Төлөвлөгөө ёсоор өнөөдөр бид өглөөний цайны дараа явган аялалаа Рашааны уулын зүг рүү эхлүүлж тэндээс машин буцаж Цагаан гол руу түрүүлж явах ба бид явган аялалаа үргэлжлүүлсээр ой мод, уулын янз бүрийн цэцэг, зэрлэг жимс ихтэй байгалийн үзэсгэлэнтэй газар болох Баавгай салаа орж хоноглох ёстой байсан ч Ховд турынхны цалгар зохион байгуулалтын ”ачаар” хоног хугацаа хүрэлцэхгүй болсон тул эндээс холгүй орших Их ба Бага дөргөний хүрхрээ үзээд машинаар шууд Цагаан гол орж Гангаамаатай уулзах болов. Учир нь Гангаамаа өчигдөр Өлгийд үлдээд хотоос ирж байгаа жуулчнаа угтан авч шууд Цагаан гол орж тэнд бидэнтэй нэгдэхээр ярьж тохиролцсон юм.
Миний бодлоор хүрхрээг энэ нутагт “Дөргөн” гэж нэрлэдэг нь нэг бол дөргөн гэдэг нь өөрөө хүрхрээ гэсэн утгатай баруун монгол үг байх, гэхдээ үүнээс илүү магадлалтай таавар бол “Түргэн” гэсэн үгийг уйгуржин монгол бичгээр бичээд уишихад дөргөн гэж дуудаж болох талтай. Түргэн урсдаг ус гэсэн утгаар. Тэрнээс дөргөн гэж “Богд хаан уул” гэдэг шиг оноосон нэр биш бололтой. Ховдод Дөргөний усан цахилгаан станц гэж байдаг нь энэ бодлыг улам лавшруулж байгаа юм.
Өглөөний цайгаа уусны дараа бид явган аялалын таяг, нарны шил, тос, малгай, ууцавчаар зэвсэглэн Их ба Бага дөргөний зүг эртлэн хөдлөв. Энэ бүс нутагт сэрүүхэн гэдгийг бид алхам тутамдаа мэдэрч байсан тул хэдийгээр өнөөдөр ховор тохиолдох цэлмэг сайхан өдөр байсан ч хашраас унаж үхэхгүй тул ууцавчаа бүсэлж авсан билээ. Энэ нь халууцаж хөлөрсөн нурууг салхи авахуулахгүйгээс гадна нуруунд тулгууртай түшигтэй сайхан байлаа.
Хүрхрээ орохын наана огцом гуу жалгаар нь уулын түргэн урсгалт гол урсах уулын хөндийгөөр явсан бөгөөд зүүн гар талын (гараараа баримжаалсны учир нь би бээр Богд уул, Зайсан толгой л харагдахгүй бол зүг чигээ бүрэн алдаж орхидог нэгэн билээ, одоо газрын зураг харахнээ урд зүг юм байж ) уул өндрийхөө талыг хүртэл нүцгэн цул хад агаад талаасаа доош буталсан мэт сул хад чулуу хөглөрөх нь энэ уул саяхан шилгээгээд чулуунууд нь ингэж овоорсон мэт санагдана. Ер нь л хангайгаас шал өөр юм.
Энд миний урд үзэж байгаагүй өргөстэй саарал мөчиртэй шилмүүст мод байсныг би жодоо гэж оношлов. Домогт өгүүлснээр хараацай шувуу хүнийг үхэшгүй мөнх наслуулахаар мөнхийн рашаан олоод амандаа зууж явтал хорон санаат хон хэрээ рашааныг гэнэ алдуулан асгуулж, тэр нь хуш, арц, жодоо гурав дээр туссанаар мөнх ногоон болсон гэдэг. Хэрээ ч бас л зөв юм хийсэн байгаа юм. Тэртэй тэргүй 6 тэрбум хүнээ яая гэж багтааж ядан хотолзож байгаа дэлхий шүү дээ. (Би ингэхэд хэний талд байна аа, хэхэ). Жодооны талаар Wikipedia ингэж хэлж байна:
Сибирь жодоо (Abies sibirica) нь мөнх ногоон, шилмүүст мод бөгөөд Ижил мөрөн, Туркистан, Шинжаан, Монголд ургадаг. Энэхүү мод нь ой тайгын хүйтэн сэрүүн бүсийн уул нурууд, чийглэг хөрстэй гол нуурын сав, 1900-2400 м өндөрлөг газарт ургана. Жавар, сүүдэрт маш тэсвэртэй бөх мод бөгөөд ховор тохиолдолд 200 гаруй насалдаг. Ногоон саарал, бор сааралдуу холтостой, шилмүүс нь 2-3 см урт, 1.5 мм
өргөнтэй байна.Цилиндр хэлбэрийн боргоцой нь 5-9 см урт, 2.5-3.5 см өргөн гэжээ. Жодоо бид 2 ийнхүү танилцав.
