Thursday, February 18, 2010

Зургадугаар өдөр 2009.08.01-Бямба гариг

Зиа, энэ өдөр бол урд өмнө төсөөлж ч байгаагүй зүйлээ үзэж, хийж үзээгүй зүйлээ хийж туршсан адал явдал ихтэй сайхан өдөр боллоо.



Өглөө Гангаамаа өвөө 2 давших лагерь байгуулахаар хоног толгой руу хөдөлж, бид 2 Жанат ахтай мөсөн гол үзэнгээ цаг уурын станцаа эргэж хэмжилтээ хийхээр бэлтгэлээ хангав. Гангаамаагийн заавал өмсөөрэй гэж шаардсаны дээр бидэнд ч бас сонин сайхан бөгөөд аюул ослоос ангид санагдсан тул муурын хумс буюу cramphon (хүмүүс голдуу кошачья лапа гэдэг) гэдгийг хөлдөө углав. 

Энэ нь биднийг хүүхэд байхад дугуйтай ролик гээд гутал дээрээ хэмжээг нь тааруулаад сунгаж агшаагаад өмсдөг байсантай зарчим нь ижил юм, гагцхүү дугуйны оронд муурын мэт матигар хурц шүднүүд байна. Уулчдын хоорондоо холбогдоод явдаг олс бүсэлж аваад түүнээсээ ойрын зайд холбоо барьдаг радио холбоо зүүж авлаа. Мөн л Гангаагийн зөвлөснөөр нарны хамгаалалттай тосыг зузаахан нялж авав. Цас мөснөөс ойсон гэрэл шууд туссанаас илүү хортой хүчтэй тул нүүрийг айхтар түлж холцруутуулдаг гэнэ. Хар шилгүйгээр явбал нүд гагнуур хийсэн шиг улайж өвддөг гэнэ. Сансарт нисэхээс наахнуур юм боллоо доо. Гэтэл Жанат ах маань энэ бүхнийг огт тоохгүй, зүгээр л хэмжилтийн дэвтэр, туузан метр, нэг мөсний алх аваад бэлэн болов.


Ингээд мөснөөс бүтсэн гол хэмээгч ямар байдгийг үзэхээр цаг уурч Жанатаар ахлуулсан аялагчдын баг Потаниний мөсөн гол руу гарлаа. Мөсөн голын эргээр дан чулуунаас бүтсэн 30 орчим метрийн өргөнтэй чамгүй өндөрт мацуулдаг уртаар үргэлжилсэн байгалийн далан сунайх нь эгээ л эрт урд цагт эмгэн өвгөнийг залуу байхад, навч сая дэлгэрч нар сая мандаж ахуйд сүмбэр уул шилгээж сүн далай халгиад үүгээр үерийн ус урсан одохдоо хүчит урсгалаараа эдгээр чулуунуудыг эрэг рүү гарган хаялсан мэт ээ. Харин дараа нь дэлхийн тэнхлэг солигдоод нарны тусгал холдоод энэ хавийг царцаасан бололтой. За энэ бол аливаа археологи палентлоги, геологийн судалгааны дүнд хэлсэн эд биш шүү, зүгээр л нүдээр харахад сэтгэлд буусан санаа.




Даланг даваад мөсөн гол дээр хөл тавилаа. Эрэг хавиараа гүн рүү нь ороогүй явахад зүгээр л ороод удсаны улмаас дагтаршиж хуучирч, дээгүүр нь шороо шуурч барьцалдсан цас шиг санагдана. Харин хөндлөн чигт нэлээд яваад ирэхийн цагт мөсөн гол гэж ийм юм байдаг юм байна гэж ойлгогдохоор болж эхлэв. Юуны өмнө мөсөн гол бол миний төсөөлсөн мөсөн гулгуурын талбай шиг өөгүй сайхан гадарга биш юм байна.




Хангайд бол намгархаг голын эргээр байдаг дов сондуулын дайтай бөөн бөөн мөс барзайлдсаны дээр хүүхэлдэйн кинон дээр гардаг бяслагных шиг том жижиг цооногуудад тунасан ус номин цэнхэрээр тунаран байна.




