Friday, July 23, 2010

2010.07.11-Дараагийн өдөр


За энэ өдөр ч юун наадам, юун цагаан сар л боллоо. Өглөө нойр дутуу босч ирээд тогоо дүүрэн тос халбилзсан гоймонтой өтгөн шөл (уг нь цуйван хийх гээд явж байснаа давсыг нь  ихдүүлээд шөл болгосон бүлгээ) оройноос нааш юм идэхгүй тул литрийн цагаан аягаараа аваад хаясан чинь хөдлөөд удалгүй гэдэс дотор бэлбэлзээд хямардаг байна даа. 



Үүргэвчний бүсээ хэт чангадуулснаас ч бас болсон байх. Орсон газраар нь огиж гаргаад замаа үргэлжлүүлэв. Өчигдрийн ярьж байснаар бол өнөөдөр дан торлог дундуур хэцүү зам туулж, оройдоо Мөстэйн аманд хүрсэн байх учиртай. Ашгүй түрүүнд явсан 2 оюутан маань бургасан дундаас зам олж бид ядаргаа багатай явж эхлэв. Намар, өвөл гол хөлдөхөөр энэ замаар эмийн ургамал, самар жимс түүгчид том 66 машинаар цувдаг гэнэ.
Бургасны ёроолоор урд хэзээ ч харж байгаагүй 6 дэлбээтэй гоё том улаан цэцэг ургажээ. Зэрлэг цахирмаа байх гэж таав. Байгальд ийм том цэцэг зэрлэгээр ургана гэдэг санаанд багтахгүй л байлаа. Манай орон эрс тэс уур амьсгалтай тул цэцэгс гол төлөв хөөрхөөн жижиг байдаг гэж бодож явсан минь худлаа байж. Тэгэхээр энэ хавийн уур амьсгал зөөлөн байж таарах гээд байна уу даа.
Олон жижиг гол гаталсны дараа маш намгархаг устай болж эхлэв. Бамбалзуур дээгүүр болдог дамжин шалчигнуулан харайсаар нэг хөндийг туулахдаа чамгүй цуцжээ. Ялаа, хөх түрүү буцалж байна. Тухтайхан бие засах гэтэл хөх түрүү довтлоод амар байлгасангүй. Бууж амрах зуур амандаа хийсэн шоколадны хэлтэрхийний амтыг ээ. Суурин дээр нь 20 гаран хөх түрүү намнасан амжилтаар аяллаа үргэлжлүүлж жаахан уруудвал Хаг-Туулын бэлчир залгав. 

Голын эргээр нэлээн урт хугацаанд тухтай отоглосны үлдэгдэл болох хувцас хунар, даавуу шуувууны тасархай, кетчупны хуванцар сав, нөөшний лааз хөглөрнө. Жаахан цэвэрлээд явахгүй дээ. Галаас сэрэмжлүүлэх тэмдэг модонд хадсан байна. Бас гахай онгичсон гэхээр хэсэг газрыг хөрсийг сэндийчээд авч. Бид эндээ сууж жаахан амраад алсуураа нэлээн өгсүүр уул өөд мацаж эхэллээ. Энэ давааг гараад Хагийн голоо гаталж зорьсон амандаа хүрнэ. 
Жаахан өгсөөд явж байтал өглөөнөөс хойш бэлбэлзсэн дотор бүүр хэцүүдэж эхлэв. Сайхан хов хоосон ходоодтой болоосой. Мезимфорт, нүүрс уугаад ч олигтой сайжрал үзсэнгүй. Харин аз болж нэгэнд маань энэтхэг улаан (өндөгний амттай, өмхий давс ч гэдэг) давс байж таараад түүнийг нь усандаа хийж уувал арай дээрдэв. Дараа явахдаа энэ давснаас авч явах юм шүү. Би гэж хүн шартсан аятай бэлбэг бэлбэг хийгээд л амьтны адагт ороод л  ачаандаа түүртээд л явлаа. Бусад маань ачаанаас чинь үүрэлцье гэсэн ч татгалзав. Над дээр хэн нэгний ачаанаас нэмбэл яах вэ гээд бодохоор ачаанаасаа өгөх үнэхээр утгагүй санагдаж байгаа юм. Хаа очиж хангай дэлхий хурц нараар шараад байсангүй, үүлэрхэг байсанд үнэхээр баярлаж явлаа. 
Замын хажуугаар өнгийн цэцэгс багц багцаараа ургажээ. Даваан дээр бусдыгаа гүйцэж очвол 2 оюутан маань түрүү жил энэ хүрээд ангийх нь хэдэн оюутан бас л их ядарч, үүнээс цааш явахгүй гэцгээсэн гэж байна. Би ч бас тоглоом шоглоомоор за багшаа ээпээ авья аа л гэлээ. Нэгнийх нь ул цэврүүтжээ. Хүнд ачаатай хойно аргагүй л дээ. Би зөвхөн өөрийхөө хөнжил гудсыг үүрээд явахад ингэж миарч байгаа юм чинь. Харин эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгллэлийг гутлыхаа улавчинд бариад наачихад цэврүүний шүүсийг шингээгээд авдаг гэнэ. Бас л мэдүүштэй юм. 