Газрын байдал зурагнаас бууж ирсэн мэт. Хурц ногоон нуга, цэлмэг тэнгэр, цагаан цасан малгай, ногоон модон хүрэм, хөх усан хормой, казах гэр, ганц нэг адуу мал. Альпийн уулсаар аялаад ирлээ гэвэл хүн үнэмшихээр.
Уулынхаа хөндийгөөр 3 км орчим өгссөөр Бага дөргөн дээр ирлээ. 5-6 метрийн өндрөөс том том үхэр хадны завсраар хөөс цахруулан чимээ ихтэй шуугин ааг омгоо багтааж ядан урсах усыг хараад ваав гэж дуу алдав. Бек хариуд нь хэлж байна, жинхэнэ ваав чинь одоо удахгүй тааралдана аа гэж. Энд хэсэг саатаж зургаа авахуулаад удалгүй Их дөргөний зүг хөдлөв.
Хөөх... Их дөргөний хүрхрээ… Мөхөс миний үгийн сан энэ үзэсгэлэн гоо, сүр хүчийг дүрслэхэд хомсдож байна. Энэ бол аялалын туршид үзсэн хамгийн сэтгэл татам газруудын жагсаалтанд эхний байранд орох маш үзэсгэлэнтэй, байгалийн сод уран бүтээл байлаа. Үгээр өгүүлшгүй, үзгээр бичишгүй л гэж хэлье дээ.
Байгаль ээж үнэхээр чадварлаг дизайнер юм. Сайн бүтээлүүдээ хүний хорон нүд, машин тэрэгний дугуй хүрэх газраас холхон нуудаг бололтой. Хүрхрээнээс ойсон ширхэггүй усан дуслуудаас үүссэн бяцхан тал солонго, цагаан, хөх, улбар шараар алаглах цэцэгс, гоёлын мэт нов ногоон өнгөтэй бөгөөд хадан дээр мөлхөж ургасан өвсөн чимэглэл, хад жимсний бут, том том үхэр хадны хонхорхойд үүссэн байгалийн жакузи. Энэ бүгд цогцоороо үнэхээр төгс төгөлдөр, биширч ханамгүй.
Chinii ayalaliin temdegleliig unshih zav garahgui yavsaar baigaad saya l shimten unshij duusgalaa. Minii naiz roman bichdeg bolson yum bish biz dee? ;-) nom unshij baigaa yum shig l sanagdlaa. Bas mongol hel yamar bayalag yum be gedgiig martah dohsonoo medej ichinguirev.
ReplyDeleteUneheer sonirholtoi saihan medeelliig oorinhoo bodol setgegdliin hamt bichsen chamd bayarlalaa!
Daraa ni mongoloor neg tom ayalal hiihdee zaaval Altain nutguudaar yavna gej tolovloj baigaa nadad ih medeelel ogson bichleguud baina.
Za tegeed uldsen odruudiin bichlegiig tesen yadan huleej baigaa shuu.
Zaya
Ireheeree yavaarai, saikhan shuu
ReplyDeleteамжилт
ReplyDeleteүнэхээр нүдэнд харагдтал, гарт баригдтал, урсгал усны чимээг чихэнд сонсогдтол бичжээ гэж дүгнэмээр байна. уншигчийн зүгээс ...
ReplyDeleteамжилт
Баярлалаа, урам хайрлаж, цагаа зарцуулан уншиж байгаад тань.
ReplyDeleteСайхан монгол орны маань үзэсгэлэнт байгалаар аялуулсанд баярлалаа, нүд баясаж сэтгэл сэргэмээр... Гэр бүл найз нөхөдтэйгөө заавал аялнаа, баярллаа
ReplyDeleteнэт ээр хэсэж яваад сайхан блог байдгийг олж мэдээд, амтархан уншиж байна. баярлалаа
ReplyDelete