Завсаргүй үргэлжлэх эдгээр мөсөн сондуулууд дээгүүр харайлдахад муурын хумс үнэхээр бахтай сайхан эд юм. Эс бөгөөс халтирахаас эмээж ямагт биеэ хурааж явсаар хамаг булчин зангирч гүйцэх байсан биз. Муурын хумстай хүн чинь зүгээр л сап сап гээд л чөлөөтэй гэгч харайгаад явлаа даа. За тэгээд хэсэг цап цап гээд явтал жинхэнэ мөсөн гол таарлаа. Жинхэнэ гэсний учир нь мөсөн ховилоор гол урсаж байнаа. Ийм гол энэ их мөсөн дундуур байсгээд л таарна. Зарим нь хөлөө аль байдгаараа алцайж 2 талд нь мууран хумсаа шигтгээд мөсний алхаа нөгөө эргийн мөсөнд зоож 2 гараараа түүнээсээ зүүгдэнгээ нэг хумсаа гялс сугалж алх зоосон нөгөө эрэгт шигтгээд нөгөө эрэгт үлдээсэн хөлөө эрэг давуулан шидэх зэргээр бөөн техник хэрэглэж байж гатлахаар өргөн, зарим нь зүгээр л томхон алхаад гарчихаар нарийн. Мөсөн гол гэсний учрыг ойлгосон түүх ийм.







Нэг их удалгүй цаг уурын станц дээр ирлээ. Энэ нь хиймэл дагуул руу автоматаар мэдээгээ өгдөг, нэг үзүүртээ салхины хурд хэмжигч флюгер буюу бяцхан сэнс болон тунадас хэмждэг жижиг бортого хэлбэрийн багажийг тогтоосон, цагаан өнгөтэй, шилэн нүүртэй боловсронгуй эд харагдана. Цаг уурчид эл багажны бүрэн бүтэн байдал, далийж хазайгаагүй эсэхийг шалгах учиртай юм байна. Япончуудын хэрэгжүүлж буй мөсөн голын судалгааны ажлын хамгийн гол ажиглаж хэмждэг зүйл маань мөсөн голын эхэн дунд адаг хавьд зоосон 5 метрийн урт гуурснууд юм. Хавар 5 сард судалгааны анги ирж буугаад эдгээр гуурснуудыг далд ортол нь мөсөнд зоож орхиод түүнээс хойш өдөр бүр тэр гуурснуудын мөснөөс дээш цухуйсан хэсгийг хэмждэг аж. Голын доод хэсэгт зоосон гуурснууд энэ 3 сарын дотор бүрэн ил гарч урссан гэнэ. Энэ нь мөсөн гол зундаа 5-с дээш метрээр нимгэрдэг гэсэн үг. Дунд хавийх нь 2,5 орчим метр ил цухуйсан байсныг бид хамдтаа хэмжив. Харин дээд хэсгээрх нь гайгүй далд байгаа гэнэ.


Өмнөх жилүүдийн хэмжилтээр бол мөсөн голын зузаан жилд дунджаар 5 метрээр доошилж байгаа бөгөөд энэ янзаараа 50 жилийн дараа бүрмөсөн хайлж дуусах төлөвтэй гэнэ. Үүнийг дуулаад үнэхээр цочролд орлоо. Хэдийгээр “The day after tomorrow”, “2012” зэрэг кинонууд гараад дэлхийн дулаарлын талаар хэлээд байгаа ч гэсэн хүн гэдэг нүдээр үзэхээс нааш өөр дээрээ ойлгодоггүй муухай зантай юм. Бас би машин авахгүй юм шүү гэж шийдэв. Ганц ч гэсэн машины гаргах угаараар багасаг энэ дулаарал. Мөсөн гол үзсэнээс хойш шүд ам, аяга шанагаа угаахдаа усаа завсар хооронд нь хааж, хувцас угаасан усаараа шал угаах зэргээр болж өгвөл хэмнэхийг улам хичээх болсон билээ. Мөн үүнийг уншиж суугаа та бүхэндээ хандаж дэлхийн дулаарлын эсрэг өөрсдийн зүгээс чадахаа хийж, тог цахилгаан, ус унд, цаасаа хэмнэж аригтай зарцуулахыг уриалж байна. 
Бидний багад талхыг хийх гэж тариаланч хүн нэг үр бүрийг хайрлан ургуулж, үр тариаг комбайнч хүн хурааж, түүгээр талхчин хүн хөдөлмөрөө шингээж хийдэг, нэг талх бидний ширээн дээр иртлээ хичнээн их замыг туулсан тухай өгүүллэг сурах бичгүүдэд их байдаг байж, одоо ч бүр их болоо байлгүй. Энэ мэтийн зүйлсийг хүүхдийг багад нь тархинд нь суулгаж өгөх үр дүнтэй юм. Хэрвээ би багадаа цаасыг 300 жил ургасан модоор хийдэг тухай уншаагүй явсан бол одоо хэмнэх, хайрлах тухай санааг ийм үрэлгэн арвич биш хэрэглээтэй болсон цагтаа сонсох ч үгүй байсан биз ээ. Эх нутаг минь манийгаа олон жил онгон дагшин, цэвэр ариун ус унд, агаар тэнгэрээрээ баясгаж яваарай гэж залбиръя даа.



