Wednesday, January 20, 2010

Зургадугаар өдөр 2009.07.31-Баасан гариг

Өглөө аажуухан босч Батжаргал гуайн урьсны дагуу тэднийд орж цай уув. Гал түлсэн гэрт дулаахан тохьтой байна. Тавган антеннаар нэлээд хэдэн монгол суваг үздэг тул мэдээллээс хоцроод байдаггүй гэнэ. Гэрийн хатавчинд үхрийн ширийг дашмаг маягтай эсгэж хийсэн хачин ганган хөхүүр харагдана. Хөхүүрийн ам хэсэг нь нарийсч бортого хэлбэртэй болсон тул сүүгээ бүлэхэд нь гадуураа цалгиж ялаа (энд ингэхэд ялаа байдаг уу?) шаваад байхгүй, нямбай бодож хийсэн эд байна. Эндхийхэн сүүгээ бага зэрэг халааж бүлээд боловсруулдаг технологитой юм. Хангайд бол таргаа бүлж эсгээд нэрж, шимийн архиа авсны дараа аарц шүүж ааруулаа тавьдаг. Энд арай өөр л юм шиг байна, хугацаа багадаад нарийн ширийнийг мэдэж чадсангүй.

Баруун орон дээр 3-4 ангийн бололтой жаахан охин унтаж байснаа бидний чимээнээр сэрж хэрэгт дурлан харна. Гэрийн эзэн хоймор сууж, охидууддаа заавар өгснөөр мөнгөн аягатай шимийн архи биднийг 3 тойров . Тогоон дээр халааж байсан ямааны сүүнээс 2 аягыг гуйж байгаад ууж орхилоо.

Энэ өдөр бид төлөвлөгөө ёсоор Хар Салаагаас Шивээт Хайрхан уул орж кэмп буух ба үдийн цайны дараа Шивээт Хайрхан уул руу гарч янгир үзэх мөн ойролцоо явган явж хадны зураг үзэж танилцан нийт 25 км явах байлаа. Гэхдээ нэгэнт 3 өдрийн явган аялалыг алгасах нь тодорхой болсон тул 8 дахь өдрийн төлөвлөгөөгөөр Цагаан голоос гараад Алтай Таван Богд руу 20 орчим км явж base camp буюу биси орох болсон билээ.


Гүүгэлдэж уншваас Алтай 5 Богдын талаар ингэж хэлж байна: Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Сагсай , Алтай сумдын нутгийн баруун талын улсын хил дагуу байрласан Алтай Таван Богд уулыг 636,161 га талбайгаар 1996 оноос улсын хамгаалалтанд авсан байна.Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн байгалийн иж бүрдэл, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль, янгир, марал буга зэрэг хөхтөн, хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой.

Монгол Алтайн нурууны цогцолборт Алтай Таван богд, Цамбагарав, Цэнгэл хайрхан, Мөнх хайрхан оргилууд ордог. Эдгээрт олон улсын бoлон улсын хэмжээний авиралт хийдэг байна. Алтай Таван Богд нь Улаанхус сумын нутагт оршдог бөгөөд аймгийн төвөөс 230 км зайтай, дотроо Хүйтэн (4374м), Найрамдал (4202м), Наран (4200 м) , Өлгий (4100 м), Малчин (3890 м) гэсэн оргилуудтай. Бусад дөрвөн оргилд авиралт хийхийн тулд заавал монгол нутгийн бахархал облсон, 23 ам.дөр талбайг эзлэх Потанины мөсөн голыг гаталдаг. Түүнийг гаталсны дараа давших лагерь байгуулна. Дээрх таван оргилын аль нэгэнд цэлмэг өдөр бол нэг хоногт багтааж авиралт хийх боломжтой. Алтай Таван Богд ууланд Монголын уулчид 1956 онд анхны авиралтыг хийжээ. Эдгээр оргилууд мөнх цас ба мөс цасаар хучигдсан, 700-800 метрийн өндөртэй эгц оргилууд юм. Олон жилийн дунджаас үзвэл 2-3 хоног цасан шуурганд нэрвэгдэж болзошгүй, маршрутын бус газраар элс, чулуу болон бага хэмжээний цасны нуранги байнга болдог. Уулын оргилд -15-20 хэмийн хүйтэн байдаг. Потанины мөсөн голын урт нь 20 км, өргөн нь 300-500 м, 50-200 м гүн бүхий 5-12 ангал тохиолдоно. Мөнх цас, мөсөөр хучигдсан гол юм гэжээ.

