Монгол гэр инженерийн гайхамшигтай бүтээл шүү. Агаарын солилцоо сайтай, булан тохойд жавар хурна гэсэн яриа байхгүй. Тойргийн талбайн томъёо, Пи тоог аль эртнээс мэддэг байсан юм биш үү. Ухаандаа гэрийнхээ ханыг дугуйлж барихын оронд тэг дөрвөлжлөөд барьчихвал дугуйлж барьсан талбайнхаа дөнгөж 78.5 хувьтай талбайтай болохын дээр зуухнаас хана хүртэлх зайнууд нь онд ондоо учраас 4 буландаа жавартай байх нь. Цаашилбал униний урт өөр өөр болсноос гэрээ барихдаа униний уртыг тааруулж углуургандаа углах гэж баахан цаг алдана. Дээрээс нь гэрийн мод, эсгий бүрээсний элэгдэл харилцан адилгүй болж, зарим эсгий нь хөгцөрч, зарим нь шарлах байсан биз. Өөрөөр хэлбэл элэгдэл байгуулах коэффициэнт нь аль хэсэг вэ гэдгээс хамаарч өөр өөр байх нь. За одоо бүүр явж өглөө, ер нь бол монгол гэр “Аугаа зүйлс энгийн байдаг” гэдгийн гар доорх нотолгоо юм даа.
Өглөө нозоорохгүй сэргэг босч ирснээс үүдээд ийм юм бодлоо доо, гэж.
Хангайд намарших яагаа ч үгүй байна аа. Алтан намар аль хэдийн эхэлж, хадлангаа авч байгаа Алтайгаас ирсэн хүнд халиурсан ногоон өвс хачирхалтай санагдана. Цаг хугацааны аялал хийсэн аятай жингүйднэ.
Нуурын ус өчигдөр орой бүрхэг байсан тул бараантаж харагдаж байсан, одоо харсан чинь үгээр хэлшгүй, төсөөлж чадмааргүй, шилнээс тунгалаг юм. Эрдэнийн чулуу шиг л буртаггүй, нэвт гэрэлтсэн өнгөтэй. Ийм их ус яаж ийм тунгалаг байж болдог байна аа. Дандаа л хатаж ширгэж, бохирдсон ус голын тухай мэдээлэл авдаг байсан болоод ч тэр үү, хэдийгээр Хөвсгөл нуурыг цэнхэр сувд гэж алдартайг дуулсан ч гэлээ, ийм сайхан цэвэр тунгалаг, номин ногоон гэж төсөөлөх ухаан хүрэхгүй байж. Үнэхээр хайрлахгүй байхын аргагүй.
Гэтэл хайрладаггүй ч гэх үү, тоомжиргүй ч гэх үү хүмүүс хогийг бол хаяад байх бололтой юм билээ. Өчигдөр лав Хатгалын тэрүүгээр яг нуурын эрэгт зөндөө хог овоолсон харагдсан. Давалгаа усаа цэвэрлээд гаргаж хаяад байдгаас энэ зэлүүд эрэгт ч гэлээ элдвийн хог эргийн хайргаар мэр сэр байна. Хийн баллон, гялгар уут, ундааны хуванцар сав, батарей... дандаа задардаггүй материалууд.
Чихрийн цаас хүртэл гялгар уут шиг болчихож. Түүсэн хогоо чирсээр амралтын захиргааны буюу ахмадын гэрийн гадаа аваачиж шатааж болохыг нь шатаагаарай гэлээ. Харин тийм ээ, бид энэ хавиа сайн цэвэрлэдэг ч давалгаанаар нөгөө эргийн хог гарч ирээд байх юм гэж байна. Эрт боссоных айлын өглөөний унд буудаж, загастай талхаар дайлуулав. Гал дээр чанасан жинхэнэ цай уух ч буцалсан усанд байхуу дүрж уухаас аргагүй өөр байна шүү.
