Өчигдөр оройтож гараад Далай ламын өвлийн ордныг үзэж чадаагүй билээ. Ашгүй уулын зөвшөөрөл маргааш гарахаар болсон тул өнөөдөр дахиад нэг өдөр Лхаст өнжих болсон завшааныг ашиглан өглөө босоод шууд Бодала тийш зүглэв. Хурц нартай, цэлмэг өдөр байна. Ордны эргэн тойронд явган хүний замыг ховхлон шинээр сольж, мөргөлчдийн хөлөөр бөөн бөөн хуурай тоос босно.
Monday, May 31, 2010
Tuesday, May 25, 2010
2010 оны 4 дүгээр сарын 21-Долдугаар өдөр
Өнөөдөр төлөвлөгөө ёсоор бол Эверестийн уулчдын үндсэн лагерь буюу BC орохоор Лхасаас 328 км зайтай Шигазе хот руу хөдөлж тэндээ хонох ёстой. Гэтэл тэр уулын зөвшөөрөл нь тийм ч амар гардаг эд биш юмсанж. Журмаараа бол 4 хоног хүлээх ёстой гэнэ. Учир нь Эверест бол уулчдын онцгой бүс бөгөөд засгийн газрынх нь орлого бүрдүүлэх эх үүсвэр тул олон шат дамжлагаар шалгаж байж зөвшөөрлөө өгдөг гэж байгаа. Өмнө дурдсанчлан буцах галт тэрэгний тасалбар, уулын зөвшөөрлийг өмнө ирж байсан, танилын хүрээ томтойгоороо Гангаамаа хөөцөлдөж байгаа билээ. Бид наашаа ирэхдээ нийслэл хот Бээжингээр дайрч ирсэн нь аз болж галт тэрэгний тасалбараа үзүүлж байж уулын зөвшөөрлөө авахаар болов. Нийслэлээс өөр газраас ирсэн бол бидний Эверест үзэх ч лөөлөө болох тал руугаа орох байсан шинжтэй. Яагаад ийм хатуу чанд байдаг нарийн учрыг сайн мэдэхгүй юм. Бодоход үндэстний цөөнхүүдийн эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцлээс сэргийлж сэжиг бүхий этгээдүүдийг нутгийн гүнд нэвтрүүлэхгүй гэсэн бодлого юм болов уу даа.
Friday, May 21, 2010
2010 оны 4 дүгээр сарын 20
Өчигдөр 18 цагийн үед 27-р галт тэрэгний 45 цаг үргэлжилсэн аялал дуусч бид Лхас хотод ирцгээсэн билээ. Галт тэрэгний буудлаас 60 юаниар такси авч Төвдийн уулын хөтчийн сургуулийн буудалд бууж, оройн хоолоо жуулчид голдуу ордог Snowland зоогийн газарт идсэн юм. Эндхийн хоол дажгүй шүү, 2 хүн 100 юаниар үндсэн хоол, салат, хүсвэл пиво авч дөнгөнө. Дэлхийн хамгийн өндөр газрын цэнгэг усаар хийсэн 0.5 литрийн шилтэй Lhasa beer 8 зоос. Энэтхэг маягийн наан гамбираа сайхан хийдгийн дээр ер нь л хоол сайтай, зах зээл дотроо байрлалтай тул жуулчид тасрахгүй.
Monday, May 10, 2010
2010 оны 4 дүгээр сарын 17-19
Өнөөдөр Лхаса орох галт тэрэгний билетээ олж авах учиртай. Яг өдийд жуулчдын болон уулчдын ид үе учраас бид урдаар Бээжин дэх танилаа гуйж 4 хүний суудал авахуулсан билээ. Эсбөгөөс Бээжинд дахин хэд хонох хэрэг гарч магадгүй шинжтэй. Интернэт ухаж http://www.chinatibettrain.com/beijinglhasa.htm линкээр орж үзвэл өдөр бүр галт тэрэг Бээжингийн баруун вокзалаас 21.30-д хөдөлж 47 цагийн дараа Лхаса ордог бөгөөд унтлагын хатуу суудал 813 юанийн үнэтэй гэсэн байлаа.
Өдөр нь бид 12 цагаас буудлаа хүлээлгэж өгөөд (үүнээс хойш гарвал дахин хугас өдрийн мөнгө төлөх болоод байсан тул) ганц нэг захаар орж хоёр гурван жижиг сажиг зүйл худалдан авч, түргэн хоолны газраар орж бургер, шарсан төмсөөр ходоодоо баярлуулсны дараа англиар ярьдаг магадгүй харагдсан хүн бүрээс шахуу асууж лавлан байж 52-р чиглэлийн автобусаа олж 1 юань төлөн сууж орой 7 цагийн үед баруун вокзал дээр ирлээ.
Wednesday, May 5, 2010
2010 оны 4 дүгээр сарын 15-16
2010.4.15-ны үдээс өмнө ажлаа цэгцэлж хүлээлгэж өгчихөөд, Улаанбаатар-Замын –Үүдийн 16 цагийн суудалд суухаар яаравчлав. Энэ чиглэлд наймаачид их явдаг, эрэлт ихтэй чиглэл тул унтлагын хатуу вагоны билетийг 17,100 төгрөгөөр, Замын-Үүдээс Эрээн гарах автобусны билетийг 6,800 төгрөгөөр арваад хоногийн өмнөөс урьдчилан худалдаж авсан байсан юм. Суудалд аян замд хамт явах хүмүүс танилцаж, нэр усаа мэдэлцэж авцгаалаа. 4 хүнтэй баг ер нь их тохиромжтой санагдсан. Машин хөлсөлсөн ч, вагонд нэг өрөө авсан ч тэр. Зарим буудалд нэг өрөө аваад дөрвүүлээ ороод явчихад яг сайхан таарна.
"Гурил элдэж байгаа нь"
Оршил
Энэ удаагийн аялалыг удаан бодож төлөвлөсөнгүй, 2010 оны цагаан сарын дараахан хатгуулсан мэт гэнэт явахаар шийдэв. Гэхдээ өмнө нь үлгэр домгийн мэт санагдах энэ орныг үзэх сэн гэж боддог байсан ч ойрын төлөвлөгөөнд ороогүй байсан юм. Гол нь хамгийн хямд өртгөөр буюу дан автобус, машин, галт тэргээр явж үзэх гэсэн хэрэг. Гол 2 зорилго тавьсан нь нэгд, Далай багшийн өвлийн ордныг үзэх, хоёрт дэлхийн дээвэр Эверестийн барааг харж бахархах явдал байлаа. Бэлтгэл ажил болгон нэг хүний замын зардалд 6000 юань, 17 хоногийн аялалын буудал хоолны мөнгө 2500 юань (нэг хоногт 150 юань орчим ноогдохоор бодож), өндөр ууланд салхитай хүйтэн гэж санаад малгай бээлий, дулаан хувцас базаав. Урд хөршид зорчиход нэг сарын дотор виза авдаггүй нь бусад орны жуулчидтай харьцуулахад бидэнд олдсон бас нэг том давуу тал юм.
Subscribe to:
Posts (Atom)