Tuesday, November 24, 2009

Тавдугаар өдөр 2009.07.30-Пүрэв гаригийн үдээс өмнө

Төлөвлөгөө ёсоор өнөөдөр бид өглөөний цайны дараа явган аялалаа Рашааны уулын зүг рүү эхлүүлж тэндээс машин буцаж Цагаан гол руу түрүүлж явах ба бид явган аялалаа үргэлжлүүлсээр ой мод, уулын янз бүрийн цэцэг, зэрлэг жимс ихтэй байгалийн үзэсгэлэнтэй газар болох Баавгай салаа орж хоноглох ёстой байсан ч Ховд турынхны цалгар зохион байгуулалтын ”ачаар” хоног хугацаа хүрэлцэхгүй болсон тул эндээс холгүй орших Их ба Бага дөргөний хүрхрээ үзээд машинаар шууд Цагаан гол орж Гангаамаатай уулзах болов. Учир нь Гангаамаа өчигдөр Өлгийд үлдээд хотоос ирж байгаа жуулчнаа угтан авч шууд Цагаан гол орж тэнд бидэнтэй нэгдэхээр ярьж тохиролцсон юм.

Thursday, November 19, 2009

Дөрөвдүгээр өдөр 2009.07.29-Лхагва гариг

Өглөө орноосоо босоогүй байхад Гангаамаа аль хэдийн босоод цаасан хайрцагтай идэх юмнуудыг ангилж, нааш цааш болгон янзалжээ. Халширч халширч хөнжлөөсөө сугарч хувцасаа өмсөх гэтэл хайрч байгаа гэж жигтэйхэн. Тэгээд би бодлоо, паартай байшинд байсаар нялцайж дуусч байна даа, наад зах нь арьс маань температурын өөрчлөлтийг мэдрэлгүй удаж дээ, чийрэгжих, өлчир болох гэдэг энгийн юмнаас эхэлдэг юм байна даа гэж.

Энэ өдөр бид Mongolia Expedition -ий пургоноор Бекболатын хамт гарч Ховд голоо өгсөн Сагсай сумаар дайрч, Цэнгэл сумын нутагт орших Хотон Хурган нуурын эрэгт, Сыргалийн хилийн заставын цаана гарч орж хоноглов. Mongolia Expedition (http://www.mongolia-expeditions.com) компанийг онцлон дурдсаны учир бол намайг анх баруун зүгт аялал зохион байгуулж өгөөч гэж нэлээдгүй газруудад мэйл бичихэд үнийн саналаа явуулсан 2 компаний нэг байсан боловч дахиж эргэж холбогдоогүй тул тэгсгээд орхисон билээ. Гэтэл явж явж Гангаамаа ч тэр, Бек ч тэр Mongolia Expedition компаний хүмүүс бөгөөд Ховд турын Ганхуяг тэднийг гуйж бидэнд хөтөч хийлгэхээр болсон юм байжээ. Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг юм болжээ.