Сүүлийн зураг чинь бараг 2 цагийн хөдөлмөр шд, бөөн пижигнээн болж байж бүтээсийн. Зураг гэхээсээ илүү хамтын бүтээл байхгүй юу. Туршиж үзээрэй, зугаатай шүү

    ReplyDelete
  5. тэгээд яадаг байх нь уу? Хагийн харын зүүн хойд талд орших хадтай уулын оройг олоод харчихсан байхад Хагаа олох асуудал асуудалгүй, харин нилээн явуулж магад гэдэг зүйл бидэнтэй тохиолдсон юм. Хэсэг хугацааны дараа буюу энэ оройноос эхэлж шумуулны мундаг том армитай дайн зарлаж эхэлсэн дээ. Бас ч хүчин мөхөсдөж байсан шүү зарим үедээ. хамуутсан юм шиг маажаад л, нэг нэгэндээ attack-луулсан газраа үзүүлээд л. /тэр дундаа Номин, Хишгээ 2 ч жинхэнэ бай болсон доо хөөрхий/

    ReplyDelete
  6. Намайг хазаагүй шд, кк. Бусад нь тэгээд хэсэг хугацааны дараа яасан байхнуу, маажсан байх нь

    ReplyDelete
  7. Хос гутлын зураг - It's a kind of magic /майжиккк/ гээд дуу байдаг билүү, Queen-ы? ккк, зүгээр тоглосон шөө.

    Тэр гэрлээр зурсан зургуудыг молхи миний тархи яаж хийснийг нь сайн ойлгодоггүй ээ - тайлбарлаж өгөөч.

    ReplyDelete
  8. Нэргүй ээ,

    Аппаратныхаа хөшгийг удаан дээр нь тавиад (30 сек)тэр хоорондоо амжиж гар чийдэнгээрээ үсэг тоогоо бичих хэрэгтэй. Үргэлжилсэн зураас гаргахгүйн тулд үсэг тооны хооронд гараараа гялс таглаад авчих.Аппаратаа аль болох хөдөлгөөнүй бариарай, эсвэл хөл дээр зоочих.

    ReplyDelete
  9. Өнөрөө ч мэргэжлийн зурагчин шиг зөвлөж байх чинь. Сайн байна. Батаа, Баабар, Нараа эд нар холбоотой байна уу? билгүүн дахиад Хаг явах болсон байна лээ.

    ReplyDelete
  10. Их багш амгалан морилж байна уу. Зургийн хувьд би ч муу шавь даа.Ичмээр дамшиг гэдэг шиг л. тэгээд бас хүнд юм хум хэлж өгчижээ. Билгүүн ч хагийн чиглэлд мэргэшиж байгаам байнаа тэгвэл. Нөгөө хэдтэйгээ нээх уулзалдаагүй ээ. Ажил жаахан байна.

    ReplyDelete
  11. goyiin zugaalaad l bi end ajildaa hulegdeed l hehehe

    ReplyDelete
  12. hi yamar saihan bichee ve. hugshin ni unuudur amarch duusaad ajildaa orloo. ehnii 1 tsagiig hag yavsan ayalaliinhaa 3 udriin dursamjaa unshihad zoriullaa gej. goy bn

    ReplyDelete
  13. Нараа юу, сайхан амарсан уу, маргаашийн бичлэгээс загас үнэртэх байх даа, кк

    ReplyDelete
  14. thhhh, neree oruulaagui bn kkkk

    ReplyDelete
  15. naizaa zagasaa unertyaaa...

    ReplyDelete
  16. ene togoog yamar tulgan deer bairluulsan bainaa? uursduu hiisiimuu ugaasaa iim zoriulaltaar ashigladag tumur baidgiimuu? bas us chiigtei gazar yavgan ayalald amerik tsergiin gutal tohiromjtoi yu? harin ch bur daraa bolood diilehee baigaad yadarchihdag yum boluu? esvel us shavart tailahgui tuuchaad baival amar ch yum shig. yamar bol?


    ayalal adal yavdal bol gaajtai saihan baina. zaaval yavna daa

    ReplyDelete
  17. Түвшинд: Заавал яваарай. Ёстой сайхан. Тэр давс ёотонтой хар цайны амт нээрээ юугаар ч орлуулашгүй дээ. Гутлын хувьд шагай хамгаалсан муусайн бүүтс байхад данга дөө. Усны гутал лав миний харахад хар дараа санагдсан. Нэг ээлжийн муу пүүз яахав авна биз. Тогоогоо арматурын төмөр тайраад үзүүрлэсэн юм шиг тийм 35см орчмын 3ш гадсан дээр тогтоосон. Их зүгээр шүү. Зах дээр байх биз. За тэгээд гаажтай сайхан аялаад, үзэж тарна биз

    ReplyDelete