Бид Цагаан голын нөгөө эрэг рүү гарч машинаа буцаагаад цааш Гангаамаа болон түүний зочинтой нийлж биси орох учиртай. Бекийн пургонд сууж голын ёроолын том том чулуунд машиныхаа шалыг түг түг хийтэл цохиулан, 2 тийшээ найган байж морьтой хүнээр замчлуулан голоо гарч явчлаа. Гол гатлах ийм түгшүүртэй байж болох юм гэж бодсонгүй явжээ. Орой харанхуйд ус нэмсэн үед нутгийн хүнээр заалгалгүй гарвал амиа хорлосонтой адил. Голын ширүүн ус ёроолын чулуун дээгүүр алцганан ганхах машиныг шууд өнхрүүлж аваад урсгах шинжтэй.



Гангаагийн зочин гэж 69 настай Хонконгт амьдардаг герман өвгөн байна. Нэр нь Фханк. Бид 3 түүнийг хойшид өвөө гэж нэрлэв. Бид ачаа бараагаа 2 тэмээнд ачуулж, өөрсдөө ялимгүй түрүүлэн хөдлөв. Бүрхэг, хүнд агаартай өдөр байлаа. Явган аялагчдын дүрмээр цуварч явсан бөгөөд цувааны хамгийн эхэнд мэдээж хөтөч тэгээд хамгийн удаан явдалтайгаа урдаа оруулдаг ёсоор өвөө, тэгээд бид 2. Өвөөгийн аялалын таяг, үүргэвч, хүрэм, бээлий, гутал нь хөнгөн эвтэйхэн амьтад байна. Бид хоёрын таяг хажууд нь бүдүүн, хүнд гэж. Аялалын хүрэм үүргэвч тод улбар шар, ягаан, ногоон зэрэг фосфортой юм шиг байдаг нь ууланд золгүй явдал болох буюу төөрөхөд дээрээс нь онгоцоор хайхад олоход амрыг бодолцож хурц өнгөтэй бүтээдэг юм гэнэ. Гангараа биш юмсанж.

Ачаатай тэмээд удалгүй биднийг гүйцэж түрүүлэв. Харахад аажуухан нэг хэмээр удаан алхлах боловч нэг алхахдаа морины 2 алхахыг алхдаг бололтой, удалгүй уул даваад алга боллоо.

Бид цуваагаар өгсөн явсаар. Замд таарсан голоос савандаа ус хийж залгилахыг хараад Гангаамаа амархан цуцна, түүхий ус битгийн уу гэв. Нээрээ бодоод байхад хар цайгаа савандаа хийж гарсан нь дээр юм байна. Энэ мэтийн ялихгүй мэт боловч чухал зүйлийг мэддэг болсондоо олзуурхав. Нэг их удалгүй үдийн цайгаа уухаар амс хийв. Өвөө халааснаасаа жижиг хар юм гаргаж ирээд нүх рүү нь дунд хуруугаа шургуул гэлээ. Тэгсэн тэр нь миний цусны даралт, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг дор нь гаргаад ирж байна. Даралт ч яахав бага зэрэг өссөн харагдана, 2000 метрт дассан хүн 4000-д хүрээд ирэхээр аргагүй биз, харин нөгөө заалтыг хараад өвөө гүнзгий амьсгаа авч алхахыг зөвлөв. Толгой жаахан өвдөөд байсан юм аа даанч, цусан дахь хүчилтөрөгч багассан байж. Өвөөгийн бугуйны цаг бас лаг эд ээ. GPS шиг газрын өндрийг зааж байна. Нэг GPS-тэй болж авна даа.


