Monday, October 5, 2009

Дараах өдөр 2009.07.27-Даваа гариг

Төлөвлөгөө ёсоор өнөөдөр бид Баян-Өлгий рүү хөдөлж, замдаа Толбо нууран дээр буудаллаж Цамбагарав хайрханы цаст оргилыг гэрэл зургийн хальснаа буулган тэндээ усанд умбаж хоноглоод маргааш өглөө нь Өлгий орох ёстой байв (хот орон газраас аль болох зайдуу явах санаатай байгаа хэрэг).

Гэтэл яав. Товчдоо хэлбэл үдээс хойш бүхэлдээ сул зогссов. Яасан тухайгаа ярьж өгье.


Цэнхэрийн гол дээр хоноглосноо түрүүнд хэлсэн билээ. Өглөө босч голын усаар нүүр гараа угаахдаа дахиад л уулын усны цэвэр, зөөлнийг гайхан бишрэв. Гөлчигнөөд л байх юмаа, арьсанд хүрэхээрээ. Хоолоо идсэний дараа 9 цагийн орчимд хөдөллөө дөө. 
Замдаа хотын ойролцоох овоон дээр саатаж цаст Мөнххайрхан уулыг алсаас бишрэн харж, Ховд хотыг бүхэлд нь тольдох (Зайсан Толгойгоос хотыг хардаг шиг) завшаан тохиолдов. Бид 2 өмнө нь мөнх цаст уулыг ер харж байгаагүй тул зуны улиралд уул цастай байх нь гайхууштай зүйлсийн нэг мөнөөсөө мөн байсан билээ.


Жолооч Цогтбаатар ахын хичээл зүтгэл, аливаа юмыг улыг нь гартал үнэнхүү чанартай хийдэг тэр чанарын ачаар энэ бүх сайхан уул усыг харж, их зүйл дуулж сонссон доо. Хэрэв зээ газар усаа сайн мэддэггүй жолооч байсан бол хажуугаар нь гараад сүнгэнэх хачин сайхан хангай дэлхий зөндөө. Харин яршигтай санагдсан зүйл гэвэл ах маань Ховд тур компанийхантай түрээсийн төлбөр дээрээ сайн учраа ололцоогүй бололтой, биднийг тэр асуудлыг шийдэж өгөхөд нэмэр болох байх гэж найдсан уу яасан, бензин тос үнэтэй байгаа тухай, ер нь бол за яахав дээ л гэж зөвшөөрсөн тухайгаа байн байн ярьсаар байсан тул би хариуд нь бид төлбөр тооцоогоо Ховд тур гэж компаний данс даваанд нь хийгээд одоо энд бол зөвхөн энэ компаний үйлчилгээг авах гээд гахай нүцгэн, нохой явган, гар хоосон, бийгээс бие, бэлнээс өмссөн хувцастайгаа ирсэн тухайгаа байсгээд л тайлбарлах хэрэг гарч байсан юм. Бусдын өмнөөс улалзаж явах хэцүү юм билээ.

Ингээд үдийн 12 цагт Ховд хотод ирэв. Цогтбаатар ахтай салах ёс хийж, утасны дугаараа солилцлоо. Дараа наашаа ирэхээр бол элдэв зуучгүйгээр шууд түүнтэй ярьж тохироод машиныг нь түрээсэлбэл дээр юм гэж бид хэлэлцэв. Хоол идсэний дараа Ховд турын Гансүх биднийг аймгийн холбоон дээр орхиод зэгсэн удаан алга болсны дараа арай гэж 5 цагт Өлгий орох замын 69-т биднийг зах дээрээс суулгаж өгөөд салах ёс хийв. 69 хөдөлтлөө удаж, нэмж хүн авах гэж ийш тийшээ явах буюу шуудайтай ноолуур, бусад ачаагаар машинаа сайтар чигжсэн нь миний уцаарыг багагүй төрүүлж, бид ер нь жуулчилж яваа улс уу, эсвэл сайн дураараа үүргэвчтэй аялал хийж замын унаанд дайгдаж яваа золбингууд уу (жуулчны компаниуд өөрсдөө юмаа зохицуулаад цүнхээ үүрээд явж буй гадны жуулчдыг ингэж нэрлэдэг) гэдгээ ойлгохоо байж эхлэв. Гэтэл энэ бол дараа тохиолдох зүйлсийг бодвол их л хариуцлагатай хандаж байсны илрэл байсан юм билээ. Уг нь бол иймэрхүү төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд бүгд өөрийн гэсэн машин, замаа мэддэг жолоочтой, цагийн хийдэл гаргалгүй үйлчилдэг, түүнийхээ төлөө хүмүүсийн халаасыг сэгсэрдэг гэж бодож явсан минь Ховд тур гээчийн хувьд хамаагүй бололтой ( хэхэ, бичсэн юмаа уншсан чинь сонингуудад гардаг эрхтэн дархтангуудыг муулсан шүүмж шиг болчиж, хөөрхий сэтгүүлчдэд ч гэсэн иймэрхүү зүйл тохиолдоод бухимдсандаа ингэж бичдэг байх нь).


