Monday, April 4, 2011

2001.07.12-2007.07.17: Induction week буюу танилцах долоо хоног


Наадмын маргааш товлосон өдөр ирж, дүүгээрээ хүргүүлэн офисийн хашаанд очлоо. Намрын танилцуулах өдөрт оролцож байсан зүс таних ганц нэг хүүхэд байна. Эмчтэй ярилцаж, ямар ямар өвчнөөр өвдөж байсан, харшилтай эсэх зэрэг асуулга өглөө. Сүхбаатар аймгийн хүүхдүүд энэ удаагийн экспедицэд олноороо оролцох юм байна.  Миний хувьд 18-25 насны ангилалд венчер буюу адал явдал хайгч маягийн статустай. Гол төлөв өмнөх экспедицэд оролцож явсан венчерүүд энэ удаагийхад мэргэжлийхээ дагуу орчуулагч, эмч бүр мундагууд нь зохион байгуулагч хийж байгаа ажээ.  Ер нь бол экспедиц 10 долоо хоног үргэлжилж, нэг венчер гурван өөр төсөлд хамрагдах учиртай. Эхний ээлжинд би Өвөрхангайн Есөнзүйл сумын Найрамдал бригадад баригдах хүн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэгийн сүрлэн барилга барих төслийн Альфа2* багт хуваарилагджээ. Надтай хамт Альфа2-т Сүхбаатар аймгаас үе тэнгийн хоёр охин байна. Нийтдээ 25-30 орчим хүн байсан санагдана.
Үүргэвч, уутан хөнжил, уутан хөнжлийн гадуур давхар угладаг ус нэвтрүүлдэггүй уут, шууд толгойдоо углаж өмсдөг флийсэн дотортой Buffalo хүрэм, бариулыг нь дотогш нь эвхэж хураадаг, хөнгөн цагаан дөрвөлжин таваг-mess tin, аяны хуйлдаг гудас зэргийг хүлээж авлаа. Энд хүмүүс гол төлөв англи үг оролцуулж ярина. Саяын авсан юмны нэрүүдийг ч бас англиар хэлж байсан тул энүүхэн хооронд хэд хэдэн үг мэдэж авсандаа олзуурхаж байлаа. Энэ янзаараа тэр бүр ном, сурах бичгээс олж үзэх боломжгүй, ахуйн хэрэгцээт хэдэн үгтэй болох шинжтэй. Тэгээд Тэрэлж хүргэх автобус хүлээж баахан суулаа. Үд нэлээн өнгөрсөн хойно унаа ч ирж бидний хэдэн монгол венчер, орчуулагч нар, хэд гурван PM, APM**  нар Тэрэлж рүү явлаа.
* Нийт 160-180 орчим венчерүүдийг 8 багт хувааж, 3 төсөлд хуваарилсан. Багуудыг Альфа 1-8 гэж дугаарласан. Нэг альфад аль төсөл гэдгээс хамаарч 13-20 орчим венчер, 1-2 орчуулагч, 2-3 ахлах орно.
** PM-project manager, APM- assistant PM буюу төслийн удирдагч нар. Тухайн альфаг ахалж, санхүүг барьж, төвтэй байнга холбоотой байдаг, 25-с дээш насны, монгол биш, сайн дурынхан. Монгол дахь төслүүдийг бүхэлд нь хариуцдаг нь Expedition leader )
Одоо энэ Тэрэлжийн даваа даваад цаахна байх модон гүүрний наадах тэгш талбайд томоо хашаа хатгасан байсан нь бид нарын байрлах газар буюу төсөл эхлэх, дуусах, төсөл хооронд солигдож, дахин зохион байгуулагдаж, дараах төсөл рүүгээ хуваарилагдахдаа байрладаг газар байв. (Одоо тэнд баахан амины сууцнууд барьсан байна билээ ). Би болж л өгвөл англиар ярих сонирхолтой, угаасаа ч тийм  зорилготой ирсэн учраас альфа2-ын хоёр англи РМ-тэйгээ танилцахаас аваад шумуулын тухай домог хүртэл ярьж амжив. Ойлголцоод байх шинжтэй юм гээч.  Энэ хэл сурах гэсэн эрмэлзлээсээ болоод Сүхбаатар аймгийн хоёр охинтойгоо нэг их дотноссонгүй, тэд ч бас ханиндаа байснаас тэр үү намайг гэсэнгүй. Майхнаа барьж, онцын хийсэн зүйлгүй байцгааж байтал орой тийшээ нөгөө богоон богооноор гэдэг шиг баахан шар толгойтнууд, ганц хоёр хар арьстан ирсэн нь сая онгоцноос буугаад шууд Буянт-Ухаагаас ирсэн англи венчерүүд юмсанж. Тэгээд нүүр хагарах буюу ice break (name game) тоглоомыг есөн төрлөөр нь тоглож бие биенийхээ нэрийг хальт мэдэлцлээ.
Маргаашнаас нь бөөн бөөн сургалт эхэллээ. Анхны тусламж үзүүлэх, амьсгаатай эсэхийг шалгах, хөл гар хугарвал чиг барьж боолт хийх, нуруу хугарсан хүнийг хөдөлгөж болохгүй, хүзүү хугарвал нэг эрүүвч шиг юм өмсүүлэх зэрэг. Мөн радиогоор холбоо барихдаа хэрхэх, англи цагаан толгойн 26 үсэг тус бүрийг нэг үгээр кодолж, жишээ нь Roger гэдэгт ордог R гэх мэтээр, өгүүлбэр дууссаныг мэдэгдэж OVER гэж хэлэх, өглөө оройд хэдэн цагт тогтмол холбоо барих гэх мэт.  