Thursday, November 19, 2009

Дөрөвдүгээр өдөр 2009.07.29-Лхагва гариг

Өглөө орноосоо босоогүй байхад Гангаамаа аль хэдийн босоод цаасан хайрцагтай идэх юмнуудыг ангилж, нааш цааш болгон янзалжээ. Халширч халширч хөнжлөөсөө сугарч хувцасаа өмсөх гэтэл хайрч байгаа гэж жигтэйхэн. Тэгээд би бодлоо, паартай байшинд байсаар нялцайж дуусч байна даа, наад зах нь арьс маань температурын өөрчлөлтийг мэдрэлгүй удаж дээ, чийрэгжих, өлчир болох гэдэг энгийн юмнаас эхэлдэг юм байна даа гэж.

Энэ өдөр бид Mongolia Expedition -ий пургоноор Бекболатын хамт гарч Ховд голоо өгсөн Сагсай сумаар дайрч, Цэнгэл сумын нутагт орших Хотон Хурган нуурын эрэгт, Сыргалийн хилийн заставын цаана гарч орж хоноглов. Mongolia Expedition (http://www.mongolia-expeditions.com) компанийг онцлон дурдсаны учир бол намайг анх баруун зүгт аялал зохион байгуулж өгөөч гэж нэлээдгүй газруудад мэйл бичихэд үнийн саналаа явуулсан 2 компаний нэг байсан боловч дахиж эргэж холбогдоогүй тул тэгсгээд орхисон билээ. Гэтэл явж явж Гангаамаа ч тэр, Бек ч тэр Mongolia Expedition компаний хүмүүс бөгөөд Ховд турын Ганхуяг тэднийг гуйж бидэнд хөтөч хийлгэхээр болсон юм байжээ. Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг юм болжээ.


Өдөржин пургоноор замд явах зуураа Бекболаттай илүү танилцав. Өчигдөр цагаан сор бүхий содон хөмсөгтэй залуу аян замаас шууд ирээд бидэнтэй буудалд ирж уулзаад, нутаг орноо мэддэг хүний хувьд аялалын төлөвлөгөөг маань үлдсэн хоногуудад тааруулж зохицуулж өгөөд, орой нь бид баазад нь очиж хоносон билээ.


Өлгийгөөс гараад нэг их удалгүй Сагсай суманд орж ирэв. Сагсай сум бол Бекийн төрсөн газар бөгөөд мань эр эндээ казах хэлээр заадаг дунд сургууль төгсөөд МУИС-ийн экологийн ангид орж суралцсан гэнэ. Тухайн үед хүн бүхэн компьютер, хууль, эдийн засаг руу тэмүүлж байхад зүрх сэтгэлээ дагасан нь алсын хараатай сонголт болж дээ гэж бодогдов. Оюутан болж хотод ирээд соёлын шоконд орж, онц сурдаг байсан хүн чинь хэлний бэрхшээлээс болоод эхний 2 жилдээ сурлага эрс муудаад 3-р курсээсээ хичээлээ гүйцэж авсан гэнэ. Казах хүүхдүүд хотод шууд ирж сурах нь бид мэт гадаадад сурсны дайтай юм болдог ажгуу. Инээдтэй хөгжилтэй дурсамж зөндөө байдаг бололтой.



Сагсай суманд орших Лал мөргөлтний сүмээр –Мөшт (Мэшт ч байж магадгүй, ө,э,и гурвын дундуур дуудахад болно доо) орж үзэх завшаан тохиов. Дээрээ саран зэвтэй цэнхэр бөмбөгөр оройтой цагаан байшингийн үүдэнд 3 хөнгөн цагаан данхтай ус байна. Угаал үйлддэг гэнэ. Харуул манаа, цоож цуурга алга. Дотор талдаа битүү дэвсгэр дэвсэж, хойморт ламын суух олбог зассан байна. Хүн амьтангүй эл хуль байхыг бодвол мөргөлийн цаг нь биш байсан биз. Хананд нь сарны бололтой шарласан хуанли, ширээн дээр нь судар харагдана.

Сагсай суманд үзсэн бас нэг зүйл бол хүн чулуу байв. Анх удаагаа хүн чулуу үзэж байгаа минь энэ. Бекийн хэлснээр бол энэ нь тухайн омгийнхон нутаг дэвсгэрээ тамгалах зорилгоор отог омгийхоо ахлагчийг дүрсэлсэн дурсгал гэнэ. Аль үед хамаарахыг нь хэлж байсан боловч мартжээ. МЭ 8-9 дүгээр зуун хавьцаа хэлж байсан санагдана. Саарал боржигон чулуун тэр ахлагчийн чих, нүд зэрэг нь тов тодорхойн сацуу лонх хэлбэртэй ваар сав барьсан байлаа. Хөндийд цор ганцаараа торойх тэр ахлагчид бид хэсэг зуур хань болж зураг хөргөө татуулав.




