Tuesday, October 6, 2009

Гуравдугаар өдөр 2009.07.28-Мягмар гариг

Өглөө босоод буудлын хоолыг голонгуйхан идчихээд Ховд тур луугаа ярилаа. Бидэнд Гангаамаа гэж уулын мастер эмэгтэй газарчилж явахаар болсон гэнэ. Мундаг хүн бий гэлээ. Үдийн 11 цагийн орчим шавилхан биетэй шалмагхан эмэгтэй орж ирэнгүүтээ ажил хэрэгтээ орж, биднийг энэ чиглэлд аялж буй анхны монгол жуулчид тул баярлаж байгаагаа илэрхийлээд (хүмүүс хувиараа зөндөө явдаг байх л даа, гэхдээ албан ёсоор жуулчны компанид хандсан нь бид болсон аж) бидний амь насыг хариуцаж ууланд явах хүн учраас авч яваа хувцас хэрэглэл, хоол хүнсийг шалгая гэв. Бид 2 ч яахав гутал хувцас, эмийн сан, ууланд явах гэж авсан таягаа харуулаад хоол хүнс, майхан савыг Ховд тур бэлдэх учиртай гэлээ. Гэтэл мань хүнд Ховд тураас хэлэхдээ бидний бүх бэлтгэлийг Ховдоос хийж өгөөд явуулсан, шууд явахад бэлэн гэж ойлгуулж. Ингээд бид 2 уулын болон явган аялалд аяганы хийцгүй, толгой хоргодох дээвэргүй ирсэн болж таарав.

Нуулгүй хэлэхэд шооконд орлоо. Аминдаа өөрийгөө мөнгөө төлсөн жуулчин хүн, хүнээр хоол ундаа бэлдүүлээд л байгалийн сайханд зураг аваад л явах юм гэж төсөөлж явсан чинь ийм юм болдог юм байжээ хөөрхий. Хүлээлт маань бодит байдал дээр ирээд шалан дээр навс ойчлоо.

Ингээд л тал тал тийш нь утасдаж гарав аа. Мэдэхнээ Гансүхтэн Хойд цэнхэрийн агуй явахад цөөн хэдэн лаазалсан мах, уут будаа, гоймон, цай кофе зэрэг нэг хайрцагтай зүйл өгснөөс нь хэрэглээд үлдсэнийг нь буцаж ирэхэд шалмагхан гэгч аваад хоцорсон юм. Тэрнийгээ цаадуулдаа бэлдэж өгсөн, бүх юм бэлэн гэж ойлгуулсан бололтой дог. Бас агуй дээр гэрт хоноглох тул майхан хэрэггүй ээ гэж хэлснийг минь өөрсдөө майхантай, та нараас авахгүй ээ гэж орчуулж. Тэгээд байдал ийм дээрээ тулсан нь илрэнгүүт “Наадуул чинь өөрсдөө хэрэггүй л гээд байсан даг” гэсэн бололтой. Иймхэн юман дээр ашиг хонжоо хараад зангараг муутай л хүн юм. Эр хүний замын хүзүү урт л баймаар сан. Жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй би биш ямар.

Энэ компанийг би олж баахан ятгаж, рекламдан байж явсан тул хажуугаар нь нөхрийхөө өмнө эвгүй байдалд оров. Яаж хавь ойрын найз нөхдөө уриалаад явчихаагүй юм. Аз болоход найзууд маань эртнээс төлөвлөөгүй тул цаг зав нь бололгүй үлдсэн билээ. Арай хэтэрхий хариуцлагагүй, сэтгэлгүй хүмүүс юм, биднийг Монгол хүмүүс болохоор ингэж хандаад байна уу даа гэж бодож байлаа. Ингээд монгол улсынхаа нутаг дэвсгэр дээр арьс өнгө, түрийвчний түнтгэрээрээ ялгаварлагдан гадуурхагдсандаа туйлын гомдолтой үлдэв ээ. Хамгийн гол нь тоотой хэдэн амралтын хоногуудын маань нэг шал дэмий өнгөрөх болоод байна. Цагийн ажил хийдэг гэр бүлийн 2 хүн амралтаа дэлгэр зуны цагт тааруулж авах амаргүй байсныг хэлэх үү. Өчигдөр бас хагас өдрөө замын унаа хөдлөхийг хүлээж алдсан. Уг нь байгалийн сайхан, агаарын цэнгэгт аялж нүд баясган сэтгэл сэргэнээ гэж төлөвлөж байсан юмсан.

