Monday, February 14, 2011

Эхлэл-үргэлжлэл 4


Манайхны дайралт эхэндээ амжилттай болж байлаа. Немцүүд их буу, машин тэрэг, сум хэрэглэлээ хаяад, морьдоо буудан зугтаж байв. Немцүүдийн харгислалын талаар сонингуудад бичиж байсан зүйлсийг санаанаасаа зохиож бичээгүй юм байна гэдэгт би энд болж буй үйл явдлыг хараад үнэмших болсон билээ. Тэд олзлогдсон хүнийг шатаах мөртөө нуруун дээр нь таван хошуу сийлсэн байлаа. Немцүүд ухрах замдаа тосгон суурингуудыг үнсэн товрог болгож, оршин суугчдын ихэнхийг нь хөөж явуулсан тул хувцасны тамтаг угласан, өлсгөлөн, өрөвдмөөр цөөхөн хэдхэн хүмүүс л буурин дээр нь үлдсэн байдаг байв. 
Удалгүй намайг тэргүүн эгнээ рүү илгээх болов. Тамд байгаа мэт эцэс төгсгөлгүй буудлагууд,  цасан дундуур газарт биеэ наан мөлхөж байсан маань санаанд үлджээ. Эргэн тойрон цус, цус, цус. Тэгэхэд би анх удаа шархдаж билээ, шарх ч гэж дээ шалбархай шахуу. Шархасан түүх маань гэвэл ийм: нэг шөнө ядарсан гэж туйлгүй бидний хэдэн цэрэг хаягдаж хоцорсон нэгэн сургуулийн балгасын хажууд ирээд шагайж үзвэл анги танхимд нь гадаа цасан дээр унтсанаас дулаахан, шалан дээр сүрэл дэвсээтэй, бас хэдэн цэрэг унтаж байгаа харагдахаар нь хажуугаар нь хэвтээд тэр дороо нам унтаад өглөө. Хэсэг хугацааны дараа хэн нэг нь сэрээд хартал немцүүдтэй зэрэгцэн унтаж байсан байгаа даа. Бүгд год үсрэн босч, харанхуйд бөөн буудалцаан, нанчилдаан, орилоон хашгираан, хараал ширээл, ёолоон гаслаан боллоо. Учир нь олдохгүй үймээн дунд хэн нь хэнийгээ гэж ялгаж байгаа юмгүй, тааралдсанаа л цохиж, нударч гарав. Миний гуянд бууны жад орж ч байх шиг, би зөрүүлээд хэн нэгнийг нь хутгаараа чичээд ч авах шиг. Төдөлгүй бүгд тал тал тийшээ шүдээ хавиран бутран зугатацгаав. Бүгд л халууцаж амьсгаадаж гүйцсэн байлаа. Өмдөө тайлаад шархаа харвал герман жадны хавтгай ором гарсан үзэгдэнэ. Би эмнэлгийн хэсэгт очсон ч үгүй, өнөө шарх хар аяндаа хагас сар орчмын дараа аньсан билээ.
Тэргүүн эгнээнд байхад идэх юм олдох нь арай хялбар байв. Шөнө болмогц дундын бүс рүү мөлхөж очоод, алагдсан цэргүүдээс үүргэвчийг мөрөвчөөр нь тас огтлон авч, дотроос нь хатаасан талх, заримдаа бүр нөөш, ёотон хүртэл олдог байлаа. Буудалцаангүй нам гүм цагаар олон цэргүүд ийм авд гардаг байсан ч, нэлээд нь эргэж ирдэггүй байв. Юу гэвэл, дайсны пулемётчид дандаа ч үүрэглээд байдаггүй юмсанж. Нэг удаа, бодвол согтуу байсан хэрэг байх, нэг ахлагч дундын бүс рүү морь чаргатайгаа давхиж ороод морь ч, ахлагч ч тэр, дорхноо нам буудуулав. Харин чарганд талх, нөөш, архи ачсан байлаа. Тэр даруй эдгээр үнэт баялгийг нааш нь авчрах сайн дурын анчид гарч ирсэн ч, эхлээд хоёр цэрэг мөлхөж гараад суманд оногдож, дараа нь гурван цэрэг гараад бас л алагдсаны дараа дахиж тийшээ явах зоригтон гарсангүй. Шөнө болмогц надад нэг санаа төрлөө. Германууд өчүүхэн төдий чимээ авиа сонсмогцоо л гал нээж байгаа нь ойлгомжтой байсан тул сэмхэн мөлхөж очоод чаргыг мориноос нь салгахын тулд тоногийг нь огтолж, дараа нь чарганаас телефон утасны кабелийн үзүүр уяж үлдээгээд, эсэн мэнд нуувч руугаа эргэж ирлээ. Тэгээд нээг, хоёрын гурав аа! гээд нөгөө кабелиараа чаргаа өөрсөд рүүгээ чангаасаар, чарга манайх болов оо. Идэх юмнууд бүгд суманд шүршүүлэн сархинаг болж, архи нь гоожиж байсан ч ёстой л хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах иднэ гээч болсон доо.
