Төлөвлөсний дагуу өнөөдөр бид эндээс гарч Их Ойгор руу явган аялж энд байгаль хамгаалагчийн гадаа машинтай нийлж энд хоноглонгоо Казах айлаар орж бүргэд үзэх ба ахуй байдалтай нь танилцах байв. Гэвч зохион байгуулж буй Ховд тур компаний хариуцлагагүйн харгайгаар 3 хоногийн явган аялалыг хийх боломжгүй болсон бөгөөд Хөвсгөл орох онгоцонд амжихын тулд бид 8 сарын 5-ны өглөө Ховдод очсон байх учиртай байв. Ховд турыхантай Өлгий дээр наашаа гарахын өмнө тохиролцсоны дагуу биднийг Цагаан гол дээрээс нөгөө 2 шувуу судлаачдын шар 69 ирж авахаар болсон билээ.
Өглөөгүүр Цагаан голоос тэмээ хөтөлсөн залуу бид хэдийг тосохоор иржээ. Ховд турын шар 69-ийг асуувал сураггүй шүү. Ховд турых ч гэж дээ, бид хоёрыг Өлгий рүү замын унаанд чихэж өгөөд, аяганы хийцийг минь аваад хоцордог өнөөх Гансүх нутгийн хүнийг хөлсийг нь дараа өгнө гэж хошгируулж 2 шувуу ажиглаач жуулчнаа машинд нь суулгаж Ховдоос явуулсан нь биднийг замаараа тосохоор тохирсон санаатай. Уг нь ярьснаараа бол хамгийн цаад тал нь гэхэд өчигдөр орой ирсэн байх учиртай. Арай ч энэ уулын мухарт явгалчихгүй байлгүй дээ...
Бага үдэд Хүйтэн явсан хэдээс нутгийн 2 залуу түрүүлж ирлээ. Хийн зуух ажиллаагүй тул халуун хоол ундгүй их л ядарч явсан гэнэ. Залуу улс тулдаа л ажлаа олон үггүй хийгээд байдаг бололтой. Хоол хийгээд хүлээлээ. Үдийн орчимд өвөө Гангаамаа хоёр ч ирлээ. Сайн явж ирэв үү гэтэл өвөө харин шууд л муу явлаа гэдэг байна даа. Анх удаа ийм бэлгэгүй үг дуулж тэрүүхэндээ цочив. Тэгсэн өвөө тайлбарлаж байна аа, энэ Гангаамаа намайг оргилд гаргасангүй гэнэ ээ. Ярьдаг гар уу, харин. Ууланд байтугай тэгш газраар хөлөө чирээд арай гэж газар хороодог байж. Санаа нь тэнгэрт амьтан юмсанж. Агаар сайхан байсан бол энэ үгээ хамаагүй хэлж болох л байсан байх. Тэнгэрийг бид санаснаараа захирах биш дээ. Миний бодлоор мань эр тэр Гонконктоо том бооцоо тавьчихаад ирсэн байх. 40 орчим насны найзууд нь Хүйтэнд гарсан гээд байн байн яриад барьцаад байснаас үзэхэд нөгөөдүүл нь өвөөд чамайг Хүйтэнд гарчихвал санасныг чинь өгнө өө гэсэн биз.
Удсан ч үгүй бид цүнх саваа тэмээнд ачаалж Цагаан гол руу хөдлөв. Хөдлөхийн өмнө Уатхан, Жанат ах хоёртойгоо салах ёс хийж, хаяг утсаа солилцож авлаа. Багахан хугацаанд хамт байсан ч, олон жил танил явсан хүмүүс шиг санагдана. Жанат ах авдраа ухаж надад казах тоорцог бэлэглэв. Хариу бэлэглэх юмгүйдээ жаал бантлаа. Очоод баахан зураг томоор угаалгаад явуулна даа.
Өнөөдөр нартай сайхан өдөр байна. Өгсөж ирснээ бодвол хамаагүй хурдан газар хорж, өвөө ч биднийг зураг авах хооронд урд ороод түүндээ их л баяртайгаар хурдан гэгч нь алга болоод өгөв өө. Хөөрхий хүн гэж тэнгэрийн аашаар амьтан юм даа. Тэнгэрийн муухайд хөл гар нь янгинаад өөрийн эрхгүй уцаарладаг биз дээ. Настай болохоосоо өмнө жаал тэнэж авах юм шүү. Ингэж муухай аашилж амьтанд гай болоод явбал хэцүү юм байна.
