Өглөө босоод буудлын хоолыг голонгуйхан идчихээд Ховд тур луугаа ярилаа. Бидэнд Гангаамаа гэж уулын мастер эмэгтэй газарчилж явахаар болсон гэнэ. Мундаг хүн бий гэлээ. Үдийн 11 цагийн орчим шавилхан биетэй шалмагхан эмэгтэй орж ирэнгүүтээ ажил хэрэгтээ орж, биднийг энэ чиглэлд аялж буй анхны монгол жуулчид тул баярлаж байгаагаа илэрхийлээд (хүмүүс хувиараа зөндөө явдаг байх л даа, гэхдээ албан ёсоор жуулчны компанид хандсан нь бид болсон аж) бидний амь насыг хариуцаж ууланд явах хүн учраас авч яваа хувцас хэрэглэл, хоол хүнсийг шалгая гэв. Бид 2 ч яахав гутал хувцас, эмийн сан, ууланд явах гэж авсан таягаа харуулаад хоол хүнс, майхан савыг Ховд тур бэлдэх учиртай гэлээ. Гэтэл мань хүнд Ховд тураас хэлэхдээ бидний бүх бэлтгэлийг Ховдоос хийж өгөөд явуулсан, шууд явахад бэлэн гэж ойлгуулж. Ингээд бид 2 уулын болон явган аялалд аяганы хийцгүй, толгой хоргодох дээвэргүй ирсэн болж таарав.
Tuesday, October 6, 2009
Monday, October 5, 2009
Дараах өдөр 2009.07.27-Даваа гариг
Төлөвлөгөө ёсоор өнөөдөр бид Баян-Өлгий рүү хөдөлж, замдаа Толбо нууран дээр буудаллаж Цамбагарав хайрханы цаст оргилыг гэрэл зургийн хальснаа буулган тэндээ усанд умбаж хоноглоод маргааш өглөө нь Өлгий орох ёстой байв (хот орон газраас аль болох зайдуу явах санаатай байгаа хэрэг).
Гэтэл яав. Товчдоо хэлбэл үдээс хойш бүхэлдээ сул зогссов. Яасан тухайгаа ярьж өгье.
Friday, October 2, 2009
Эхний өдөр 2009.07.26-Ням гариг
Өглөө 6 цагт МИАТ-ын УБ-Мөрөн-Ховд чиглэлийн нислэгээр Ховд явахаар гэрээсээ гарлаа. Ховд турын Ганхуяг яг товлосон цагтаа ирж, бид усан борооноор нисэх явав. Замын туршид тэнд очсоны дараа тувт ийм усархаг бороо ороод байвал зутарч гүйцнэ дээ гэж бодсоор Буянт Ухаа дээр очиж ачаагаа өгөөд (МИАТ-ын энэ нислэг үнэхээр дажгүй, нэг хүний 30кг ачаа үнэгүй, BOENG тул олон улсын нислэгээс ялгарах юмгүй тухтай) нэг үеийн бололтой хүүхний гуйсны дагуу 2 орчим насны хүүхдийг нь өвөр дээрээ авч явахаар болж, хүүхдийхээ нэр овгийг тогтоож бүртгүүлэх гээд хэрэндээ ажилтай байлаа. Яг цаашаагаа орохын даваан дээр буудлын узелээр нэр дуудан зарлав. Сандраад гүйж очтол ачаанд баллонтой хийн зуух хийсэн байсан юмсанж. Дайвар ачаа авахдаа бас болгоомжтой хандмаар юм билээ.
2009 оны 5-7 сар
Гэр бүлийн 2 монгол хүн баруун чиглэлд аялуулаад өгөх тур оператор байна уу гэж хэд хэдэн компанид мэйл бичиж, нэлээдээс нь “ Уучлаарай, монгол хүнд зориулсан тариф байхгүй” гэдэг хариу дуулсны эцэст Ховд Тур компанид 2 хүний 1100 доллар (энд ирэх очих замын зардал багтаагүй) төлөөд явган аялах болон ууланд авирах 10 хоногийн хөтөлбөр зохиолгож авлаа. Ховд тур компанитай мэйлээр нэлээдгүй хэдэн удаа харилцаж, энэ компанид хандсан анхны монгол хүн болсноо мэдээд баярлахын сацуу бага зэрэг гайхаж, (би уг нь хүмүүсийг зөндөө явдаг гэж бодож байсан юм, гэтэл ихэнх нь хувиараа, найз нөхөд гэр бүлээрээ өөрсдөө асуудлаа зохицуулаад явдаг бололтой юм билээ) бас зүгээр ч үгүй төлсөн мөнгөний маань 10 хувь Буянт голыг хамгаалах санд орно гэж баярласаар газрын зураг, цаг агаарын урьдчилсан мэдээ үзэнгээ явах өдрөө хүлээж байлаа.
Оршил
2007 оны орчим Монгол ТВ-ийн Аялалын Цаг нэвтрүүлгээр баруун аймгуудаар аялсан тухай үзсэнээс хойш энэ зүгт явах юмсан гэж 2 жил орчим мөрөөдөхийн сацуу боломжийн хэрээр мөнгө төгрөг, цаг хугацаагаа төлөвлөсөн билээ. Ингээд 2009 оны 7 сарын 26-наас 8 сарын 3-ны хооронд Ховд-Баян-Өлгий-Хөвсгөл чиглэлд 2 долоо хоног аялсан тухайгаа өгүүлсү.
Subscribe to:
Posts (Atom)