Хэрвээ Монголоос өөр газар үүн шиг хүрхрээг үзсэн бол энэ бүх гайхамшгийг тодорхой зайнаас, хаалт хамгаалалтны цаанаас зүгээр л харах, зураг татаж авах төдийгөөр үзээд хязгаарлагдах байсан байх даа, гэтэл энд хад дамжин харайж, усан дуслуудаас үүссэн солонгод ойртох зэргээр чадал хүрэх цэгтээ очиж үзэж мэдэрч (хүсвэл хазаж ч) болж байгаа нь бас их том эрх чөлөө, бусад газарт байхгүй давуу тал юм даа гэж бодсоор хүрхрээг орхин буцах замдаа оров.
"Энэ уулын цаана Шинжаан уйгурчууд суудаг"
Жаахан уруудаад явж байтал Сыргалын заставын будаг нь ханхалсан шинэхэн дарга залуу мотоциклоор хилээ эргэж яваатай таарч, иргэний үнэмлэхээ шалгуулж, бид хилийн бүст яваа бөгөөд хэд алхаад хил давчих аюултай тул дүрэм журмын дагуу зөвшөөрөл авах учиртайгаа сайтар ойлгож, мэдсээр байж эс тоосондоо гэмших сэтгэл төрөв. Усыг нь ууж яваа улс ёсыг нь дагавал зүгээр. Уул шугамандаа бидний л аюулгүй байдлын төлөө бүртгэдэг журамтай аж. Миний альпийн уул гэж нэрлэсэн уулын цаана шинжаан уйгурчууд оршин суудаг бөгөөд заримдаа эмийн ургамал түүх гэсэн улсууд цаад талаас орж ирчихсэн явж байдаг гэнэ лээ. Хил зөрчиж яваа улс цагаа тулахаар аюултай ч байж мэдэх л юм. Бас хангайн амьтад улирлаа даган дөрвөн цагийн улиралд дураараа нүүх гэхэд нь тэнд нь төмөр тор татаад хашаад авдаг гэж дуулдсан. Үнэн бол хэцүү л юм. Амьдтад ямар амьтдын эрхийн хороо, нэгдсэн амьтдын байгууллага байх биш. Хэндээ хандах вэ дээ. Хятадууд аа гэж, шороон түмэн хүн амьдрах гэж үзэж тарахгүй бол өлсөж үхэх гээд хэцүү л байдаг байх даа.
Ахин цааш яваад Mongolia Expedition-ийн улаан хүрэн жийптэй таарлаа. 2 Голланд жуулчин энэ хүрхрээг үзэхээр 11 дэх жилдээ ирж байгаа, сая Таван богдын base camp (BC)-д агаар хүлээж 4 хоноод авирч чадалгүй наашаа гарсан (яанаа, тэнгэр сайхан байгаасай) тухайгаа ярив. Зөвхөн энэ хүрхрээг үзэх гэж 11 удаа ирдэг нь ямар учиртай юм бол доо. Европт сайхан газрууд зөндөө байдаг л байлгүй, зардал мөнгөнөөс нь айлгүй зүтгэхийг бодоход энэ газар орон зөвхөн миний ч биш, бүх хүний сэтгэлийг үнэхээр татдаг байх нь. Нэг бол энэ 2 найгүй ой муутай улс байх, эсвэл компьютер нь вирустээд бүх зураг нь устсан байх. Биднийг Цагаан гол орно гэж мэдээд түрүү жил авахуулаад сайхан томоор угаалгасан зургаа тэндхийн монгол найздаа өгөөрэй гэж бидэнд дамжуулаад мөр мөрөө хөөлөө.
Төлөвлөгөө ёсоороо явсан бол өнөөдөр машин эндээс буцаж бид Баавгай салаа хэмээх үзэсгэлэнт газар хүртэл явган аялж тэндээ хоноглох байсан ч Ховд турынхны ур чадвар, туршлаганд итгэсэн минь талаар өнгөрч, бид 3 өдрийн явган аялалаа алдаад байгаа билээ. Ингээд өнөөдөртөө амжиж Цагаан гол орохоор яаравчлав.