2 цаг гаруй алхаад байтал тэнгэр улам барайж шиврээ бороо орж эхлэв. Өвөө үүргэвчээ норохоос хамгаалж гадуур нь ганган шар уут углаад авч байна. Даралтын өөрчлөлтийг организм маань нарийн мэдэрснээс дотор шартсан мэт бэлбийж хамраас цус гарахын хажуугаар өглөө уусан ямааны сүү алхаан дунд 12 нугалаа гэдсийг маань гайгүй сайн цэвэрлэсний үрээр байсгээд л цувааг зогсоож нойлийн цаасаа намируулан томоохон чулуу бараадан гүйх хэрэг гарч явлаа. Өвөөгийн улцан царай тэнгэртэй адил болж ирээд, идэж уухаа зохицуулж чаддаггүй тэнэг доорд амьтад гэж барууныхны их зангаар бодож байгаа нь илт. 3 удаа гүйлгэсний дараа тэнгэр ч жаахан онгойж миний гэдэс мушгиралдах нь багаслаа. Өндрийн зөрөө, агаарын даралт өгсөж явахад аргагүй цуцааж байна лээ. Газрын өгсүүр арай багассан ч, маш намгархаг, бамбалзуур болж ирсэн тул ер чигээрээ явж болохгүй, дов сондуул, ус намаг тойрч явав.





Бороо бараг зогсч нарийн ширхэгтэй манангийн бороо шиг болж ирэхийн алдад бид манай экс ерөнхийлэгч, шашин төрийг хослон баригч, оройн дээд, түмэн наст, урт шар дээлтийн 2006 онд Хүйтний оргилд авирсанд зориулан босгосон дурсгалын хөшөөн дээр ирлээ. Цагаан боржин чулууны 2 талаас нь хар ногоон чулуун хавтанг тогтоож, нэг тал дээр нь дээр эзэн Чингис хааны хэлсэн үгийг сийрүүлж, доор нь түүнээс хавьгүй том үсгээр өөрийхөө нэрийг сийлсэн харагдана. Ар талын хавтанд хамт ууланд авирсан, авирахад ажилласан багийхны нэрийг жагсааж, хөшөөг тойруулж цагаан чулуугаар Монгол улсын газрын зураг шиг гортиг татжээ.


Хөшөөний хувьд сайхан зохиомжтой юм, даанч өөрийхөө авиралтанд зориулж хөшөө босгох ч дээ, мэдэхгүй, би гэх үзэл нь хэтийдсэн, даруухан бус хүний хийх ажил гэж санагдана. Хөшөөг чинь уул шугамандаа гол төлөв бусдын төлөө их үйл бүтээсэн хүнд, бусдын зүгээс зориулан бүтээдэг бус уу. Эсвэл хамт авирсан уулчид нь мань эрийн зориг тэвчээрийг биширсэндээ босгосон бол өмнөөс нь гарын үсгийг нь томоор сийлмээргүй сэн. Хүйтэнд гарсан уулчин, сонирхогч бүр энэ жишгээр өөртөө зориулж хөшөө босгосон бол энэ хавь оршуулгын газар шиг харагдах байсан биз. 
Уг нь энэ бүс тусгай хамгаалалттай, машин байтугай морь мал ховорхон үзэгдэх нутаг боловч энэ авиралтанд зориулж бүхэл бүтэн баг ажиллаж, цэргийн 66 машинаар туучсаны ул мөр одоо ч тодхон харагдана. Түмэн наст, наран гэрэлтийг ирээд буцахад энэ хавь гялгар уутны хогоор нэг хэсэгтээ алаглаж, одооноос л салхиар хийсч алга болсон, нутгийн иргэд ярилцаад оройн дээддээ хүндэтгэл үзүүлэх болж ахмад настнуудаас бүрдсэн төлөөлөгч илгээн хадаг барих гэхэд нь нэвтрүүлээгүй, овоонд 300 000 төгрөг хадганд боож өргөснийг нь олсон хүн цээрлээд аваагүй ч гэх шиг элдэв яриа дуулдах юм билээ. Нүд үнэнч, чих худалч ч гэлээ, наргиа 80 хувьтай л гэлцдэг. Угаасаа муухай хүний инээх муухай гэгчээр балин хамартад дургүйг минь энэ хөшөө бүүр сэдрээж орхилоо.



