Friday, October 2, 2009

Эхний өдөр 2009.07.26-Ням гариг

Өглөө 6 цагт МИАТ-ын УБ-Мөрөн-Ховд чиглэлийн нислэгээр Ховд явахаар гэрээсээ гарлаа. Ховд турын Ганхуяг яг товлосон цагтаа ирж, бид усан борооноор нисэх явав. Замын туршид тэнд очсоны дараа тувт ийм усархаг бороо ороод байвал зутарч гүйцнэ дээ гэж бодсоор Буянт Ухаа дээр очиж ачаагаа өгөөд (МИАТ-ын энэ нислэг үнэхээр дажгүй, нэг хүний 30кг ачаа үнэгүй, BOENG тул олон улсын нислэгээс ялгарах юмгүй тухтай) нэг үеийн бололтой хүүхний гуйсны дагуу 2 орчим насны хүүхдийг нь өвөр дээрээ авч явахаар болж, хүүхдийхээ нэр овгийг тогтоож бүртгүүлэх гээд хэрэндээ ажилтай байлаа. Яг цаашаагаа орохын даваан дээр буудлын узелээр нэр дуудан зарлав. Сандраад гүйж очтол ачаанд баллонтой хийн зуух хийсэн байсан юмсанж. Дайвар ачаа авахдаа бас болгоомжтой хандмаар юм билээ.

Ингээд 8 цагт хөөрч Мөрөнгөөр дайран ниссээр 12.10-д Ховд хотод буув. Мөрөнгөөс Дэйв гэж шувуу судлаач ирланд хүнтэй Ховд руу хамт ниссэн бөгөөд түүний тухай аялалын төгсгөл орчимд жич өгүүлэх болно. Онгоцны буудалд буунгуут л өсгөлүүн гэгчийн шумуулнууд дайралтаа эхэлж тэднийг чад пад хийлгэн алгадан унагаах ажилтай болов. Гэтэл нутгийн хүмүүсийхээр бол энэ жил харин ч шумуул багатай байгаа нь энэ гэнэ.

Биднийг Ховд тур компанийн орон нутаг дахь зохицуулагч Гансүх угтан авч хооллоод хөтөлбөрийн дагуу Хар ус нуур, Гурван цэнхэрийн агуйн үзүүлэхээр нутгийн дугаартай 69-д суулган өгч үдсэнээр бид нуурын зүг хөдлөв.


69-ийн жолооч ах Цогтбаатар машинаа үнэхээр сайн барьдаг, машин нь давхар амортизатор тавьсан тул донсолгоонд намалзаад л байх нь тэр, ах өөрөө баруун бүсийн бартаат замын уралдаанд дээгүүр байранд удаа дараа орж байсан мундаг хүн байв. Эхэндээ ч баруун монгол аялгатайн дээр өгүүлбэрүүдээ дээр дээрээс нь давхцуулан ярих жолооч ахын яриаг сайн ойлгоогүйн улмаас байн байн лавлах буюу заримдаа санаа зовоод аан гэсээр явлаа. Жолооч ах маань яриа хөөрөө сайтай, замд явж сурсан сүрхий хүн юм. Ховдчуудын бусдаас ялгарах аялга бол өгүүлбэрийг Л үсгээр дуусгадагт оршино. Ийм л, тийм л гэж ярина. Багачууд нь хүртэл. Нэг их удсангүй нууран дээр ирэв. Ховдоос 30 орчим км бололтой.