За ингээд оройхон гараад ширүүхэн явсан тул юун наадам цагаан сар, Цамбагарав, усанд орох, зураг авах. Довтолгосоор байгаад Толбо нуурыг өнгөрөхийн наана Ц.Хасбаатарт зориулж босгосон хөшөөн дээр ирж зөрж өнгөрсөн машиныхантай манай жолооч мэнд мэдэх гэсэндээ хальт зогслоо доо. Энд яагаад хөшөө босгов гэвэл ийм учиртай юм байна.



“1921 онд баруун хязгаар Саруул гүний хүрээ Толбо нуурын орчим Байкалов, Хасбаатар нарын Монгол, Орос нийлсэн нэг зуун жар гаруй цэрэг нь Кайгородов, Бакич нарын хоёр мянга дөрвөн зуу гаруй цэрэгтэй хүч тэнцвэргүй тулалдаанд орж, дайсныг гэнэдүүлэн дайрах, сүр хүч үзүүлэн бутраах, нөхдөө өмгөөлөн хамгаалах талаар нарийн арга сэджээ. Цагаантнууд хоёр ч удаа уулгалан довтолж амжилт олоогүй тул тэднийг өлсгөлөнгөөр буулгаж авахаар шийдсэнийг Байкалов нар мэдэж сум гарздахгүй байж зайлшгүй үед хэрэглэх, цэргийн сахилгыг чанд сахихыг сануулж байв. Шархадсан цэргийг эмнэх, эм, хоол хүнс хомсдож сүүл рүүгээ цэргийн зарим нь нохой, муур зэргийн мах идэж, бас эмээлийн гөлмийг дэвтээж ус тосонд чанаж зажлан амиа зогоож байв. Ийм байдлаар 42 хоног бүслэлтэнд байснаа хээрийн штабын хурлаар дайсны гарт тамлагдаж үхсэнээс хүч чадлыг барагдтал тэмцэхээр шийдэж зам нээж гарахаар цагаантан руу дайрах үед Хөшөө модноос Оросын хороо цэрэг туслахаар нэмэгдэл хүч иржээ” гэсэн байна.

Энэ далимд ганц нэг зураг дарав. Нар нэгэнт уулын цаагуур орсон тул миний төлөвлөж байсанчлан алтан шараар тунарах нуурын мандлыг буулгаж чадсангүй өнгөрлөө.

Орой 11 цагийн орчимд Өлгий хотод ирлээ. Ховд турын Ганхуяг руу залгаж буух буудлаа мэдэж аваад очтол өрөө захиалаагүй байсан тул халуун ус, шүршүүргүй өрөөнд орж, доошоо бууж ажилчдын шүршүүрт чичрэн байж ороод унтахаар хэвтлээ.

5 comments:

  1. Hi, Ih saikhan blog boljee, good luck

    ReplyDelete
  2. Hi chamtai hamt Mongoliinhoo uzesgelent gazruudaar aylaal bgaa sh de. Amjilt..

    ReplyDelete
  3. Баярлалаа, би ч хүн уншдаггүй цагийн гарз хийж байгаа юм уу даа гэж бодоод байсан, одоо цааш нь үргэлжлүүлнээ, үүгээр орж ирж байгаарай

    ReplyDelete
  4. Hehe, unshdag shuuu.

    ReplyDelete
  5. сайн уу? блог чинь дажгүй гоё болжээ. Уншаад л баймаар, цаашаа бичээрэй. Амжилт!

    ReplyDelete