Даваа даваад нэг хэсэг ахиад л намагтай бамбалзуур дээгүүр тойрохыг нь тойрч, туулахыг нь туулж явсаар дахин нэг жижиг толгой дээр гарвал өнөө Хагийн гол бургасан дундаас үзэгдэв. Эргээр нь бургас маш шигүү ургасан том том чулуутай уулын гол юм. Харахад ойр ч хазахад хол гэж ганц алганы хонхорхойг хэлээгүй бололтой. Замаасаа гарч, бургасан дундуур намагт хөлөө хийчихгүй санаатай өвс, бутны үндэс тааруулж гишгэлж баахан яваад туулсан замаа эргээд харвал хариугүй жаахан зай хороож. Жаахан тэнцвэр алдвал цүнхэндээ дийлдээд хазайсан чигтээ унахаар. Алсаас харахад халиурсан сайхан өвс ногоо л харагдана. Тулаад ирэхээр ийм эд байдаг байж. Ингээд нэг юм голынхоо наад эрэгт тулж ирээд урсгалд элж мөлийсөн гадаргуутай том том чулууг дамжин хальтирчихгүйг хичээн нэгнийхээ явсан замыг даган уртын харайлт ба тэнцвэрийн гайхамшиг гэдэг үзүүлбэр үзүүлэн харайлдаж эхэллээ. Нөгөө эрэгт нэлээн дөхөөд хальтиргаатай чулуун гүүр мухардаж, охидууд нь үүрүүлж гарцгаав. 