Эндээс Александр, Потанины мөсөн гол, оргилууд бүтнээрээ харагдана. Мөсөн гол гэж яагаад нэрлэснийг гайхаад л явлаа. Гол гэхээр урсгал ус санаанд буух юм, гэтэл мөс яаж урсах вэ? Алсаас бол цасанд хучигдсан уулын хөндийг томоо анжсаар замбараа муутай хагалсан шиг л харагдаж байна.


Ингээд 15 цагийн үед цаг уурчдын гэрт ирлээ. Цагт 5 орчим км явсан бололтой. Юун гэр вэ хэмээвээс, дулааны улиралд японы санаачилгаар мөсөн голын ажиглалтын төсөл хэрэгжүүлдэг, тэрнийх нь хэмжилтийг аймгийн ус цаг уурын газрын ажилтнууд 20 хоногоор ээлжилж хийдэг аж. Харин уулчид цаг уурчдын гэрийг түшиглэн буудалладаг, түүнийгээ base camp буюу биси гэдэг юм байна. Түүнээс энэ хавь тусгай хамгаалалттай бүс тул айл амьтан нутагладаггүйг дээр хэлсэн билээ.



Хээр явсны эцэст гэрийн бараа харж, утаа үнэрлэх ч сайхан л байлаа. Харин гэрийн эзэн биднийг хайрцагтай хоол хүнсээ гэрт оруулж тавихаар ороход жаахан шинж муутай байгаа бололтой угтав. Үүгээр ирсэн жуулчид залхаасан болов уу. Аргал түлээнээс авахуулаад ус ундыг нь тэсгээдэггүй биз. Гэхдээ бид удалгүй маш сайн танилууд болсон билээ.

Ирсэн даруйдаа бид гэрийн ойролцоо газрын налууд тааруулан майхнаа босгож хоолоо хийхээр яаравчлав. Монгол улс болохоор бид 2 майхныг зөвхөн шөнөдөө унтах зориулалтаар л босгосон бол өвөөгийн хувьд уриагүй байхад гэрт орох нь зохисгүй гэж үзсэн нь илт, 4 хүн элбэг багтах майхандаа шургаад таг болов. Харин Гангаагийн майхан хөөрхөн жижиг юм. Том майханд хүйтэн байдаг гэнэ. Бас л мэдүүштэй юм.

Бид гэрт халуун цайнд боорцог хөшиглөн идэж, Жанат ахтай танилцан хэрэг зориг хэт нутгаа ярилцах зуур Гангаа аминдаа л настай хүнийг ядарч яваа гээд халуун ус буцалгаж өгөхөөр яаравчлан байв. Гэтэл өвөө аваачиж өгсөн усыг нь голж, шар өнгөтэй байна, голын ус уухгүй, хотоос авчирсан савтай цэвэр уснаас буцалга гэжээ. Том тэнэгтдэг байна шд. Аглаг зэлүүд ийм сайхан нутагт ирээд байгаль ээж өөрийн шүүлтүүрээр шүүсэн уулын урсгал усыг уух нь Гонконгт амьдардаг өвөөд байтугай хаяанд нь байгаа маньд олдохуйяа бэрх завшаан атал хотоос чирч ирсэн хлороаминтай крантны ус ууна гэж байдаг. Монгол бол элдэв халдварт өвчний нян бужигнаж байдаг халуун орон биш шүү дээ. Ингээд би гэж хүн өвөөг яравгар их зантай, ямбатай, хээрийн хүн хээгүй байх хэрэгтэй, тав тух хайсан бол буруу газраа ирж энэ тэр гээд амандаа орсноор муулаад хаялаа. Энэ зуур Жанат ах маань овоо дуу шуу орж, ярианд оролцон, гал хөс, түмпэн шанаганы асуудлыг шийдэлцэж өгснөөр хоол ундны асуудал түргэнээр шийдэгдэж бид хоолоо идэж ааш наашлав.

