Wednesday, March 31, 2010

Аравдугаар өдөр 2009.08.05-Лхагва гараг

Жолооч залуу биднийг “Оргил” гэж найгүй бохир буудалд буулгав. Тийм үнэр танартай, хир шингэсэн газар гэж мэдсэн бол, тэгтлээ ядраагүй байсан бол шууд онгоцны буудалд буудаг байж. Дахиад л Ховд турт уур хүрлээ. Гансүх нь тосч аваад цэвэр газар буулгаад өгч болох л байсан. Арай дэндүү сэтгэлгүй улс юм. Заваан буудалд 3 цаг сэжиглэн байж үүрэглэснийхээ төлөө 8 мянган төгрөгөө өгөөд өглөө 8 цагт такси барьж онгоцны буудалд очлоо. Ажлын цаг эхлээгүй болоод тэр юм уу, хаалга нь цоожтой. Тэндээс эргэтэл ахиад нэг такси ирлээ. Эрт ирэхийг бодоход бидэн шиг явуулын хүн байх нь гэсэн шүү юм бодтол харин өнөөх шувуу ажиглаач Дэйв гэж ирланд эр үүргэвчээ пид хийтэл газар шидээд мөнгөө төлж байгаа нь харагдана. Хоол болтол шийр зугаа гэж мань эртэй аялал ямар болов, яагаад биднийг хээр хаяав, ер нь ямар мэргэжилтэй хүн бэ гээд жаал ярьж суулаа.

Есдүгээр өдөр 2009.08.04-Мягмар гараг

Өглөө бослоо. Машин маань алга. Үүнээс цааш хүлээх хэрэггүй нь ойлгомжтой боллоо. Хөвсгөлд очоод сайхан амарна гэж төлөвлөж Хаан банкны виза картанд хийсэн хэдэн төгрөгөө золигт гаргах болох нь. Гэрээс гарахдаа лам багшаараа ном уншуулж зам мөрөө засуулж гарсных уулын мухарт бүр ч явгарчихаагүй минь яамай даа.

Буцах замдаа орлоо. Маргааш өглөө Ховдын онгоцны буудалд бэлэн байх ёстой. Зам зуур газрын байдал намаршсан байна аа. Хамар хатгах өвсгүй юм шиг л харагдах атлаа адуу мал тарга хүчтэй, тос даан гялалзсан өнгө зүстэй байна. Тачирхан хэдий ч шим шүлт сайтай өвс ургамалтай Алтай юм даа. Оросууд бол бүр гайхаж, танай мал шороо иддэг юм уу гэж асуудаг гэсэн.

Tuesday, March 30, 2010

Наймдугаар өдөр 2009.08.03-Даваа гараг

Төлөвлөсний дагуу өнөөдөр бид эндээс гарч Их Ойгор руу явган аялж энд байгаль хамгаалагчийн гадаа машинтай нийлж энд хоноглонгоо Казах айлаар орж бүргэд үзэх ба ахуй байдалтай нь танилцах байв. Гэвч зохион байгуулж буй Ховд тур компаний хариуцлагагүйн харгайгаар 3 хоногийн явган аялалыг хийх боломжгүй болсон бөгөөд Хөвсгөл орох онгоцонд амжихын тулд бид 8 сарын 5-ны өглөө Ховдод очсон байх учиртай байв. Ховд турыхантай Өлгий дээр наашаа гарахын өмнө тохиролцсоны дагуу биднийг Цагаан гол дээрээс нөгөө 2 шувуу судлаачдын шар 69 ирж авахаар болсон билээ.


Friday, March 19, 2010

Долоодугаар өдөр 2009.08.02-Ням гариг

Өнөөдөр өөр нэгэн сайхан өдөр өө. Өглөө аажуухан өндийж (аажуухан гэдэг нь 8 цагийн орчимд, угаасаа энд үд хүртэл унтаж чадахгүй юм билээ, уг нь агаарт гарсан хүн цохиулаад сайн л унтмаар юм, бага даралтанд хүн сэргэг болдог ч байж болох, мөн майханд сэрүүхэн хонох тул нозоорч нам унтахгүй ) цайгаа уугаад төлөвлөсөн ёсоорооУатхан ахтай цаг уурын станцаа эргэх далимд хилийн 1-р багана үзэж, цааш Малчин оргилд гарахаар 10 цагийн орчимд хөдлөв.

"Sunrise"