Нуурын талаар нэвтэрхий толинд ингэж бичжээ. Хар ус нуур говийн нуурууд дотроос талбайн хувьд Увсын дараа орох бєгєєд усны мандлын vнэмлэхvйн єндєр 1157 м тул Их нууруудын хотгорын бvлэг нуурууд дотроо нилээд єндєрт орших цэнгэг устай урсгал нуур болно. Нуурын талбай бvх нууруудын хамтаар 1859,2 хавт.дєр.км, хамгийн их єргєн 26,2 км, дундаж єргєн 25,8 км, хамгийн их урт шулуунаар 72,2 км болно. Хар ус нуур хэдийгээр том талбайтай боловч маш гvехэн нуур юм. Нуурын хамгийн гvн нь 4,4 м, дундаж гvн нь 2,0 м байна. Хар ус нуурын хотгор тектоникийн гарал vvсэлтэй. Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 хавт.дєр.км талбайтай 30 орчим км урт усны мандлаас 272 м єндєр Агбаш хэмээх арал бєгєєд тэрээр Хар ус нуурыг хойт урд тэнцvv биш хоёр хэсэгт хуваана. Хойт урд далайг 1,2-2,0 м гvн, 50-100 м єргєн, 20 гаруй километр урт Лvн Юм гэдэг нэртэй хоёр хоолой холбоно. Хойт далай нуур 400 шахам хавт.дєр.км талбайтай боловч нэлдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргvй бага устай болсон. Далай нуурын гvн 1,8 м-ээс хэтрэхгvй. Хар ус нуур 70450 хавт.дєр.км талбайгаас усжина. Vvний 70 хувь нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтайгаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2,2 шоо км ус нийлvvлэх бєгєєд илvvдэл усаа ууршуулахын хамт 40 км урт 50-75 км єргєн Чоно-Харайх голоор Хар ус нуурт єгнє. Хар ус ионы бvрэлдэхvvнээр гидрокарбонатын ус бvхий нуурын ангилалд багтана.


Эрдэмтдийн нүдээр ийм байж. Энгийн би энэ нуурыг дорнын их найрагчийн алдарт шүлгийн дагуу хотон шувуудтайгаар төсөөлж байснаас ч тэр үү, хүлээлт маань бодит байдлаас жаал зөрж, амаа ангайн бишрэхээсээ илүү ХАР УС гэж нэрлэсний учрыг өөртөө нээж явлаа. Нуурын ус гүехэний дээр ёроолын шавар нь бужигнасан хар тул нарны гэрэл нуурын гадаргад ойхын оронд хугараад байдаг бололтой. Тэгээд тэнгэрийн хөх өнгөөр биш, нэг тийм бараандуу өнгөөр (бас тас хар ч биш юм) толиотож харагдаж байлаа.

Бас түрүүнээс хойш гайхаад явсан нэг зүйл бол энэ хавь нуур ус ихтэй (их нууруудын хотгор) боловч хөрс нь яг л говийнх шиг хуурай, ургамлын байдал ч бас адил. Энэ зургийг харвал учиргүй чийгтэй газар баймаар санагдах боловч тийм биш юм. Нуурын яг эрэг дээр л хэсэг газар ногоон, бусад хэсэг нь говио говь. Хангай газар өдийд нов ногоон байхад энд нэлэнхийдээ цагаан байх юм. Тэгээд бас нэг ийм гаргалгаа хийлээ; уулархаг говийг Алтай гэнээ гэж. Харин алдарт зэгс бол байна аа. Өвөл нуур хөлдөхөөр дээгүүр нь явсан машин харагддаггүй гэсэн. Нуурын урд захад шувуу ажиглахад зориулж зассан 5-6 метр орчим өндөр тавцан дээр гарч шувуудыг ажиглав. Бид өдрийн цагаар очсон тул шувууд бараг байсангүй, өглөө оройдоо ихээр цугладаг гэнэ. Намар орой шувуудын цуглаан болж тэнгэр бүрхдэг гэнэ лээ (үзэх юмсан).




Хэд гурван зураг дарсны дараа Гурван (Хойт цэнхэр ч гэдэг) цэнхэрийн агуйн зүг хөдлөв. Шовх хөх уулсын хоорондын хөндийгөөр 3 цаг орчим давхилаа.