Гангаа аргадах загнах хослуулан байж өвөөгийн хоолыг нь майханд нь аваачиж идүүлээд (ингэж л зөнөглөхгүй юмсан) эвлэрлийн гэрээ байгуулжээ. Гэтэл хамаг хагарлын үүдийг яс юман дээр бид нээсэн нь удахгүй тодорхой болов. Юу хэмээвээс, өвөө бол Хүйтэнд авирахаар хөгжмөө дангаараа захиалж мөнгөө төлсөн хүн, гэтэл бид 2 гэдэг шаврын хаалтууд хүний захиалсан хөгжимд үнэгүй бүжиглэх гэлээ гэж өвөө биднийг хардаж, ёозгүй аашлаад байсан юмсанжээ. Учир иймд бид 2 төлөвлөөгөөгөө өөрчлөн Гангаатай Малчинд гарахаа больж, маргааш Жанат ахтай явж хэмжилт хийнгээ мөсөн гол үзээд, түүний маргааш цаг уурын станцаа эргэнгээ Малчин оргилд гарах болов.

Бүрэнхий болохын алдад нэгэн морьтон дуу аялан нэлээн ширүүхэн давхиж ирсэн нь цаг уурч Уатхан ах байв. Мань эр бидний өмнө ирээд буцсан 2 жуулчныг машинаар тосох газарт нь хүргэж өгөөд градус ихтэй яваад ирж. Ирээд бидэнтэй танилцаж, ах нь 4 бакаалтай (4 хүүтэй), ганц түүпэлтэй болох гээд болоогүй гэх зэргийн хөгжилтэй зүйл ярьж байснаа уутан хөнжилдөө тугдайгаад унтаад өглөө.



Энд агаар маш тогтворгүй, цагийн дотор л хэдэн удаа бороо орж, уулын оройгоор будан татна, удалгүй салхи гарч үүлийг хөөн одно, тэгээд нар гарч салхи тогтоно, тэгснээ нэг мэдэхэд дахиад л манангийн бороо зөөлнөөр шивэрнэ. Өдийд өдрийн дундаж температур +10с орчим л байна. Үстэй хантааз нуруу бөөрнөөс дулаахан, юм хийхэд гар чөлөөтэй сайхан байна лээ дээ. Тэр ус салхи нэвтрүүлдэггүй хүрэм агаар нэврүүлэхгүй хөлөргөөд, салхи авбал нуруугаар хатгуулах гэмтэй эд байна. Шөнөдөө ус хөлдөхөөс арай наахнуур хононо. Орой майхандаа орохдоо усны саванд халуун ус хийж аваад хөлдөө хийчвэл дулаацахад амар. Шөнө унтаж байхдаа хөрвөөхөд биеийн хэсэг хүрээгүй гудас хөнжил нэвт хайрна. Харин тэр хийлдэг гудас нь яадаг юм гэхээс, эсгий гудас газрын чийг харваад хайрдаг юм билээ. Бас нэмж хэлэхэд архи авч явахад ер гэмгүй санагдсан. Нэгд, юмыг яаж мэдэх вэ осгох, бэртэх тохиолдол гарвал, мөн хүн амьтанд бэлэглэх, өөрсдөө халуун байхуундаа хийгээд уухад чийгтэхээс сэргийлэх сайн талтай.




Нар жаргахын өмнөхөн агаар тогтуухан байсан тул ойр зуур явж нэг хоёр зураг аваад унтахаар хэвтлээ. Маргааш Гангаамаа өвөөтэй Хүйтэн рүү явж, бид 2 мөсөн гол үзнэ. Мөснөөс бүтсэн гол яг ямаршуу байдаг бол?


3 comments:

  1. за үргэлжлүүлээд оруулаад байгаарай. Угаасаа гадаадууд гэхээрээ, тэр тусмаа Европ өвөө эмээ нарын зан. Хэ хэ. Зурагнуудаараа улам баяжуулаарай.

    ReplyDelete
  2. Hey man, nice to see you here, Hagiin har heveereen uu, chamtai yavna geed humuust zarlasan shuu, mongoloo toiroh geed b uu, amjilt

    ReplyDelete
  3. Customer , тэр хүн чин, Гангаамаа ажилаа л хийж байна,

    ReplyDelete