Санаандгүй байтал Бекийн санал болгосноор сүг зураг үзэх болцгоолоо. Сүг зургийг би зөвхөн босоо ханан хананд байдаг гэж бодож явсан юм, гэтэл бас дандаа ч тийм биш юмаа. Машин замын хажуугаар байх уул руу өгсөөд тэгш сайхан өндөрлөгт газраас ургасан мэт хэвтээ улаан хаднууд дээр цохиж хийсэн маш уран хийцтэй цоолборууд байна. Янгир агнаж нум сум харваж буй морьтон, анчнаас зугтааж буй янгирийн урд хөл дээрээ бууж байгаа агшин,тэрэгний дугуйнууд, маш урнаар угалзарсан томоо салаа эвэртэй буга,заримдаа хирс, анааш шиг дүрсүүд хивс, ноолууран эдлэлийн зураг адил. Нөгөө Цэнхэрийн агуйд үзнэ гэж төсөөлж байснаа энд шавайгаа ханатал үзлээ дээ харин. Эрт цагт зургийг чанартай материалаар үлдэцтэй зурдаг байжээ.
Сүг зурагтай өндөрлөг дээрээс орчны байдал илхэн харагдана. Одоо болтол харамссаар яваа нэг зүйл бол олигтой цэлмэг үе ер тохиолдсонгүй, байнгын салхитай, солигдмол үүлтэй байж таарсан тул нуурын толионд буусан цагаан цасан малгайтай, ногоон модон хүрэмтэй, хөх усан хормойтой баян хангайн зургийг манаад манаад санаандаа тултал буулгаж чадсангүй. Өмнө нь би энэ шүлгийг уншихдаа энэ бүгдийг нэг доор зэрэгцэн байдгаар төсөөлсөнгүй явж. Мөнх цастай уулыг хормойгоор нь гол урсах ногоон уулаас алс холд боддог байлаа. Энэ бүгд цогцоороо нэг дор орших нь шүлэгчийн уран сайхны хэтрүүлэг биш, бодит үнэн ажгуу.
Сүг зураг үзсэний цай уугаад хөдлөв. Замд жинхэнэ баатар эрд зориулан босгосон хүн чулуутай таарав. Сагсай сумд тааралдсан овгийн ахлагчаас ялгаатай нь ар талд нь хиргисүүр маягийн багавтар булш байна, бодвол энд баатар маань нойрсч байдаг байх нь. Хуйтай оготор сэлэмийг товгор хээтэй өргөн бүснээс зүүсэн тэр сахал хөмсөг ихт баатар гартаа хундага барьсан үзэгдэнэ. Харин хүн чулууны урд талд 200-300 метр газарт 2 талаар нь босоо чулуунуудыг газарт лав шигтгэж орхисон байна. Энэ нь мань эрийн оршуулганд ирсэн нэр хүндтэй хүмүүс ийм үйл хийдэг байсантай холбоотой гэнэ. Тэгэхлээр манай баатар нэлээн нөлөөтэй хүн байсан байж таарна. Энэ олон жил өнгөрөхөд ингээд хэвээрээ байж байдаг, миний эх орон үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан шигээ энэ хүн чулуу сүг зурагнуудыг бас сайхан хадгалжээ.