Ингээд агуйн талаар бага зэрэг албан ёсны мэдээлэл авъя. Эх сурвалж: http://www.teeverzar.mn/index.php?pageID=95&msg_one&objID=46 (энд зураг хөрөгтэй арай аятайхан мэдээлэл байх шиг байна).
Хойд Цэнхэрийн агуй нь N47°20'50.5", E91°57'24.1" газарзүйн солибцолд, далайн төвшнөөс дээш 1571 метрийн өндөрлөгт оршино. Аймгаас 80 орчим км, Манхан сумын төвөөс баруун хойш 25 км, Манхан сумын Тахилтын бригадаас Хойд Цэнхэрийн голыг өгсөж 7 км яваад очно. Агуйн ам хүрэх замыг зассан явган хүний замтай. Энэ агүй бол Хойд Цэнхэрийн голын хөндийд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс одоогоос 40000 жилийн тэртээ амьдарч байсныг батлах ул мөрийг өдий хүртэл хадгалж үлдэснээрээ алдартай.

Агуйн амсрын хагас нь дээрээс нурсан хад чулуу, шувууны сангасаар хаагдаж хоёр амтай юм шиг харагддаг. Нутгийн иргэд уг агуйг Их Өлийн агуй гэх бөгөөд Их, Бага хоёр агуйтай. Уг агуй нь шохой чулуун тогтоцтой дотроо бөмбөргөрдүү оройтой, шалнаас адар хүртэл 20 метр өндөр.

Агуйн хананд жадан эвэрт оронго гөрөөс (Канна), бух, могой, шувуу, тэмээн хяруул, заан, тэмээ, янгир зэрэг амьтдын сүг зураг байдгаас үзвэл эрт үед Монгол нутагт дээрх амьтад одоогийн Африк тив адил хамт амьдрах орчин бүрдмэл, чийглэг халуун уур амьсгалтай байжээ. Уг зураг дүрслэлүүд нь манай тооллын өмнөх 40 - 12 мянган жилийн тэртээд бүтээгджээ. Зургуудыг цахиур цүүцээр хадан дээр цүүцдэн дараа нь зургаа зос, шороон будаг найруулж буджээ. 1996 онд ЮНЕСКО-гоос Хойд Цэнхэрийн агуйг "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь" зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна.


За агуй бол санасныг бодвол асар том юм билээ. Сайхан түргэн урсгалтай цэврээс цэвэр устай уулын голоо өгсөөд, 2 уулын хөндийгөө дагасаар яваад үдэш 7 цагийн орчим очлоо. Байгалийн цогцолборт газрын хураамжинд дотоодын нэг аялагч 1000 төгрөг төлдөг юм байна. Өнөөх самуурайнууд бас л овоо дайралт хийж, нүүр амаа битүү хааж авав. Машинаар хамгаалалттай бүс рүү нэвтэрч агуйн ойролцоо очоод, дээш ам руу нь өлийж харвал нэг их томгүй харагдахаар нь өмнө үзсэн Хоргын тогоо, Шар нохойн тамын ойролцоох шигээр төсөөлсөөр нэлээн өгссөөр аман дээр нь очоод хартал өөрийн эрхгүй уулга алдав. Оросын шашны сүмийн бөмбөгөр орой шиг маш өндөр дээвэртэй, асар том танхим нүдний өмнө гараад ирэв ээ гэж. Агуй гэхээр л мөлхөж шургалдаг давчуу мушгирсан орон зайг төсөөлж явсан хүн чинь хэсэгтээ л амаа ангайсаар явлаа. Хэрвээ салхи шуурга болбол хэдэн мянган мал өлхөн багтахаар тийм том орон зай чимээгүйхэн дүнсийх нь сүрдмээр. Дотогшоо жолооч ахын заавраар өлмий дээрээ зөөлхөн гишгэлсээр уруудав. Өлмий дээрээ яв гэсний учир нь агуй дотор олон жил хуримтлагдаж, нунтаг энгэсэг адил болсон тагтааны сангас алхам бүрт пургилах агаад зарим газраа багахан дош мэт овойсон байна.
Харшилтай хүн бол амны хаалт хийж ормоор юм билээ. Бас байсгээд л авирч буун, зураг авах тул толгойндоо хийдэг чийдэн их тохиромжтой. Их ганган гоё хувцастай орсны хэрэггүйн дээр бүүр агуйн мухар луу миний түрүүн төсөөлж байсанчлан мөлхөх газраа мөлхөж, авирах газраа авирсаар очиход нар салхи огт хүрээгүй мухарт хүйтэн хайруу тул дулаан хувцаславал зүгээр.