Хагийн гол уг нь нэг их гүнзгий биш боловч урсгал ширүүн бөгөөд ус нь хүйтэн тул аюул нь эндээ байдаг гэнэ. Хэдэн онд ч юм хэсэг хүмүүс гол гарахдаа ачаагаа урсгаж алдаад дахин энэ чиглэлд яваагүй юм гэсэн. Иймэрхүү түүх нэг биш гэсэн шүү. Биднийг хангай дэлхий маань харин ч нэг харж үзжээ. Сая 6 сард хэт халахад энэ хавийн намаг балчиг овоо эвэрсэн нь хад чулууг бүрхсэн хаг таг хатснаас харагдана. Хэрвээ энэ хаг нойтон байсан бол бид гол гараад цааш явахдаа ингэж хаа хамаагүй гишгэлж чулуу дамжин гүйх лөөлөө болох байж. За тэгээд голоо гараад өнөөдрийн хувьд болчихдог юм байх гэсэн үгүй юм байжээ. Цаашаа бас явах юм байх. Бурхан нь бууяаа л боллоо. Очингуутаа шууд хаа ч яахав хэвтээд босохгүй юм шүү гэж бодож явлаа. Голоо гараад жимээ олох гэж жаал мунгинасан ч жимдээ оронгуут хурдны замаар давхих машин адил чөлөөтэй сайхан явж эхлэв. Гэм нь хэт нарийхан жим тул загвар өмсөгч нар шиг 2 хөлөө сайтар зөрүүлж замаа сайн харж явахгүй бол эвгүй гишгэвэл жагсаалаас гарах юм болно. 
Нар жаргах дөхжээ. Өндөр дээрээс эргээд харахад эргэн тойронд ногооны униар татаад, нарны туяанд ус гол алтарна. Даанч зураг авах тэнхээ байсангүй. Аппаратныхаа цүнхийг хүнд үүрүүлсэн хүн чинь цуваа эвдэж цаг алдахаас эмээгээд дуугай л мөрөө харж гэлдэрч явлаа. Сайхан хүйтэн жүүс уух юмсан.
Дахиад л бамбалзуур. Гутлаа сольсон гарууд шатсаан. Одоо уг нь тун дөхсөн. Яваад байдаг юм шүү. Яваарай, яваарай. Тэсээрэй, тэсээрэй.
Эцсийн эцэст ирлээ. Хүний амь яасан бөх юм, Мөстэйн ам яасан хол юм. Бас болоогүй зураг авахуулаад байгаа юмаа.
Мөстэйн амнаас тун яльгүй өгсөөд буудаллах газраа ирлээ. Шууд элгээрээ газар хэвтээд өгье гэж бодож байсан хүн чинь хуурай хувцас гаргаж өмсөөд байна аа. Нохой хамартаа хүрэхээр усч гэж. За ямар ч байсан хүнд нэг их гай бололгүй яваад ирлээ шүү. Хөлийн ул бадайрч хавдсан юм шиг санагдана. Харахаар өөрчлөгдсөн юм алга л. 
Манайхан майхнаа барьж, тулгаа зоож, цайгаа чанаж, хоолоо хийж, хөлсөнд норсон цамцаа эврээж, гутлуудаа гал тойруулан хатаахаар тавьжээ. Мундаг тэвчээртэй, ажилсаг улсууд юм аа. Бахархмаар, бас өөрөөсөө ичмээр.

Ёотон хийсэн давстай хар цайны амтыг надаас битгий асуу. Нэг дор хоёр литрийг ууж байж арай гэж ханав. Үүнээс сайхан унд ууж байсангүй гэж батлан хэлнэ. Амьдралын нэг амт энэ буюу.
Өнөөдөр нийт 10 гаруй цаг явж 35 орчим км замыг туулжээ. Хэдийгээр нэг цагт 3.5хан км явсан гэж тооцоо гарах ч, замын бартаа, биеийн байдлаа бодолцвол наддаа л хөөрхөн сорилт байлаа.  

16 comments:

  1. Sain uu? buh temdegleliig unshlaa. mundag yumaa. yasan ch goy bichdii. ene saraas ehleed munguu hurimtluulj ayalaliin eh uusveree bosgonoo kkk. Tsaashdiin aylaluud chine amjilt husie.

    ReplyDelete
  2. ээддээ өөрөө яг л бичжээ. тэр торлог дундуур хүнд үүргэвчтэй явах ёстой хэцүү. дээрээс нь ялаа шумуул гэж буцалаад. бид нар бол шууд хавиргаар даваад дараа нь хаг туулын бэлчирээр буцсан юм. тэр нэг хэсэг байдаг бамбалзуур ПОРЛОНТОЙ газар их хэцүү байсан санагдаж байна.

    том том асга хад. дээрээс нь хаг ургачихсан. түүний дээрээс нь торлог ургачихсан. гишгих газараа сайн харахгүй бол их гүнзгий нүх рүү гишгэх аюултай.

    хагийн голын хүйтэнг яаанаа. гэвч бид нар бүгд л гуталаа тайлаад хүзүүнээсээ зүүчээд хөл нүцгэн гаталчихсан л юм. аймар хүйтэн. хөл хага ташина гэдгийг чинь жинхэнэ утгаар нь үзүүлж өгсөн дөө хагийн гол. хагийн голоо хөл нүцгэн гаталчихаад наранд хайлаад хэлбэрээ алдчихсан шокладаа голд хийж хэв оруулах гэж үзэж энэ тэр. ядарч байсан ч гэсэн хөгжилтэй явсан аялал байсаан.

