Friday, March 19, 2010

Долоодугаар өдөр 2009.08.02-Ням гариг

Өнөөдөр өөр нэгэн сайхан өдөр өө. Өглөө аажуухан өндийж (аажуухан гэдэг нь 8 цагийн орчимд, угаасаа энд үд хүртэл унтаж чадахгүй юм билээ, уг нь агаарт гарсан хүн цохиулаад сайн л унтмаар юм, бага даралтанд хүн сэргэг болдог ч байж болох, мөн майханд сэрүүхэн хонох тул нозоорч нам унтахгүй ) цайгаа уугаад төлөвлөсөн ёсоорооУатхан ахтай цаг уурын станцаа эргэх далимд хилийн 1-р багана үзэж, цааш Малчин оргилд гарахаар 10 цагийн орчимд хөдлөв.

"Sunrise"


Уулчдын Хоног толгой өөд явдаг замыг дагах гэснээ больж Уатхан ах дөтлөх гэж бодов уу яав, бид Наран оргилийн эсрэг орших 2 өндөрлөгийн хоорондох сугаар өгсөцгөөлөө. Уатхан ах хурдан хурдан хэд мацаад байсгээд л сууж амьсгаагаа дарна. Энэ нь зураг авах сайхан завшаан болж, бид байгалийн бас нэгэн гайхамшигт бүтээлийг үзэв. Цасны уснаас эх авсан гол урсаж, өнгийн цэцэг алагласан хөндийг залгуулаад мөсөн гол, мөнх цаст уул цайрч харагдах нь үнэмшихэд бэрх. Зураг авсан би хүртэл энэ зургийг харах тоолон гайхаад байдаг юм. Хэрвээ өөрөө аваагүй сэн бол эргэлзэх юмгүй эвлүүлэг гэж хэлэх байлаа.


"Үнэн үү?"

Сугаараа өгсөөд тэгш сайхан өндөрлөг дээр гарч ирэв. Ойр хавийн уулсыг эс тооцвол энэхэн хэсэг газар уудам тал шиг харагдана.


Эхлээд цаг уурын станцаа шалгаад баруун зүг жаахан яваад тусгаар тогтносон Монгол улсын хилийн 01 дүгээр багана дээр ирлээ.



Хажууханд нь Орос улсын багана бас байна. Хоёр баганын хоорондох дундын бүст шав тавьжээ. Эх орны торгон хилийг дуучин Болдын клип, немцтэй кинонд гардагчлан өргөст торон хашаа, буутай цэрэг, овчарк нохойгоор төсөөлж байсан минь андуурал байж. Манай хоёр улс энх тайвнаар зэрэгцэн оршиж энд нам тайван, хээрийн салхинаас өөр аниргүй байгааг нүдээрээ харж, арьсаараа мэдэрлээ. Харин жимсчин баавгайнууд хил зөрчөөд байдаг бололтой, мөсөн гол дээр мөр байсан сурагтай. Оросын нутаг руу хараа тавьж нүд бэлчээвэл Горно-Алтайн сунагар уулс будан дунд сүүмэлзэн цэнхэртэнэ. Эзэн Чингисийн үед манийх л байсан даа гэж бодохоор харам төрөх ч шиг. Сталин гуайд алдчихалгүй энэ хэрийн зай авч үлдсэндээ баярлах ч шиг. Дээхэн үедээ миний байсан нутагт саваагүйтэн хөл тавьж, бяцхан хилийн зөрчил гаргалаа. Ингээд визгүйгээр Орос очоод ирэв ээ.




"Монгол улсын төлөө зүтгэе"



" Хил зөрчигч"



10 цаг хагасын орчимд бид хилийн баганаас Малчин оргил (4050м) өөд хөдлөв. Алсаас харахад бартаа саадгүй шорооноос бүтсэн мэт харагдаж байсан уул маань яг хүрээд ирэхээрээ том том хад чулуу, шаргисан асгатай тул гэдэсний булчинг нэлээн ажиллуулж, гулсахгүйн тулд гишгэх газраа сайн харж явав. Ингээд явааад ирэхээрээ хөөрхөн цуцаж байна аа.


Уатхан ах нэлээн өгссөний дараа амрах зуур алсын бараа саравчилж, Гангаамаа тэргүүтэй авиралтын багыхныг бүргэдийн хурц нүдээрээ олж харжээ. Харин миний муу хоёр цийлгэр хүний энгийн нүдээр харсныг дурандан байж арайхийн олж үзэв. Цасан далай дунд 4 бяцхаан цэг ойр орчмын хөдөлгөөнгүй зүйлстэй харьцуулахад байрлалаа өөрчилж урагшлах нь манай хэд юмсанжээ.


