Friday, April 1, 2011

Оршил


Арван жилийн өмнө юм даа, 2001 онд оюутан байхдаа залуу үеийг хөгжүүлэх зорилготой, Британий хунтайж Чарльзийн ивээл дор байдаг Raleigh International гэж сайн санааны байгууллагын (Youth development charity) зохион байгуулсан экспедицэд оролцох ховор завшаан  тохиосон юм. Ховор гэсний учир нь энэ экспедиц 1999-2001 онд Монголд ердөө гурван (тав ч байж магадгүй) удаа явагдаад эмнэлгийн тусламж авахад удаан тул хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үзээд зогсоосон байдаг. 
Анх эгчийн маань ангийн найз 1999 онд, дараа нь эгч 2000 оны экспедицэд оролцож, тэдний яриа, зураг сэлтээс энэ талаар мэдэх болсон юм. Raleigh International миний сэтгэлийг 3 шалтгааны улмаас маш ихээр татсан билээ. Нэгд, аялах угаасаа сайхан, хоёрт, англи хэл, ялангуяа ярианы хэлийг  хүссэн хүсээгүй сурах нөхцөл бүрддэг, гурав дахь хамгийн том шалтгаан бол энэ бүхэн ҮНЭГҮЙ байсан явдал юм.  Харин англиас сайн дураараа ирж оролцож буй залуучууд хувийн хэрэглээнээс гадна 3000 орчим долларын хандив маягийн мөнгө төлж байж оролцсон гэж ярьж байсан нь тухайн үедээ орлого олдоггүй оюутны хувьд банканд л байж болох их мөнгө байлаа. Харин орон нутгийн буюу Монгол оролцогчид хувийн хэрэглээний жижиг сажиг зүйлсээ л бэлтгэчихвэл хоол унаа, майхан сав тэр ч бүү хэл үүргэвч, аяны хөнжил, алхахад зориулсан гутал, эвхдэг аяга шанага, толгойд зүүдэг чийдэн, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай багаж зэргийг бүгдийг нь цаанаас нь бэлдэж өгдөг, тэр юмнууд нь эдийн засаг өнөөгийх шиг биш, Эрээний бараагаар дүүрэн байсан 2001 онд бол жинхэнэ баруунд үйлдвэрлэсэн сайн чанарын эд байлаа. Дээр нь би юм үзэж, нүд тайлаагүй, гэрээс гарч гэдэс алдаж үзээгүй ядуу оюутан байсан тул энэ бүхэн миний хувьд үнэхээр олдошгүй завшаан байсан даа.  Одоо хүртэл би Англид үйлдвэрлэсэн Vango шиг гурвалжин нуруутай, жинхэнэ сайхан канва даавуун майханг хайсаар л явна. Яагаад ч юм одооны салхи нэвтрүүлдэггүй материалтай бөмбөгөр майхнууд агаар ордоггүй, эвгүй санагдаад байдаг юм.
2000 оны 10 сард санагдана, намар орой, ус хөлдөж хонохоор нэлээн сэрүүхэн, өдөр богинохон болсон байсан юм даг. Хотоос холгүй Богд уулын нэг аманд байдаг хар үнэгний аж ахуй байсан газар Induction weekend буюу танилцуулах өдөр зохион байгуулагдаж, хүүхдүүд хоорондоо танилцан, баахан гүйж харайж, цаанаас нь өгсөн асуудлууд дээр шийдвэр гаргах тоглоом тоглож,  шөнө нь  халаалтгүй   байранд шалаар зулцгааж. Ер нь бол багаараа ажиллах чадварыг л харсан бололтой юм билээ. Дараа нь танилцах өдөрт оролцсон гэсэн гэрчилгээ өгөв. Тэгээд би өөрийгөө экспедицэд орох эрх авчихлаа гэж бодоод бэлтгэлээ базааж эхэллээ. Хавар нь гуравдугаар курсээ төгсөөд оюутны зуны амралт эхлэнгүүт тэр үед Мэдээлэл технологийн үндэсний паркад байрлаж байсан Соросын номын сан руу өдөр болгон очиж, Grammar in flash, World in flash, Reading in flash зэрэг TOEFL-д бэлтгэдэг номуудыг оршлоос нь авахуулаад уйгагүй эргүүлж, тухайн үедээ ганц сайн нь байсан, 12 мянган төгрөгийн үнэтэй, (одоогийхоор бол Оксфорд юм уу даа) Англи-Монгол Алтангэрэлийн цэнхэр толийг цүнхэлж явсныхаа хүчинд ганц хоёр үг мэддэг болов оо.  Тэгэхэд надад гар утас гэж байсангүй, Ралейд гэрийнхээ утсыг бүртгүүлсэн байлаа. Тэгээд 6 сар хүртэл залгах нь уу гээд хүлээлээ, байдаггүй шүү. Ралейгийн Монгол дахь офис нь офицеруудын ордноос цааш нэг буудал хэртэй яваад, хашаа байшинд байрладаг байсан юм. Одоо энэ тэмдэглэлийг Ралейгийн экспедицэд оролцож, зохион байгуулалцаж явсан хүмүүс уншвал сайн санана. Тэгэхээр нь өөрөө ярилаа.  Тэгсэн чинь харин, чиний нэр байхгүй байгаа шд гэдэг байгаа. Миний хоолой зангираад ирж байна. Тэгээд хэллээ. Би энэнд чинь тэнцсэн гэж бодоод, зөндөө бэлдээд, хэл сурсан ш дээ, хамаг цаг заваа зохицуулаад төлөвлөсөн гээд жаал хошуугаа унжуулж зогсов. Тэгээд миний хошуу шал шүргэхийг утасны цаанаас харсан уу яасан, эсвэл яадаг нойтон хамуу вэ гэж бодсон уу, за за офис дээр ирээрэй гэж байна.
За ингээд зам мөр маань шулуудлаа. Хоёр ч удаа офис дээр очиж, авч явах зайлшгүй хувийн хэрэгцээт зүйлсийн жагсаалт, зөвлөгөө авав. Тэр жагсаалтанд жаал хачирхалтай гэмээр хоёр зүйл байсан нь иргэний үнэмлэх, шүгэл хоёр байв. Шүгэлийг зөвхөн Титаникийн зорчигчид хэрэглэдэггүй юмсанж. Төөрөх барихад бахирч байхын оронд шүгэлдэх юм байна л даа. Иргэний үнэмлэхээр хөдөө явахад яадаг байна аа гэж бас бодож байсан байх нь. Хар зах гарч жагсаалтан дахь зүйлсийг халаасныхаа чадалд тааруулан авсны дотор нөгөө шүгэл ч бас байв. Харин алхах гутал цаанаас нь өгнө гэсэн ч хүний хуучин юм байхын бодоод, өөрийхөө өвлийн хуучин бүүтсийг авлаа. Ядуу юм байж бас сэжигч гэж байгаа.
...За ингээд арван жилийн өмнө экспедиц дууссаны дараа Nostalgia гэсэн сүрхий нэртэй тэмдэглэл бичиж үлдээснээ болж өгвөл тэр чигээр нь буулгая. Зарим нэг хувийн шинж чанартай нь өөрт минь үлдэг. Басхүү блогийнхоо зорилгыг бодсон ч хүнд хэрэг болохуйц мэдээлэл түлхүү байвал зүгээр юм уу гэж бодлоо.



2 comments:

  1. бүх юм нь үнэгүй наадах чинь яасан сайхан юм бээ ай

    ReplyDelete
  2. Сайн уу, харин тийм, тэгээд л явах гээд зүтгэлээд байсан юм.

    ReplyDelete