Баахан нервтэж аргадаж гуйх, учирлаж тайлбарлах хослуулж байж бид 2, Гангаамаа, ачаа ачих тэмээн хөтөч нийт 4 хүний 6 хоногийн явган аялалын хоолны төсөвт 200 000 төгрөг батлуулж, нөгөө анхны монгол аялагчид маань өөрсдөө хоол хүнсээ цуглуулах болов. Яг мөнгөө шилжүүлж авах гээд банкан дээр ирээд залгатал Ховд турын Ганхуяг Ховдод тог тасарсан тул боломжгүй гэсэн тайлбар хэлэхээр нь түрүүнээс хойш тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яах вэ, Ховдод тог ирэхийг хүлээгээд энд бид хонох уу айн, өөр яалгуумаар байна гэсэн маягтай агсан согтуу тавьтал тог ч дорхноо ирсэн бололтой мөнгө шилжиж ирлээ. Хааяа бас хашгичиж загнахаар тасарсан тог хүртэл ирдэг юм билээ шүү. Эргээд хэзээ ч ирэхгүй мэдрэлийн эсүүд минь хайран, ийм үйлчилгээ үзүүлээд мөнгө авдаг энэ компани хөөрхий.

Аз болоход Гангаамаа маш дайчин шуурхайн дээр эндхийг сайн мэддэгийн ачаар бид 3 зах дэлгүүр хэсч хайрцаг савтай хүнсээ базаав. Энд хүнсний талаар хэдэн үг хэлье. Явган болон уулын аялал хүнд зэрэглэлтэйд тооцогдох тул илчлэг сайтай давсалсан самар, шоколад, бяслаг, хатаасан жимс зэрэг амны зугаа ахиухан базаах хэрэгтэй. Учир нь тэр бүр халуун хоол хийж идээд тухлах зав гарахгүйн дээр, юмыг яаж мэдэхэв гээд бэлэн усанд найруулаад идчих хүнс (зутан шөл гээд байдаг юм билээ) ганц нэг хоногийнх байхад илүүдэхгүй. Махны тухайд бол баруун зүгийн уулархаг бүст сэрүүхэн тул муудна гэж айлтгүй, зөвхөн шүүсийг нь гоожуулахгүйн тулд буцламгай усанд дүрээд авахад дажгүй сайхнаараа байж байсан. Эсвэл цаг завтай бол шуузалсан ч болно доо. Майонез авбал бас зүгээр шүү, илчлэг ихтэй, талхны завсар элдэв юм хавчуулаад идэхэд зөөлөн, бас муудна гэж айлтгүй. За тэгээд монгол хүн юм чинь нэг хоёр гурав дугаар хоол гэж ёсорхоод байлгүй Алтан Тариагийн лавшааны хавтгай гоймон, жаахан будаа, ногоо аваад явчихад хийн зуухан дээрээ хээрийн шөлөө пургиулаад нусаа татаж байгаад л ооччихно. Цайны хувьд сурсан дассанаа л уувал зүгээр, яахав зарим хүмүүс бол өглөө босоод кофегүй хэцүү байдаг юм шиг байгаа юм. Ус бол хаа сайгүй уулын цэвэр ус тохиолдох тул айх юмгүй ууж болно. Хотын савласан уснаас хол дээр дээ. Харин ганц нэг жүүс авбал зүгээр. Их ядарсан үед тамир тэнхээ хурдан сэлбэдэг гэсэн. Аль болох овор жин багатай зүйл авахгүй бол тэмээнд ачих ачаа майхан сав, хөнжил пүүгээ, үүргэвч гээд мундахгүй. Нэмж хэлэхэд хогоо хийх гялгар уут, өдөртөө хэд хэд нээж хаах хайрцаг савнуудаа наах бүдүүхэн скоч аваарай. Сүүлдээ нөгөө цаасан хайрцагнууд чинь скочидсоор байтал усанд шивж, бороонд норохгүй лут бөх гэхдээ хөнгөхөөн авдар маягийн эд болоод ирнээ.

Баян-Өлгий аймаг урдуураа Хятадтай, баруун талаараа Оростой хиллэдэг тул худалдаа наймааны газар ихтэй, хүнсний бараа сонголт ихтэй, үнэ ч боломжийн. Жуулчид их хөлхөлддөг харагдаж байсан. Бүр дотроо галын өрөө, унталгын ор, шүршүүртэй зориулалтын аяны чиргүүлээрээ шууд урдаас хойшоо гарч буй австралийн аялагчид таарч байсан. Аятайхан хоолны газрууд мэр сэр бий, бид Гангаамаагийн зөвлөснөөр Турк хоолны газарт (хоол сайтай, архи тамхи хэрэглэхийг хориглодог) хооллож авлаа. Төлбөр тооцоо хийхэд ХААН банкны Visa карт тохиромжтой байсан даа. Ганхүү, Алтай эд нар шиг ивээн тэтгэгчээ сурталчилж байгаа бишээ, хаа сайгүй л ХААН банк, бэлэн мөнгөний машин байдаг нь яаруу голдуу явдаг замын хүмүүст хүртээмжтэй юм билээ.

