Wednesday, March 31, 2010

Есдүгээр өдөр 2009.08.04-Мягмар гараг

Өглөө бослоо. Машин маань алга. Үүнээс цааш хүлээх хэрэггүй нь ойлгомжтой боллоо. Хөвсгөлд очоод сайхан амарна гэж төлөвлөж Хаан банкны виза картанд хийсэн хэдэн төгрөгөө золигт гаргах болох нь. Гэрээс гарахдаа лам багшаараа ном уншуулж зам мөрөө засуулж гарсных уулын мухарт бүр ч явгарчихаагүй минь яамай даа.

Буцах замдаа орлоо. Маргааш өглөө Ховдын онгоцны буудалд бэлэн байх ёстой. Зам зуур газрын байдал намаршсан байна аа. Хамар хатгах өвсгүй юм шиг л харагдах атлаа адуу мал тарга хүчтэй, тос даан гялалзсан өнгө зүстэй байна. Тачирхан хэдий ч шим шүлт сайтай өвс ургамалтай Алтай юм даа. Оросууд бол бүр гайхаж, танай мал шороо иддэг юм уу гэж асуудаг гэсэн.


Саваагүй хөөрхөн тарваганууд замын хажуугийн дошин дээрээ оцойн сууж хэрэгт дурлаж байснаа яг дөхөөд очингуут бандага гээд нүхэндээ орно. Эргээд харахад зарим нь хашрахгүй бас гарч ирээд шовойн сууж байгаа харагдана. Эндхийн тарваганууд хар сортой юм. Дээхэн үедээ Орост сурдаг оюутанд шууд рубль ч юм уу, электрон цаг, эсвэл босч зогсдог индиго өнгөтэй жинсэн өмд болж харагдах байсан нь мэдээж. Аз болж энэ хавиар замын улс холхиод байдаггүй юм билээ. Нутгийн улс хаа хамаагүй хядаад байлгүй, заазлах маягаар авдаг байлгүй яав гэж, эс бөгөөс тарваганы санаа гэж чоно болсон байх учиртай. Хөөрхөн гэнэн тарвагатай нь таалагдлаа шүү.

Том хад чулуун бартаатай замаар машиныхаа дугуйг мордуулж өгсөх газраа өгсөж машины хүч, жолоочийн чадвар шалгаж явсаар Өлгийд 15 цагийн орчимд ирлээ. Ирэнгүүтээ Ховд тур луу утасдаж гомдол мэдүүлбэл Сэсээрийн хүү ноён Ганхуяг та нар өөрсдөө байх ёстой газраа байгаагүй гэж улайх ч үгүй гүжирдэж байх юм. Харин эхнэр нь уучлаарай, үнэхээр муухай юм боллоо, 2 шувуу судлаач уурлаад жолоочоо явуулаагүй шууд наашаа ирсэн байна лээ гэлээ. Тэгээд яаж ирээв гэж асуухаар нь бүүр уур хүрч уушги сагсайгаад ОРТ-оор гардаг Остайвайся в живых.... ч бил үү, нэг иймэрхүү утгатай дуутай, Последний герой гээд эзгүй арал дээр юу юу ч үгүй баахан улсуудыг орхидог нэвтрүүлэг биш дээ, арай ч дээ, одоо тэр унаа унаш, тэмээ малны мөнгө өгөөд аль гэсэнд Хөвсгөлд очсон хойно чинь шилжүүлье гэхээр нь үнэмшээд хулхидуулж ханаагүй би гэж хүн картын дансны дугаараа явуулаад байгаа юм аа, итгэл найвар л хамгийн сүүлд мөхдөг гэж энэ байх даа.

Өлгийд очоод Гангаамаатай гурвуулаа турк хоолны газар хооллож, халуун усанд орцгоов. Өлгийн халуун ус цэвэрхэн саруулхан газар байна. Шашин номноосоо болдог уу, ер нь Өлгий хот цэвэр цэгцтэй. Харин Ховд орох унаа олох л ярвигтай асуудал болов. Үд өнгөрсөн тул унаанууд яваад өгсөн юм байж. Ийш тийш нь баахан утасдаж байж зах дээрээс жижиг оврын ачааны машин олж кабинд нь хоёр хүний 30 мянга төлж явахаар боллоо. Жолооч маань бензинээ хийж энэ тэр болсоор байтал нар нэлээн тонгойж, оройн 7 цагийн орчимд кабиндаа бид хоёроос гадна хүүхэдтэй эмэгтэй суулгаж аваад замд гарав. Зам яг л тракторны гинж шиг дэржигнүүртэй, манай тэрэг хойноо ачсан ачаагүй тул сэгсчүүлнэ гэдэгийг үзүүлж өглөө дөө. Ингээд сэгсчээд байхаар хурдан ч явж болохгүй 250 км газрыг 10 цаг явж байж үүрээр 5 цагийн үед ядарсан гэж туйлгүй амьтас Ховдод ирлээ. Замд би жолоочийг үүрэглэх вий гэж санаа зовоод элдвийн юм ярьж, асууж явсан юм. Мань хүн энэ машинаараа Өлгийд Ховдоос давс, ногоо зөөж, намартаа бол хот руу төмс тээвэрлэдэг гэнэ. Бараа турууны үнэ ханш, элдвийн л юм асуусан санагдана, одоо мартжээ.

No comments:

Post a Comment