    нэг удаа ус багатай газар отоглочихоод хүв хүйтэн кола уух юмсан гэж ямар их мөрөөдсөн гээч. тэр үед дэлхий ертөнц дээрхи хамгийн сайхан зүйл мөстэй хүйтэн кола л гэж бодогдож байсан хэхэхэ.

    миний бичсэн бяцхан тэмдэглэл энд бий
    http://buyandelger.blog.banjig.net/post.php?post_id=2542

    блог дөнгөж хөтөлж эхэлж байсанг ч хэлэхүү жаахан тааруухан тэмдэглэл болсон байх.

    ReplyDelete
  3. Буяндэлгэрт,

    Сэтгэгдэлд чинь үлдээсэнд маш их баярлалаа. Явж үзсэн хүн шиг мэдэрч уншсанд чинь бүүр их баярлалаа. Цааш нь ажлын заваар үргэлжлүүлнэ ээ. Яг явж байхад түмпэнтэй усанд хөлөө дүрээд, жүүс уухсан л гэж мөрөөдсөн дөө, кк. Чи чинь мундаг блогчин хүн юм аа. Зөндөө ч аялсан байна. Танил болоход таатай байна.

    ReplyDelete
  4. eoeo, chinii achaa hamgiin baga gesen chini unen aimaar ikh um shig l haragdaj bna. Bi ch yavsan bol u boloh ni oilgomjtoi bj......
    ter yalaa shumuuliin hajuugaar aalznii tor gej aimaar um bnuuu? oid yavj bhad alham tutamd taaraldaj orootsoldchson l yavj bdag um. Guzeelzgene ikh bnuuu? za daa yamar jims tuuh gej yavsan bishdee....

    ReplyDelete
  5. ТүмэнжаргалAugust 2, 2010 at 1:26 PM

    Аялалын тэмдэглэлүүдийг чинь уншихаар хамт явж байгаа юм шиг санагдах юм.Сайхан бичжээ.Дараагийн өдрүүдийг уншихыг тэсэн ядан хүлээж байна шүү.

    ReplyDelete
  6. Хамт яваад ядарч яваа юм байна даа, хэхэ. Халуун хар уу. Ёотон хийхээ мартав

    ReplyDelete
  7. Хайяа, хорвоогийн хүмүүнийг олон янзаар бүтээсэн нь амарч зугаалж, аялан бадарчилахад хүртэл харагдах ажгуу. Зарим нэг нь байдгийнхаа баруун хаяандаа будаатай цайгаа бувар бувар хийж ээ суухыг жаргал гэдэг бол нөгөө хэд нь зав зай, завсар чөлөө олдвол айл саахалт, ахан дүүсээрээ орж гарна, бас нэг хэд нь дэвэн дэлхийгээр хэрэн тэнэж, хэтэвчтэй хэддээ тохируулан нуур далайн эрэг хавьцаа ууц нуруугаа улаан наранд ээн хэвтэх дуртай байх. Харин хэд нь нуруундаа ахадсан ачаа үүрээд нуур бэдрэн, намаг туучиж явах дуртай бол? Үүнийг орчин цагийн эр зориг, энэ бие- сэтгэлээ ялан дийлэх хатуужил тэвчээрт суралцах нэгэн арга хэмээн үзэж байна. Зовлогоо зовоож эцээж байгаад хэсэгхэн зуур амруулан таашаал авах “гаж дон” гэж бодож байна ккк. Байгаль эхдээ очин золгож, эрхэлж авах гэсэн багачуудын эрх танхи сэтгэл гэж бас бодлоо...