За жаахан хөндүүр сэдвийг хөндлөө. Одоо харин үзэх зүйл маань бас ч гэж наддаа л адал явдал болсон эд байв. Жанат ах маань бид хоёрыг урд зүг чиглээд явж байгаарай гээд хэмжилтүүдээ хийж үүгээр түүгээр харайгаад байлаа, тэгээд бид алсаас бол ер ялгарч үзэгдэхгүй боловч, тэрүүхэн тэндээ нэлээн өндөр мөсөн хана, түүний ёроолоор урсах нэлээн томд орох мөсөн голтой өвөрмөц тогтоц бүхий газар нөгөө олон голыг гатлан ирж гэдэг шиг мөсөн сондуул дамжин харайсаар ирлээ. Энэ бол Жанат ахын “нээсэн” бөгөөд хүмүүст үзүүлэх дуртай газар нь юм байна.


Энд бид туршилтын авиралт хийж үзэв. Нөгөөх мөсний алх, олс, муурын хумс авч яваагийн хэрэг юу билээ. 5-6 орчим эгц мөсөн хана руу алхаа зоогоод, хумсаа шигтгээд, алхаа сугалаад, хумсаа сугалаад, дахиад зөрүүлж алхаа зоох зэрэг хэдэн үйлдэл хийгээд гараад ирлээ. Их өндөрт ингэж явбал амархан цуцах шинжтэй. Гэхдээ хүнийг нэг гол цуцаадаг зүйл бол айдас юм билээ. Хэрвээ ийм сайн багажгүй, уналаа гэхэд их өндөр, бэртлээ гэхэд аваад явах хүнгүй байсан бол ийм алхам хийхгүй байсан даа. Мөн лагс том биетэй хүнд бас амаргүй эд шиг санагдсан. Бие хөнгөн бол ойрын зайнд лав гайгүй санагдсан. Хол зайнд бол эд материал, бие сэтгэлийн муугүй бэлтгэлтэй байж авирах буй заа.









Ингээд 15 цагийн орчимд баахан зураг авч, үзээгүй юмаа үзэж байгалийн сүр хүчийг үзэж бахадсан улс мөнөөх дов сондуулаа дамжин харайлдсаар нэн баяртайгаар кэмпдээ буцаж ирлээ. Ирэнгүүтээ би гэдэг хүн хоол ундны юм бодож, тогоо дүүрэн плов хийж бид 4 бор ходоодоо божийлгож аваад ааш зан нэн сайхан болж ирээд хэсэг сууж хөзөр тоглож, хэдэн казах үг заалгаж, оньсого тааж, дуу дуулцгааж, байхуу цайндаа хүч нэмж байгаад ууж хөөрхөн хөгжилдөв. Жанат ахын сэтгэл ихэд хөдөлж үүгээр ирсэн улсуудаар заалгасан англи хэлний ойр зуурын хэдэн үг өгүүлбэр, бид багадаа Чингис Чингис Чингис хаан гээд аян дээр нь зохиож дуулдаг байсан Moscow, Moscow Russland ist die shonest land гэж үгтэй Герман дууны үг зэргийг бичгийн ажил эрхэлдэг хүний гэдэг нь аргагүй харагдахаар нямбай гэгч тэмдэглэсэн дэвтрээ гаргаж үзүүлж, залуудаа цэрэгт байхдаа дуу хуур, хөгжим зэрэгт авьяастай шав хийсэн залуу байсан зэрэг нандин сайхан дурсамжаасаа хуваалцаж, Уатхан ах тэр 2 казах, монгол ардын дуу дууллаа. Казах ардын дуунаас үнэхээр өндөр уулс, түргэн урсгалт усны хархираа, салхины чимээ сонсогдож сэтгэл хөдөлгөн байв аа.


Санаандгүй хийсэн бяцхан цэнгүүн өндөрлөхөд нар жаргах болоогүй, гадаа агаар тэнгэр тогтуухан тун чиг сайхан байсан тул ойролцоох уул руу авирч алдарт Алтайн уулсын сүрлэг дүрийг бүрэн бүрэлдэхүүнээр нь гэрэл зургийн санамжинд буулган авсан билээ. (энд 7 зураг нийлүүлж понарама хийсэн бөлгөө).