Гадуур гүйж гүйж орой 5-6 цагийн үед бэлтгэл ханах шиг боллоо. Бид Таван Богд буудлаас гарч Гангаамаагийн буусан буудалд нүүж ирээд ачаа бараагаа эмхэлж түр амсхийв. Энэ зуурт биднийг явган аялалын эхлэх цэгт хүргэж өгөх Бекболат аян замаасаа ирж шууд наашаа ирж уулзах болов. Төлөвлөгөө ёсоор бол өнөө өглөө Өлгийгөөс гараад өдийд Хотон Хурган нуурт очсон байх ёстой. Гэвч өнөөдөр замд гарч чадаагүй тул төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж зарим өдрийн явган аялалыг болихоос өөр мэхгүй болов. Учир нь 8 сарын 5 гэхэд бид Ховдоос Хөвсгөл орох онгоцонд амжиж суух хэрэгтэй байлаа. Нөгөө Жамц баяны хэлдэг шиг хайран 2 жилийн минь мөрөөдлийг хариуцлагагүй тур оператор баллаад хаядаг байна шүү гээд л уурлахад багадаж уйлахад ихдэх юм болов доо.

Үдэш нь хотоос холгүй орших Бекийн жуулчны баазад очиж гэрт хоноглов. Байгуулагдаад удаагүй тул хамаг юм нь цэвэр цэмцгэрийн дээр ( би үнсний савыг нь маш цэвэрхэн байсан тул хог хаях гэснээ хэсэг эргэлзэж, энэ тэгээд үнсний сав мөн үү гэж асуусандаа бяцхан бантав) казак үндэстний гараар урласан хээ хуар бүхий тод өнгийн аравчаар (тэкээмэг гэдэг шиг санаж байна) ханыг нь битүү бүрсэн, ханын толгойноос шал хүртэл сунайсан чонын арьс өлгөж, амьжиргаа доогуур өрхийг дэмжих төслийн гар урлалын зүйлс дэлгэсэн, хөнгөн бургасан уньтай өндөр казах гэр-ресторанд цай ууж, тоорцогтой зураг авахуулж өдөр бухимдсанаа мартагнав.

Орой болж Гангаамаатай буу халав. Уулсын тухай, уулчдын тухай домог болсон явдлуудын тухай, монголын эмэгтэй уулчдыг дэлхийн дээвэрт гарах зөвшөөрлийг авах гэж киноноос л үзэж болох явдлыг туулсан тухай, уул амьд болох тухай, 60 мянган доллар төлөөд үхлээ хайсан баячуулын тухай (уг нь өндөр нэр алдар хайсан байж), мөнгө хөөж ууланд ам гарсан лут уулчид эргэж ирээгүй тухай, өнөөдөр эндхийн ууланд тааралдсан хүн маргааш тэндхийн ууланд гараад эргэж ирэх эсэх нь магадгүйн тухай, 6000 метрээс дээш өндөрт хүний биед огцом өөрчлөлтүүд гарч эхэлдэг тухай, 8000 метрээс дээш өндөрт чи өөрөөсөө өөр хэнд ч найдах хэрэггүй тухай, огцом халил, цасан нурангаараа алдаршсан уулсын тухай, уул зөвхөн уулын тухай л яриад байлаа. Сүүлдээ би энэ ярианд хэт автсаных уу яасан, 6000 метрт гарч эхэлдэг өөрчлөлтүүдийг мэдэрч жингүйдэж эхлэв. Тэгээд нялх тугал бараас айхгүй гэгчээр юунд зориглоод ирсэн хүн бэ би гэж сүрджээ суулаа. Тэгээд тэрнийгээ ч хэллээ, за тун болмооргүй бол Малчин оргилд заавал авираад яах юм бээ, барааг нь хараад буцахад надад болно доо гэж. Гэтэл Гангаамаа агаар сайхан байвал болно доо, ингээд зориод ирсэн улсыг чинь гаргана л гэж үзнэ дээ гэж урам өгөв.

Сүүлд аялал дууссаны дараа Гангаамаагийн тухай гүүгэлдэж уншаад би чинь уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монголын бүх ноён оргилуудыг эзэлж, ОХУ, Казахстан, Хятад, Түвдийн ноён оргилуудад авирсан лут уулчин хүнтэй нөхөрлөж яваад ирсэн байна шүү дээ, их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэж үнэн юм даа гэж бодож билээ.

Өлгийд жилийн турш сэрүүхэн байдаг бололтой. Хаяаг нь буулгасан гэрт нуруу бөөрнөөс сэрүү оргиулах нь 7 сарын сүүл гэхээргүй. Хангайд бол намар нэлээн орой 10 сард л иймэрхүү байдаг сан гэж жихүүцэж суухад Гангаамаа ханцуйгүй дан цамцтай дажгүй сууж байх юм.

Ингээд цаг орой болсон хийгээд маргааш өглөө замд гарах тул цасан цагаан даавуутай, зузаан гэгчийн цоо шинэ орос ноосон хөнжилд уулын тухай ярианд жингүйдсэн чигтээ хамраа далд ортол шургав аа.

1 comment:

  1. Сайн уу Өнөрөө минь? Ингэж нэг уулзах гэж. Чиний үнэр ч яг мөн дөө. Хэлж ярьж байгаа нь хэвээрээ шүү. Сайхан бичжээ, байгаагаараа, элдэв давс, хачиргүй...

    Өнөрөө яг мөн дөө л гээд уншаад байлаа шд. Тэр үг хэллэг, зүйрлэл бол аймаар аймаар.Баярлалаа, дахин холбогдоно оо.

    ReplyDelete