"Томоор татаад хараарай"

Эхлээд 4 цэгийн хоорондох зай ижил байснаа сүүлийн 2 цэг сугарч үлдэх нь харагдана. Ирснийхээ дараа Гангаамаагийн ярьснаас үзэхэд цас салтаагаар байсан бөгөөд авч явсан хийн зуух ажиллаагүй тул халуун ундгүй их зутарч явсан байна. Ачаа үүрэгчээр явсан нутгийн 2 тува залуу маань багаж хэрэгсэл хангалтгүй тул цасанд зоогдож сугарч үлдээд байсан нь тэр аж. Өглөөгүүр тунгалаг сайхан байсан тэнгэр бага үдээс эхлэн бага багаар муудаж, үд болохын хэрд бүүр цасаар шамарга тавив. Цас яг л томоо гэгчийн нимгэн торон хөшиг шиг салхиний аясаар намиатаж шавхуурдана. 12-13 цагийн хооронд л оргилд гарч чадаагүй бол буцдаг хуультай. Ааш муутай өвөөг хангай таниад адилхан араншин үзүүлсэн нь тэр буй заа. Уулс амьтай буюу.



Бид Малчин оргилд гарахаас 20-30 орчим метр дутуу байхад агаар муудсан тул буцах шийд гаргалаа. Жаахан харамсалтай байсан ч юм нэгээрээ дуусах биш, ухаангүй зориг ухаангүй аймхайтай адил үр дүнтэй гэдэг тул буцах замдаа оров. Уг нь оргилд гараад гар утсанд бичсэн “Хэнтийн өндөр ууланд” симфонио эгшиглүүлж алсын бараа харж зогсоно гэж бодож байсан юмсан. Хэт их төсөөлөх хэрэггүй гэдгийг ойлгож авлаа.


Эндхийн агаар үнэхээр харсаар байтал нүдний өмнө өөрчлөгдөх юм. Яг л National Geography Channel-аар гардагчлан нар мандах жаргахын хоорондохыг гүйлгээд хамаг юм жирэлзээд өнгөрдөг шиг л. Өндөр газрын онцлог юмуу даа.



"Аргаль янгирийн нутаг" Буцах замд таарсан овоо


Ингээд үдийн 1 цагийн үед уруудаж 4 цагийн орчимд буудалдаа хүрч ирэв. Ирээд л ядарснаа мэдэрч, майхандаа ороод хэсэг таг хэвтэж авсан зурагнуудаа үзлээ. Богинохон хугацаанд олон газар явж их юм үзжээ.

Орой 8 цагийн орчимд нар жаргахаас арай өмнө Өлгий оргилын цаахантай тэнгэр нэг хэсэг нажигнан дуугарав. Цахилгаан цахиагүй байхад тэнгэр яагаад дуугарав гэж гайхаж асуувал энэ нь бороонд хүндэрч биеэ даахаа больсон цас нурж байгаа нь юм байж. Аймаар юм. Ууланд явж байхад цас нурвал яана. Нөгөө хэд маань яаж яваа бол. Хэзээ ирэх бол. Бид Малчин өөд гарч чадаагүй юм чинь Хүйтэн бол бүүр хэцүү нь ойлгомжтой. Ядаж байхад өвөөгийн ааш үнээр бэрхтэй. Тэнгэр сайнгүй л байна...



"Цасны нуралт энэ оргилын цаана"

9 comments:

  1. Гоё зурагнууд байна, аялал бол гайхалтай. За та хоёртоо улам их амжилт хүсье. Уулын Мастер удахгүй аваарай

    ReplyDelete
  2. Баярлалаа, юун мастер вээ, хэхэ, Зураг ч гоё шүү, байгаль үнэхээр сайн дизайнер юм билээ.

    ReplyDelete
  3. блогтоо фон ая болгоод Жанцанноровын Цагаан суврагыг хийчихвэл үнэн гоё зохих бололтой

    ReplyDelete
  4. Анд минь чи мөн явж өгөх юмаа хэзээдээ ингээд амжуулчваа үнэхээр гоё газраар явсан байна. Аялалын анд Түлхүүгээс

    ReplyDelete
  5. Хүүе, сонин хүн бээ, одоо Төвд явлаа ш дээ. Энүүгээр орж ирж байгаарай. Баярлалаа,

    ReplyDelete
  6. hi onoroo unekheer saikhan aylal boljee gaikhaltai baigal yumaa khurdan ochij ingej yavakh yumsan gej moroodoj bnadaa

    ReplyDelete
  7. hi,
    yaaaaamar tasarhai zuragnuud ve?, dunduuraa tasarhai bish shuuuuuuuu.
    Huurhun en, bichsen temdegleluud chini shuuuuuuuu, ain?

    ReplyDelete