Wednesday, March 31, 2010

Аравдугаар өдөр 2009.08.05-Лхагва гараг

Жолооч залуу биднийг “Оргил” гэж найгүй бохир буудалд буулгав. Тийм үнэр танартай, хир шингэсэн газар гэж мэдсэн бол, тэгтлээ ядраагүй байсан бол шууд онгоцны буудалд буудаг байж. Дахиад л Ховд турт уур хүрлээ. Гансүх нь тосч аваад цэвэр газар буулгаад өгч болох л байсан. Арай дэндүү сэтгэлгүй улс юм. Заваан буудалд 3 цаг сэжиглэн байж үүрэглэснийхээ төлөө 8 мянган төгрөгөө өгөөд өглөө 8 цагт такси барьж онгоцны буудалд очлоо. Ажлын цаг эхлээгүй болоод тэр юм уу, хаалга нь цоожтой. Тэндээс эргэтэл ахиад нэг такси ирлээ. Эрт ирэхийг бодоход бидэн шиг явуулын хүн байх нь гэсэн шүү юм бодтол харин өнөөх шувуу ажиглаач Дэйв гэж ирланд эр үүргэвчээ пид хийтэл газар шидээд мөнгөө төлж байгаа нь харагдана. Хоол болтол шийр зугаа гэж мань эртэй аялал ямар болов, яагаад биднийг хээр хаяав, ер нь ямар мэргэжилтэй хүн бэ гээд жаал ярьж суулаа.


Дэйв анх биднийг хотоос МИАТ-ын онгоцоор ирэхэд Хөвсгөлөөс сууж Ховдод хамт ирээд, Гансүх биднийг хамтад нь угтаж хооллоод, бид зам замаа хөөсөн билээ. Дэйв үнэхээр гоё зурагнууд авчээ. Хөөрхөн улаан хацартай бяцхан жаалтай танил болж, нөгөөх нь мань эрийн англиар хэлснийг ямар ч акцентгүй цэвэр хэлж байж гэнэ. Давхар солонго татсан борооны дараах хөдөө нутаг (бүүр бороо үнэртэж байгаа юм чинь), ил захидал дээр байдаг шиг гоё зурагнууд зөндөө. Монгол орон минь яасан ч сайхан юм. Уг нь бол мань хүн дунд сургуулийн багш. Түүнийг найзууд нь машин байраа аваад нам тайван амьдрахгүй гажиг амьтан гэдэг гэнэ. Харин өөрөө бол зээлийн төлбөрт барьцаалагдаж, уяатай нохой шиг байхыг хүсээгүйн улмаас ингээд шувуу дурандаад шувуу шиг чөлөөтэй явж байдаг аж. Ахуйгаас ангид байж, дуртай юмаа хийгээд явж байдаг аз жаргалтай эр юм. Ирэх жилээс дугуйтайгаа ирэх бодолтой гэнэ. Бид хоёрын дуу нэгтэй санал нийлсэн нэг зүйл бол Ховд турын үйлчилгээний чанар байлаа. Юуны төлөө ийм их мөнгө төлснөө огтоос ойлгохгүй байна, би монголд дахиж ирнэ, гэхдээ Ховд тур бол хэзээ ч үгүй гэнэ. Ховд турын үйлчилгээг ганц үгээр маш тодорхойгоор “ГАМШИГ” гэж үнэлэв. Би мөн ижил байдалд орсноо толгой сэгсрэн ярьж, Ховд турын өмнөөс уучлал гуйвал, ингэх хэрэггүй дээ гэв. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр гэгчээр монголчууд бол найдваргүй, үйлчилгээ гэж ер төсөөлөлгүй байж мөнгө авдаг улс гэсэн ойлголттой болбол яана. Аз болоход мань хүн юмны наад цаадахыг ойлгодог, газар орон үзэж нүдний хор нь арилсан хүн байсан юм. Гэсэн хэдий ч далд ухамсарт нь монголчууд бол луйварчид гэсэн мэдээлэл суусан л байгаа даа. Ил ухамсар нь хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэж хэлсэн ч, хүн сонголт хийхдээ гол төлөв өмнөх туршлага, зөн совиндоо итгэдэг. Би лав Дэйвийг дахиж Монголд ирнэ гэж бодохгүй байна. Барууныхан хэт соёлтой ч гэх үү, нэг тийм манж зантай улс. Тэр зангаараа л дахиж ирнэ гэсэн биз ээ.

Энэ хооронд онгоцны буудал хаалгаа нээж бид дотогш орж суудлаа бичүүлж ачаагаа өгөв. Хүмүүс хотод байгаа хүүхдүүдтэйгээ утсаар ярилцах нь энэ жил шийгуа тингуанд хор цацаад хорио цээр тавигдсан учраас шийгуа захисан хүүхдүүддээ хоосон очиж байна гэнэ. Ховдын алдарт шийгуаг газар дээр нь амталж чадсангүй л. Ховд бол гурван “Ш”-ээрээ алдартай: шийгуа, шумуул, шуурга гэж дуулж байсан юм байна.