Дээр нь экспедицийн дотоод дүрэм журмыг танилцуулах зохион байгуулалтын чанартай уулзалтууд ээлжилсээр амс хийх чөлөөгүй өнгөрч шинэ шинэ үг мэдсээр. Анхны тусламж үзүүлэх зэргийг ч яахав макетэн дээр, эсвэл хэн нэгэн дээрээ хийж байгаа болохоор ойлгомжтой. Харин тэр дүрэм журмуудын ихэнхийг ойлгоогүй өнгөрсөн юм шиг байгаа юм. Мэдээж экспедицийн туршид алкоголийн төрлийн ундаа хэрэглэх, урьдчилж мэдэгдэхгүйгээр дур мэдэн ийш тийш явах, хамгаалалтын малгай зэрэг хэрэглэлгүйгээр ажилд гарах хориотой зэрэг энгийнээс авахуулаад венчерүүдийн хоорондын харилцаанд юу болох юу болохгүй, венчер болон ахлах нар хооронд ямар харилцаа байх гэх мэтийн нарийн ширийн дүрмүүд ихтэй. Тэр нь урд нь үзээгүй газар орноор явж буй гадаадуудын хувьд маш чухал боловч зарим дүрэм журам нь над мэтийн нутгийн иргэд, тэр дундаа хөдөөний хүүхдүүдэд  шал ядаргаатай санагддаг, тэрнээсээ болоод ахлахтайгаа муудах асуудал гардаг байв. Энэ тухай хожим өгүүлнэ. Одоо бодоход миний 100% буруу байсан ч тухайн үедээ эрх чөлөөгөө хасуулсан юм шиг санагдаад үнэхээр эгдүүцэж байлаа.
Одоо венчерүүдийн тухай хэдэн үг хэлье. 18-25 насны, янз бүрийн орчинд өсч хүмүүжсэн, янз бүрийн боловсролтой, газар орон үзэж, өөрийгөө сорих голдуу эрмэлзэлтэй залуусыг венчер гэдэг. Одоо сурч байгаа оюутан, эсвэл төгсөөд ажилд орж амжаагүй төгсөгчид, ажил хийдэг ганц нэг улс, 10 жилийн сурагч, асрамжийн газар хүмүүжсэн тодорхой эрхэлсэн ажилгүй гэх мэт янз бүрийн эрэгтэй эмэгтэй, цагаан голдуу, цөөн тооны хар шар залуучууд цугларчээ. Угаасаа Ралейгийн зорилго нь янз бүрийн төлөвшил хүмүүжил, боловсролтой залуучуудыг нэгтгэж, нэгэн зорилгын дор зангидан, нийгэмд хэрэгтэй төсөл хэрэгжүүлэхэд оршдог.
Ярианы англи хэл гэх юм түй ч үгүйгээсээ болоод би арван жилийхэн, эсвэл асрамжийн газрыхан, английн хөдөөнийхөн, ажилгүйчүүдтэй найзалдаг байлаа. Тэд нар асуусан юмыг уйгагүй тайлбарлаж, монголын тухай юм асууж харилцан ярилцахад таатай улс байв.  Харин оюутнууд янз бүрийн хэлц үг, хар яриа их хэрэглэж маш хурдан дуржигнуулдаг, дээрээс нь Уэлс, Ирланд, Шотланд зэрэг хазгай дуудлагатай нэгнийгээ илт дорд үздэг байсан тул тэдэнтэй тэр бүр дотно нөхөрлөсөнгүй.  
Альфа2-т гурван монгол, нэжгээд уэлс, шотланд, сингапур, австрали үндэстэн байв. Хөл бөмбөгт нугасгүй дуртай, хөгжилтэй ааштай Шотланд найзыг минь Гарри гэдэг. Түүнтэй өрөөсөн нь хагарсан нүдний шилээ зүүчихээд, нүдээ донжтой ирмэж байхад нь танилцаж билээ. Нэг удаа Гарриг уутан хөнжилдөө лав гэгч шургаж унтахаар тухалсан байхад нь Лаил гэдэг уэлс залуутай нийлж байгаад чамаас нэг юм асууя гээд шалсаар байгаад бүүр хол дагуулж очсоны хойно др...др...гэж дуугараад уруулаа хуруугаараа хөдөлгөж чадах уу гэж шоглоод хөөгдөж баахан гүйгээд, тэрнээс хойш мань эр бусад найзуудыгаа энэ мэтээр даапаалж тэгээд бид найзууд болсон юм.  Лаил маань солгой, дээр нь бичиг үсэгт тийм чиг сайнгүй, номхон томоотой залуу. Уэлс акценттай, дээрээс нь боловсролоор маруухан болохоор нөгөөх цэнхэр цус, цагаан ястай британчууд нь мань эрийг тоохгүй, тэгээд л над мэтийн монголчуудтай найзална. Нэг удаа Лаилийн найз Бари гэж бүдүүн залуу гэр лүүгээ явуулах ил захидал дээрээ монголоор ганц нэг үг бичүүлэх гэж намайг гуйхад нь би зарим нэг англи үгнийх нь алдааг засч бариад, бичгийн боловсролоороо зарим нэг гадаадаас дутахгүйгээ мэдэрч, биеэ өчүүхэн төдий тоогоод байгаа юм бус уу.  Гари, Бари хоёр Гонинудула, гонину ч бил үү, нэг тиймэрхүү үг надад зааж хэлүүлээд элгээ хөштөл инээлдэнэ. Байсгээд л ингэж хэл дээ гээд. Тэр нь яг түргэн хэллэг шиг хэл орооцолдсон юм байлаа. Эсвэл тэр нь их л болж бүтэхгүй үг ч байсан байж магадгүй. Надад болохоор ТВ шоуны эхлэл гэж тайлбарласан даг.
Бас нэг өдөр бид Туул голын эргээр явж цэвэрлэгээ хийв ээ. Ажлын цагаан бээлий өмсч, цоо шинэ уут шуудай бариад тэр хавиар явахад юу эс гарсан гэх вэ. Ариун цэврийн хэрэглэлээ хүртэл хаячихсан байсан гээд боддоо. Гол нь тэр хогийг МОНГОЛЧУУД өөрсдөө хаядаг тул миний ичсэн гэж жигтэйхэн. Англичууд  түүсэн хогон дотор нь юу юу байсныг бие биедээ ёжлонгуй ярьж, би нүүр хийх газаргүй боллоо.  Орой нь Ийгл телевизээс хүмүүс ирэхэд нь энэ тухай сурвалжлага өгч, монголчуудынхаа өмнөөс ичиж улайснаа хэлж авав.
17-ны орой бичиг баримт, үнэ бүхий зүйлээ (сайндаа л хэдхэн төгрөг байсан байх даа) хадгалуулж, цүнх саваа баглаж боогоод маргааш өглөө Өвөрхангай явахад бэлдлээ...