Манай дайралт Мга-Киришийн төмөр замд тулаад гацаж, зогсонги байдалд орлоо. Немцүүд тун бат бэх хориглолтонд орсон байв. Би 1942 оны шинэ жилийг урьд томоохон тосгон байсан ч одоо ул мөргүй арчигдсан Находы тосгонд угтсан юм. Айсуй шинэ жилийг нэгэн олиггүй явдал баллаж билээ. Он шувтрахад гуравхан хоног дутуу байхад  немцийн хориглолтонд гарсан сиймхийгээр дайсны ар талд гарч тэндээсээ их бууны галыг чиглүүлэх тушаал авсан юмсанж. Ингээд бид балар ой дундуур, зузаан хунгар туучин тачигнасан жаварт хайруулан хорь орчим км замыг цанаар туулав. Фронтын тэргүүн эгнээг гэрэлтүүлэн харваж байсан пуужингийн гэрэл тэртээ ард хоцорчээ. Сарны гэрэлд лужир том гацуур модод сүглийлдэнэ. Бид явсаар талбай дээр аль зун ухаж орхисон хэдэн газар гэр олж, түр амарч дулаацахаар шийдэв. Үүр хаяарахын хэрд хэн нэгнийх нь:
-Немцүүд! гэж бахирах дуулдлаа. Би нүхэн гэрийн бүр мухарт нь байсан тул мунгинасаар хамгийн сүүлд гараад харвал ойр хавьд хэн ч үзэгдсэнгүй, харин тээр тэнд ойн хаяа тийш зугтан одож буй зэвсэг нэгт нөхдийн минь дүрс сүүтэгнэн үзэгдэв.Тэдний араас явахаас өөр зам надад байсангүй. Явж байтал нэг гацуур модны дор гар буугаа бэлэн сугалан барьж, айж мэгдсэн дэслэгчтэй тааралдав:
-Немцүүд хаа байна?
-Мэдэхгүй, би лав харсангүй.
Мэдэхнээ бүгд айж хулчийн зугтсан байна. Хамгийн түрүүнд дарга нар нь харайж явсан гээч! Тэр ч яахав гэтэл үймэлдэж зугтахдаа холбооны хэрэгслээ нүхэн гэрт орхичихжээ. Тэрийг нь би мэдэлгүй араас нь гүйсэн байв. Тэгээд бүгдээрээ буцаж очихоор шийдлээ. Гэтэл энэ удаад бидний хоноглосон газрыг немцүүд үнэхээр эзэгнэсэн байж таараад, ширүүн буудалцсаны эцэст бид гар хоосон ухарцгаав. Холбооны хэрэгслээ алдаж, тушаал биелүүлсэнгүй. Ингээд шинэ жилийн өмнө шийтгүүллээ. Мөрдөн байцаагч ирж, баахан хүмүүсийг байцаасны эцэст холбоо хариуцсан түрүүч Фомин гэж аятайхан залууг золионы хүнээр тодруулав. Цэргийн шүүх хурал гэж төгсгөл нь тодорхой жүжиг тавигдсан ч, гаргасан шийдвэр нь хаа очиж бидний санаснаас хамаагүй наагуур тусчээ. Фоминоос гадна Находы тосгоны нэг авгайгаас зөгийн бал хулгайлсан хэрэгтэй нэг цэрэгт тус бүрт нь дайн дууссаны дараа эдлүүлэхээр арван жил хорих ял оноожээ. Бардоносов (нөгөө зөгийн бал хулгайлсан цэрэг) төдөлгүй уушгаа цоо буудуулж, буруугаа цусаараа төлөв. Мань эр дайныг амьд мэнд дуусгаж чадсан эсэхийг мэдэхгүй юм. Харин Фомин бидэнтэй хамт албаа урт удаан бөгөөд зэгсэн сайн хааж, хожим түүнийг цагаатгасан билээ. Гэлээ ч гэсэн энэ явдлаас болоод 1942 оны шинэ жилийг бид баргар царайлан угтацгаасан билээ. Шинэ жилийн шөнө би тэргүүн эгнээний ээлжээс бууж ирээд, тэр шөнө хаа сайгүй ширүүн буудалцаан болсныг ч сонсох сөгөөгүй, он солигдох мөчийг дулаахан нүхэн гэртээ унтаж өнгөрүүлсэн байв.
Төдөлгүй бид Находы тосгоныг орхин явлаа. 1943 оны зун болтол би дахиж ямар нэгэн тосгоны бараа хараагүй билээ. Манай хороо Погостье өртөөний ойролцоохь армаг тармаг ойтой, намгархуу газар шилжин байрлав. Энд сайндаа хоёр, гурав хоноод л цаашаа хөдлөх байлгүй гэж тэр үед бүгдээрээ бодож байлаа. Гэтэл хувь заяаны эрхшээлээр бид эндхийн намаг, ойд бүтэн хоёр жил тэлчигнэсэн билээ. Энэ хүртэл үзэж туулсан маань бидний цаашид үзэж амсах их зовлон бэрхшээлийн дөнгөж эхлэл нь байсныг бид тэгэхэд мэдээгүй байсан юм.   