Сүг зурагны тухайтад бол бас л миний хэтрүүлж төсөөлсний гор гарч, байгаль дахь уран зургийн галерей шахуу эртний сүг зургууд ноос ноолууран эдлэл, хивсний зураг шиг ярайж байсангүй ээ. 
Маш сайн ажиглаж байж гөрөөс маягийн амьтны зосон зураг нэлээдийг олж харав. Хажуугаар нь агуйд зочлогсод өөрсдийн нэрийг мөнхжүүлж, уран бүтээлээ туурвисны харгайгаар эрт эдүгээ эриний алинд хийгдсэн эд болохыг танихгүй будилж эргэлзэж явлаа. Агуй бол маш сонирхолтой олон бичил өрөө тасалгаа бүхий бүтэцтэй тул энд өгүүлэхэд миний үгийн баялаг дутаад, бас бид оройтож орсон тул харанхуй болохоос өмнө амжих гээд нэг бүрчлэн нэгжиж үзээгүй тул эрхэм уншигч та өөрөө яваад үзэхээрээ миний адил бас гайхан бишрэх биз ээ гэж найдаад агуйгаас гараад юу тохиолдсоныг өгүүлье.


Тусгай хамгаалалттай газар луу нэвтрэх тэр хэсэгт 3-4 гэртэй дөнгөж барьж эхэлж буй бааз байсан тул бид энд хоноглохоор шийдлээ. 3 ортой гэр хоногийн 15 000 төгрөгөөр аваад жаахан юм идсэний дараа гол руу нүүр амаа угаахаар явав. Гэтэл нэг эвгүйцмээр зүйл тохиолдсон бөгөөд түүний учрыг одоогоороо олоогүй явна. Гол руу дөхөж явтал шар шувууных гэхэд арай хаашаа юм, өвчтэй хүн яраглаж байгаа ч юм шиг авиа нэгэн жигд хэмнэлтэй гарч байснаа биднийг дөхөөд очихоор хэсэг чимээгүй болж байснаа жаахан цаашилж дахиад л дуугараад эхлэх юм. Яг л солонгос японы аймшгийн кинонд гардаг дуу мөөн. Гадаа харанхуйд уулс хоорондоо шахцалдан дээрээс өнгийгөөд, дээр нь ийм нэг буг чөтгөрийн гэмээр үхээрийн дуу сонсоод айсан гэж. Ганцаараа явсан бол ч юун нүүр гар угаах, бушуу буцах байсан бизээ. Харин голын ус үнэхээр байгаль ээж олон давхар шүүлтүүрээрээ шүүсэн, зөөлөн гэдэг нь крантны хатуу ус хэрэглэдэг надад шууд мэдрэгдэж, арьсанд хүрэхдээ гөлтгөнөж, хоолойгоор үнэхээр тааламжтай давж байв. Ийм ус ууж, тийм агаарт байсан хүн өвчин тусах үндэсгүй мэт бодогдоно.

Анхны өдөр үзэж дуулсан юм ихтэй сайхан өнгөрлөө.

1 comment:

  1. Тиймээ тэр дууг би уулийн овгийн шувууных гэж бодож байна. Нэг талаараа байгаль өөрийгөө хамгаалах зохилдолгоо юм.

    ReplyDelete