Энд хэсэг зуур өндөрхөн газар гарч жаргаж буй нарны туяанд шаргалтах ойр орчмыг харж суухад уурлая гэвч уурлахын шалтгаан үгүй (гэтэл хот орон газар бол уурлахгүй байхсаан гээд хичээгээд байхад уцаар төрөөд байдаг, битүү дүнгэнэсэн асар том хөргөгчинд суугаа мэт санагддаг), тийм анир чимээгүй, амар тайван, сэтгэл үнэхээрийн амгалантай байгаа нь илт мэдрэгдэж, одоо ч тэр үеийг бодоод тархи мэдрэл амрах шиг болдог билээ. Ийм сайхан байгаль дэлхийг үзэж мэдрэх чөлөө учрал бүрдсэн бид их азтай улс аа.

16 comments:

  1. wow, uneheeriin chamd ataarhachihlaa bn. Ene saikhan baigaliin gazruudaar aylaad,nudeer uzeed yvaad ireed inegeed busadtaigaa huvaaltsaad medeelel ugch bgaad chin. Goy goy tasarhai zuragnuud avaad... heleh ug algaa

    ReplyDelete
  2. Баярлалаа, цааш нь бичнэ ээ

    ReplyDelete
  3. "said" гэхээр нь одоо үүгээр дүүрэн сайд нар орж ирж сэтгэгдэл бичдэг болоо юу даа гэж бодлоо шүү, хэ хэ

    Гайхалтай сайхан аялалын тэмдэглэл болжээ, хөөрхөн хошин ч бодууштай ёж уншиж бас жаахан инээлээ.

    Цааш нь бичээд байгаарай.

    BG
    LA, CA

    ReplyDelete
  4. Өө, маш их баярлалаа, урам орж байна аа, хүмүүс уншиж байгаа болохоор.

    ReplyDelete
  5. Хэлэх ч үг алга. Үнэхээр яг л ийм газарт очиж үзэх хүсэл маань улам нэмэгдлээ. Бас тэр айхтар мөсөн хана руу авираад л, хөлсөө дусаагаад л, дараа нь зургаа харж тэр үеэ бодоод л. Ер нь Хагийн хаар нуур явахдаа энэ аяллын чинт элдэв сонинг сонсоноо. Тэгэж байгаад энэ чиглэлд ойрын 1-2 жилд багтан явнаа. Алдараа ахаар дамжуулж.

    ReplyDelete
  6. Gobi_2020-д
    Өө, чамайг уншиж баЙгаад баяртай байнаа. 5 сард явж ирчээд Хагийн хар явах уу. Баруун тийшээ яваарай, сайхаан. Алдараагийн баг энэ чиглэлд мэргэшсэн юм билээ.
    Хагийн хар луу яг хэзээ явахаа эртхэн хэлээрэй, ажлаа зохицуулах хэрэгтэй.

    ReplyDelete
  7. Hi Өнөрөө,
    Мөсөн гол гэдэг чинь тэр хайлаад урсаад байгаа ус нь биш шүү дээ.

    Харин тэр их цас тэр чигээрээ бүхэлдээ доошоо гулсаж байдаг, нэг ёсондоо ус шиг урсаж байна гэсэн үг.

    Тиймээс мөсөн гол гэдэг.

    ReplyDelete
  8. Өө тийм байлгүй дээ, тэгээд гол гэдэг юм байж. Баярлалаа.

    ReplyDelete
  9. Ёстой гоё тэмдэглэл байна. санаандгүй ороод уншсан чинь дуустал уншмаар санагдаад болж өгдөггүй. мэдмээр сурмаар туршага энэ тэр их байна. бас шууд аялмаар санагдаж байна. мөсөн гол гэхээр цөн түрж байгаа юм шиг зүйл л төсөөлөгдөөд байсан ийм юм бий вий :)

    ReplyDelete
  10. Би өнөөдөр ажлаа хийж чадсангүй ээ. Таныг БЛОГ-ийг уншсаар байтал өдөр өнгөрөх нь сайхан болж.

    ReplyDelete
  11. Сайхан аялалын тэмдэглэл байна. Их баярлалаа. 2 өдөр ажлаа хийлгүй бүх тэмдэглэлийг уншлаа. Гоё юмаа. Болдог бол нэг явж үзэх юм сан. Цааш нь улам олон аялалын тухай бичээрэй.

    ReplyDelete
  12. Гоё юмаа. Үнэхээр агаар сэнгэнэсэн сайхан зурагнууд байна шүү. Үнэхээр атаархаж байна. Цаашдын аялалууд чинь амжилт хүсье.

    ReplyDelete
  13. ungursun zun ochij uzseen ugeer helshgui saihan, harin ter hiliin bagana n haana n baisan yum boloo tsag agaar n bol evgui yum bailee

    ReplyDelete
  14. ungursun zun ochij uzseen ugeer helshgui saihan, harin ter hiliin bagana n haana n baisan yum boloo tsag agaar n bol evgui yum bailee

    ReplyDelete