10 comments:

  1. дараа тэр дүрмийнх нь талаар дэлгэрэнгүй байвал оруулаарай. Хогны асуудал ч ёстой асуудал шүү. Гадаадын гэлтгүй зарим өөрсдийнхөөсөө ичмээр шүү.

    ReplyDelete
  2. Мэддэг дүрмээ энд биччихсэн ш дээ. Амаар ярьсан дүрмүүдийг нь ойлгоогүй өнгөрөөсөн байх.

    ReplyDelete
  3. хүнийг үндэс угсаа, аялага энэ тэрээр нь ялгаж харьцдаг сонин гарууд бэ

    ReplyDelete
  4. Сая саак.мн дээрээс хэсэг хүмүүсийн аялалын тухай зургууд үзлээ л дээ. Тэгсэн нэг л танил малгай харагдаад..., илүү лавшруулаад харсан үхэр тэрэгнээс авахуулаад ганц нэг таньдаг хүмүүс, танил дүр зургууд хүртэл харагдах шиг... http://www.caak.mn/modules.php?name=News&file=article&sid=8247886

    ReplyDelete
  5. Сайн байна уу? Ангийн даргаа.Төгсөөд ангийнхнаасаа холбоо тасарсан надад аялах сонирхолдоо хөтлөгдөөд санаандгүй байдлаар блогт чинь орж аялалын тэмдэглэлийг чинь уншихад их сайхан байлаа.Угийн л ийм гялалзуур охиндоо.Улам олон газраар аялаж,сонин сайхнаасаа хуучилж байгаарай.

    ReplyDelete
  6. Баттуяа,facebookt IFE 1998-2002 NBB 4-3 geed group bga olood orood ireerei, mailiin hayagaa uldeegeerei.

    ReplyDelete
  7. Hi Unuruu? How are you? Right now I'm very happy. Thank you for your a great blog. Good luck!

    ReplyDelete
  8. Sorry, who are you. Seems you know me.

    ReplyDelete
  9. That's me. Yes, of course.

    ReplyDelete