Ахиад жаахан явж байтал оройгоороо конусархуу болж ирсэн том жижиг модон байгууламжууд байхыг харав. Хангайд бол нямбай айлууд иймэрхүү тугалын хашаатай байдаг сан. Гэхдээ орой нь битүү байдаг нь ямар учиртай юм бол доо. Мод ховортой газарт хэрэг болгож барьсан хийгээд тэр хавьд айл амьтан огт үзэгдэхгүйг бодоход тугалын хашаанаас арай л холуур эд байх шиг. Гэтэл энэ нь оршуулгын газар юмсанж. Ойртоод харахад нарийн сийлбэр цоолбортой гоёмсог бунхнууд байна. Их цэгцтэй, цэвэр цэмцгэр юмаа. Нурж эвдэрсэн бунхан лав үзэгдсэнгүй. Өөд бологсдыг хүндэтгэсний дээр шашин ном ондоо учир бага зэрэг эмээгээд зураг авч чадсангүй. Нэгэн баян хүний ийм бунханг 1000 хониний сүүл хайлан тосолж олон жилийн настай болгосон бөгөөд ширүүн борооноос хоргодож ийшээ орсон хүн саваагүйтэж гар хүрэхэд нь тэнгэрээс хөөе чи болиорой гэсэн дуу гарсан гэсэн домогтой гэнэ. Ийм газар үзэж харна гэж бодоогүй явсан болохоор их л өвөрмөц басхүү аргагүй суурин иргэншилтэй газрын эд шиг санагдлаа.
Эндээс нэлээн явсны эцэст 5 цагийн орчимд Цагаан голыг гатлах болов. Бууж наагуур цаагуур явж, хүнээс асууж байж хөлгийн ахмад Бек шийдвэрээ гаргалаа. Мань эр хэд хоногийн өмнө Цагаан голыг эндээс дээгүүрхэн гатлах гээд машинаа эвдсэн тул халшраад байгаа бололтой. Цагаан гол юугаараа аюултай, яагаад ийм нэртэй вэ гэвэл, уулын хурдан урсгалт гол ( голынхоо эхээр 7м/с хурдтай) ёроолдоо том том үхэр чулуутай бөгөөд цагаан өнгийн шохой мэт хурдас усанд нь холилдсоноос ус тунгалаг биш, нэг тийм цийдэмэрхүү өнгөтэй болж ёроол нь аль хэр гүнзгий, ямаршуу саадтай зэргийг таашгүй байдаг тул жолооч туршлага мэдрэмж, нутгийн хүмүүсийн өгсөн мэдээлэлд найдаж нэг ёсондоо азаа үздэг байна. Мөн энэ гол мөсөн голоос эх авдаг тул өдөртөө хайлсан мөсний ус оройдоо голоо нэлээн нэмдэг. Иймд нутгийн хүмүүс голоо өглөөгүүр гатлахыг зөвлөдөг.
Голоо амжилттай гараад цааш аялалаа үргэлжлүүлэв. Машинд орж ирсэн өлсгөлөн саарал самуурайнуудыг (энд хүн мал ховор нутаглах тул шумуулнуудын дайрч байгаа гэж жигтэйхэн) хөөж гаргаад цонхоор газрын байдлыг ажиглан явлаа. Алтайн уулс Хангай Хэнтийн нурууг бодвол огцом эгц хадан халил, хурц шовх ирмэг, атираа нугачаа, нурж овоорсон чулуу ихтэй, жаргах нарны гэрэлд улаан хөх өнгөөр алаглан байна. Номноос Алтайн хөх уулс шиг өвгөд гэж уншиж байснаас өөрөө харж байсангүй. Бодоход нас залуу уулс учраас элэгдэж мөлийн хөрс үүсч амжаагүй бололтой. Миний үзсэн уулс дандаа л гэр хэлбэртэй бөмбөгөр бөгөөд шорооноос бүтсэн мэт байдаг. Гэтэл энд уулс цул хад чулуунаас бүтсэн байх юм.
Гэх мэтийн “соёлын шооконд” орох юм бас зөндөө. Хараад байвал багадаа зургийн хичээл дээр уулан хээ гээд ирмэгтэй шовх гурвалжингуудыг давхарлаж үелээтүүлэн зурдаг байсан даа, яг тэр мөөн. Хүн нүдээрээ үзээгүй зүйлээ үгүйсгэх нэг муухай зантай юм уу даа, хэзээ ийм уул байлаа даа, үлгэрт л гардаг уулыг уран сэтгэмжээр баяжуулаад хээ угалз болгосон гэж бодож явсан байна, би.
Бас нэг дуулсан сонин зүйл бол энэ уулсын дунд Тува бага сургууль байдаг тэрэнд нь энэ хавийн Тува хүүхдүүд гэрээсээ явдаг гэнэ.