    ReplyDelete
  8. Аяаа, зарим хүмүүсийн үгийн баялаг сэтгэгдэл бичихэд илүү тод харагдах бүлгээ. Гаж донтонгийх нь толгой сүүл холбох авъяас үнэндээ дутаж байна аа, хариу сэтгэгдэл бичихэд. Товчхондоо, ууц нуруу чөлөөгүй шархирч, өвдөг тохой тэнийхээ байхын цагт явж чадахгүй болчихуузай гэж санасандаа, хоёрдож шавар хотондоо шавааралдаж суусаар залхсандаа явсиймаа. Үр дүнд нь өөрийгөө жаахан таньсан гэх үү дээ.

    ReplyDelete
  9. Вайяа, учирыг ухваас зовлогыг хөдөлж зовоож л байхгүй юм бол элдэв өвчин зовиурт нэрвэгдэхийн нягууртай, адаглаад атийж ээтийсээр насны бөгсөнд бусдын гар харахын үндэс язгуур болдог ажаамуу хэмээн өвгөд хууччуулын үглэн сургах оройд орох цаг ирж магад хэмээн сэтгэмүү. Нөгөөтэйгүүр үзэх нүдэнд хичнээн өнгө сайт эд байгаад унаа машаан хөлөглөн бөгс амар очин хүртэх, өчүүхэн ч болов биеийн хөлсийг урсгаж алхан байж хүртэх хоёрыг харгалдуулан бодвоос сэтгэлд үлдэх таашаал мэдрэмж нь тэнгэр газар мэт ялгаатай бөлгөө.

    ReplyDelete
  10. Оояаа, энэ улсууд цэцэн мэргэний туйлд нэгмөсөн хүрчихжээ. Юун титэм үг. Баахан инээлээ...Нээрээ л унаатай, явган очих тэнгэр газар шиг ялгаатай шүү. Нэг нь машины хүчийг, нөгөө нь өөрийн үнэн хүчийг үзье гэж зорьсон юм байлгүй дээ.

    ReplyDelete
  11. Ёстой л нүдэнд харагдаж гарт баригдтал бичжээ. Тэгээд энд тэндээ бяцхан хошигнол оруулсан нь уншихад бүр амттай болгожээ. Харахад ойр ч хазахад хол гэж ганц алганы хонхорхойг хэлээгүй бололтой гэдэг хэсэг их таалагдав.

    Жич: Өнөрөө, Болороо хоёр мэргэжлээ буруу сонгочихжээ

    ReplyDelete
  12. Сайхнаад

    Ёстой урам оруулсан сэтгэгдэл байна. Баярлалаа. тэгээд жуулчин гэдэг мэргэжил байдаг юм уу, дуртайяа хийнэ шүү.

    ReplyDelete
  13. Зээ, энэ гоё улаан цэцэг болбоос ДАГУУР САРААНА гэж Болдоо багш хэлж өгсний дагуу үүнийг оруулж байна.


    Liliaceae Juss- Сарааны овог
    Lilium dahuricum Ker. Gawl.- Дагуур сараана: Монгол улсын улаан номонд номонд бүртгэгдсэн, устаж болзошгүй ургамал. Цэцэг эгц босоо, өргөн юлдэрхүү, шадар эрхтний навчинцар бараг шулуун. Иш хавирагалаг, нэвсгэр цагаан үсжилттэй. Цэцэг шаргал-улаан, хааяа шар, шадар эрхтний навчинцар 4-8см урт, нарийн шилбэтэй олон наст өвслөг ургамал. Маш гоёмсог цэцэгтэй учир хүмүүс түүж сүйтгэдэг. Ургах орчин: Уулархаг нутгийн нарс, шинэсэн ой, сөөгөн ширэнгэ, ойн зах, ойн ба эргийн нугад

    ReplyDelete
  14. yoo tasarhai tend chine neg ochij uilee uzej uher tsamaa haraij taashaal avah yumsan. nutagtaa harihaaraa zaaval yavnaa

    ReplyDelete
  15. Үнэхээр сайхан бичжээ. Манай аялалын клубынхан одоо 9 сарын дундуур явах төлөвлөгөө гаргацан байгаа. Тийм учраас туршлагаасаа хуваалцана уу. Баярлалааа.

    ReplyDelete