Бид Ховд голоо өгссөөр явлаа. Ховд гол бол Хотон Хурган нуураас эх авч урссаар Ховд аймгийн Хар ус нуурт цутгадаг уулын ширүүн урсгалтай, тунгалаг устай өргөн сайхан гол юм. Цогт тайж кинон дээр морьтой цэргүүд Туул голын уснаас амсаад гардаг хэсэг байдаг даа, яг түүн шиг өргөн, гүнзгий том гол харагдаж байв. Ус гол уул шугамандаа ийм л байх ёстой биз ээ. Замд явж байхад хийлдэг завьтай оросууд голын урсгал даган аялж байгаатай таарав. Сүүлийн үед оросууд баруун аймгуудаар их аялж загасчилдаг болсон бөгөөд барууныхан шиг задгай мөнгө бүрийг тоолоод ханшаар хөрвүүлж бодоод байлгүй төлбөр тооцоо, цайны мөнгөн дээр гар татдаггүй, ямбалж гомдол гаргах нь бага, хээ шаагүй хээрийн нөхцөлд зохицож чаддаг цагаахан сэтгэлтэй нь хөтөч нарт таатай байдаг. Харин архийг бол ууж өгдөг гэнэ лээ.

Ховд голыг Могойтын модон гүүрээр гатлав. Одоо цагт орон нутгийн чанартай ийм том модон байгууламж ховор үзэгдэх болсон бөгөөд ихэнхийг нь цементэн гүүрээр сольж байгаатай таарч байлаа. Яг машинаар гол гарахдаа жаахан айж л явлаа. Тийм өргөн, хурдан урсгалтай гол урсдаг гэхэд гүүрийг яс сайтай хийжээ. Шажигнах ч үгүй гараад явчихаж байна.



Явсаар Хотон Хурган нуурын хөндийд орж ирлээ. Хачин их салхилж байна. Хаа сайгүй арцны бут бүүр их өндөр бөөнөөрөө ургасан нь ногоорч харагдана. Хэдэн тэмээ андуураад ирсэн аятай салхи сөрөн ханайтал зогсож залхуутай хивцгээнэ. Тэмээг уг нь элсэн говийн хөлөг онгоц гэж бодож явтал эндхийн ганц найдвартай унаа гэнэ шүү. Чапан дээлтэй (халад шиг задгай, урт хар дээл, хөвөнтэй голдуу харагддаг) өвөө хадлангаа авч байна. Эрт намаршиж байна даа. Хангайд өдийд халуун зунаараа байхад энд хадлангаа авч байдаг. Монгол бас л сонирхолтой сайхан орон юм аа. Найртай сайхан зуны улиралд цастай уулсын наана говь цөлд л байдаг гэж төсөөлөгддөг тэмээ ажиг ч үгүй ихэмсэг намба төрх үзүүлэн хэнэггүйхэн зогсох. Өөрийн нүдээр үзээгүй бол гэрэл зурагчдыг эвлүүлэг хийжээ гэж бодох байсан даа. Монгол хүн ингэж гайхаж байхад гадаадын хүмүүст парадокс санагдах зүйлс зөндөө таардаг биз.



Замд байсгээд л хиргисүүр тааралдана. Хиргисүүр гэдэг нь голд нь нэг пайз маягийн босоо чулуутай ч бий, үгүй ч бий, том том бөөрөнхий мөлгөр чулуунуудыг гэрийн бууринаас ч том тойргоор овоолж орхисон бөгөөд тойргийн голд хүйс мэт хонхорхойтой байна. Миний ойлгосноор эрт урд цагт хөөрхий цэргүүдийг бөөнөөр нь оршуулсан юм даг уу даа. Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгал гэх үү дээ. Харин гавъяа байгуулсан дарга нарт нь тусгай хөшөө-хүн чулуу босгодог байж.




Оройхон нар нэлээн тонгойсон хойно 2 нуурыг холбосон жижиг голыг мөн бат бөх модон гүүрээр гарч Сыргалын заставын цаана модон дунд хоноглохоор шийдэв. Гүүрэн дээрээс доош харахад ус тув тунгалаг, ёроолын чулуу илхэн харагдах нь сэтгэл баясам, урсгал ширүүн нь басхүү сүрдэм. Энэ хавьд дээхэн үед цас их унадаг байсан тул заставын хоол хүнс, хангалтыг нисдэг тэргээр хаяж өгдөг байсан гэх. Одоо хаа сайгүй цас бага болсноос мөнх цастай уулсын цас жил ирэх тусам багассаар байгаа гэж нутгийн хүмүүс ярьж байсан юм.


Дахин нэг жижиг гол гаталж, уулын бэлд модон дунд майхнаа босгож аваад хээрийн шөлөө пургиулан оочилж, гишүү мөчир түлж галын улалзах дөлийг ширтэн, чад пад хийх чимээнээс өөр аниргүйд хууч хөөрч суух үнэхээр сайхан байв.Эм хүний жаргал ч бас эзгүй хээр л юм билээ.

1 comment:

  1. За, оройхон уулзсан ч дагаал сүнгэнүүлээд байна шүү. Сайхан бичжээ. Ном гаргавал зүгээр юм даа хө. Баярлалаа. Заваараа эргэж ирнэ ээ, хэхэ. Амжилт...

    ReplyDelete