Бага үдэд Бат-Эрдэнэ ахмад “хөлөг онгоцныхоо” зангууг усанд хаяж бид 3 хөөсөнцөр дотортой тод өнгийн аюулгүй хантааз өмсөөд замд гарав. Анх удаа завинд сууж үзэж байгаа минь энэ. Сайн чихвэл хүүхэд багацуултайгаа 8-9 хүн багтахаар, угзарч асаадаг бензин мотортой, хөнгөн цагаан арьстай ийм завийг ойролцоогоор 3 сая төгрөг оросоос худалдаж авдаг гэнэ.
Нуурын ус эрэг хавиараа хайрга нь нэвт харагдаж шил шиг өнгөгүй тунгалаг байснаа гүн рүүгээ орох тусам цэнхэртэж ирснээ номин ногоон, тэгснээ бүүр гүн ногоон болно. Энэ их ус руу унавал хэсэг хугацааны дараа хамаг биеийг түмэн хутгаар сийчих мэт болж, бүх шөрмөс татаад, тэгээд нөгөөх кинонд гардаг шиг аажуухаан ёроол руу нь татагдана даа. Давсгүй цэнгэг ус аймаар хүйтэн байдаг гэнэ лээ. Түй, түй. Хүн гэгч амьтан байгалийн хажууд үнэхээр өчүүхэн ч тэрнийгээ тэр бүр мэдрэхгүй л. Завины яг хошуун дээр зогсоод 2 хажуу тийшээгээ ярагдаж хөөсрөн бужигнах усыг харахад завьгүйгээр усан дээгүүр нисч байгаа юм шиг зугаатай сэтгэгдэл төрнө. Алсхан нүд бэлчээвээс цэнхэр тэнгэр, цэнгэг усны хоорондох зааг бараг ялгагдахгүй.
Нуурын усанд янз бүрийн овор хэмжээтэй өнгө бүрийн жуулчид суулгасан том жижиг завьнууд хөвж харагдана. Манайхан ч гэсэн нэг үеэ бодвол дотооддоо их аялдаг болжээ. Гэр бүлээрээ чихэж сууцгаасан газар газрын дугаартай тэрэгнүүд зам зуур зөндөө зөрсөн юм.
Энд ирсэн хүмүүс Хүслийн хад гэж нуурын ус руу түрж орсон хадан хошуу руу ирж хүсэл мөрөөдлөө хэлдэг уламжлалын дагуу хөлгийн ахмад бид хоёрыг мөн ийшээ авчрав. Хадан дээрээс тонгойж харахад ус номин ногооноор туяарч тэнгэрийн цэнхэр өнгөтэй хоршсон нь үзэсгэлэнтэй.
Хүслийн хаднаас бууж ойр хавийн эргээр жаал явж зураг авлаа.Урд хараагүй, багсайсан том ягаан цэцгийг би ”шалфей” байх гэж таав. Эмэнд ордог ургамал юм гэсэн. Балжингарам цэцгэн дээр хар толботой алтан тэмээ сууж үндсэн өнгөний сайхан зохицол үүсгэсэн байна.
Тэндээс хөдлөөд Хүслийн хадны цаахантай хадан цохионы дээр гарч ойр хавийг харж хэсэг суугаад буцах замдаа орлоо. Үд л дөнгөж дөхөж байхад юу юугүй тэнгэр бүрхээд, далайн давалгаа ширүүсч, ус харлаад ирлээ. Сүйдтэй бороо ороогүй атлаа тэнгэр онгойсонгүй. Энэ байдал оройдоо ч арилсангүй тул шингэх нарны туяанд шаргалтах нуурын мандлыг гэрэл зургийн дуранд буулгах гэсэн мөрөөдөл минь санаанд тултал биелсэнгүй. Дээрээс нь өмнө авсан зурагнуудаа үзсээр аппаратныхаа зайг барсан тул энэ удаагийн аялалаар авах зурагны тоо гүйцжэ гэж ойлголоо. За яахав, дараа тухтай ирнэ дээ. Өвөл ирвэл их гоё зураг авч болмоор санагдаад байгаа юм.
zuragnuudaa goy awchee
ReplyDelete