Дэйв нэг янгирын жижгэвтэр эвэр ачаанд өгөлгүй авч үлдсэнийгээ надад өгч, намайг гадаад болохоор зөвшөөрөхгүй байж магадгүй, чи аваад гараач гэлээ. За л гэлээ. Манайхан гадны хүнийг бөөн мөнгө болгож хардгийг мэдэрч дээ. Даанч тэрнийг нь нисэхийн дүрэм тул хаашаа зайлах вэ, үзүүр ёзоортой гээд аваад хоцорлоо доо.

Ерөнхий сайд (асан) С.Баярын хөдөө орон нутагт хийж буй айлчлалаас болж онгоц маань Хөвсгөлд саатаж, манай нислэг тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Гэхдээ өнөөдөртөө бол ниснэ гэнэ. Хоол унд эргүүлж, дэмий сэлгүүцэж байтал онгоц ирж бид Хөвсгөлийн зүг хөлгийн жолоо залав аа.

15 цагт Мөрөнд газардангуутаа Хатгал явах унаа олохоор шамдаж жуулчнаа тосоод явж буй гэр бүлийн хоёрын машинд дайгдав. Мөрөнг буудлаас харахад гэж эмх цэгцтэй цэвэрхэн газар байна. Буцахдаа нисчих санаатай билет сураглавал ховрын бараа юмсанж. Хатгал орох замын дагуу халуун зунаараа ногоорч байна аа. Өглөө намар, үдээс хойш зун. Уртрагийн хувьд Хөвсгөл нь хойшоогоо юм чинь түрүүлж намаршмаар, гэтэл үгүй юм аа. Парадокс орон шүү.

Нөгөө хоёр маань энд жуулчны баазтай, энэ нутгийн унаган хүүхдүүд ажээ. Бид хоёр явсан газрын сонин дуулгаж, энд амарч алжаалаа тайлахаар ирснээ яривал цагаахнаар атаархаж, залуу улс ингээд явж байдаг нь үнэхээр бахархмаар байна, ингээд аялах юмсан, та хоёр өөрсдөөрөө бахархах хэрэгтэй гэж урам хайрлав. Мөрөнгөөс Хатгал руу 100км. Шороон замаар явна. Харин одоо хатуу хучилттай замын ажил эхлүүлж хаа сайгүй замын тэмдэг, овоолсон шороо харагдана. Толь шиг замтай газрын жуулчдад, ялангуяа япончуудад бол манай шороон зам бөөн адал явдал шиг санагддаг гэнэ. Албаар хойд талын суудалд сууж, донслохоор баяр хөөр болж инээлддэг гэж байгаа. Нээрээ бодсон чинь зугаатай шүү. Хүүхэд байхад пионерийн зуслангийн автобус донсолж бөөн инээд болдог сон.

Хатгалд ирвэл ямар их хүн, ямар их баар сав, хөгжим гэрэл, дуу шуугиан бэ, амар амгалангийн чимээ аниргүй газраас ирсэн хүнд аймаар дарамттай санагдаж шууд стрессдэв. Хүнээс их юм алга аа. Газар газрын хүмүүс наадам үзэх гэж ирсэн аятай өнгө өнгөөрөө, борооны цув усны гуталны загварын шоу үзэж болохоор байв. Нуурын эргээр худалдаа наймаа ихтэй. Загасны хуушуур аваарай гэх дуунаар очиж амсаж үзвэл сайхан шинэ хуушуур байхаар нь божийтол идэж гэдэс наашлав. Амьтан хүнээс зайдуу амралт сураглаж, саяхан байгуулагдсан Мэргэний гэр буудалд хоногийн 15 мянгаар 2 хонохоор тохиролцоод мотортой завиар хүргүүлэв. Нуурын мандлаар манантай, тэнгэр бүрхэг байсан тул жиндэж байна. Замдаа хөлгийн ахмад бөгөөд бэсрэг баазын эзэн Бат-Эрдэнэтэй танилцаж, маргааш энэ завиар ойр хавийн газраар явахаар тохирлоо.

Мэргэний цохио гэдгийг тойроод ёстой миний бодож байсанчлан нам гүм, усны эрэг дээр барьсан гэрт орвол урдаас утсаар хэлээд гал түлүүлж бэлдүүлсэн байна. Цагаан хэрэглэл, ор, шалны хулдаас нь шинээрээ. Том том нойтон залтас түлсэн нь утаа баагиулна. Чийг авч норсон хувцаснуудаа унинаас өлгөж сэврээв. Гал түлсэн гэрт орон дээр хөнжил нөмөрч, гадуур хувцсаа тайлж унтана гэдэг бол ойрд майханд доороосоо хайрагдаж, их үсрээд шалгүй гэрт уутан хөнжилд унтаж байсны хажууд тансаглал байлаа. Хүн гэж амархан ч амьтан даа, хотоос шууд ирсэнсэн бол халуун усгүй, жорлон нь гадаа энэ тэр гэж голох байсан даа аягүй бол. Наддаа л өчигдрийн бохир буудалтай харьцуулшгүй цэвэрхэн 5 одтой буудал байлаа.

2 comments:

  1. Дэйвид гэх хижээл насны Ирланд эрийг мэднээ. Хөвсгөлд тэр жил манай судалгааны багт ирж хэд хоносон хүн л.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм хижээл гэхээргүй хүн гэж боджийна л. Энэ аялгыг мэднэ л.

      Delete