14 comments:

  1. worth waiting for ...

    ReplyDelete
  2. Харанхуйд дайсантайгаа унтаад л аз таарч зэрэг сэргээцсний үр дүнд үзэлцэж өгчээ. хэрэв аль нэг тал нь эрт сэрээд дайсантайгаа байснаа мэдсэн бол бас хувь тавилан өөрөөр эргэх байсан биз.

    ReplyDelete
  3. hi bi jiriin neg unshigch bna odoo daraagiin xeseguud xezee oroh ve? unshsan bur noir xurehgyi jinjtei bolloo yusan bol yuah bol geed xurdan orchuulch ogooch busgyi mini

    ReplyDelete
  4. Жирийн нэг уншигч минь ээ, Тэсээрэй, Ажлын хажуугаар орчуулж байгаа болохоор пижигнүүлж чадахгүй юм аа. Ямар ч байсан дуусгана аа. Уншсанд баярлалаа

    ReplyDelete
  5. ajil ihtei l b.a uu huleej baiya daa

    ReplyDelete
  6. huleej bn shuu. uneheer ter ued aimar bsin bnaa. dain gedeg neere l huseh zuil bish yuma!

    ReplyDelete
  7. Дайн бидний боддог шиг эд биш юм байна лээ. Юун эх орон, юун Сталин. Цаашаагаа бүүр л аймаар болно доо. Хүлээж байгаад баярлалаа

    ReplyDelete
  8. Ñàéõàí îð÷óóëãà áîëñîí áàéíà. Àìæèëò õ¿ñüå

    ReplyDelete
  9. comment ch bichih suhuugui unshssaar baigaad udii hurchihjee. tsaash ni hurdan oruulaarai. urd urdnii ayalaliin temdegleluudiig chine bugdiig ni unssan. aztai yumaa ta nar. uursduu ochij uzsen yum shig goyo boldog yum bilee unshihaar. bayarlalaa

    ReplyDelete
  10. neeree comment ch bichilgui unshlaa. odoo daraaagiinxiig n oruulax tsag n bolj l bgaa blgui dee tiim uu?
    Bayarlalaa

    ReplyDelete
  11. Нээрээ болж байгаа байлгүй дээ, хэхэ. Хянуулах гээд өгсөн байгаа. Нарийн шүүлтүүрээр гаргана аа гэж.

    ReplyDelete
  12. hi, nom hezee hevlegdeh ve, hurdan avmaar l bn shuu, kk

    ReplyDelete
  13. Ямар нэртй ном юм бэ

    ReplyDelete
  14. Үргэлжлэл нь хэзээ вэ?

    ReplyDelete