Нар нэлээн ташсаны хойно Тува нарын шүтлэгтэй Шивээт Хайрхан уулын хаяанд ирлээ. Эндээс алдарт Алтайн уулсын цаст оргилууд бүрэн бүрэлдэхүүнээрээ харагдаж байна. Манан будан салдаггүй бололтой харагдана.
Удалгүй бүрэнхий болохын алдад болзоотын бор толгой-Цагаан гол дээр ирлээ. Голын нөгөө талд Гангаамаа ирээд майхнаа босгосон байна. Нэлээн түрүүн ирээд биднийг сурагласан гэнэ. Орой болж голын ус нэмсэн тул маргааш өглөө голоо гарахаар болов. Ингээд айлын илүү гэрийг 15 мянган төгрөгөөр хөлслөхөөр болж аяга шөлөө хийхээр яарлаа.
Айлын эзэн 50 гаруй насны живэр сахалтай хөнгөн шингэн хүн биднээс хол ойрын сонин, ноолуурын үнэ сонсох гэж цайны сүүгээ барьсаар орж ирэв. Энэ хүнийг Батжаргал гэдээг. Социализмын үед тухайн үеийн зүүн Германд хүнд машин механизмын инженерийн мэргэжил эзэмшиж, мэргэжлээрээ Зүүнбаян, Хэнтийн Бор-Өндөрт ажиллаж байгаад тэтгэвэрт гараад нутгаа барааджээ. Тэгэхээр ёстой л таван хэл мэддэг полиглот аж. Герман, орос, монгол, казах тэгээд мэдээж төрөлх тува хэл. Дээр нь нэгэнт орос германтай тул үүгээр ирсэн англи хэлтнүүдтэй дөхүүлээд ойлголцоод байдаг гэнэ. Манай монголчууд мундаг өндөр боловсролтой юм. Тэтгэвэрт суугаа малчин хүн ийм олон хэлтэй байна шүү дээ. Энэ хавийхан Герман Жагаа гэхээр андахгүй л.
Энэ хавийхан ямаа голдуу өсгөх юм. Хонины ноосыг авдаг газар ч алга, авлаа гэхэд тээврийн зардлаа ч нөхөж дийлэхгүй үнэ өгдөг тул гэрийн хаяагаар цагаан алт гэж өргөмжлөгдсөн ноос хөглөрч харагдана. Хөөрхөн улаан хацартай жаал хүү гадны биднийг бишүүрхэнгүй сониучирхана. Миний охинтой л ойролцоо насны юм. Тэвэрч аваад үнсээд эрхлүүлсэн чинь бас дуртай мөртлөө ичээд байна аа. Охиноо санаж яваагаа тэгж мэдлээ.
Хоол идсэний дараа өөрийн эрхгүй нойр хүрч бараан дээрээс баахан гудас авч газраар давхарлаж дэвсээд гэрийн хаяаг дотор талаас нь сайтар чигжиж аваад ширүүн урсгалтай голын шуугихийг ч эс тоон давсандаа явахаар хамраа хөнжилдөө лав шургууллаа. Дулаацах гэж нэг хэсэгтээ л хөрвөөж эндхийхний чийрэг, өөрийхөө бээргийг гайхав.
"Өдөр үзсэн сүг зурагнууд"
Энэ Билүүтийн сүг зураг гэдэг юм, нийт 3 (site) хэсэгээс бүрддэг 10 орчим жилийн өмнөөс судлагдаж эхлэсэн
ReplyDeleteБаярлалаа, Билүүт гэдэг газар байсан юм байжээ. Анааш шиг урт хүзүүтэй, усны үхэр шиг амьтан ч бас байсан. Сүүлд хүмүүс дээр нь элдвийн юм бас их сараачсан байна лээ.
ReplyDeletehi, ene ni shiveet hairhanii sug zurag mun uu?
ReplyDeletegoy blog bnaa, bayrlalaa, ulam ih amjilt
saihan aylal bolson bna
ReplyDelete