Эргэн эргэн харж өнгөрсөн өдрүүдэд үзэж харснаа сэтгэлдээ бодсоор зураг авч явсаар Цагаан гол дээр ирлээ. Баяртай Алтай таван богд, мөсөн гол, цаг уурчдын гэр, Хоног толгой, цаст оргилууд минь. Дахин уулзахын ерөөл тавья. Сайн сууцгааж байгаарай.
Ирэнгүүтээ нөгөө шар 69-өө сураглавал байдаггүй шүү. Ингэх ч болов уу гэж бодож байсан юм аа. Одоо ч бүр дөжирчээ, гахай хариулсан хүн уураа барна гэгч л боллоо. Дараа явахдаа тур оператораа сайн судалж байж явмаар юм байна. Ховд турын Ганхуяг гэж үнэхээр хувиралгүй худлаа ярьдаг гар байсныг даанч хожуу мэдлээ. Өөрөө энэ хавийн газрыг нэвт шувт мэддэг аятай газрын зураг дээр яриад л, би гэж хүн амаан ангайж ирээд сонсч итгээд мөнгөө төлсөн чинь мань хүн энэ нутагт огт хөл тавьж үзээгүй болж таарлаа. Дээрээс нь 4 жуулчныг нэг 69-д чихэх нь байтугай, барууныхан бол гэр бүлийн улс л биш бол ганцаараа нэг машинаар үйлчлүүлдэг гэнэ. Энэ бүгдэд үндэслээд бодоход бид ч явгарчээ, хөөрхий. Хайран ч монгол хүндээ итгэх итгэл минь.
Хожим шар 69-ийн жолоочоос мэдэхнээ нөгөө 2 шувуу судлаач нь хоол унд муутай, ямар ч үйлчилгээ авч чадаагүйдээ уурласан улс юун биднийг дайрч замаараа авах манатай жолоочоо загнаад ум хумгүй Ховд руу явцгаасан юм байх. Ховд тур гэж иймэрхүү “үйлчилгээ” үзүүлж, үлгэр ярьж өгснийхөө төлөө мөнгө салгадаг газар байх юм аа.
Бид тэмээ болон хөтчийн мөнгийг төлж байгаль хамгаалагчийн гэрт хоноглохоор буудаллав. Уг нь энэ мэтийн бүх асуудлыг Ховд тур зохицуулах учиртай ч бид тэмээ болон гэрийн төлбөрийг өөрсдөө төлсөн билээ. Тэмээ нь нэг удаа явахад 15 мянга, хөтөч 10 мянгын ханштай байлаа. Энэ нь Монголиа Экпедишний гэрээт тэмээчдийн ханш бөгөөд бид Гангаамаагийн ачаар тэмээ олох гэж ажил болоогүй бөгөөд гэрээний дагуух ханшаар хөлсийг нь төлсөндөө бас олзуурхав.
Цай унд ууж дуусаад унтахаар хэвтэх гэж байтал сая уулнаас хамт бууж ирсэн хоёр залуугийн нэг нь та хоёрын машин ирсэнгүй шив, Өлгий хүртэл 150 мянган төгрөг өгөөд явбал яваарай, гэрийн гадаа 69 бий л гэж байна. Өөр унаа байхгүй хойно тэгье л гэлээ. Гэсэн ч маргааш өглөө унаа маань хүрээд ирэх байх гэж найдсаар л байсан тул өглөө ирэхдээ шар 69 ирсэн байвал ирээд хэрэггүй шүү гэж бас хэлээд байгаа юм аа. Өвөөг хүргэж ирсэн бандгар Ланд өвөөг тосохоор амласан цагтаа ирж гэрийн гадаа өвөөгийн ачааг хойноо хийж байна. Даанч асуугаад амаа алгадуулах нь ойлгомжтойн дээр бардам зан шүү юм хөдлөөд аваад яваач гэж асуусан ч үгүй.
Ингээд итгэл найдвар өвөрлөсөөр, шар 69-ийн чимээг Цагаан голын шуугианаас ялгаж сонсох гэж хичээсээр давсандаа явлаа. Машин ирээсэй...
жил бүр ийм явдал байнга давтагддаг гэсэн хэдий ч Ховд тур үйлчгээгээ сайжруулахгүй байсаар л байна. Иймээс Ховд тураар дахин үйлчилүүлэхгүй байсан нь дээр юм биш үү хүмүүсээ!!!!!!!!!
ReplyDelete